Categories
мэдээ цаг-үе

Гэгээн алсыг зорьсон Бат-Очирын Сундуй найрагч

Зүүн гараас: Б.Сундуй, Ж.Саруулбуян, Г.Мэнд-Ооёо.

Төв аймаг Мөнгөнморьт сум. Хэрлэнгийн зүүн хүрээний туурь. 1989 он.

Их зохиолчийн нэрэмжит номын санд яруу найрагч Бат-Очирын Сундуй агсны “Гэгээн алс” номын баяр боллоо. Баярт Чингис хаан одонт яруу найрагч Г.Мэнд-Ооёо, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Ж.Саруулбуян, Ү.Хүрэлбаатар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, “Паанан” туужаараа овоглосон Доржзовдын Энхболд, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Баттөмөр, Т.Баянсан, Г.Сонинбаяр нарын олон уран бүтээлч цуглажээ. Тэнгэр зүг одсон Б.Сундуй хэмээх найрагчийн алдрыг О.Дашбалбар, Б.Лхагвасүрэн, Д.Урианхай нарын мэргэдийн амнаас олонтаа сонсож “Ясны яруу найрагч даа, даанч залуугаараа бурхан болсон” гэх шүүрсийг зүрх сэтгэлдээ ойр тээн үлдсэн сэн. Тэр ч байтугай ардын уран зохиолч Балжирын Догмид нэгэнтээ “Сэнгийн Эрдэнэ баавай Б.Сундуй бид хоёрыг л тоодог байсан” гэж омог бахдам хэлж байсныг санаж байна. Найрагч Сундуйгийн нэр болоод хувь тавилан Монголын утга зохиолын “Гал” нэгдэлтэй салшгүй холбоотой. Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар “Гал” хэмээх энэ бүлэг гаднаас тэр үедээ хэнийг ч үл хүлээн авах бөгөөд “тогоондоо буцалж” өдөр шөнөгүй яруу найргаар л амьдардаг сан” хэмээн бичсэн байдаг.

“Гал”-ынхаа тухай яруу найрагч Мэнд-Ооёо “Манай бүлгэм яруу сайхныг цогцлоох, түүний тулд өөрсдөө төгөлдөрших, оюун сэтгэлгээний бүх боломжийг нээх, Монголын ард түмний үнэт соёлыг бүтээлцэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зорьсон минь талаар болсонгүй. Он цагийн өндөрлөгөөс эргээд харахад алдсан юм их байвч, оносон минь илүү. “Гал” зөвхөн хувь хүмүүсийн нөхөрлөлийн түүх төдийгүй, утга зохиолын ертөнцөд өөрийн зам мөр, баялаг өв, сургамж, туршлагын түүх бүтээсэн байна. Бид өөр өөр оюуны шүтэн бишрэгчидтэй, багш нартай боловч, суралцах явдал зөвхөн дээрээс бус, дэргэдээсээ бие биеэсээ үлгэр авахын жишээг үзүүлэв. Бидний ойрын зорилго нь сайхан шүлэг бичих, өөрсдөө ариусах, зогсолтгүй суралцах, эрж хайх. Харин холын мөрөөдөл минь өөр өөрийн оргилд гарах, Монголоо дэлхийд гаргах. Эдүгээ Монголын нийгэмд хүлээн зөвшөөрөөд байгаагаар ХХ зууны цогтой эх оронч, сод авьяаст хүү, соён гэгээрүүлэгч, цагийг эзэлсэн яруу найрагч О.Дашбалбар, “Дорнын” хэмээн цоллогдох XX, XXI зууныг дамнан эзэгнэсэн суу билигт яруу найрагч Д.Нямсүрэн хоёрыг “Гал” эгнээнээсээ төрүүлсэн. “Гал”-ын гишүүн Ц.Ойдов Монгол Улсын төрийн сүлд, төрийн хасбуу тамгыг бүтээж, Я.Баатар, Ү.Хүрэлбаатар, Ж.Саруулбуян нар докторын зэрэг хамгаалж, Д.Цогт маань Монгол Улсын шилдэг мэс засалч эмч, “Гал”-ын таван гишүүн гавьяат, нэг төрийн шагналтан, хоёр ч хүн Нацагдоржийн шагналтан болжээ. Бусад шагналыг тоолж барахгүй. Алдар гавьяаны төлөө бид яваагүй, гэхдээ хэр зэргийн бүлгэм байсны үзүүлэлт юм” гэсэн удаатай.

Галыг бадраалцах дөл Бат-Очирын Сундуй тавин дөрвөн оны морь жил мэндлэн гучин долоохон насалжээ. Түүнийг анхны шүлгүүдээрээ Монголын яруу найрагт цахиур хагалан орж ирсэн авьяас билэгтэн байсан тухай олон хүн дурссан байдаг.

“Алд борхон хагсуургандаа багсайж ургасан хад шиг

Арван наймтай миний сэтгэлд аандаа хурсан онгод

Бичих л байсан санаа минь хайнгууд нэгэнд нь таарч

Бишрэм шүлэг болох ясаа алдаагүй байгаа даа”

хэмээх ихэд хэрсүү бөгөөд уянга утга зохистойёо таацуулан урласан “Бичиж амжаагүй шүлэг” нь тэр үеийн залуусын “мөрийн хөтөлбөр”, амны уншлага болж байж. Тэрбээр наснаасаа ахадсан намбатай, нягт нямбай, цэвэр цэмцгэр нэгэн байсан гэдэг.

Номын баярт Г.Мэнд-Ооёо анд нь “Шүлгийг утга уянга, аялгуу хэмнэл тэгш, өө сэвгүй урлахын үлгэр бол Б.Сундуй юм. Харамсалтай нь тэр маань “Балжийн зулзаган монос” нэртэй анхны номоо л гаргаж амжсан. Хоёр дахь номоо “Гэгээн алс” гэж нэрлэж, хэвлэлд дөнгөж шилжүүлээд л өөрөө “гэгээн алсад одчихсон”. Азаар тэр номыг нь Ү.Хүрэлбаатар олж авсан, Гурав дахь номоо бэлдэж байсан гэх боловч одоо түүнийг олж цуглуулахад цаг хугацаа, хүчин чармайлт хэрэгтэй болжээ. Хууль цаазны дунд сургууль төгссөн тэрбээр утга зохиолын ертөнцөд анхны бүтээлүүдээр танигдан хүлээн зөвшөөрөгдөж Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд элссэн боловч Эрхүүгийн бэлтгэлээс яагаад ч юм эргэж ирсэн. Ж.Саруулбуян, Б.Сундуй бид гурав түүний төрөлх гал голомт Мөнгөнморьтын Эрэг бүүрэг, Гурван Байдлиг, Хэрлэнгийн хөвөөгөөр цугтаа аялж, Хөгшчүүлийн сууринд байх ээжтэй нь золгоод замдаа Их Нацагдоржийнхоо Гүн Галуутайд очиж тав хоног аялсан минь одоо ч сэтгэлд тод үлджээ. Мөрдөн байцаагч, сонины сурвалжлагчийн алба хашиж явсан ч алинд нь ч биш, яруу найрагтаа л үнэн сэтгэлээ зориулсан ясны уран шүлэгч байлаа. Эдүгээ уран зохиолд 80-аад оныхон хэмээгдэгч бидний үеийнхний түүчээ нь Б.Сундуй байсан бөгөөд “Бичиж амжаагүй шүлэг”-ээ гүйцээн бичих буухиаг өөрийн үеийнхэндээ даатгаад тэнгэртээ алдарсан юм” гэж нулимстай дурсамжаа хуваалцсан.

Хорьдугаар зууны наяад оны Монголын их утга зохиолын содон төлөөлөгч, яруу найрагч, уран бүтээлийн “Гал” нэгдлийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Сундуй Хэнтий аймгийн Дадал сумын нутагт хөх морин жил төрсөн их хааны нутаг нугын хөвүүн юм. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын Хэнтийн буриадын тойргийн партизануудын нэг тэрээр “Ороо жаахан борыгоо барьж ядаад орой нь бичсэн шүлэг”, “Найгал шаргын домог”, “Адуу манасан анхны өглөө”, “Адуучны гадаа”, “Номхон цагаан морь минь”, “Үрээ морь”, “Ангир шарга морь минь”, “Эмнэгийн булгианд”, ”Зуны тэргүүн сарын өлзийт сайн өдөр хүлэг мориндоо хэлэх шүлэг” зэрэг морины тухай олон сайхан шүлэг бичсэн адууны хийморьтой, оюуны соёлтой цэмцгэр сайхан яруу найрагч байжээ. Сундуй Төв аймгийн Зуунмод хотод дунд сургууль, Улаанбаатар хотноо Хууль цаазын дунд сургууль төгссөн, Төв аймгийн “Анхдугаар таван жил” сонинд сурвалжлагч, Улсын мөрдөн байцаах газарт байцаагчаар ажиллаж байсан аж. Б.Сундуй хар багаасаа шүлэг яруу найраг сонирхож, тэр үеийн утга зохиолын шилдэг бүтээлүүдийг шимтэн уншиж харьцангуй эрт өөрийгөө нээсэн яруу найрагч байж. Эдүгээ түүний нэрийн хуудас болоод байгаа “Нутаг” дууны шүлгийг тэрбээр арван наймтайдаа, аравдугаар ангийн сурагч байхдаа 1972 онд Зуунмод хотноо бичсэн байна. Эл дууг соёлын тэргүүний ажилтан дуучин Бямбажав

“Баянхаанай ууламнай

Бугайн урамдаанта нютаг

Анханай саhанаар яаранхай

Ахай абагайн нютаг

Урасхал дүлөөн Балжамнай

Улаалзай мойхоной орон

Уургай сайгаа аягаланхай

Уяхан ижийм нютаг

Агасайн дэлгэр таламнай

Адуу малай бэлшээритэй

Арадай дуугаа аяланхай

Аншан баабайн нютаг

Мараанай сэнхир хөндий

Мангир таанайн орон

Хаанаш ябахан намтаяа

Хамтадаа байдаг нютаг” буриад аялгаар дуулсан нь түмэн олноо дэлгэрэн түгэхийн хувь хутгийг олжээ. Тухайн үеийн уншигчид эл шүлгийг тэгтлээ шагшин магтаж сүйд болсонгүй. “Нутаг орноо санагалзсан иймэрхүү магтаалын шүлэг байдаг” гэх маягаар тоолгүй өнгөрсөн гэдэг. “Нутаг” шүлэг төрснөөс хойш хорь гаруй жилийн дараа төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг өвөрмөц атлаа буриад ардын дууны аяс намбыг санагдуулахаар сайхан аялгуу зохируулсан юм. Энэ тухай Ж.Саруулбуян анд нь “Сундуй маань их баяртай, муу найз нь хожим нутгийнхан дуулах ганц нэг дуутай үлдэх юм шиг байна. Хүүхэд үедээ зохиосон шүлгийг минь хүний зэрэгт Чинжиг маань хүргэлээ. Бид өнөөдөр дуугаа бичүүлчихлээ гэж радио дээр тааралдаад хөөрч билээ” гэж халуун дулаанаар өгүүлсэн.

Б.Сундуй анхны шүлгийн түүвэр “Балжийн зулзган монос”-оо “Нутаг” шүлгээсээ хойш арван жилийн дараа буюу 28 насандаа бэлтгэсэн боловч хоёр жил дамнан байж 30 насанд нь хэвлэгджээ. Хэл бичгийн ухааны доктор Ү.Хүрэлбаатар “Б.Сундуй хоёр дахь номоо “Гэгээн алс” гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм. Ном бол хүн. Ном бол сэтгэдэг амьтан. Тиймээс ном хүн шиг төрж, мандан бадарч, бас мартагдаж, дахин сэргэх зэргээр өөрийн хувь тавилантай байдаг юм. Тэр яруу найргийн чанарыг их эрхэмлэдэг, яруу найргийн соёлыг дээдэлдэг, яруу найргийн нийгмийн ухамсарт нэвчих чадамжийг биширдэг хүн байсан. Тиймээс тэр шүлгийг ширвэж бус шившиж бичдэг, халтуурдаж бус хайрлаж бичдэг, дуурайж бус дурлаж бичдэг, алдарших гэж бус ариусах гэж бичдэг яруу найргийн үнэнч эр цэрэг байсан юм” гэж дурслаа. Хөтлөгч Ш.Гүрбазар найрагчийн “Бичиж амжаагүй шүлэг” бүтээлийг уншиж, яруу найрагч Л.Мягмарсүрэн, Ж.Оюунцэцэг нар дурсамжаа хуваалцсан эл өдөр найрагчийн гэргий Цэнд-Аюуш, хорь гаруй насны охиныхоо хамт хүрэлцэн ирсэн байлаа.

Нутаг

Баян хааны уулс аа

Бугын урамдаат хөвч өө

Анхны цаснаар яарамтгай

Анчин аавын нутаг аа.

Урсгал дөлгөөн Балж аа

Улаалзай, мойлын өлгий

Уургийн цайгаа

аягаламтгай

Уяхан ээжийн нутаг аа.

Агацын цэлгэр тал аа

Адуу малаар дүүрэн ээ

Ардын дуугаа аяламтгай

Ах эгчийн нутаг аа

Марааны саруул хөндий

Мангир тааны орон оо

Хаана байсан ч надтай

Хамт явах нутаг аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *