Зүүн гар талаас Д.Цэрмаа, Д.Дэнсмаа, Д.Гүнсмаа
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Ховдын Дарви сумын Т.Довдон, Дундговийн Дэлгэрцогтоос ирсэн Ж.Даваа нар хотод үйлдвэрт ажиллаж байхдаа танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Хөдөөнөөс ажилчин болох гэж ирсэн залуу хосод гэр орон гэх юм байсангүй. Ингээд Гандангийн дэнжид нэгэн лам айлд толгой хоргодох болов. Удахгүй бүсгүй нь бие давхар болж залуу хос хязгааргүй баяр жаргалд умбажээ. Ингээд 1950 оны зун, долдугаар сард Ж.Даваа амаржлаа. Төрөх эмнэлэг, түргэний тэрэг гэж сүйдтэй юм байсан биш хэдэн цаг дуншиж байсан бүсгүй гэртээ нярайллаа. Охинтой боллоо. Шинэхэн аав хязгааргүй баярлаж бэлдсэн өлгий, даавуугаа газар эхэд нь өглөө. Ингээд хоёр яс саллаа хэмээж гэрт цугласан хүмүүс тайвширтал Ж.Даваа мөн л дуншиж дахин нэг охин мэндлэв. Тэр үед ихэр хүүхэд тийм ч олон төрдөггүй байсан учир айлынхан ихэр охин гарсныг хараад ихэд бэлгэшээжээ. Тэгтэл дахин дуншиж өвдөхөд тэнд байсан настай авгайчуул ихэд гайхаж “Яалт ч үгүй дахин хүүхэд төрөх нь дээ” гэцгээж нүд нь орой дээрээ гарах дөхжээ. Гурав дахь хүүхэд нь мөн л охин. Зэхсэн өлгий, даавуу байдаггүй. Хажуу айлын хүүхдийн дээлэнд гурав дахь охиныг өлгийдөж авчээ. Ингээд “Гандангийн дэнжид нэгэн ламынд гурван ихэр охин мэндэлжээ”, “Гандангийн дэнжид гурван ихэр хүүхэд гарчээ” гэдэг мэдээ Улаанбаатар хотын бүх раойнаар түгж төр засгийн удирдагчдын чихэнд хүрчээ.
Х.Чойбалсан дарга гялгар хар суудлын тэрэгтэй ирж гурван охиныг өхөөрдөн харж “Улсын асрамжид авна” гэжээ. Ингээд Д.Цэрмаа, Д.Гүнсмаа, Д.Дэнсмаа гурав улсын асрамжид шилжжээ. Зайсанд байрладаг байсан улсын асрамжийн ясли, цэцэрлэгээр долоо, найман нас хүртлээ хүмүүжжээ. Гурван ихэр тусгай асрагч, эмч, хүмүүжүүлэгчидтэй. Мөн тусгай найрлагатай сүүгээр угждаг байж. Нам төрийн удирдлагууд байн байн ирж гурван ихрийг хэрхэн эрүүл саруул, хангалуун өсч торниж байгааг шалгадаг байсан аж. Эрүүлийг хамгаалах яамны сайд Г.Туваан сайд, Эмэгтэйчүүдийн холбооны дарга С.Удвал дарга гээд тухайн үеийн нам төрийн нөлөө бүхий хүмүүс ихрүүдэд анхаарал тавина.
Гурван ихрийг их сайхан зантай орос доктор эмчилдэг байж. Ж.Даваа охид дээрээ ирэхээрээ эмчийг “Орос доктор” гээд ихэд хүндэтгэнэ. Тэгтэл тэр орос доктор нь С.Зориг агсаны ээж Г.Доржпалам гуай байж л дээ. Хожим хойно нь орос хүн биш монгол бүсгүй, С.Зориг, С.Оюун нарын ээж байсныг мэдээд ихрүүд хачин их бэлгэшээж баярлажээ.
Д.Цэрмаа, Д.Гүнсмаа, Д.Дэнсмаа гурав дээрх түүхийг ам уралдан ярьж аав, ээж, ачлалт эмч, хүмүүжүүлэгчид, тухайн үеийн нам төрийн удирдагчдаа бахархан дурсч ярьж байлаа. Гурван ихэр одоо дал хүрч байгаа буурайнууд болсон. Туул голын урд хөвөө, Нисэхийн дэнж дээр хашаа хатгаад байшин, гэр бариад энх тунх сууцгааж байна. Сонины сурвалжлагч ирнэ гээд эгч Д.Цэрмаагийнхаа гэрт цугласан нь энэ.
Д.Дэнсмаа, Д.Цэрмаа хоёр хамар хашааны хөршүүд. Харин Д.Гүнсмаагийнх нь хоёр гудмын цаана. Гурван ихэр ер нь л нэг нэгнээсээ салж, холдож үзээгүй гэнэ. Нэгнээсээ хол явчихвал учиргүй их санаж үгүйлнэ. Болвол хамт л байх дуртай. Нэгнийдээ цуглахгүй, нэгнийхээрээ орохгүй нэг л хоновол дээдийн заяа. Хамар хашааных мөртлөө л нэгнийх рүүгээ гүйгээд салахгүй. Ширээгээ тойрч суугаад цайлах нь гурван ихрийн жаргал юм даа. Д.Гүнсмаа “Бид гурав ер нь өвчин хууч хэлдэггүй юм. Одоо л дал хүрэх гээд байгаа болохоор тэр үү, миний даралтад асуудал үүсч байгаа бололтой. Эмчид үзүүлсэн чинь нүдний даралттай болж байгаа юм байна гэлээ” гэв. Тэрээр ойрын хэд хоног даралт нь ихэсч 150 хүрч байгаа болохоор жаахан ядарчээ. Гэтэл дүү Д.Дэнсмаа нь том эгч Д.Цэрмаагийндаа толгойгоо барьсаар ороод ирж. “Урьд шөнө ер унтаж чадсангүй. Толгой дүүрээд хонолоо. Хүзүү хөшөөд ч байх шиг. Гүнсмаагийн маань даралт ихэсч байгаа байх шүү” гэжээ. Гурван ихрүүд нэг нэгнээ маш сайн мэдэрнэ. Нас яваад ирэхээр ялангуяа өвчний тал дээр ингэж нэгнээ дагадаг болжээ. Нэгнийх нь толгой өвдвөл нөгөө хоёрынх нь толгой дүүрээд нэг л биш болоод ирнэ. Хаашаа ч явсан хамт явна. Нэгийгээ орхиод явбал тэр нь нөгөө хоёроо үгүйлээд хэцүүддэг гэж байлаа. Ийш тийш явбал нэгнээ орхино гэж байхгүй. 2003 онд Д.Гүнсмаа нь хотод шилжиж ирж. Тэгээд эгч Д.Цэрмаагаа дуудсаар байгаад хажуудаа аваад ирж. Тэгтэл дүү Д.Дэнсмаа нь мөн ихрүүдийнхээ араас нүүгээд ирж энд суурьшжээ.
1956 он. Улсын асрах газар. Гурван ихэр хүмүүжүүлэгч Балдирмаатайгаа
Гурван ихрийг найман нас хүрэхэд эцэг, эх нь хүүхдүүдээ асрах эрхтэй болжээ. Гурван ихэр дороо нэг эрэгтэй дүүтэй. Ингээд Т.Довдонгийнх гурван ихэр нь сургууль орох болоход Дундговь аймгийн Дэлгэрцогт сум руу шилжжээ. Сумынхаа долоон жилийн сургуулиар явж Д.Цэрмаа, Д.Дэнсмаа хоёр малчин болохоор хөдөө гарсан бол Д.Гүнсмаа нь барилгын засал чимэглэлийн мэргэжил эзэмшиж насаараа барилгын салбарт ажиллажээ. Насаараа мал малласан болохоор Д.Цэрмаа, Д.Дэнсмаа хоёр гэртээ зүгээр сууна аа гэж байхгүй. Д.Дэнсмаа хашааныхаа ард, урдах хогийг түүж хашаагаа шүүрдэхээс эхлүүлээд гэр орны ажил хийж хоёр эгчийнхээрээ орох том ажилтай. Д.Цэрмаа нь нэлээд хөнгөн шингэн хөдөлгөөнтэй учир гэртээ тогтдоггүй гэнэ. Гадуур ажил хөөцөлддөг гол хүн нь. Д.Гүнсмаа нь гэр зуураа л байх сонирхолтой. Гурван ихэр хорооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Хорооныхоо арав гаруй эмэгтэйтэй нийлж төрсөн өдөр, Мартын наймны баяр гээд тэмдэглэлт баяруудыг хамт өнгөрүүлнэ. Өнөөдүүл нь гурван ихрийг ихэд хүндэтгэж дал хүрч байгаа гэж бодохгүй “Манай хорооны хүүхнүүд” гэнэ. Гурван ихэр эмээ дээл, одон зүүсэн хантаазаа авдарнаасаа гаргаад өмсөх гэж байтал гаднаас Б.Цэцэгмаа гэх эмэгтэй ороод ирлээ. Ихэр эмээ нар “За нөгөө яриад байсан манай хорооны арав гаруй хүүхний нэг нь энэ шүү дээ” гэж танилцуулав.
Гурван ихэр эмээг Нисэхийнхэн андахгүй. Наадмаар Хүй долоо худагт явахад хүмүүс “Хөөх гурван ихэр эмээ явж байна” гэж гайхаж зургийг нь дарж, хамтдаа зургаа даруулахыг хүснэ. Хүмүүсийн гуйлтыг биелүүлж хамтдаа зураг даруулах ч дуртай. 2006 онд Монголын ихрүүдийн холбооноос зохион байгуулсан Ихрүүдийн баярт анх оролцохдоо дээлээ ижилсүүлжээ. Тэрнээс хойш дан ижил дээлээр гоёдог болсон гэнэ. Ижил хувцастай яваагүй ч хүмүүс гайхаж харна. Ач, зээ нар нь эмээ нь гурван ихэр гэдгийг ойлгохгүй гурвууланг нь зэрэг харахаараа дуугаа хураагаад гайхаад зогсчихдог байсан аж.
1950 он. Гурван ихэр ээж Ж.Даваатайгаа
Бага залууд нь үеийнх нь андуурна. Сурагч байхдаа харин багш нараа их хуурдаг байж. Д.Дэнсмаа нь сумын сургуулийн дотуур байрнаасаа байн байн зугтана. Нөгөө хоёртоо “Миний оронд хичээлд суучихаарай” гээд харьчихна. Д.Цэрмаа, Д.Дэнсмаа хоёр хичээлээ таслаад хөдөө аав ээж дээрээ гүйгээд оччихно. Долоо, найман хоног мал дээрээ байж байгаад буцаад ирэхэд багш нар нь нэг их мэдсэн юмгүй. Д.Гүнсмаа нь нөгөө хоёрынхоо өмнөөс багш нартаа хичээлээ шалгуулаад байж байдаг байж. Д.Дэнсмаа эмээ их яриасаг юм. Хурдан түргэн яриатайн дээр хэлэмгий. Түүнийг багадаа их зальтай, сэргэлэн хүүхэд байсан гэж хоёр эгч нь яриад “Хэдийгээр бид ихэр ч гэлээ аав минь Д.Дэнсмааг бид гурвын бага нь болохоор их эрхлүүлдэг байсан юм. Манай энэ морь маланд сайн. Тийм болохоороо насаар мал малласан” гэлээ.
Хот газар бараадаж ирэхдээ мал сүргээ хүүхдүүддээ үлдээжээ. Үр хүүхдүүд дунд нь ажилгүй, гэртээ суудаг ганц ч хүн байхгүй. Хашаа хороо нь цэвэрхэн. Д.Цэрмаа “Манайх хашаагаа моджуулах гэж байгаа. Дүүрэн мод тарина даа” хэмээн ярьж байлаа.
Монгол Улс хүн амаа тоолж, улаан паспортжуулах үеэр гурван ихрийн төрсөн өдрийг бүртгэлийн ажилтнууд ёстой дур дураараа бичиж, он сарыг нь зөрүүлсэн байна. Гэхдээ ээж нь долдугаар сарын эхээр төрсөн гэдэг учир долдугаар сарын долооныг төрсөн өдрөө хэмээнэ. Гурван ихэр эмээгийн хамгийн хайртай нандин, энэ гурвын насан туршдаа хамгийн их хүндэтгэн хадгалж ирсэн зүйл нь багынх нь фото зургууд. Ээжтэйгээ хамт хэдхэн сартай байхдаа авахуулсан зураг, улсын асрамжид Балдирмаа асрагчтайгаа хамт даруулсан зураг нь энэ гурвын нандин өв. Эмээ нар хажуу хавирганы айлууд, хөршүүдээ ярихаараа эднийх тэр аймгийнх. Төдүүлээ суудаг, ажилсаг айл гэж магтаж нутаг ус, сум сууринг нь хүртэл нэрлэнэ.
Цагаан сарын баярыг гурван ихэр эмээ өргөн дэлгэр тэмдэглэнэ. Үр хүүхдүүд, хамаатан садан нь гурван ихэр эмээгийн гэр гэрээр орохгүй. Том эгч Д.Цэрмаагийндаа бүгд цуглаж, тэндээ золголтоо хийнэ. Д.Цэрмаа “Цагаан сараар манайх хөл гишгэх зайгүй болно. Бүгд цуглачихдаг болохоор сайхан байдаг юм” гэж ярилаа. Д.Цэрмаа зургаа, Д.Гүнсмаа зургаа, Д.Дэнсмаа таван хүүхэдтэй. Үр хүүхдүүдийнх нь дийлэнх нь хөдөө, нутагтаа мал маллан амьдардаг юм байна.
Өнгөрсөн зун Д.Цэрмаа, Д.Дэнсмаа хоёр нутагтаа очиж үр хүүхэд, ахан дүүсийнхээрээ орж арав гаруй хоног сайхан амраад иржээ. Уржнан гурвуулаа аавынхаа нутаг Ховдын Дарвид очиж авга нартайгаа уулзжээ. Гэтэл аавынх нь талд ихрүүдтэй айл олон байдгийг мэджээ.
Д.Гүнсмаа эмээ хоёр ихэр зээтэй. Ямартаа ч ихрийн удам нь үргэлжилж байгаад гурван ихэр эмээ баярлаж байгаа бөгөөд “2020 онд манай ихрүүдийн холбооны 30 жилийн ой болно. Бид гурав дал гарчихсан эмээ нар ихрийн баяртаа очих нь ээ” гэцгээлээ. Анх төрөхөд нь улсын асрамжид авч төр засгийн зүгээс онцгой анхаарч байсан ч одоо бол гурван ихэр гэдгийнх нь хувиар ямар нэгэн хөнгөлөлт үзүүлдэг үйлчилгээ байдаггүй юм байна. “Бид гурав чинь Монголын анхны гурван ихэр. Биднээс хойш нэлээд хугацааны дараа ихрүүд гарч эхэлсэн гэдэг шүү. Одоо ч ихрүүд олон болж байна даа. Архангай аймгийн 60 хүрч байгаа гурван ихэр байх ёстой. Мөн Увсын Од, Нар, Сар гэсэн гурван ихэр хүүхэн бий. Бас Сүхбаатарын гурван ихэр бий. 2006 онд уулзаж байсан” гэж ихрүүдийнхээ талаар ярьж сураглаж байлаа.
Гурван ихэр эмээ дээлээ өмсөцгөөж, нэг нэгнийхээ одон медалийг засч өгнө. Д.Цэрмаа, Д.Гүнсмаа хоёр нь саяхан Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаажээ. Д.Дэнсмаа нь ч ялгаагүй насаараа мал маллаж хөдөө аж ахуйн салбарт хүчин зүтгэсэн учир салбарынхаа одон медалиудаар шагнагдсан байна.
Гурван ихэр эмээ хамтдаа банк орно. Эмнэлэг явна. Сувилалд хэвтэнэ. Хаан банкны Нисэхийн салбарынхан гурван ихэр эмээг андахгүй. Үүдээр нь оруут л тосч яваад элэгсэг дотноор угтана. Хуучин теллерүүд нь хэдийнэ таньдаг болчихсон болохоор хооронд нь андуурахаа байжээ. Харин шинээр ирсэн теллерүүд л андуурч, гайхаж бөөн инээдэм болно. Нэг удаа гурвуулаа зэрэг тэтгэврийн зээл авах болж. Д.Гүнсмаа нь эхэлж ороод зээл аваад гараад ирж. Араас нь Д.Цэрмаа нь орж зээл авах гэтэл теллер нь “Та сая зээл авсан ш дээ” гэж. “Үгүй ээ, хүүхээ эмээ нь ихэр юм аа” гэж тайлбарлаж байж зээл авчээ. Д.Цэрмаагийнхаа араас Д.Дэнсмаа нь ороход өнөө банкны ажилтан нь үнэхээр гайхаж, хойш ухарч “Юу яриад байна аа. Гурван ихэр эмээ юм уу” гэж бөөн инээдэм болж байсан гэнэ. Эмээ нар банкин дээр теллерүүд өөрсдийг нь хэрхэн андуурдгийг байн байн ярьж элгээ хөштөл инээцгээнэ. “Манай Хаан банкны захирал биднийг их хүндэтгэж манай хүндэт үйлчлүүлэгч гээд тоодогт нь баярладаг” гэж байлаа.
Ийнхүү Гандангийн дэнжид мэндэлж байсан гурван ихэр одоо Нисэхийн дэнж дээр сайхан амьдарцгааж байна. Д.Цэрмаа “Ихрийн заяа тавилан их ээ, хүүхдүүд минь. Тэр дундаа гурван ихэр гэдэг чинь ховор заяа юм” гээд “За хүүхээ эмээ нь үдээс хойш хотын төв орох ажилтай. Ингэсгээд гарна даа. Танай сонины газарт эмээ нь хорооныхоо хүүхэн Цэцэгмаатайгаа дэгдээд л очиж хэдэн сонин авна аа” гэсээр биднийг үдэж хашааныхаа хаалган дээр үдсэн юм.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН