НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Удирдан зохион байгуулах хорооны мэдээллийг сонслоо.
Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Анхмаа Тэргүүлэгчдэд танилцуулснаар ойн хүрээнд хотын тохижилтод анхаарч, олон улсыг хамарсан урлагийн тэмцээн зохион байгуулах юм байна. Тодруулбал, нийслэлийн иргэдэд хандсан 10, бүтээн байгуулалтын 26, соёл урлагийн 36, ёслол хүндэтгэлийн 39 арга хэмжээг зохион байгуулж, нийт хоёр тэрбум төгрөг гаргахаар төлөвлөжээ.
Гандантэгчинлэн хийдийн орчмын цэцэрлэгийг тохижуулж, иргэдийн
амралт зугаалгын төв болгоно
Танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, “Ойн хүрээнд Улаанбаатар хотод байгаа хуучны түүхийн дурсгалт нэг байшинг тохижуулах саналыг оруулах нь зүйтэй. Дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг жагсаалтаас хасья. Аюулгүй хот байгуулах зорилт дэвшүүлснийг дэмжих хэрэгтэй. Улаанбаатар хотын ойг үлдэх юмтай тэмдэглэх ёстой. Хотын төсөв мөнгийг үрэлгэн зүйлд зарцуулж болохгүй” гэв. Мөн Тэргүүлэгч Б.Батнасан, “Ойн хүрээнд ядаж дүүрэг бүрт үлдэцтэй нэг бүтээлч ажил хийх нь зүйтэй” гэсэн саналуудаа хэлэв.
Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, “Энэ жил Нийслэл хотын тэгш ой тохиож буй бөгөөд нийслэлийн түүх бол үе үеийн богдуудтай, шашин соёлын уламжлалтай холбоотой баяр. Энэ жил тохиож буй VIII богд Жавзундамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг бид нийслэлийн ойтой холбож байгаа. Гандантэгчинлэн хийдийн орчмын цэцэрлэгийг тохижуулах, иргэдийн амралт зугаалгын төв болгохоор ажиллаж байна. Энэ жилийг иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгон зарласантай холбоотойгоор Иргэдийн оролцоо, анхан шатны нэгж хороо дүүргүүдэд иргэдийн оролцоог өндөр байлгах, тэдний саналыг нь авч нэгтгэн бодлого шийдвэрт тусгахад анхаарч байгаа” гэлээ.
Даншиг наадамд энэ жил төсөв хөрөнгө зарцуулахгүй
НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Нийслэлийн ой нь түүх соёлоо уламжилж, гадаад дотоодод сурталчилсан байж, энэ нь нийт ажлын 20-30 хувийг эзлэх учиртай. Давхардсан тоогоор их олон ном хэвлэж, энгэрийн тэмдэг, дурсгалын медалиан гаргах зардлыг анхаарч, зайлшгүй зүйлд гэхээс биш нийтийг хавтгайруулсан байдлаар төсвийг үргүй зарцуулах ёсгүй. Ойгтэмдэглэхдээ иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлд тулгарсан асуудлыг шийдвэрлэсэн, хотын соёлыг төлөвшүүлэх чиглэлээр анхаарсан, иргэдэд үлдэцтэй бодитой 4-5 ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэв.
Тэрээр, Даншиг наадамд энэ жил төсөв хөрөнгө зарцуулахгүй, шашин соёлын байгууллагууд нэгдээд өөрсдөө зохион байгуулна биз. Үүнд төсөвлөсөн зардлаар иргэдэд хэрэгтэй олон бүтээлч ажлыг хэрэгжүүлэх ёстой” гэв. Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийн төлөвлөгөөнд хурлаар хэлэлцлэгдсэн асуудлыг дахин тусгаж, Тэргүүлэгчдийн дараагийн хурлаар дахин танилцуулахыг үүрэг болгож буцаалаа.
Өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатарын нэршлийг таван удаа сольж, ойг зургаан удаа тэмдэглэн өнгөрүүлж байжээ. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хотын цагтай болсон, нийслэлийн тохижилт, соёлжилтыг сайжруулах, түүнд хувь нэмэг оруулсан байгууллагуудыг урамшуулах, үзэсгэлэн худалдаа, эрдэм шинжилгээний бага хурал зхион байгуулж, Ширээ цагаан нуурт гэрэлт хөшөө босгох, явган зорчигчийн нүхэн гарц хийх, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах, хөшөө дурсгалын цогцолбор орчмыг тохижуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулж байжээ.