Categories
мэдээ улс-төр

Галын аюулгүй байдлын тухай хуулийг дэмжлээ

 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ.

25 жилийн өмнө буюу 1999 онд УИХ-аас Галын аюулгүй байдлын тухай хуулийг баталж байжээ. Уг хууль тухайн үеийнхээ шаардлагыг хангаж байсан хэдий ч цаг уурын өөрчлөлт, техник технологийн хөгжил зэрэг олон хүчин зүйлтэй нийцүүлэх, тэр дундаа гал түймрийн эрсдэл жил тутам өсөн нэмэгдэж байгаа нь хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгохыг шаардаж буй юм байна.

Сүүлийн 3 жилд обьектын гал түймэр 9105 удаа гарч төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид 18.7 тэрбум төгрөгний хохирол учирч,  гал түймрийн улмаас  224 хүн  амь насаа алдаж, 155 хүн түлэгдэж гэмтэн, 5289 барилга, орон байр, гэр галд өртөн шатжээ.  

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Галын аюулгүй байдлын тухай хуульд галын аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой зайлшгүй байх зарим шаардлага бүрэн тусгагдаагүй, хувийн хэвшилтэй хамтын ажиллагааны талаарх зарим зохицуулалт хангалтгүй, суурин газар амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгж нь төрийн үйлчилгээний хүртээмжийн талаарх зохицуулалт тусгагдаагүй, нэр томьёоны хувьд явцуу байгаа нь хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж буй аж. Харин дээрх хуулийг шинэчлэн баталснаар гал түймрийн улсын хяналт, галын аюулаас урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг хангуулах, гал түймрийг унтраах үйл ажиллагааны хүрээнд үйлчилнэ.

Гал унтраах чиглэлээр төрөөс үзүүлж буй үйлчилгээ орон нутагт хүрэлцэхгүй байгааг харгалзан хувийн хэвшлийн болон сайн дурын гал унтраах үүрэг бүхий нэгж ажиллах боломжтой болно.

Мөн олон нийтийн хяналтыг өсөн нэмэгдүүлэх зорилгоор галын аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой үйл ажиллагааны чанар, үр дүнг хөндлөнгөөс үнэлэх, төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хийж гүйцэтгэх эрхийг тусгаж өгснөөр гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо сайжирна гэж Шадар сайд танилцуулгадаа дурдав.

Хэлэлцүүлгийн шатанд даатгалын асуудал хөндөгдлөө. Ингэхдээ төсвийн байгууллагуудыг даатгалд хамруулах асуудлыг энэ хуулийн хүрээнд зохицуулах боломж байгаа эсэх, мөн гал унтраах ангиуд техник хэрэгслээр бүрэн хангагдаж чадсан эсэхийг гишүүд лавлав.

Шадар сайд Д.Тэрбишдагва “Одоогоор төсвийн байгууллагууд даатгалын зардлаа дааж чадахгүй учраас хамруулах боломж хязгаарлагдмал байна. Цаашдаа даатгалд хамруулах боломжийг эрэлхийлэх ёстой” гэлээ. Харин гал унтраах ангиуд техник хэрэгслээр хангагдаж чадсан эсэх тухайд, Улаанбаатар хотын хэмжээн дэх Гал унтраах ангиудын галын машиныг бүрэн шинэчилсэн. Галын техник хэрэгслийг Австрийн 5 сая еврогийн хүрээнд шийднэ гэсэн хариулт өгсөн юм.

Эцэст нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Галын аюулгүй байдын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хийхээр болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *