Өнөөдөр Орос, Хятад хоёр хаалгаа хаачихаад байна. Ийм цаг үед монголчуудад үнэндээ ганц нээлттэй хаалга бол БНСУ юм. Тэнд одоо 45000 монгол иргэн ажиллаж амьдарч, жилд доод тал нь 100 сая ам.доллар Монгол руу шилжүүлж байна. Энэ бол том тоо, том эдийн засаг. Эдийн засгийн ийм их урсгалаа бид хамгаалах хэрэгтэй. Иргэд маань очиж ажил хийгээд, орлогоо эх орон руугаа шууд шилжүүлж улсынхаа валютын нөөцийг бүрдүүлж байна. Энэ нь лавтай сүүлийн 20 жилийн үйл явц. Монголд байр орон сууц авч байгаа гурван хүн тутмын хоёр нь Солонгост ажиллаж, тэндээс бизнесээ эхлүүлсэн хүмүүс. Гэтэл одоо юу болж байна вэ. Насанд хүрээгүй хүүхдүүдийн явдлаас болж дэндүү их сүржигнэж байх шиг. Ингэж бодогдохгүй байна уу. Луйварчдаар дүүрсэн төрийн ордныхоо өмнө жагсаж чадахгүй байж Солонгосын ЭСЯ-ны гадаа жагсаад байхдаа ч яахав дээ. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гэгчээр. Солонгосын хуулиар шийдэгдэх байгаа үйл явц. Үнэндээ охиныг өрөвдөж, сэтгэл сэмэрч байна. Бид бүгдээрээ охин хүүхэдтэй хүмүүс. Тэнд монгол охины эрх зөрчигдөж, түүнийг нь Солонгосын хууль хяналтын байгууллага шалгаж, өнөөдөр прокурорын шатанд явж байгаа юм байна. Ийм тохиолдолд одоо юу хүсээд байгаа юм бэ, монголчууд. Тэр зодсон солонгос охидыг буудаж ал гэж байгаа юм уу. Бүх улс оронд өсвөр насны хүүхдүүдийн эрх айхавтар зөрчигдөж, ялангуяа сургуулийн орчинд эмгэнэлт хэргүүд үйлдэгдэж, үүнд дэлхий үнэхээр эмзэг хандаж байна. Үүний эсрэг хүн төрөлхтөн дуу хоолойгоо нэгтгэж байна. Сургууль руу нь ороод автомат буугаар шүршиж буй аймшигт хэрэг эрх чөлөөний орон АНУ-д давтагдаж байна. Хойд хөрш ОХУ-д сургуулийг тэр чигээр нь террористууд барьцаалж алж хядсан саяхны түүх бий. Үүнд Монголын үрсээ өртүүлмээргүй байна. Ийм аймшгийн эсрэг дохио боллоо гэж Солонгост дарамтлуулсан монгол охиныг бодож, залбирч, дуу хоолойгоо нэгтгэж байна. Харин хүүхдийн эрхийг Монголын увайгүй улстөрчдийн ёс зүйгүй үйлдлийн золиос болгож болохгүй гэсэн үүднээс энэ нийтлэлийг бичиж байна.
Одоо гол асуудалдаа оръё. Яагаад долдугаар сард болсон үйл явдлыг тэр үед нь анхаарч дуугараагүй өнгөрсөн байж өнөөдөр гэнэт гаргаж ирэв. Сошиал яагаад түүнийг нь шуугиан үймээн болгов. Монголчуудын ард үргэлж өчүүхэн жижиг эрх ашиг нуугдаж байдаг гэсэн гадны судлаачийн үг бий. Үүний л тод жишээ сая боллоо. Юу гэхээр Пусан хот дахь Монголын консул Цогтын Өнөрзаяа гэж бүсгүй бий, охины асуудлаар яриа өгөөд байгаа бүсгүй. Үе үеийн эрх баригчдын улайран хүнээ тавих гэдэг суудал бол Пусаны консул. Тэр жил Б.Хурцыг тэнд консулаар томилох гэж улстөрчид хоорондоо юу болцгоолоо. Бараг Төрийн ордноо буулгах шахсаныг санаж байгаа байх. Яг тэр л порцессын үргэлжлэл. Пусаны консул Ц.Өнөрзаяа бол ҮХЦ-ийн гишүүн байсан Ш.Цогтын охин. ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогт нь Нанзаддорж гэж гишүүнтэйгээ хоёулахнаа хурал хийж, Х.Баттулгын төлөө ажилласныг, нөгөө гишүүн Д.Одбаяр нь тэр хоёртой хуралдахгүй гэж зугтааж гарч байсныг та бүхэн санаж байгаа. Ердөө л энэ. “Чи Женкод үйлчилсэн Ш.Цогтын охин учраас одоо Пусаны консулын ажлаа өгчих” гэж хэлж болдоггүй юмуу даа. Ингээд л шийдчих ажлыг яагаад ийм байдалд хүргээд байгаа юм бэ. Ядарсан ард түмнээ үймүүлээд, ковидын үед улам стресстүүлээд байх шаардлага юу байна. Үнэндээ өнөөдрийн сошиал ертөнц-Шар хадны хурцын тасаг хоёр адилхан болчихож.
Ийм л өчүүхэн эрх ашгийн төлөө дөрвөн сарын өмнө авч хадгалсан, цаг нь болохоор нийгмийг үймүүлэхэд ашиглана даа гэж тооцсон бичлэгийг гаргаж сэвлээ. Сошиалын нөгөө сүрхий боловсролтой, нөлөөтэй, төрд том алба хашиж байсан… гэх нөхдүүд бүгдээрээ өлгөж аван пүү паа болцгоолоо. Энэ Монголд чинь итгэж найдах, хүндэтгэж хандах хүн үлдэх нь үү. Бүгд л нохойн бааснууд болцгоосон юм биш үү.
Ердөө 25-хан настай жаахан бацаан компьютерийн араас та нарыг хүүхэлдэй мэт хөдөлгөж байна шүү дээ. Ийм өчүүхэн амьтад болсноо мэдэрч амьдарцгаа.Жаахан хэрсүү байгаач гэдэг үгийг “Өдрийн сонин” хэдэн мянган удаа давтан бичиж байна. Гэвч улам тэнэгэрсээр байцгаана. Женкогийн хүн гэгддэг ҮХЦ-ийн гишүүн асан Ш.Цогтын охиноос л консулын ажлыг булаах жижигхэн муу технологи хоёр орны харилцаанд сэв суулгах хэмжээнд хүрч мэдэх нь байна шүү дээ.
Монголчуудын хэт их хийрхлээс болж БНСУ-ын зүгээс хилээ хаавал яах юм. Бүх харилцаагаа тасална гэвэл хэдэн зуун мянган монголчуудын эрх ашиг зөрчигдөнө. Түүний хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Өнөөдөр Монголд тасалдаад байгаа эм тарианы чинь ихэнхийг Эрээнээс бус Япон, Солонгос хоёр нийлүүлж байгааг тэр Солонгосыг зүхэгсэд мэдэж байна уу. Монголчуудын хувь араншин их ёозгүй, өөрийг нь хоолонд хүргэсэн, ажил амьдралд нь тус хүргэсэн хүнээ дараа нь заавал зүхдэг. Бидний энэ унаган араншин гадаад харилцаанд нөлөөлөх нь. Бидний энэ муухай араншин бидний дотор л байх ёстой. Гадагшаа үйлчилж огт болохгүй. Хэрэвзээ гадагшаа гарвал их газрын гүнд, хоёр том гүрний дунд, дэлхийгээс тусгаарлагдсан хэдэн тэнэг монгол үлдэх болно. Хоёр хөршийнхөө түүхий эд бэлтгэлийн бааз байж ирсэн тэр хувь тавиландаа эргээд очно. ХХ зууны бүх хувьсгалчдын эцсийн ганц зорилго бол ердөө гурав дахь хөрш гэдэгтэй харьцаж, нөхөрлөж, хамтарч үзэх хүсэл тэмүүлэл байсан. Оросыг гатлаад, Хятадыг даваад цаана нь байгаа Америктай, Японтой, Солонгостой түншилж үзэх юмсан, тэр Европ тивд нь хүрч Англи, Франц, Шведтэй нь нөхөрлөж үзэх юмсан гэдэг туйлын хүслээр хувьсгалууд хийгдсэн байдаг юм шүү дээ. Энэ хүсэл мөрөөдөлдөө ерэн онд нэг юм хүрсэн. Одоо монголчууд дэлхийгээр нэг ажиллаж амьдарч, сурч боловсорч байна. Тэр дундаа БНСУ, Япон хоёр бол Монгол Улсын хамгийн гайхамшигтай дотно түншүүд. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд монголчуудыг ядрах бүрт энэ хоёр орон тэргүүнтэй гуравдагч хөршүүд гараа сунгаж, үүдээ нээж ирсэн. Өнөөдөр ч үргэлжилж байна. Жаахан хүүхэд ч ойлгохоор асуудал. Монголд зуу зуун сая ам.доллар хаанаас орж ирж Улаанбаатарт босч байгаа байшин барилгуудыг худалдан авч байгаа юм. Солонгост ажиллаж байгаа монголчууд. Бодит үнэн ийм байхад битгий солиорцгоо, монголчууд аа. Хэвлэлийн эрх чөлөө, сошиалын эрх чөлөөгөөр солигдсоны горыг одоо бид амсах нь. Байдал энэ хэвээр цааш үргэлжилбэл сошиалын эрх чөлөөний солиорол хувь хүний эрх чөлөө рүү орж, дайсан нь болно. Тэр цагт бүгдээрээ сая нэг ухаарч магадгүй. Гэхдээ хожимдсон байх вий гэдгээс л судлаачид болгоомжилж байна.
Солонгосын өмнөд Кёнсан мужийн Янсан хотын нэгэн дунд сургуулийн монгол сурагч охиныг дээд ангийн дөрвөн солонгос сурагч нийлэн зодсон хэрэг явдлын цаад учир шалтгаан ийм л байна. Ядуу айлын хүүхэд, нохой хоёр эрх гэж эртний үг бий. Монголчуудын энэ их хийрхүү асуудалд ханддаг байдал “бай”-гаа хэзээ ч олж байсангүй. “Эгийн голын усан цахилгаан станцыг чинь яг бариулж харагдаач” гэж дооёолсон ОХУ-ын ЭСЯ-ны гадаа очиж жагсаагүй, “Нүүрсийг чинь авахгүй” гэж хэлээд хилээ шууд хаасан Хятадын ЭСЯ-ны гадаа очиж жагсаагүй. Тэгсэн хэрнээ хүнд цаг үе бүхэнд үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгаж, монголчуудыг нааш гэж байдаг Солонгосын ЭСЯ-ны үүдэнд жагсаал хийж байгаа нь солиорол юм. Монголын ГХЯ-ны зүгээс Солонгосын ЭСЯ-ыг дуудан уулзаж ч байх шиг. Бас болоогүй “Манай сошиалынхан аймаар шүү” гэж сүржигнэж ч байх шиг. Хулгайч луйварчнаараа эрх баригчид л сошиалаас айж явдаг биз. Тэрнээс өөр хэн наад нийгмийн сүлжээнээс чинь айгаад байгаа юм. Манай хоёр орны хооронд дипломат харилцаанд маргаан огт үүсээгүй. Тийм болохоор манайхан хийрхлээ, сүржигнэхээ больё. Насанд хүрээгүй хүүхдүүдийн явдал шүү. Мэдээж монголчууд бид гадныханд дээрэлхүүлээд байна гэж байхгүй. Гол нь энэ хүүхдийн асуудал иймдээ хүртэл өндрөө авах, үр дагавар нь олон мянган монголчуудыг хоолноос нь салгах хэмжээний асуудал болчих вий гэсэн болгоомжлол байна. Ганц онгорхой хаалга руугаа галзуу нохой шиг боргохын хэрэг байнауу л гэж дор бүрнээ тунгаан бодох асуудал шүү…