Categories
мэдээ цаг-үе

Газ, нефть, дайн-оросууд юу чадах вэ

Оросууд өөрт байгаа шатдаг хий, нефтийн дамжуулах шугамаа ашиглаж Кавказын энгэр дэх дайныг зогсоож чадах уу гэдэг НВ сайтын асуултад эрчим хүчний RusEnergy компанийн ахлах шинжээч Михаил Крутихин ийнхүү хариулжээ.


-“Орос орон болон түүний эрчим хүчний зэвсэг” гэж их ярьдаг. Өмнөд Кавказад өрнөж буй дайнд тэд үүгээрээ нөлөөлж чадах болов уу?

– Тун саяхан хүртэл тийм байсан юм. Азербайжан өөрийн нефть, шатдаг хийгээ борлуулахын тулд Оросоос хамааралтай байж, хамтарч ажиллахаас өөр гарцгүй байсан үе бий. Тийм байх үед оросууд тухайн улсын улс төрд нөлөөлж чаддаг байжээ. Харин өнөөдөр бол үгүй шүү. Азербайжанууд Турктэй хамтраад газ, нефтиэ зөвхөн Турк гэлтгүй, Өмнөд Европ руу төвөггүй дамжуулдаг болчихсон. Тэдний бие даасан дамжуулах шугам үндсэндээ тэрбум ам долларын төсөвтэй “Өмнөд урсгал” шугамыг хэнд ч хэрэггүй болгоод хаячихсан шүү дээ. Тиймээс оросууд Азербайжанд ямар ч шахалт үзүүлж чадахгүй.

-Тэгэхээр Турк, Азербайжан хоёр оросуудтай эрчим хүчний ямар ч холбоос байхгүй гэсэн үг үү?

-Шатдаг хий тэдний хувьд ямар ч аюулгүй. Нефть ч гэсэн. Тун саяхан Азербайжан улс хувьцааг нь эзэмшдэг нефть боловсруулах SO­CAR компанийн Турк дэх үйлдвэрүүд Оросын нефтийг худалдаж авахаа зогсоолоо гэж мэдэгдэж байна. Тэд хямд мөртлөө чанартай Ирак, Норвегийн нефтийг авахаар болсон байна лээ.

-Яахаараа туркүүд ингэж оросуудын ар хударгаар заль гаргаж чаддаг байна аа. Тэгээд оросууд Армянтай хамт дамжуулах шугам нь зах зээлгүй үлдлээ гэх гээд байна уу?

-Оросууд анхнаасаа украинчуудыг шийтгэхийн тулд л Туркийг сонгосон шүү дээ. Гэхдээ нэг зүйлийг тооцоогүй. Туркүүд бол украинчуудыг бодвол хувирамтгай ааштай улсууд. Украинчууд өнгөрсөн он жилүүдэд оросуудыг хөөдөлгүй Европ руу газыг нь дамжуулж л байсан. Энэ бол геополитикийн том алдаа, найдвартай түншээ найдваргүй нэгнээр солино гэдэг. Ер нь хий дамжуулах хоолой гэдэг чинь өөр улсын тусгаар тогтнолыг үгүйсгэх зэвсэг болчихсон гэдгийг үгүйсгэхгүй.

-“Өмнөд урсгал”-аар юу ч урсахгүй байгаа юм уу?

-Тун бага. Одоо “Туркийн урсгал”-аар Болгар луу жаахан, Хойд Македон, Грект бас жаахан юм гоожиж байгаа. Нөгөө Австри хүрнэ энэ тэрийн талаар бол бүр ч ярилтгүй.

-Туркт нөлөөлж чадахгүй юу?

-Турк Оросын эрчим хүчээс огт хамаарахгүй амьдарч чадна. Харин нефть газаа ашиглан нөлөөллөө бататгаж чадсан жишээ бол Армен мөн шүү. Арменчууд худалдаж авсан барааныхаа төлбөрийг шатдаг хийн салбарын хувьцаагаараа төлсөөр байгаад бараг л оросуудын өмч болгочихсон. Тиймээс Оросын шатдаг хий Армен улсын хувьд том байр суурьтай. Тэдний улс төрд оросууд уг зэвсгээ сүрхий ашиглаж чадна.

-Миний ойлгосноор та оросуудыг өөрийн шатдаг хийн системээ хамгаалахын тулд Арменийг бөөцийлөх хэрэгтэй гэх гээд байна аа даа?

-Тийм ээ, хамгаалж бөөцийлөхийн тулд армянчуудыг өөрт ашигтай улс төрийн буулт хийлгүүлэх чадвартай гэж хэлэх гээд байна.

Б.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *