Categories
мэдээ нийгэм

Гэмтэж бэртсэн таван хүүхэд тутмын нэг нь эмнэлэгийн тусламж авч чадалгүй энддэг


Бага
насны хүүхдийн эндэгдлийг бууруулахад нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх тухай
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй
холбогдуулан салбарын бодлогодоо нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх
арга хэмжээг тусгаж ажиллахыг холбогдох яамдын сайд нарт даалгалаа. Түүнчлэн,
Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс саяхан баталсан “Хүүхдийг осол гэмтлээс
сэргийлэх үндэсний стратеги (2014-2016)”-д тусгагдсан чиг үүргийнхээ дагуу
тодорхой ажлууд хэрэгжүүлэхийг яам, агентлаг, нийслэл, нутгийн захиргааны
байгууллагуудад үүрэг болголоо.

Төрөөс
явуулсан бодлогын үр дүнд 2000 оноос хойш 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл
тогтвортой буурсан ч Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Увс, Сүхбаатар, Баян-Өлгий,
Баянхонгор, Өмнөговь, Увс аймгуудад улсын дунджаас өндөр байна. Нийслэлд 160
мянган өрх тус бүр жилд 5 тонн нүүрс түлж, 60 хувь нь гэртээ тамхи татдаг бол
хөдөөгийн өрхийн дөнгөж 17% нь ундны цэвэр усны эх үүсвэртэй байгаа нь хүүхдийн
өвчлөлийн анхдагч шалтгаан болж байна. Хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгааны
2-рт ахуйн осол, золгүй тохиолдол орж, гэмтэж бэртсэн 5 хүүхэд тутмын нэг нь
эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барж байна.

Энэ
мэтчилэн судалгаа, дүнгээс харахад ахуйн зөв дадал зуршил болон нийгмийн
хариуцлагаас хүүхдийн эрүүл мэнд, эндэгдлийн түвшин хамаарах хандлага байгаа
тул хүүхдийг асран хамгаалах чиглэлээр ухуулга, мэдээллийн ажлыг өргөжүүлэх
шаардлагатай юм. Ерөнхий сайдаар ахлуулсан Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс
саяхан баталсан “Хүүхдийн осол гэмтлээс сэргийлэх үндэсний стратеги”
бодлогын баримт бичигт энэ чиглэлээр ажил хэрэгжүүлэх салбар дундын хамтын
ажиллагааг зохицуулж өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *