Categories
мэдээ нийгэм

Газрын мина илрүүлэгч харх алтан медаль хүртжээ

Олон улсын амьтны эрхийг хамгаалагч PDSA байгууллагаас Африкийн хархад алтан медаль гардуулжээ. Учир нь Магава нэртэй харх эр зориг, авьяас чадвараараа газрын мина, тэсэрч дэлбэрэх бодисуудыг илрүүлдэг ховор чадвартай байна.

Алтан медаль хүртсэн Магава нийт 39 газрын мина, 28 дэлбэрээгүй тэсрэх бодисыг илрүүлжээ. Энэ нь Камбожид олон хүний амь насыг аврахад үнэтэй хувь нэмэр оруулсан үйлдэл хэмээн сайшаан магтсан байна.

Камбож улсад зургаан сая гаруй газрын мина тараан байршуулсан гэж таамагладгийн ихэнхийг нь 1970-1980 оны хооронд болсон иргэний дайны үеэр байрлуулсан гэж үздэг. 1979 оноос хойш тус улсад 64,000 хүн газрын минад өртөж амь насаа алдсан бол 25,000 хүн тахир дутуу болжээ.

Ан амьтдын эрхийг хамгаалах PDSA байгууллагаас өнгөрсөн хугацаанд 30 орчим амьтанд алтан медаль гардуулсан ч анх удаа харханд өгсөн байна. Шагнал гардуулах ёслолыг албан ёсны сайтаараа шууд дамжуулжээ.

Магава энэ жил долоон настай бөгөөд Бельги улсад бүртгэлтэй Танзани дахь Апопо төвд бэлтгэгджээ. Танзани улсад төрж өссөн Магава харх ердөө 1,2 кг жинтэй, 70 см урт бөгөөд бусад хархнуудаас томдоо ордог. Хэдий жижигхэн ч хүний 1-4 хоногт метал илрүүлэгч ашиглан хайгуул явуулдаг теннисний талбайн хэмжээтэй газарт Магава ердөө 20 минутыг зарцуулдаг ажээ. Тэтгэвэрт гарах дөхсөн тул түүнийг өдөрт ердөө хагас цаг л ажиллуулдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *