Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.
Хяналт шалгалтын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хонхор”-ын авто тээврийн шалган бүртгэх хяналтын цэгт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид 09-07УНО улсын дугаартай, Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд тус тээврийн хэрэгслийн жолооч Б нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, гарал үүслийн тодорхойлолтгүйгээр 1 бодгаль ойн зэрлэг гахайн мах /хоёр чөмөг бүхий хуудан хаа 1 ширхэг, урт болон богино хэмжээтэй 2 ширхэг хавирга, өвчүүний бүдэрхий 1 ширхэг, жижиг нуруу 1 ширхэг, алга дарам хэмжээтэй жирээ 1 ширхэг, элэг 1 ширхэг/ -ыг худалдан авч, тээвэрлэж явсан зөрчлийг илрүүллээ. Тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.