Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар хөдөлсөн үед толгойгоо хамгаалах, даацын хана дагуу зогсох хэрэгтэй гэв

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах” өдөрлөг зохион байгууллаа.

Энэ жилийн онцлог нь газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн ангиудын бэлтгэл бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, авто машин, техник багаж хэрэгслийг сурталчилан таниулах, иргэдэд хөдөлмөр хамгааллын хувцас өмсгөж, гал унтраах дадлага хийлгэх, өндрөөс аврах ажиллагаа зэрэг зохион байгуулав. Маргааш буюу 2018 оны гуравдугаар сарын 29-ны өдөр 16:00 цагт улс орон даяар газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах, дадлага сургуулилт болно. Үүнд ард иргэдийг бэлэн байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Л.Мөнхчимэгээс газар хөдлөлтийн үед иргэд яах учиртайг тодрууллаа.

Газар хөдлөлтийн үед авах хэд хэдэн арга хэмжээ байдаг. Газар хөдлөлтийг хоёроос гурван секундын хооронд мэдрээд дохио дуугарч эхэлдэг. Газар хөдлөлтийн хувьд урьдчилсан таамаглал байх боломжгүй. Дохио дуугарч байвал газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдээд эхэлсэн гэж ойлгох хэрэгтэй. Бэлэн байдлаа хангаж, гэртээ байх үед нэн тэргүүнд цахилгаанаа салгана. Толгой дээрээ зузаан ном гэх мэт зүйлс барьж хамгаална. Газар хөдлөлтийн чичиргээ нэг минут хүрэхгүй үргэлжилдэг. Тэгээд намддаг ч ахиад хөдлөх магадлалтай. Намдсан үед гэрээс гарч аюулгүй газар очих ёстой. Бат бөх ширээний доогуур орох, даацын хана бараадах, цонхноос хол байх ёстой. Даацын хана нь дээвэр нурах үед хошуулдаж унах учраас амьд үлдэх боломжтой байдаг. Судалгаанаас харахад газар хөдлөлтийн үеэр нас барагсдын 70-80 хувь нь гэрийнхээ тавилга, байшин барилгад даруулсан байдаг. Бид гэрийн тавилгаа ханатайгаа бэхлэх хэрэгтэй. Мөн биедээ авч явах 15 зүйлийг байнга бэлэн байдалд байлгах хэрэгтэй. Эмийн сан, ус, бичиг баримт, ойр зуурын хүнс, дулаан хувцас гэх мэт.

JICA олон улсын судалгаа, үнэлгээний баг Улаанбаатар хотын үнэлгээг гаргасан. Үүнд газар хөдлөх магадлалтай орон нутагт орсон. Манай иргэд газар хөдлөлтөөс хол орон нутагт амьдардаг гэж боддог. Гэтэл тийм биш. Газар хөдлөлтийн үед бэлэн байдалд байх шаардлагатай учраас энэхүү сургалтыг зохион байгуулж байна гэлээ.

Чингэлтэй дүүргийн VI хорооны Засаг дарга Ч.Болормаа ярихдаа:

Бид хороод, сургууль, цэцэрлэгүүдэд гамшгаас сэргийлэх талаар сургалт явуулдаг. Дохиолол дуугарсан үед ямар арга хэмжээ авах талаар практик дээр сургалт явагддаг. Энэхүү сургалтын дараа бид сургууль, цэцэрлэгүүдэд хичээл заахаар төлөвлөсөн. Хэрвээ гэрт амьдардаг бол толгойгоо хамгаалах, аюулгүй газарт яаралтай очих хэрэгтэй. Байшин барилгуудын хувьд өндөр давхаруудаас гарч ирэх магадлал бага байдаг. Тийм учраас эхний ээлжинд толгойгоо хамгаалах даацын ханаа налах хэрэгтэй. Айл бүрт яаралтай үед аваад гарах бэлэн байдлын зүйлс байх шаардалагатай. Дохиолол дуугарсан үед аюулгүй газар нэн даруй цуглах хэрэгтэй гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *