Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт

Гавьяат дасгалжуулагч Б.Жияандорж: Хүмүүсийн нүдэнд итгэл, урам зоригийн гэрэл дүрэлзэн бадарч байгааг харах л хамгийн том шагнал DNN.mn

 

Монголын спорт аяллын холбоо” хэмээх их айлын түүхт 30 жилийн ойг энэ сарын дундуур тэмдэглэх гэж байна. Үүнтэй холбогдуулан энэ байгууллагын тулганы галыг үүсгэн бадрааж хамт олныг 30 жил тасралтгүй удирдан чиглүүлж, ачааны хүндийг үүрч ирсэн, тэдний тодорхойлсноор Монголын спорт аяллын амьд түүх, аяллын эцэг хэмээн хүндлэгдсэн домогт аялагч, гарамгай зохион байгуулагч, адал явдалт аяллын мастер хөтөч, ОУХМ, Спортын гавьяат дасгалжуулагч Б.Жияандоржтой ярилцлаа.

-Спорт аяллаар хичээллэж байсан үе үеийн тамирчид, шавь нар тань таныг “Синдбат” хэмээн хочилдог гэж дууллаа. Яагаад ийм хоч зүүх болов?

-Монголчууд усыг ус л гэж мэдэхээс спорт гэж олж хардаггүй байсан тэртээх 1978 онд анх усан замын спорт аяллыг нөхдийн хамт санаачлан үүсгэж МХЗЭ-ийн Төв хорооны тогтоолоор “Цэнхэр замын аян” нэртэй клуб байгуулан ажиллаж энэ хугацаанд итгэлт нөхдийнхөө хамтаар эх орныхоо Туул, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Идэр, Тэс, Онон, болон Оросын холбооны Буриадын Сэлэнгэ мөрөн, Эркүт зэрэг гол мөрнөөр 20 гарй мянган км замыг туулж улс, олон улс, хяналт шалгалт, спортын тэмцээн уралдааны чиглэлээр олон арван арга хэмжээ зохион байгуулж 30 гаруй жил аялахдаа эр зориг, залуу насны тэвчээр хатуужлыг шалган сорьж, амь өрссөн нэг биш удаагийн саад бэрхшээлийг даван туулж ирсэн. Үүнээс л намайг тэгж нэрлэх болсон болов уу.

-Таныг дагасан бүхнийг “Нойл номерын тэнэгүүд” гэж аялагчид, адал явдал сонирхогчид хэлдэг юм билээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Хорь гаруй жилийн тэртээ юм уу даа. Дүн өвлийн хүйтэн тачигнасан хоёрдугаар сард Бага Хэнтий нурууны салбар уулсаар битүү цас хунгарлаж буга, гөрөөс идэш хоолгүй олноороо үхэж хорогдож байлаа. Тухайн бүед БОАЖЯ-ны шугамаар миний удирдлага дор 40 шахам ахмад тамирчид Бурхан халдун руу зорьсон. Хунгар цас туучин хэд хоног уулын суга, салаа, хоолой бүрд тэжээл өвс, бордоо тараахаар явган явлаа. Бидний араас нэмэлт тэжээл хүргэхээр хүчтэй машин, дулаан хувцсаар иж бүрэн тоноглосон яамны хэсэг нөхөд замдаа цасанд суун хээр хонон, осгохоо шахаж. Ингээд тэд очих замдаа зам зуураас хэдэн хүний хөлдүүс олох бол гэлцэн ярьцгаасан байна. Зарим нь ийм ажил санаачилсан Жияандорж, түүнийг нь дэмжсэн яамны сайд хоёрын тэнэг, мулгууг гайхаж өдөр шөнөгүй цас ухаж зүтгэсээр өглөө эрт хүрэлцэн очиход нөгөө хөгшид нь майхан, майхныхаа үүдэнд гал түлчихсэн хөлс, уур цан савсуулан хөлдүү зам дээр бүжиглэж, дуулж байгааг хараад нэг нь “Монголын нойл номерын тэнэг бол яах аргагүй Жияандорж гуай юм байна” гэхэд нөгөөх нь “Тэр нь ч тийм нь тийм ээ… гэхдээ түүнийг дагаж яваа хүмүүс бол нойл номерын тэнэгүүд гарцаагүй мөн” гэсэн яриа гарч, нийтэд түгсэн байдаг юм билээ. Түүнээс хойш намайг дагасан бүхнийг нойл номерын тэнэгүүд гэцгээх болсон доо.

-Таны хувьд нийтийн биеийн тамир, спорт, байгаль хамгааллын чиглэлээр хэд хэдэн холбоог үүсгэн байгуулсан намтартай. Энэ талаараа болоод өдий хэр хугацаанд бэлтгэсэн, хичнээн шавьтай болсон байна вэ?

-Бид хөгжил дэвшил хэмээн хэт том асуудлаар хөөцөлдөх хэрнээ хүмүүсийн эрүүл мэндийг дээшлүүлэх, сэтгэлийн ганцаардлыг арилгах, нийгмийн идэвх урам зоригийг дээшлүүлэх наад захын ажлаа яам тамгаараа, газар хэлтсээрээ хөдлөөд шийдвэрлэж чаддаггүй. Хэрэгжэхгүй хоосон тогтоол шийдвэрүүд бие бие рүүгээ шидэн нам, намаараа талцан хулгайч, худалчаараа дуудалцаж хэдэн арван сая, тэрбумаар нь идэж шамшигдуулж байна. Миний хувьд Монголын Ногоонтны хөдөлгөөн, Монголын Спорт аяллын холбоо, Монголын Каноегийн спортын холбоо, Загасчлах спортын холбоо, Монголын Нийтийн бүжгийн спортын холбоо гээд иргэний нийгмийн хэд хэдэн байгууллагуудыг үүсгэн байгуулж, төр улсын ямар ч төсөв, санхүүжилт цалин хөлсгүйгээр санаа нийлсэн сайн нөхдийнхөө хамтаар аль алиныг нь жигд хөгжүүлж ирсэн. Үүнийхээ үр дүнд нийгэмд мартагдаж орхигдсон олон зуун хүнийг амьдралын зорилго, хүсэл тэмүүлэлтэй болгож, эрүүл мэнд, бие бялдар,амьдрах ухааны хүмүүжлийг нь дээшлүүлэн, сайхан хамт олны эгнээнд нэгтгэж, олон зуун айл өрх, мянга мянган хүнд эрүүл өөдрөг, баяр баясгаланг олгож ирлээ. Дээрх холбоодын спортын цол зэргийн нормыг боловсруулан батлуулж Монголын спортын салбарт спорт аяллын 450 гаруй спортын мастер, дэд мастер, 60 гаруй улсын шүүгч 30 гаруй адал явдалт аяллын хөтөч, Нийтийн бүжгийн спортын олон зуун багш, сургагчдыг бэлтгэн гаргаж, гол ус, гал түймэр, аяллын осол аваар, араатны аюулаас хүмүүсийн амийг аврах явдал нэг бус удаа тохиолдож байсан.

-Нийтийн биеийн тамир, спорт гэдэг нийгмийг эрүүлжүүлэх голлох салбар. Тэр утгаараа таныг болоод танай хамт олны ажил үйлийг төр засаг хэрхэн дэмжиж байна вэ?

-Бидний амьдарч буй зуун нь хүний нийгэмд шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжлийн эрин үе болон мөнхөрч байгаа. Гэвч байгалийн бохирдол, гамшиг, эрсдэл, хүмүүсийн эрүүл мэндэд учруулж байгаа хор нөлөөгөөрөө урьд өмнө байгаагүй аюул түгшүүрийн харанга дэлдсэн зуун гэж хэлж болохоор. Ард иргэдээ гай гамшигаас хамгаалах, эрүүл мэндийг дээшлүүлэх асуудал бүх улс орнуудын төр засгийн шүдний өвчин болж байна. Хоёр жилийн өмнө дэлхийг нөмөрсөн аюулт Ковидын гамшиг ч хүн төрөлхтөнд том сургамж, анхааруулга өглөө. Манай орон ч үүнээс тойрсонгүй. Ард иргэдээ, хүүхэд залуучуудаа эрүүл байлгах хамгийн чухал арга хэрэгсэл бол нийтийн биеийн тамир спорт, байнгын хөдөлгөөн, цэвэр байгаль, цэнгэг агаар юм. Түүнээс биш эмнэлгийн ор, эм тарилгын тоог нэмэгдүүлэх бус спорт заал танхим, клуб, байгальд аялагчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнийг нь төрийн бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж дээрх холбоодыг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаараа батлан харуулах гэж чадлаараа л тэмцэж хэлж ярьсаар ирлээ. Монголын үе үеийн төр засгийн удирдлага УИХ ч гэсэн “Ард иргэдийн эрүүл мэнд, эмийн бус эмчилгээ, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлнэ, дэмжинэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж ирсэн. Гэвч сонгууль өнгөрөөгөөд мартаж орхидог гэмтэй. Түүнийг хэрэгжүүлэхээр улсын төсвөөр орон тоо санхүүжилт нь батлагдсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, БТС-ын байгууллагууд, засаг захиргааны нийгмийн бодлогын хэлтсүүд нийгмийг, нийтийг хамарсан арга хэмжээг бус тулга тойрсон, өнөө маргаашаа бодсон цөөн хэдэн хүнийг хамрах заалны, тоглоомын чанартай спортуудаар хөөцөлдөн аргацааж ирсэн нь нууц биш. Өөр ажил, эрүүл байгаль дээр олныг хамарсан арга хэмжээг удирдан зохион байгуулна гэхээр тэдэнд нар салхи үзсэн, заавар зөвлөлгөө өгөх, манлайлан оролцох бэлтгэгдсэн боловсон хүчин байдаггүй учир аль болохоор зайлсхийдэг. Гэхдээ хийх ажлынхаа нийгмийн ач холбогдол, үр нөлөөг тодорхой бичиж тэдний үүрэг зорилго, мөрийн хөтөлбөртөй нь холбон тайлбарлаж яривал илт эсэргүүцдэг, хааж боодог байгууллага байгаагүй шүү. Ажил хариуцсан хүмүүсийн хөөцөлдлөгөө, сэтгэл зүтгэлээс хамаарна. Ковидын гамшиг үр нөлөөгөөр ч гэх юм уу, сүүлийн жилүүдэд манай төр засаг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс нийтийн биеийн тамир спорт, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Эрүүл монгол” үндэсний хөтөлбөр, илүүдэл жингүй эрүүл монгол, “Эерэг хандлага эрүүл нийгэм” зэрэг аянуудыг өрнүүлж бидний олон арван жил ярьж, тэмцэж ирсэн асуудал ийнхүү төр засгийн анхааралд орж, Спорт аялал, Нийтийн цэнгээнт бүжгийн хөдөлгөөнийг дэмжих, дэлгэрүүлэх талаар ярьдаг, орон нутгийн салбар зөвлөлүүдэд дэмжиж тусалдаг, бидний ажлыг сайны жишээнд оруулдаг болсонд нь баярлаж, анхнаасаа буруу замаар яваагүй юм байна гэдэгтээ бахархан омогших болсон.

-Баавгайтай тулалдаж явсан гэдэг домог шиг яриа байдаг, үнэн үү?

-Тулалдаад байх нь ч юу юм бэ. Гэхдээ хөвчийн эзэнтэй хоёр ч удаа нүүр тулж бурхны авралаар мэнд гарч байсан. 1986 оны намар Дарханы хүрээлэнд ажиллаж байхдаа Шарын голын худалдааны ангид шинэ ургацын ногоо тушаах, гэрээ хийх ажлаар жолооч Б.Ганбатын чиргүүлтэй Зил-130 машинаар төмс ачаад явж байлаа. Дарханы сангийн АА-н тариан талбайд сүрэл эргүүлж байсан хүүхэд эмэгтэйчүүд голдуу 100 орчим хүмүүсийг өнгөрөөд явж байтал эгц урдаас ирж байгаа хорхойтсон том хар баавгайтай зам дээр халз тулгарсан юм. Энд тэндгүй бухалдсан сүрэл дотор байгаа хүмүүс түүнийг анзаараагүй байдаг. Өчнөөн хүн хядчих байх даа гэсэн бодол зурсхийж жолоочтойгоо зөвлөн, энэ нөхрийг замаас гарган уул уруу буцааж хөөе гэлцээд чиргүүлээ яаралтай салгаж орхиод машинаараа урдуур нь хэрэн дуут дохио өгсөөр хөөх гэтэл нөгөөх чинь замаасаа бага зэрэг холдон польний нойтон шороонд орж хэвтчихээд босдоггүй. Бүр ойртоод очих гэхээр төмс ачсан машин нойтон шороонд суучих гээд явдаггүй. Амьтан айлгах буу шийдэм, зэвсэг болчих зүйл юу ч байгаагүй. Олон хүнийг араатны хоол болголтой нь биш ямар нэгэн аргаар зайлуулах, эсвэл устгах хэрэгтэй гэсэн ганцхан бодол байсан. Тэгээд би бууж анхаарлыг нь сарниулж босгохыг бодъё. Чи машинаараа дайруул гэж жолоочдоо хэлтэл саяхан гэрлэсэн, нялх нойтон хүүхэдтэй, амьдармаар байна, би чадахгүй даргаа гээд дээр ачаан дээрээ гараад суучихлаа шүү. Тэр залуугийн буруу ч гэж юу байхав. Өөрөө жолоон дээр сууж хойш, урагшаа холдож, ойртон дуут дохиогоо орилуулсаар байтал нөгөөх тань өндийгөөд хоёр хөл дэрээ босоод урдаас ирдэг юм. Тэгэнгүүт нь хүчээ аваад дайруултал тас няс овос хотос болоод л явчихлаа. Би ч карданаа татан зогсож таван тн төмстэй машинаар дайруулсан байхад үхсэн байж таарна гэж бодоод манивилаа барин буулгүйгээр доошоо тонгойж харвал харагдах зүйл алга. Аяархан буугаад урдуур тойртол бас юу ч байдаггүй. Буруу талаараа гэтсээр гараад иртэл польний нойтон шороонд төдийлөн хүч авч чадаагүй машинд сулхан мөргүүлсэн болохоор зайлж гарахдаа нэг талын хөл, хаагаа дугуйнд даруулж түр муужирсан нөгөө араатан чинь, бурхан минь жигтэйхэн муухай орилон босох гээд зүтгэхэд машин данхалзан, дарагдсан хөл нь сугарвал өвдөж улангассан амьтан бүхнийг дуусгана гэсэн бодол төрж жолоочийн урд хайрцагт байсан төмрийн хөрөөний хугархайг хар лентээр ороосон хутгархуу юмыг бариад, пиджак, зангиагаа тайлж хаяад нуруун дээр нь мордчихов оо. Аминдаа зүрхэнд нь цуслах гэж байгаа ухаантай. Гэтэл нөгөө муу хутга шүү юм чинь гулжиганаад арьсыг нь ч нэвтэлдэггүй. Нөгөө гайхал чинь хүзүүгээ эргүүлэн миний нүүр өөд харан орилоход, дууны чанга, амны том, өмхий гэж жигтэйхэн. Баавгай бахирахад адуу шээс алддаг гэж үнэн юм шиг байна лээ. Аманд нь өртчихгүй санаатай хоёр тийшээ займчин нугаслахаар шийдэн хүзүүг нь хөрөөдөж эхэлсэн. Бүдүүн хурууны чинээ зузаан арьс нь дийлддэггүй. Хөрөөдөөд байдаг, амьдаараа хөрөөдүүлж буй амьтан ямар олиг байх вэ. Хар тэнхээгээрээ бахираад эрүү шүд нь нүдэн дээр тачигнан зүтгээд, нойтон шороон дээр дарагдсан хөл нь аажмаар сугарсаар ганц тавхай нь үлдсэн байдаг. Орилуулж хөрөөдсөөр байгаад арайхийж нугасыг нь гарган тасалтал халуун цус нүүр рүү олгойдон сад тавьж, бүх бие нь чичрээд амь тавихад миний хамаг хөлс асгарчихсан албаны даргын шинэхэн цагаан цамц цус, шавар хөлсөнд битүү будагдсан амьтан босоод хөлсөө арчин амьсгаа авч эргэн тойрноо харлаа. 200-300 м-ийн зайд хэд хэдэн том бага машинтай хүмүүс ирээд, алсаас хараад зогсчихсон, янз бүрээр л орилж чарлаж байсан юм билээ. Би сонсоогүй. Тэгээд монголчуудын ганц сайн чаддаг цуурхал, цуурай гээч нь надаас түрүүлэн Дархан хотоор нэг тарж, галзуу баавгайтай барилцан дээр, доороо орон ноцолдож байгаад хутгалж алсан гэнэ… гэж хотоор нэг яриа болсон доо.

-Таныг тэнгэртэй ярилцдаг, лусын хамаатан гэсэн хошигнол яриа байх юм?

-Олон жилийн турш урт холын янз бүрийн аялалд явж байхад бороо, цас, үер, ус ихэнх тохиолдолд бидний араас нэхэж яг аялал дууссан өдөр буюу маргааш нь тэнгэр хангай сүр хүчээ харуулж эхэлдэг болохоор манайхан намайг элдвээр хөөргөж байхгүй юу. Би ч цаашлуулаад л… Хэлсэн ярьсныг үг дуугүй биелүүлж, хэд гурван юм гар дээр тавих юм бол тэнгэр хангайтай санал солилцож болох юм гэж наргидаг. Энэ бол зүгээр л аяллын хөөрхөн наргиа. Эх орон газар нугаа танин мэдэх, хайрлан хамгаалах, мэдсэн сурснаа хүмүүст түгээж үлгэрлэн дагуулах, хүмүүсийн сэтгэл зүрх өөрийгөө ялж, ялан дийлснээрээ бахархан баярлахыг харах, аялагчийн амаргүй амьдрал бол миний шунан дурласан нэг насны ажил. Тийм болохоор өөр ажил албан тушаал, эд хөрөнгө юуг ч бодож явсангүй. Хүн ажилдаа дурлаж түүний төлөө мөрөөдөж, шаналж, зүдрэлийг үзэж, зовлон жаргалыг хуваалцах нөхдөдөө итгэж, тэднээрээ дэмжүүлж байж амжилт гаргана. Хамтран зүтгэгч хань нөхөдгүй бол би хэнсэн билээ. Би хамт олондоо, аялагчдадаа итгэдэг, тэд ч надад итгэдэг. Зөн мөрөөдөл, итгэлгүй бол удирдагч байж чадахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *