Categories
мэдээ нийгэм

“Геологийн Төв Лаборатори”, “Оюу толгой” компанитай гэрээ байгуулав

“Геологийн Төв Лаборатори” ТӨҮГ-ын захирал О.Даваасамбуу “Оюу толгойн экспортын зэсийн баяжмалын анхны шинжилгээг 2013 онд хийж гүйцэтгэснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 6,5 сая орчим тонн баяжмалд шинжилгээ хийсэн. Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан гэрээг таван жилийн хугацаатай шинэчлэн байгуулж байна. Энэхүү гэрээгээр Оюу толгойн баяжмалын төлөөлөх дээж бэлтгэл болон шинжилгээний ажлын гэрээг тусад нь байгуулж, гэрээнд хэрэглээний үнийн индекс болон шинжилгээний ажлын олон улсын жишиг үнийг тусгасан зэргийг онцлон хэлэхэд таатай байна” гэлээ.

“Геологийн Төв Лаборатори”, “Оюу толгой” компани “Экспортын баяжмалын хөндлөнгийн хяналтын шинжилгээ гүйцэтгэх гэрээ” байгуулж, талууд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны тогтоолоор “Оюу толгой компанийн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд хөндлөнгийн хяналт хийх лабораторийн шинжилгээг гүйцэтгэх” үүргийг “Геологийн Төв Лаборатори” ТӨҮГ-т хариуцуулсан. Уг тогтоолын дагуу анх 2013 оны 6-р сарын 1-ний өдрийн Оюу толгой компани болон “Геологийн Төв Лаборатори” ТӨҮГ гэрээ байгуулж, Оюу толгой компанийн экспортод гаргаж байгаа зэсийн баяжмалын багц бүрээс дээж авах, чийг тодорхойлох, шинжилгээнд дээж бэлтгэх, химийн шинжилгээ гүйцэтгэх болон шинжилгээний дүнг илгээх зэрэг ажлуудыг өнөөдрийг хүртэл тасралтгүй өнгөрсөн есөн жилийн хугацаанд чанарын өндөр түвшинд, олон улсын стандартын дагуу гүйцэтгэжээ.

Тус лаборатори нь Оюу толгой компанийн савласан зэсийн баяжмалд худалдааны элемент болох зэс, алт, мөнгөний агууламж болон дагалдах 20 элементийн агууламжийг химийн сонгодог арга, орчин үеийн багажит шинжилгээний арга зэрэг олон улсад баталгаажсан аргачлалаар тодорхойлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *