Categories
мэдээ нийгэм

Гацууртын орд нинжа нарын гарт орвол хууль ч үйлчлэхгүй гэв

“Сентерра Гоулд” компанийн эзэмшдэг Гацууртын ордыг ашиглалтад оруулах эсэх асуудалд иргэд хоёр талын байр суурь илэрхийлж байна. Албаны хүмүүсийн хэлж буйгаар “Гацууртын ордын олборлолт явуулах 303 га талбайд Хүннүгийн эртний олдворт булшууд орохгүй. Өөрөөр хэлбэл, төлөвлөж байгаа уурхайгаас 5.8-13 км-ийн зайтай байгаа булш бунхан, эртний түүхэн олдвор байгаа газарт ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэсэн юм.

Ноён уулын асуудлаар хэвлэлийнхэн Мандал сумыг зорив. Нутгийн иргэдтэй уулзаж, байр суурийг нь сонсоход хоёр талын байр суурьтай иргэд ч цөөнгүй байлаа. Ноён уул нь хойд, урд гэсэн хоёр хэсэгт хуваагддаг аж. Хойд Ноён уулаа нутгийн иргэд тахиж шүтдэг. Энэ нь орон нутгийн тусгай хэрэгцээнд орсон. Нөгөө нэг нь Хүннүгийн олдвортой. Тэр уулаас доошоо уруудаад, Сүжигтийн ам гэж бий. Энэ аманд Хүннүгийн булш бунхан байдаг. Харин эндээс шулуун шугамаар буюу газрын зургаар Гацууртын орд хүртэл 5.8 км газар. Газар дээр нь яваад очихоор хоёр нурууг давж байж ордын тусгай зөвшөөрлийн цэгт хүрнэ. Яг олборлолт хийх газар хүртэл дахиад 1.2 км-ийн зайтай. Хүннүгийн үеийн булш бунхнаас Гацууртын орд хүртэл нийтдээ долоон км-ийн зайтай байв.

Одоогийн байдлаар Ноён уулын орчимд хүчин төгөлдөр 23 тусгай зөвшөөрөл бий. Энэ тусгай зөвшөөрлүүдээс зургаа нь хайгуулын, 17 нь ашиглалтынх аж. Гацууртын ордын алтны геологийн нөөц 76 орчим тонн. Үүнээс ТЭЗҮ-ээр тогтоосон олборлох алтны нөөц 50 тонн юм. Алтыг олборлож борлуулснаар нийт борлуултын орлогын хэмжээ ойролцоогоор гурван их наяд буюу 1.7 тэрбум ам.долларт хүрэх аж. 1.7 тэрбумын борлуулалт хийгдээд, нийт гарах зардал нь 1.5 тэрбум. 200 сая ам.долларын цэвэр ашиг гарна. Нийтдээ 660 тэрбум төгрөгийн буюу 380 орчим сая ам.долларын татвар хураамжийг Монгол Улсдаа төлнө.

Энэ ордыг ашиглах 10 жилийн хугацаанд нийтдээ 730 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний бараа, ажил үйлчилгээ дотоодын аж ахуйн нэгжүүдэд хийгдэх аж. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийгдэж, тэр хэмжээгээр 1000 орчим ажлын байр шинээр бий болно. Үүнд 90 орчим сая ам.долларыг цалин хөлсөд өгнө. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдтэй хамтарч ажиллана. Үүний хүрээнд 10 сая ам.доллараар орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлээр ажил хийгдэнэ. Мөн 200 сая ам.долларын ногдол ашгаас төр өөрөө хувь хүртэнэ.

Зүүнхараа хот 26 мянган хүн амтай. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор ажилгүй иргэдийн тоо өсчээ. Төсөвт 100 гаруй мянган тэрбум төгрөг хуримтлуулдаг ч орон нутагт түүний 10 хүрэхгүй хувь нь оногддог байна. Орон нутгийг хөгжүүлэх, ажилгүй иргэдийн тоог бууруулахын тулд Гацууртын ордыг ашиглаад эхлэх нь чухал гэдгийг Мандал сумын иргэд хэлж байлаа.

Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваа: Төрөөс гарах шийдвэрийг л хүлээж байна

-Тахилгатай Ноён уул нь 1759 метрийн өндөртэй. Сумын ИТХ-ын тогтоолоор 2005 онд тусгай хамгаалалтад авсан байдаг. Харин олборлолт хийх газар нь Гацууртын гол дагуу юм. Нутгийн удирдлага төрөөс гарах шийдвэрийг л хүлээж байгаа. Ерөнхийлөгч өөрөө манай нутагт ирээд “Нутгийн иргэд ашиглуулна гэвэл ашиглуулна. Ашиглуулахгүй гэвэл ашиглуулахгүй” гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Одоо бидэнд хандаж байгаа хүмүүс уг ордыг ашиглая, ашиглуулахгүй гэж хуваагдаад байна. Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн асуудал Монгол оронд гол асуудал болоод байна. Эдгээр иргэдийн олборлож байгаа алт хаана очиж байгаа билээ, ямар хяналттай олж байгаа билээ. Төв хэвлэлээс сонсож байгаа мэдээллээр хилээр хууль бусаар алт авч гарах гэж байгаад баригдлаа гэж сонсогдоод байдаг. Үүнийг зөв зохион байгуулалтад оруулаад, байгалийн баялгаа ашиглах нь зөв гэж бодогддог.

Иргэн П.Цогт: -Ноён уулын доод талд ухаад тунель шиг хөндий болгочихсон байсан. Хоёр цаг алхахад захад нь хүрэхгүй тунелийг нинжа нар аль хэдийнэ ухчихсан.

3-р сургуулийн түүхийн багш Э.Баярхүү: –Бидний тахин шүтдэг Ноён уулыг ухахгүй юм. Мэргэжлийн хүний хувьд, залуу хүний хувьд судлаж үзсэн. Тиймээс энэ асуудалд нэгдмэл байр суурьтай байх нь чухал биз.

Иргэн н.Жаргал: –Би Сэлэнгийн уугуул иргэн. Бидний тахин шүтдэг Ноён уулыг ухна гэвэл хэн ч эсэргүүцнэ. Гэтэл Гацууртын орд газар чинь 10-аад км зайтай шүү дээ. Мэдэлгүй яах вэ дээ.

“Мандалын оюунлаг хүүхдүүд” ТББ-ын тэргүүн н.Алтаншагай: –Мандалчууд бид эндээс хөгжилтэй үлдэх хэрэгтэй байна. Бид төвдөө инженерийн шугам сүлжээ, автозам авч үлдэх хэрэгтэй байна.

Сумын уугуул иргэн н.Баясгалан: Манайд ажилгүй иргэн олон бий

-Ажил хийхгүй зах дээр архи уугаад баларчихсан нөхдүүд байна шүү дээ. Манайд ажилгүй иргэн олон байна. Тахилгатай овооноос хол байгаа ордыг эзэмших л хэрэгтэй. Мандалчуудад үр өгөөжөө өгөх ёстой. Ажлын байр, зам засварын асуудал шийдэгдэж, сумын эдийн засаг зохих хэмжээгээр дээшлэх байх. Тэрбум гаруй төгрөг Мандал суманд эргэлдэх боломжтой. “Сентерра гоулд”-аас авах ёстой зүйлээ аваад, гэрээ хэлэлцээр хийх ёстой

Өндөр настан н.Сумъяа: Байгалийн баялгийг үр ашиггүй үрмээргүй байна

-Байгалийн баялгийг үр ашиггүй үрмээргүй байна. Арга байхгүй төр засгийн өмнө тулгарч байгаа асуудал. Мандал суманд үр өгөөжөө өгөх хэрэгтэй байна. Ирээдүй болсон хүүхдүүдийнхээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээг шийдээгүй асуудал олон байгаа. Гацууртын төсөл орж ирснээр ахуй амьдралд үр өгөөжөө өгөх юм уу, зөвхөн тодорхой хэмжээгээр ярьж байгаад л яваад өгөх юм уу.

Иргэн н.Оюунчимэг: Ажилгүй хүүхдүүдээ ажилтай болгомоор байна

-Гацууртын ордыг ашиглахаар болж байгаа бол ажилгүй хүүхдүүдээ ажилтай болгочихмоор байна.

Иргэн н.Төмөрчөдөр: Ажилгүй залуус ажилтай болвол хэн хэнд нь л хэрэгтэй

-Энд 1000 ажилчин авна гэсэн. Манай сумынхан ямар ч ажилгүй хүмүүс байна. Ажилгүй залуус ажил хийж амьдралаа дээшлүүлбэл хэн хэнд нь л хэрэгтэй.

Хэрх тосгоны иргэн н.Батсүх: Манай нутгийн бус хүмүүс ирчихээд байна

-Манай нутгийн бус хүмүүс ирчихээд байгаа юм. Үүний ард “Ноён уул” компанийн дарга Дагвадорж, Болорчулуун гээд гишүүн хүргэн нь байж байгаа. Тэд л эсэргүүцээд байгаа хүмүүсийн ард нь байгаа гэж ойлгож байна.

Зарим иргэдийн хэлж буйгаар хэрвээ уг ордод нинжа нар орвол нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтын тухай асуудал огтхон ч яригдахгүй, мөн хууль ч үйлчлэхгүй. Үнэхээр ч ажилгүй залуусын тоо нэмэгдсээр байгаа энэ цаг үед архидалт ч газар авч байна. Тиймээс Мандалчуудын хувьд шүтээн болсон уул усыг нь ухахгүйг нэгэнт мэдэж байгаагаас хойш нутгийн иргэдээ, өөрсдөө ч болов ажлын байртай болчих юмсан гэцгээж байна.

Хотод өлсгөлөн зарласан иргэдийн асуудлын тухайд нутгийн иргэд “Тэд бол Мандалын уугуул биш, суугуул иргэд. Мөн Ноён уул, Гацууртын ордыг ирж сонирхоо ч үгүй мөртлөө тэнд өлсгөлөн зарлаад байгаад гайхаж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *