Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх
цахим бүртгэлийн тавдугаар ээлж үргэлжилж байна. Энэ удаагийн цахим
газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16
нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх
дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар
өмчлүүлнэ. Мөн I, II, III, IV ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул,
Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128
нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та
гэр бүлийн хэрэгцээний зориулатаар газар өмчлөх хүсэлтээ
www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой. Мөн нийслэлийн
Мэдээллийн технологийн газраас шинээр нэвтрүүлсэн “Газар өмчлөл” мобайл
аппликейшнийг ашиглан өргөдлөө өгөх боломжтой юм. Энэхүү аппликэйшн нь
Нийслэлийн цахим газар өмчлөлийн системийн өгөгдлийн баазтай холбогдон
ажиллах бөгөөд хэрэглэгчид гар утсаараа цахим газар өмчлөлд бүртгүүлж
өргөдлөө илгээнэ. Тус аппликейшн нь Android 4.4+, iOS 8+ үйлдлийн систем
дээр нэгэн зэрэг ажиллана. App store болон Google Play store буюу
апплликэйшн дэлгүүрүүдээс татаж авахдаа “Газар өмчлөл” гэж хайлт хийж
гар утсандаа үнэгүй суулгаж ашиглах юм. Газар өмчлүүлэх 5 дугаар ээлжийн
цахим бүртгэл энэ сарын 28-ны 12:00 цагт дуусна гэж Нийслэлийн ЗДТГ-ын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.