Categories
мэдээ цаг-үе

Гантай Эль нино хуртай Ла нинагаар үргэлжилнэ

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн цаг уурын байгууллага Эль ниногоос үүдэлтэй ган гачиг энэ оны сүүлч, ирэх оны эхээр оргилдоо хүрэх төлөвтэй хэмээн мэдэгдэж байна. Өртөх магадлал өндөр улсын нэг нь Монгол гэж дүгнэжээ. Тодруулж хэлбэл ган болох өндөр магадлалтай улсын тоонд манай орон багтаад байгаа юм. Номхон далайн экваторын бүсэд үүсдэг цаг уурын үзэгдэл болох Эль нино нэлээд хүчтэй илэрч байгаа учраас өнгөрсөн зун агаарын температур Европт 40 градус, Ойрхи Дорнодод 50 градус давсан юм. Өнгөрсөн жил Монголын хувьд ч сайн байгаагүй. Газар тариалангийн голлох бүс нутагт ургац боловсрох үед хуурайшилт үүсч ургац алдсан тохиолдол гарсан. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага энэ удаагийн Эль нино Монгол, Филиппин, Индонези, Папуа-Шинэ Гвиней, Зүүн Тимор, Номхон далайн орнууд, Сомали, Этиоп зэрэг 18 улсад нөлөөлөх төлөвтэй гэж сэрэмжлүүлээд байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын прогнозоор 2015-2016 оны цочрол өгсөн Эль нино аажмаар суларч Ла нина болох магадлалтай байгаа гэнэ. Эль нино Ла нина болж шилжих явц нь 1997-1998 оны Эль нино аажмаар суларч улмаар Ла нина болсон явцтай нэлээд төсөөтэй байх бололтой. 1999-2003 онд үргэлжилсэн ган зудад 13 сая гаруй мал хорогдон ядуурлын хэмжээ хоёр дахин өсч байв.

ЭМЭЭХЭЭС АРГАГҮЙ ЭЛЬ НИНО

Европ тив бусад улсаас дулаан байдгийн шалтгаан нь тун энгийн. Далай дэлхийн уур амьсгалд нөлөөлдөг учраас л европчууд цаг уурын аятайхан орчинд тухтай амьдарцгаадаг. Номхон далайд үүсдэг цаг уурын хоёр үзэгдэл бий. Нэг нь Эль нино. Нөгөө нь Ла нина. Далайн гадаргын усны температур 0.5 градус болон түүнээс дээш хэмжээгээр халахад үүсдэг үзэгдэл бол Эль нино. Энэ үзэгдэл дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын цаг уурт ихээхэн нөлөөлдөг. Эль ниног хөрвүүлбэл “жаал хүү” гэсэн утгатай. Бүр тодруулбал “Христийн бага нас” гэсэн утгатай испани үг. Зул сарын баярын үеэр Өмнөд Африкийн баруун эрэгт ийм үзэгдэл тохиолддог учраас ийн нэрийджээ. Эль ниногийн эсрэг үүсдэг үзэгдэл нь Ла нина. Ла нина нь бяцхан охин гэсэн утгатай үг. Цаг уурчид өмнөдийн хэлбэлзэл хэмээдэг.

Эдгээр үзэгдлийг анх 1923 онд Гильберт Валкер гэдэг судлаач тодорхойлжээ. Эль нино, Ла нина таван сараас удаан хугацаагаар үргэлжилбэл үзэгдэл гэдэг юм байна. Өмнөдийн хэлбэлзэл голдуу өвөл үүсдэг гэнэ. Номхон далайн хэвийн нөхцөл гэж бий. Экваторын дагуух салхиар далайн бүлээн ус баруун зүг рүү шилжиж, Өмнөд Америкийн эргийн дагуу хүйтэн ус дээш шилжихийг ийн нэрийддэг байна. Хэвийн үед салхи бүлээн усыг Номхон далайн баруун зүг рүү зөөдөг, харин хүйтэн ус далайн гүнд Номхон далайн зүүн тийш шилждэг аж. Эль ниногийн үед харьцангуй бүлээн ус Өмнөд Америкийн эрэгт хүрдэг байна. Хүйтэн усны босоо урсгал байхгүйгээс агаарын температур нэмэгддэг юм байна. Харин Ла нинагийн үед харьцангуй дулаан ус жирийн үеийнхээс илүү хол баруун зүг рүү шилждэг гэж цаг уурчид тайлбарладаг.

Эль ниногоос үүдэлтэй ган гачиг 2016 оны эцэс 2017 оны эхээр оргил үедээ хүрнэ гэсэн сэрэмжлүүлэг бий. Уг үзэгдэл 2015 оны сүүлч, 2016 оны эхээр нэлээд хүчтэй илэрч байгаа аж. Энэ оны нэгдүгээр сарын эхээр гэхэд л АНУ-ын Калифорни мужид Эль ниногоос үүдэлтэй шуурга болж, багагүй хохирол учруулсан юм. Ази, Африк, Өмнөд Африк, Төв Америк, Номхон далайн бүс нутгийн 13 орны 60 гаруй сая хүн энэ оны эхээр Эль ниногоос болж өлөн зэлмэн амьдарч байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар Эль ниногоос үүдэлтэй ган гачиг, үер зэрэг байгалийн гамшигт өртсөн улс орнуудын 60 сая оршин суугчдад тусламж үзүүлэхэд 2.2 тэрбум ам.доллар шаардлагатай гэж өнгөрсөн сард мэдээлж байв. Энэ удаагийн Эль нино дэлхийн цаг уурын түүхэнд хамгийн их хор хохирол дагуулсан үзэгдэл болж байгааг НҮБ-ын шинжээчид анхааруулсаар байна. Эл ниногийн дараа Ла нина болбол байдал улам дордоно гэсэн сэрэмжлүүлэг давтамжтайгаараар цацагдаж байгаа юм. Гэхдээ аюул нь манай улсаас хол байх бололтой. Австрали, Индонези, Тайланд, Филиппин, Бразил, Колумби улсад ширүүн бороо орж, Уругвай, Аргентинд ган гачиг тохиолдоно гэсэн таамгийг дэлхийн цаг уурчид хэлж байна.

ЭЛЬ НИНОГИЙН ДАРАА ҮРГЭЛЖИЛСЭН ГАН БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ ГЭВ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэвээс Эль ниногийн талаар тодруулахад “Экваторын тэг гардусын өргөрөгийн бүсээс өмнөд хойд аль аль тал руугаа 15 градуст багтдаг хэсгийг тропикийн бүс гэж нэрлэдэг. Тропикийн бүсэд буюу Номхон далайд далайн гадаргын хэм олон жилийн дунджаас нэмэх тал руугаа хазайхыг Эл нинотой холбож ярьдаг. Далайн гадаргын хэм нэмэх болох үед тэнд далай агаар мандлын харилцан үйлчлэл явагдана. Энэ нь ялангуяа Индонези, Энэтхэг, Африк, Атлантын далай, Өмнөд Америк гэх мэт тропикийн бүсэд хамаарах улс орнуудын цаг агаарын уур амьсгалд нөлөөлдөг. Зарим бүс нутагт хуурайшилт, ган гачиг болдог. Харин зарим нутагт хэт их бороо орж, үерийн гамшиг тохиолддог. Тэгэхээр Эль нино нь тропикийн бүс нутгуудад илүү хамааралтай, шинжлэх ухаанд батлагдсан үйл явц юм” гэсэн хариу өгөв. Эль нино манай оронд яаж нөлөөлдгийг сонирхоход “Онолын хувьд авч үзвэл энэ үзэгдэл дундад өргөрөг, өндөр өргөрөгтөө харилцан үйлчилнэ. Манай орон харьцангуй өндөр өргөрөгт оршдог. Тиймээс энэ хамаарал байдаггүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улс яг Эль нино бүсэд хамаарна гэж тогтоогоогүй, батлагдаагүй. Гэхдээ хүчтэй Эль ниногийн үед олон жилийн дунджаас хэт их халалттай жил 2015 онд болж өнгөрсөн” хэмээн хариулсан юм. 1999-2002 он хүртэл дараалан дөрвөн жил их хуурайшилттай байсан нь Эль ниногийн сүүлийн тохиолдол гэнэ. Монгол Улс Эль нино бүсэд хамаарна гэж тогтоогдоогүй ч нөлөөлөл нь ирдгийг цаг уурчид үгүйсгэсэнгүй. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэв “Шинжлэх ухаанаар батлагдаагүй ч гэсэн өмнө нь болсон түүхээ харахаар магадгүй Эль нино жилдээ биш түүнээс хойших жилүүдэд Монголд дараалсан хуурай жил үргэлжилж магадгүй гэсэн дохио өгөөд байгаа. Тиймээс иргэд үүнд бэлтгэлтэй, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Эль нино тохиолдол нь агаар мандалд маш хүчтэй савлагаа бий болгочихвол магадгүй дараа жилээс манай оронд нөлөөлж олон жил дараалан ган гачиг, хуурайшилт болох магадлалтай. Ингэж таамаглах үндэстэй “ хэмээн санууллаа. Тэрээр Эль ниногийн эсрэг үзэгдэл Ла нинаг “Далайн гадаргын хэм нэмэх болж байсан бол энэ үзэгдлийн үед олон жилийн дунджаасаа хасах хэм болж өөрчлөгдөнө гэсэн үг. Ла нинагийн үед тропикийн бүсийн хамаарал сулардаг. Гэхдээ Ла нинатай жил манайд ганц, хоёр удаа тохиолдож ган гачиг болж байсан. Энэ гэхдээ бас л тодорхойгүй” гэж тайлбарлав.

ХАЛУУН ЗУН БОЛОХ НЬ

Зуны эхэн сар гараад багагүй хугацаа өнгөрсөн ч бороо цас холилдон орсон сэрүүн өдрүүд жиндээж байна. Сэрүүн өдрүүд мөдхөн дуусах бололтой. Учир нь цаг уурчид энэ жил халуун зун болно гэж онцолж байгаа юм. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэв “Дэлхийн дулааралтай холбоотойгоор жилээс жилд дулааны хэм нэмэгдэж байгаа. Халуун болох өдрийн тоо нь их байна гэсэн үг” хэмээн ярилаа.

Хур тунадас хэвийн, ордог хэмжээндээ орно гэсэн таамаглалыг цаг уурчид хэлж байна. Гэхдээ тэд улирлын ерөнхий мэдээллийг л өгч чадна гэдгээ онцолсон юм. Яг төдийд бороо орно, тэдэн хавьцаа хална гэж нарийвчлан мэдээлж чадахгүйгээ учирласаар байгаа. Тэгэхээр цаг агаарын мэдээллийг тухайн үед нь авахаас аргагүй юм байна. Цаг уурчид энэ жилээс цаг агаарын мэдээг сараар бүү хэл улирлаар урьдчилж гаргахаа болиод байгаа юм. Эль ниногийн таагдашгүй авир цаг уурчдыг дуугүй суухад хүргэсэн гэх таамаг үнэнд ойрхон байж мэдэх. Эль ниногийн нөлөөнд орсон газарт ган гачиг болох эрсдэл өндөр гэсэн сануулгыг энд дурдахад илүүдэхгүй байх.

ААШ НЬ ОЛДОХГҮЙ ЛА НИНА

Эль ниногийн араас залгах Ла нинагийн аашийг олоход бэрх ажээ. Эль ниногоос үүдсэн аагим халуун өдрүүд Ла нина эхлэнгүүт аадар бороо, үертэй өдрүүдээр үргэлжлэх гэнэ. Өмнөдийн хэлбэлзлийн нөлөөнд орсон улс орнуудын цаг агаар тогтворгүй байдаг юм байна. Дахин сануулахад манай улс өмнөдийн хэлбэлзлийн нөлөөнд шууд оршдоггүй. Гэхдээ хүчтэй илрэлтэй жил нь Эль нино, Ла нина шууд нөлөөлдгийг өмнө онцолсон. Бусад жилүүдэд нь “жаал хүү”, “бяцхан охин” хоёрын аюул аажуудаа нөлөөлдгийг цаг уурчид үгүйсгээгүй. Тэгэхээр Эль нино дуусах үед халуу шатаж, Ла нина шувтрах цагаар аадар цутгах магадлал өндөр гэсэн үг. Манай улс Ла нинагийн нөлөө хүчтэй илрэх бүсэд оршдоггүй болохоор аадарт дуртай Ла нина бидэнд төвөг удахгүй бололтой. Харин ч арай зөөлнөөр илэрч, ирэх зунаас хуртай жил үргэлжилнэ гэсэн таамаг давамгайлж байна.

Хуртай жил ирнэ гэсэн өөдрөг мэдээний зэрэгцээ санаж явахад илүүдэхгүй сэрэмжлүүлэг ч байна. 1999 оноос Эль нино суларч Ла нина үүсэх үеэр 2003 он хүртэл дараалан ган, зуд нүүрлэж, нийтдээ 13 сая мал хорогдсон, ургац алдсан, ядуу өрхийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэх хүсмээргүй статистик гарсан. Манайд 1631-1939 оны хоорондох 309 жилийн хугацаанд 89 удаа зуд тохиолдсон гэдэг. Олныг зутраасан зудын ес нь мичин жилд тохиож. Цаг агаарын хэмжилт хийж эхэлснээс хойш 17 удаа зуд болсны гуравт нь мичин жил таарчээ. Товчхондоо өнгөрсөн түүхийг харахад мичин жил бүр ган, зуд болдоггүй ажээ. Харин Эль нино үүссэн жилийн зун ган, Эль нино Ла нинад шилжсэн жилийн өвөл зуд болдог гэх дүгнэлтийг хийж болохоор байна. 2010 онд Ла нинагаас болж мянган жилд нэг тохиох хатуу ширүүн өвөл болно гэж баргийн зүйлд яаран дүгнэлт гаргадаггүй Японы цаг уурчид хэлж байв. Ла нина гэдэг нь зүүн өмнөд зүгээс хүчтэй салхи гарч, далайн урсгал баруун тийш хандсанаар далай тэнгисийн ёроолоос хvйтэн ус хөөрөн гарах үзэгдэл учраас өвөл нь хүйтэрдэг гэдэгтэй дэлхийн цаг уурчид санал нийлдэг.

Б.Маралмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *