Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц: Монголын лам нар өндөр боловсролтой болж байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцтай ярилцлаа.


-Азийн буддистуудын Энхтайвны бага хурлын ерөнхий чуулган нэг хэсэг завсарлаад өнөө жил Улаанбаатарт болох гэж байна. Хүйтэн дайны цагт үүргээ биелүүлсэн том нэгдэл гэсэн дүгнэлт дуулддаг. Түүх нь өнгөрсөн зууны жараад оноос эхлэлтэй байх аа?

-Тийм ээ, 1960-аад оны сүүлээс эхлэлтэй. Социалист, капиталист хоёр систем зэрэгцэн оршиж явсан цаг. Хоёр системийн улсууд эвтүнжин муутай байсан үе л дээ. Ийм шалтгаанаар энх тайвны чиглэлээр хурал зохион байгуулах санаачилга гаргасан юм. Голлож санаачилсан хүн нь Монголын Бурхан Шашинтны Төвийн тэргүүн байсан Номч мэргэн гавж хамба ламтан С.Гомбожав. ЗХУ-ын бандид хамба лам Гомбоев, Энэтхэгийн Бакула Ринбүүчи, Японоос Сато гэх мэт хүмүүсийн санаачлага зүтгэлээр ийм хурал байгуулах шийдэлд хүрсэн цаг нь 1969 он. Анхны хурлаа 1970 онд зохион байгуулсан түүхтэй. Тэр үеэс л монголчууд тэргүүлэх байр суурьтай оролцсоор өнөөг хүрсэн дээ.

-Азийн буддистуудын чуулганы анхны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга хоёулаа монгол хүн байсан билүү?

-Тухайн цагт Монголд төвлөж анхны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нь хоёул монгол хүн болсон юм.

Ерөнхийлөгч нь номч мэргэн гавж С.Гомбожав, ерөнхий нарийн бичгийн дарга нь доктор Жүгдэр гэж ном эрдэмтэй сүрхий хүн байлаа. Ингэж л Ази дахинд, тэр дундаа дэлхийд энх тайвны үзэл бодол, бурхны шашны энх тайвны үзэл бодлыг түгээн дэлгэрүүлэх ажил эхэлсэн байдаг. Үүнээс хойш маш олон удаа хуралдаж, дэлхийн энх тайванд хувь нэмрээ оруулсан түүхтэй чуулган. Тухайн цагийн хоёр систем хоорондын зөрчил тэмцлийг амирлуулах тал дээр нэлээн зүтгэлтэй сайхан ажилласан.

-Азийн буддистуудын чуулган шашны байгууллагуудаас НҮБ-д статустай гэдгээрээ ялгардаг. Олон улсын өөр ямар байгууллагад гишүүнчлэлтэй вэ?

-Дэлхийн энх тайвны байгууллагын шугамаар энх тайвны хуралд маш олон удаа оролцож байсан шүү.“Зэвсэг барин тэмцсэн хүмүүс цэцэг барин золгох болтугай” гэсэн гол уриан дор явж ирсэн чуулган.

-Хоёр хөршөөс гадна Шри-Ланк, Япон, Энэтхэг гээд олон орны төлөөлөл оролцож байсан нь ойлгомжтой. Хойд Солонгос ямар оролцоотой байсан бол?

-Хойд Солонгосоос Пак Тэ Хо гэж лам оролцдог байсан. Ер нь улс бүрээс буддын шашны алдартай зүтгэлтнүүд идэвхтэй оролцдог байлаа.

-Азийн буддистуудын чуулганд монголчуудын мөрийг тод дархалж өгсөн Номч мэргэн гавж С.Гомбожав гэж эрхэм хүний талаар хөөрөлдөх үү хоёулаа…?

-Номч мэргэн гавж маань Их хүрээний уламжлалт сургууль, буддын хамгийн том сургуульд дамжаа барьж зэрэг цолоо хамгаалсан, багаасаа бурхны шашны эрдэмд боловсорсон хүн. 1937 оноос Улсын номын сан тэргүүтэй газар эрдэм номын ажил хийж яваад 1969 оноос Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамбаар томилогдон ажилласан юм. Тэр үед засаг төрийн хавчлага саад их байлаа. Шашин номын үйлд олон зүйлийг хааж хавчиж, унших зохистой ном судар хүртэл ховор тарчиг байсан цаг. С.Гомбожав хамба лам маань засаг төртэй ярилцаж зөв ойлгуулсан учраас Өндөр гэгээнээс эхлээд Богд нарын уншдаг байсан хаалттай, хориотой номнуудыг Гандантэгчэнлин хийдэд уншдаг болсон зэрэг маш олон сайхан ажлыг хийсэн хүн дээ. Азийн буддистын Энх тайвны хурал 1970 онд болохтой зэрэгцүүлэн бурхны шашнаа сэргээх үйлийг хийсэн байдаг. Ингээд 1970 онд Шашны дээд сургууль байгуулах санаачилгыг ЗХУ-ын бурхны шашны тэргүүн Гомбоев ламтай хамтран гаргасан түүхтэй. Шашны дээд сургуульд анх 20 лам элсүүлж сургасан нь 1990 оноос хойш шашин дэлгэрэхэд том дэм болсон гэж би боддог.

-Хүйтэн дайнаас хойш Азийн буддистуудын Энх тайвны бага хурлын ерөнхий чуулган хэсэг хугацаанд болоогүй нь цаг эргэснээс болсон уу, эсвэл өөр учир байв уу?

-Хүйтэн дайн дуусах хүртэл буюу 1990 он хүртэл маш идэвхтэй ажилласан. Социалист систем задарч дэлхийн улс орнууд нэг чигтэй болсон үеэс хойш Азийн буддистуудын Энх тайвны бага хурлын үйл ажиллагаа саарсан. Үйл ажил, системийн хувьд зөрөө гарсан, дотоод дүрмээ шинэчилж чадаагүй, санхүүжүүлдэг орны хувьд бэрхшээл тулгарсан гэх мэт шалтгаан бий. Ийм шалтгаанууд байсан ч тухайн үед удирдаж явсан хүмүүс байгууллагаа унагахгүйн төлөө багагүй хүч гаргасан байдаг. 1990-ээд он хүртэл Азийн буддистуудын Энх тайвны бага хурлын ерөнхийлөгчөөр Гаадан гуай ажиллаж байлаа. Дараа нь боловсон хүчин хангалтгүй, лам нарын ихэнх нь өндөр настай болсон гэх шалтгаанаар Бакула ринбүүчи нэг хэсэг удирдсан.Гэхдээ Монголд төвтэй хэвээрээ байсан л даа. Ингэж явсаар 2003 онд Бакула ринбүүчи “Энэ байгууллага Монголд байх учиртай. Монголчууд төв штаб нь, удирдах байгууллага нь болох ёстой” гээд надад албаа шилжүүлсэн юм. 1990 оноос хойш энх тайван гэдэг үгийн утга алдагдаж эхэлсэн онцлог бий. Улс орнууд бүгдээрээ нэг системтэй, зэвсэглэлээр хөөцөлдөх байдал, улс хоорондын хямралдаан, тэмцэлдээн ямар нэгэн хэмжээгээр буурсан цаг л даа. Хожим 2010 оноос Азийн буддистуудын Энх тайвны хурлаа дахин ажиллуулах нь зүйтэй юм байна гэсэн шийдвэрт хүрсэн.

-Дэлхий өөрчлөгдсөн, терроризм, зэвсэгт мөргөлдөөн гэх мэт санаа зовоосон үзэгдлүүд ажиглагдаж эхэлсэн болохоор ийм шийдвэр гаргасан уу?

-Ер нь тийм, 2010 оноос хойш дэлхий нийтийн байдал их өөр болж эхэлсэн. Эдийн загсгийн асар том зөрчилдөөн үүссэн. Одоо бүр худалдааны дайн гэж яриад эхэллээ. Терроризм одоо ч аюул хэвээр байгаа. Дайн тулаан, зэвсэглэлээр хөөцөлдөх явдлын эхлэл тавигдав уу даа гэж анзаармаар үйл явдлууд өрнөж байна. Нөхцөл байдал ингэж өөрчлөгдсөн учраас Азийн буддистуудын Энх тайвны бага хурлаа ажиллуулаач ээ гэсэн хүсэлт олноороо ирэх болсон. Энэ мэт олон шалтгаанаар Азийн буддистуудын бага хурлыг дахин сэргээхээр болж байна даа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд НҮБ-ын индрээс Азийн буддистуудын Энх тайвны бага хурлыг дахин сэргээж энх тайванч үйл ажиллагаа явуулна гэсэн уриалга айлдсан. Биднийг зоригжуулсан сайхан уриа байсан шүү.

-Энэ долоо хоногийн баасан гаригт эхлэх Азийн буддистуудын Энх тайвны бага хурлаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-Дотоод дүрмэндээ шинэчлэл хийж, ирээдүйд яаж ажиллах зорилгоо тодорхойлсон хурал болно. Өөрөөр хэлбэл энэ удаагийн хурлаар шинэ гишүүд элсүүлэх, аливаа нэг улс төрийн том үйл ажиллагаа явуулахгүй. Харин дараа дараагийн хүрлаас энх тайвныхаа үйл ажиллагаа өргөн хүрээнд өрнүүлнэ. Байгаль орчны хамгаалал, хүүхэд залуус, ахмад настан гэх мэт дэлхий ертөнцөд онцгой гэсэн сэдвүүдийг сонгон хуралдаж, үйл ажиллагаагаа жигдэлнэ. Гэхдээ энэ удаагийн хурлаар хоёр зүйлийг хийнэ гэж бодож байгаа. Эхнийх нь сая онцолсон дүрмийн өөрчлөлт. Хоёр дахь нь эрдэм шинжилгээний хурал. Бурхны шашин шүтдэг Азийн орнуудад сэргэлт явагдаж байна. Энэ сэргэлтийг дагаад тусгаар тогтнолоо илүү баталгаажуулна, шашин соёлоо сэргээнэ гэсэн үзэл бодол дэлгэрч эхэлллээ. Азийн улсуудын ихэнх нь өмнөх зуунд коммунист, коммунист шахуу улсууд байлаа. Тэр утгаараа бурхны шашны уг учрыг тайлбарлан таниулах тал дээр маш том хоцрогдол үүссэн юм. Харин сүүлийн үед байдал өөрчлөгдсөн. Далай лам тэргүүтэй шашны зүтгэлтнүүд бурхны шашныг түгээн дэлгэрүүлэх, гүн гүнзгий утгыг нь тайлбарлан таниулдаг болсноос хойш дэлхий ертөнц буддын шашныг судалж эхэлсэн. Тэр дундаа манайд дэлгэрсэн их хөлгөний уламжлалын буддизмыг хүн төрөлхтөн маш их сонирхож байна. Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах болсон гол шалтгаан нь энэ байгаа юм. Товчхондоо буддын шашныг ойлгуулан таниулах чиглэлд онцгой анхаарсан эрдэм шинжилгээний хурал болно.

-Буддизмыг шинжлэх ухаантай холбож харсан сонирхолтой илтгэлүүд тавигдах уу?

-Монголын Бурхан шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Азийн буддистуудын Энх тайвны бага хурал, ШУА, МУИС, ШУТИС хамтран зохион байгуулж оролцоно. Бурхны шашин шинжлэх ухаантай хэрхэн холбогдож байгаа талаар сонирхолтой илтгэлүүд тавигдана. Гэхдээ Азийн буддистуудын Энх тайвны бага хурлын хүрээнд зохион байгуулагдах учраас Азийн буддистуудын ирээдүйн чиглэл, зорилгыг тодорхойлох илтгэлүүд түлхүү тавигдаж таарна.

-Хуучин нийгмийн үед Хойд Солонгосоос төлөөлөл ирж байсан гэж та түрүүн ярилаа. Энэ удаагийн хуралд Хойд Солонгосоос хүн ирэх үү?

-Бид урьсан байгаа. Ирэх байх.

-Далай лам оролцохгүй гэв үү?

-Далай багш энэ удаагийн хуралд ирж амжихгүй болсон. Бие лагшин нь тааруу байгаа учраас гадагш дотогш явахыг нь түрдээ хорьсон. Тэгэхээр энэ хуралд маань Далай багш морилж амжихгүй. Гэхдээ Азийн буддистуудын Энх тайвны бага хурал бол олон улсын байгууллага. Тийм учраас үндэсний төвүүд төлөөлөгчид,эрдэмтэн, мэргэд нь ирж хуралд оролцоно.

-Азийн буддистуудын бага хурал хичнээн гишүүн оронтой вэ?

-Азийг хамарсан хориод орон бий. Эдгээр орноос 100 гаруй хүн ирнэ.

-Хаана болох вэ?

-Гандантэгчэнлин хийдийнхээ шинэ дуганд хурлаа зохион байгуулъя гэж бодож байна.

-Шинэ дугана хэзээнээс сүсэгтнүүдэд нээллтэй ажиллаж эхлэх бол?

-Шинэ дуганын нээлт есдүгээр сарын 6-нд болно. Азийн буддистуудын Энх тайвны бага хурлыг зохион байгуулахын тулд дуганыхаа гурван том заалыг хуралд бэлтгэж бэлэн болгосон.

-Азийн буддистуудын Энх тайвны бага хурлыг сүсэгтэн олон сонирхох боломжтой юу?

-Азийн буддистуудын Энх тайвны бага хуралд маш олон хүмүүс оролцоно. Гандантэгчинлэн хийдийн хувьд энэ хуралд 800 гаруй хүний оролцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Сүсэгтэн олныгоо ч хүрэлцэн ирж ороорой гэж уриалж байна.

-Ричард Гирээс эхлээд дэлхийн олон алдартан буддын шашинтан. Тэднээс энэ удаагийн хуралд ямар хүмүүс оролцох вэ?

-Энэ удаагийн хурлаар зөвхөн дотоод дүрэм хэлэлцэнэ гэж би түрүүн цухас дурдсан. Тийм учраас дэлхийд алдартай буддын шашинтай хүмүүсийг уриагүй.

-Монголчуудын хувьд хэлмэгдлийн үед хамаг л номтой лам нараа үгүй хийсэн, өнгөрсөн зууны ерээд он хүртэл бурхны шашнаас хол аж төрсөн түүхтэй үндэстэн. Ийм шалтгаанаар шашин сэргэсэн өнгөрсөн гуч орчим жил мухар сүсгээр шашиндаа хандсан тал бий. Энэ хандлагыг дагаад шашны тухай буруу ойлголт газар авсан санагддаг. Одоо харин буддын ухааныг уг үндсээр нь тайлбарлаж таниулах боловсролтой лам нар олширч байна шүү…?

-1990 онд яах аргагүй боловсон хүчин гэх юм уу, мэргэжилтэй, мэдлэгтэй лам нарын тураалд орсон байсан. Шашин сэргэх 1990-ээд онд лам нар нэг бол маш өндөр настай, эсвэл арав гаруйхан настай хөвгүүд байлаа. Дунд үе нь гэвэл Шашны дээд сургуульд сурдаг цөөхөн хэдэн лам. Монголын бурхны шашин ийм шалтгаанаар элдэв саадтай үеийг туулсан нь бодитой үнэн л дээ. Одоо бол гадаад, дотоодод нийлээд 1000 гаруй хүн сурч байна. Сурч байгаа залуус маань маш өндөр боловсролтой болж байна.Энэтхэгт явсан хүмүүсээс Emory-ийн их сургуульд эрдэм шинжилгээний ажил хийгээд, шинжлэх ухаан буддын шашны харилцан холбогдлыг судлаж яваа хүмүүс бий. Лхарамбын дамжаа барьсан залуус гараад ирлээ. Буддын шашныг маш сайн судалсан 3000, 4000 хүнтэй хамт шалгалт өгөөд нэгдүгээр зэргээр төгссөн лам нараа онцлох учиртай. Гавж, гэвш нар төрөн гарч байна. Ингээд харахаар бид аливаа нэг арга хэмжээнд түүртэхээргүй боловсон хүчинтэй болжээ. Тэр утгаараа олон улсын байгууллагын болоод дотооддоо үйл ажиллагаа явуулахад боловсон хүчнээр дутдаг саад арилж байна. Бурханы шашны их ухааныг сүсэгтэн олондоо тайлбарлан таниулах тал дээр ч санаа зовох зүйлгүй болж эхэллээ. Тав, арван жилийн дараа боловсон хүчний хувьд ямар ч асуудалгүй болохоор байна. Олон улсын энэ хурлыг зохион байгуулахад биднийг зоригжуулсан маш том хөшүүрэг бол боловсролтой лам нар маань. Азийн буддистуудын Энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулганы бэлтгэл ажлыг Да лам Бямбажав тэргүүтэй Гандангийн засаг захиргаа, Япон, Солонгос, Энэтхэгт боловсрол эзэмшсэн залуус л үүрч гарлаа.

-Та сая олон улсын их сургуульд шинжлэх ухаан, буддизмыг харилцан судалсан хүмүүс гарч ирж байна гэж ярилаа. Жишээ татаж нэг хүнийг нь нэрлээч гэвэл та хэнийг онцлох вэ?

-Бат-Итгэл гэж лам нэгдүгээр зэргийн лхарамбынхаа дамжааг бариад байгаа.Саяхан Монголдоо ирээд илтгэл тавьсан. Бурхны шашны хумх бодисын эгэл жижгийн тухай, тархи судлалын талаар, шинжлэх ухаан техникийн ололт болон буддын шашны харилцан бие биендээ зохирч буй байдлуудыг сайн судалсан байна.

-Бат-Итгэл одоо Монголд байгаа юу?

-Энэтхэг явсан. Өөрийнх нь сонирхол бол шинжлэх ухааны судалгаа. Тийм учраас бололцоо гарвал хөгжилтэй орнуудад очиж шинжлэх ухааны судалгаа хийнэ гэж ярина лээ. Тэр чигээрээ нэлээд ажиллачихаад Монголынхоо шашинд зүтгэнэ ээ гэж ярьдаг залуу байгаа юм.

-Лхарамбын дамжааг барьсан хоёр залуу бий гэсэн. Нэг нь хэн бэ?

-Жавзандорж гэж лам лхарамбын нэгдүгээр зэргийн шалгалтаа өгсөн. Монголоос хамгийн анх энэ зэргийг хамгаалсан залуу. Надтай уулзаад бурхны шашиндаа нэмэр болж, сурсан зүйлээ шашиндаа зориулна гэж ярьдаг хүү байгаа юм. Одоо Монголдоо бий. Лекц уншиж, сүсэгтнүүдтэй уулзаад яваа болов уу.

-Гэвш лхарамбын нэгдүгээр дамжаа барьсан гэхээр буддын цол мяндагтнуудын аль түвшний хүн гэсэн үг вэ?

-Дээр нь аграмба гэж ганцхан цол бий. Агийн ном үзээд хамгаалдаг цол. Гэвш лхарамба гэдэг бол том эрдмийн оргилд нь хүрч байгаа гэсэн үг. Манай уламжлалын буддизмд судар, тарни гэсэн хоёр ёс бий. Эхлээд судрын ёсоо судалдаг. Өөрөөр хэлбэл ертөнцийн бүтэц, тогтоц, оршин тогтнол, гэгээрэл, сэтгэл судлалд нэвтэрдэг. Оршин байгаа материудыг судална. Хүний сэтгэл оюун төгс гэгээрэлд хүрч болохын учрыг судалж, тэр ухаанд нэвтэрдэг юм. Эцэст нь агийн том бясалгалууд хийж, төгс гэгээрэлд хүрэх замыг шулуусгаж өгдөг ном үзэж аграмбын дамжаа барьдаг. Энэ хоёрыг судалсан хүнийг буддын шашны төгс ойлголттой хэмээдэг. Одоо лхарамбын шалгалтанд яваа арваад хүүхэд байна. Манайд судрын ёсны хамгийн дээд цол нь гавж шүү дээ. Гавж авсан хүүхдүүд бас нэлээд гарсан. Тэд цааш агийн номд суралцана. Тэгээд л Монголдоо цуваад ирцгээнэ дээ.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *