Categories
гадаад мэдээ

Гал зогсоох хэлэлцээр ням гарагаас хэрэгжиж эхэлнэ

Өчигдөр Беларусийн нийслэл Минск хотноо зүүн Украины асуудлаар 16 цагийн турш хэлэлцсэний үр дүнд талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна. Гэрээнд тусгагдсанаар хоёрдугаар сарын 15 буюу ирэх ням гарагаас эхлэн талууд албан ёсоор галаа зогсоохоор болжээ.

Түүнчлэн мөргөлдөөний бүс нутгаас хүнд зэвсэг, техникүүдийг татаж, мөргөлдөөний үеэр баривчлагдсан хүмүүүсийг сөргөлдөгч талуудын аль аль нь суллахаар болсон байна. Мөн Украины Ерөнхийлөгч Петро Порошенко энэ оны сүүлч гэхэд Оростой залгаа хилийн хяналтаа бүрэн сэргээнэ хэмээн мэдэгджээ. Энхийн хэлэлцээрт багтсан гол гол тохиролцоог дурьдвал:

  • Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 15-ны 00:01 цагаас эхэлнэ гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ.
  • Хоёрдугаар сарын 16-наас эхлэн хоёр долоо хоногийн дотор хүнд зэвсэг, техникээ бүрэн татна.
  • Хоёр талд хоригдож байгаа бүх хоригдлыг суллах
  • Украины нутаг дэвсгэрт байгаа гадны цэргүүдийг гаргаж, хууль бус бүлгүүдийн зэвсгийг хурааж авах
  • Донецк болон Луганскийн бүс нутгийн иргэдийн энгийн амьдралыг сэргээх
  • 2015 оны эцэс гэхэд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж Украины нутагт байгаа оршин суугчдын эрхийг хүндэтгэх гэсэн заалтууд багтсан байна.

Үүний зэрэгцээ Олон улсын валютын сангаас Украины эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрт зориулж хоёр тэрбум ам.долларын зээл нэмж олгохоор зөвшөөрсөн юм. Ингэснээр тус байгууллагын зүгээс Украины эдийн засгийн сэргээн босгоход зориулж олгосон зээлийн хэмжээ 40 тэрбум ам.долларт хүрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *