Categories
гадаад мэдээ

Газар хөдлөхөөс өмнө гарсан гэрэл сонирхол татаж эхлэв DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт Марокко улсад 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 2,900 орчим хүний амь үрэгдэж, 5,500 гаруй хүн бэртэж гэмтээд байгаа билээ. Тэгвэл энэхүү байгалийн гамшгийн өмнөхөн тэнгэрт учир битүүлэг гэрэл гарч байсныг сошиал сүлжээнд хүмүүсийн нийтэлсэн дүрс бичлэгүүд харуулжээ. Тэнгэрт ийм гэрэл ажиглагдсан тухай олон зууны өмнөөс эхлэн тэмдэглэгдсэн байдаг ч судлаачид өнөөдрийг хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа юм байна. Газар хөдлөлтийг урьдчилж таах боломжгүй тул ийм үзэгдлүүдийн талаар зөвхөн хүмүүсийн дурсамжаас өөр баримт үлддэггүй байсан аж. Харин сүүлийн үед хяналтын камерууд хаа сайгүй болж, хүмүүсийн дунд гар утасны хэрэглээ нэмэгдсэнээс дүрс бичлэгт үлддэг болжээ.

Тухайлбал 2021 онд Мехико хотод, 2022 онд Япон улсын зүүн нутагт тус тус газар хөдлөхийн өмнө ийм гэрэл гарсныг хүмүүс камерын бичлэгээр баталгаажуулж авчээ. 1600-аад оноос хойших хугацааны баримтуудыг нэгтгэн судалсан АНУ-ын “SETI” хүрээлэнгийн геофизикч Фридман Фрюнд энэ үзэгдлийг статик цахилгаан цэнэгийн нэг хэлбэр байж магадгүй гэж дүгнэсэн байна. Үүнийг дэлхийн тектоник хавтангууд хоорондоо үрэлцэхэд үүссэн байх боломжтой гэж тэр тайлбарлажээ. Гэхдээ түүний тайлбартай зарим судлаачид санал нийлэхгүй байгаа гэнэ.Тухайлбал, Умард Каролинагийн их сургуулийн физикч Карен Даниэлс “Чулууг чулуугаар үрэхэд ийм их хэмжээний цахилгаан цэнэг ялгарах боломжгүй. Тиймээс би үүнийг тийм сайн тайлбар гэж бодохгүй байна” гэж хэлжээ. Гэхдээ тэр энэ үзэгдлийн учрыг тайлснаар газар хөдлөлтийг урьдчилж мэдэх боломж нээгдэхийг үгүйсгээгүй байна. “Бид юмс үзэгдлийн шалтгааныг ойлгохоороо тайвширдаг. Ойлгохгүй зүйлээсээ айдаг. Газар хөдлөлтийн үед ажиглагддаг гэрлийн үзэгдлийг шимтэн сонирхож, судлаж байгаагийн нэг шалтгаан энэ юм” гэж тэр хэллээ гэж “New York Times” мэдээлэв.

Энэхүү гэрлийг “https://youtu.be/MinWWRcup1Q” линкээр орж үзэж болох юм байна.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *