Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт геологич Б.Мөнх-Эрдэнэ төрийн ажил хийж яваад харамсалтайгаар амь насаа алдсан. Ашигт малтмалын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасны дагуу “Төрийн захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр нь шалгана” гэж заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж яваад тэрээр нартаас буцсан юм. “Найз нь удахгүй ирнэ. Хэдхэн сумаар яваад л болно” гэж эхнэртээ хэлээд гарсан 27 настай Б.Мөнх-Эрдэнэ дахин эргэж ирээгүй нь хэний буруу вэ. Ашигт малтмалын газрынхнаас эхлээд түүнтэй хамт явсан Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан, жолооч Т.Түмэнбаяр нар, Онцгой байдлын газрынхан бүгд л “Бидэнд ямар ч буруу байхгүй” гэж өөрсдийгөө хаацайлж, өмгөөлж байна. Амиа алдсан залуу болон хамт явсан хоёр ажилтан хэний тушаал зааврын дагуу ямар ажлаар явж байв. Машинаа орхиод алхахаас өөр сонголт тэдэнд байгаагүй юу. Мөн цаг хугацаа алдаагүй байсан бол залууг амьд байхад эрлийн багийнхан олох боломж байсан уу зэргийг нэхэн сурвалжиллаа.
Запас хоёр дугуйнаас гадна данхраад, дугуйн дорцов бүрэн байжээ
Ашигт малтмалын газрын төлөвлөгөөт ажлын дагуу Өвөрхангай аймгийн Богд, Хайрхандулаан, Нарийнтээл, Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут сумын нутагт байх Ашигт малтмалын лиценз эзэмшигч компаниудын хийсэн ашигт малтмалын геологийн судалгаа үнэн эсэхийг шалгахаар болж 19 хоног ажиллахаар явсан байна. Томилолтын багийг ахалж Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан явсан байна. 2014 оны долдугаар сарын 18-ны өдрийн 48 тоот томилолтын төсөв батлуулж, 40 тоот томилолтын удирдамжийн дагуу явжээ. Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан, талийгаач Б.Мөнх-Эрдэнэ, жолооч Т.Түмэнбаяр нар 37 мянган километр явсан, аваад жил болох гэж байгаа шинэхэн “Ланд 200” маркийн автомашинтай Өвөрхангай, Баянхонгор аймгийн сумдууд руу хөдөлжээ. Тэдэнд Ашигт малтмалын газраас томилолтын мөнгө хангалттай өгсөн гэнэ. Хоол унд, цэвэр ус болон бусад шаардлагатай зүйлсэд зарцуулах мөнгөтэй явжээ. Хэргийг Баянхонгор аймгийн мөрдөн байцаах газрын албан хаагчид шалгаж байна. Цагдаа нар багийн ахлагч А.Дэлгэрсайхан болоод жолооч Т.Түмэнбаяр нараас мэдүүлэг авч дуусчээ. Мөн гурван дугуй нь хагарсан газарт буюу Идрэнгийн нурууны Хул морьтод очиж “Ланд 200” маркийн автомашинд үзлэг хийсэн байна. Үзлэгээр автомашины шатахуун дуусах болоогүй. Бусад эд ангид эвдэрсэн зүйл байхгүй. Мөн машинд хоол унд болон нэг шил задлаагүй архи байсан нь тогтоогдсон аж. Харин гурван дугуй ташираараа харганын өргөс орж хагарсан байжээ. Гэхдээ зүүн хойд талын дугуй нэг газартаа бага хэмжээтэй хагарч, хий нь гарсан байдалтай байсан гэнэ. Өөрөөр хэлбэл дугуйгаа нөхөөд цааш явах бүрэн боломжтой байсан талаар автомашинд үзлэг хийсэн цагдаа нар илтгэх хуудсандаа дурьджээ. Машинд запас хоёр дугуй байсан. Огт хэрэглэж байгаагүй болов уу гэмээр шинэ дугуй байсан гэнэ. Мөн машины багажинд данхраад, дугуйн дорцов шинээрээ байсан аж. Гэтэл ямар учраас тэд 120 орчим километр явган явж тусламж дуудах шийд гаргах болсон талаар ийн ярьжээ. Энэ талаар Баянхонгор аймгийн цагдаа нар багийн ахлагч А.Дэлгэрсайхан болоод жолооч Т.Түмэнбаяр нараас тайлбар мэдүүлэг авсан байна.
“Машин эвдэрчих юм бол та хоёр хариуцахгүй биз дээ гэж хэлээд хагарсан дугуйтай яваагүй” гэв
А.Дэлгэрсайхан “Машины гурван дугуй шөнө харгана дундуур явж байтал хагарсан. Тэгээд яах вэ гээд ярилцаж байтал дугуй нөхөх нөхөөс, олгой хаймар, нассос гээд дугуй нөхчихмөөр зүйлс огт байхгүй байсан. Тэгсэн жолооч Т.Түмэнбаяр хагарсан дугуйтай явж болохгүй. Машин эвдэрчих юм бол та хоёр хариуцахгүй биз дээ гэж хэлээд хагарсан дугуйтай явахгүй. Сумын төв орж машин хөлслөөд дугуйгаа нөхүүлэх санааг гаргасан. Ингээд гурвуулаа машинаасаа гар чийдэн, мөнгө, GPS төхөөрөмж, хутга гээд хэрэгцээт зүйлсээ аваад явцгаасан” хэмээн мэдүүлжээ. Т. Түмэнбаяр нь олон жил төрийн албанд жолоочоор ажилласан нэгэн гэнэ.1995 оноос Үндэсний аюулгүй байдлын газар жолооч, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын жолооч, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэд сайдын жолоочоор тус тус ажиллаж байжээ. Ашигт малтмалын газарт 2008 оноос Төрийн захиргааны хэлтсийн санхүү үйлчилгээний тасгийн жолоочоор өнөөг хүртэл ажиллаж байгаа юм байна. Ашигт малтмалын газартаа хамгийн туршлагатай жолооч нарын тоонд зүй ёсоор ордог өвөл зунгүй хөдөө орон нутгаар геологич нартай хамт явдаг гэнэ. 2008 оноос хойш олон удаа хөдөө орон нутгаар явсан. Мөн шинэхэн машинтай болохоор замд зогсох саад гарахгүй хэмээн бодож носос дугуйны нөхөөс зэргийг авалгүй гарчээ. Үүнээс болж 27 настай Б.Мөнх-Эрдэнэ элсэн говьд харангадаж амиа алдах шалтгаан болжээ. Эх сурвалжууд “Сүүлийн үед жолооч нар машиныхаа дугуйг ч нөхөж чадахгүй болсноос ийм байдалд орлоо. Уг нь холын замд явж байгаа жолооч машиныхаа дугуйг хагарах болгонд нөхөөд явдаг байсан. Эвдэрсэн тохиолдолд засчихдаг байсан” хэмээн ярих аж.
Туршлагатай гэх багийн ахлагч геологичийн энгийн дүрэм мэдэхгүйгээс болсон уу
Харин томилолтын багийг ахалж явсан А.Дэлгэрсайхан 1995 оноос геологичоор ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр сүүлийн арав гаруй жил уул уурхайн тусгай лицензний зөвшөөрлийг баталгаажуулах хяналт шалгалтыг тогтмол хийж ирсэн гэнэ. Ашигт малтмалын газрын урдаа барьдаг геологич нарын нэг аж. Монгол орныг хэд хэдэн удаа бүтэн тойрчихсон байна. Гэтэл захын геологичийн мэдэх ёстой дүрмүүдийг зөрчсөнөөс болж эрдэнэт хүний амь үрэгдсэн гэдгийг хэлэх геологич олон байна. Шөнө төөрсөн тохиолдолд хамт яваа хүмүүсээс холдохгүй байх. Цэвэр ус биедээ авч явна гэсэн энгийн дүрмийг даган биелүүлээгүй гэнэ. Энэ талаар сургуульд нь зааж, томилолтоор гарах бүрт нь сануулдаг юм байна. Мөн Ашигт малтмалын газарт сансрын холбооны утас байдаг гэнэ. Түүнийг нь шалгалтын багийнхан авч яваагүй байжээ.
Тав дахь хоногоос өмнө олсон бол…
Геологич залууг долдугаар сарын 24-ний шөнө төөрч алга болсон гэдгийг 29-ний орой Ашигт малтмалын газрынхан мэдсэн байна. Тэгээд маргааш өглөө нь ажлын хэсэг байгуулан Баянхонгор аймаг руу хүмүүс явуулж, Онцгой байдлын ерөнхий газарт онгоцоор эрэн хайх талаар санал хүргүүлсэн байна. Онцгой байдлын ерөнхий газраас онгоц гаргах боломжгүй гэсэн учир “МАК” компанийн хувийн онгоцыг урьдчилгаа 12 мянган долларын хөлс төлөн Баян-Өндөр сум руу хөөргөжээ. Гэвч онгоц оройтож очсон учир хэсэг хугацаанд хайгаад эрлийг буулгажээ. Харин долдугаар сарын 31-ний өглөөнөөс эхлэн эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэн эхлүүлсэн байна. Ашигт малтмалын газрын даргатай УИХ-ын гишүүн Г.Номтойбаяр холбогдож “Манай хамаатан байгаа юм. Бид бүх зүйлсээр тусалж дэмжинэ” хэмээн ярьсан талаар эх сурвалж онцолж байв. Талийгаачийн ар гэрийнхэн Баян-Өндөр сумынханд “Төөрсөн залууг олж өгвөл хоёр сая төгрөг өгнө” гэсэн зар тараажээ. Зарын дагуу Баян-Өндөр сумын ихэнх иргэд эрлийн багт орон өөр өөрсдийн таамгаар хайж эхэлсэн байна. Тус тусдаа хайж яваад Баян-Өндөр сумын иргэн Баярмөнх гэх 60 настай иргэн мотоциклиос унаж хүнд гэмтэл авчээ. Одоо биеийнх нь байдал маш хүнд байгаа гэнэ. Нийслэлээс эмч нарын баг очиж яаралтай мэс засал хийсэн боловч одоо хүртэл ухаан ороогүй байна. Талийгаач залуугийн цогцсыг хэдэн өдөр эрэн хайсан боловч олдохгүй байсан учир нутгийн иргэд болох “мөрч” хэмээн алдаршсан 50-70 орчим насны гурван хүнээр алга болсон залуугийн мөрөөр нь явуулжээ. Тэгээд машинаасаа 39 километрийн хол Цэнхэрийн баруун үзүүр, хар дов гэдэг газарт харангадсан байдалтайгаар Б.Мөнх-Эрдэнэ амиа алдсан байсныг олжээ. Шүүх эмнэлгийн урьдчилсан байдлаар гаргасан дүгнэлтээр талийгаач залуу алга болсноосоо тав хоногийн дараа харангадаж амиа алдсан гэх дүгнэлтийг гаргажээ. Өөрөөр хэлбэл эрлийн багийг шуурхай ажиллуулж Онцгой байдлынхан онгоцоор яаралтай эрэн хайж ажлыг эхлүүлсэн бол залууг эсэн мэнд олох магадлал өндөр байсан гэнэ. Талийгаач залуугийн төөрсөн газар нь заган шугуй бүхий элсэн манхантай газар байжээ.
Ид хийж бүтээх насан дээрээ явж байсан залуу нэр хүндээ бодсон жолооч, туршлага муутай багийн ахлагч, ажилтнуудаа томилолтоор явуулахдаа учирч болзошгүй аюулаас сэргийлэх зүйлс байгаа эсэхийг шалгадаггүй Ашигт малтмалын газар, нисдэг тэрэг ч байхгүй Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагч нарын мэргэжлийн ур чадвар муутайгаас болж нартаас буцжээ. Жолооч машиныхаа хагархай дугуйг шаттал нь явуулсан бол тэр залуу амьд байх байсан даа гэх бодол гол зурах ажээ.
Э.ХҮРЭЛБААТАР