Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л хятадууд хүрз, зээтүүгээ бариад танктай орж ирнэ гэдэг айдсаасаа салах хэрэгтэй DNN.mn

УИХ, Засгийн газрын гишүүдийн дунд маргаантай байгаа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлах л ёстой. Одоо мөрдөгдөж байгаа тус хуулийг тэртээ 1993 онд анх баталж, сүүлд 2013 онд өнөөгийн УИХын дарга Г.Занданшатар өөрчлөн батлуулж байсан түүхтэй. Түүнээс яг 10 жилийн дараа дахин өөрчлөлт оруулахаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-д оруулж ирлээ. Угтаа нэмж, хасагдаж байгаа заалтууд нь уг хуулийн төслийн агуулга, хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг сайжруулсан өөрчлөлт болж байгааг хуульчид, судлаачид хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулагчдад гох, дэгээ болисон цөөнгүй зүйл заалт бий. Тэр бүхнийг Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан өөрчлөлтөөр авч хаях шаардлагатай. Тэгж байж Монголд гаднын хөрөнгө оруулалт орж ирэх суваг чөлөөтэй болох нь мэдээж. Гэтэл үүнд гох, дэгээ тавих сонирхолтой бүр сонгуулийн өмнө олон нийтэд таалагдах үүднээс зориуд улс төр хийж байгаа хүмүүс ч их байна. Тэдгээр поп улстөрчдийн олон нийтийн тархийг угааж байгаа агуулга нь ердөө газрын асуудал. Уг хууль батлагдсанаар гаднынхан тэр дундаа хятадууд Монголын газар нутагт цөмрөн орж, эзлэх гэж байна гэсэн үндэслэлгүй ойлголтоор пропаганда идэвхтэй явуулж байна. Тус хуулийн одоо мөрдөгдөж байгаа 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалтын босгыг Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан төслөөр хасч байгаа.

Үүнээс болоод гаднын хэн ч манайд орж ирээд хөрөнгө оруулагч гэх статустай болчихоод элдэв янзын эрх эдэлнэ. Хууль батлагдсан өдрөөс эхлээд л гаднынхан Монголд хэдэн мянгаараа бууж ирээд хаа дуртай газартаа хашаа татаад байшин барьчихаад 100 жил хөдлөхгүй юм шигээр ойлгуулж байна. Хууль батлагдсан өдрөөс эхлээд урагшаа тавьсан төмөр замуудаар, нөгөө олон боомтаар чинь хятадууд хүрз зээтүүгээ бариад ороод ирэх юм шиг санаж байна. Бүр араас нь асаалттай 10 танк орж ирээд Монголыг эзэлчихнэ гэсэн айдастай цөөнгүй хүмүүс ч байх шиг. Яг ийм үйл явдал кино дээр ч гарахгүй дээ. Бодит бус хийсвэр ойлголт. Яаж бодсон ч хөрөнгө оруулагчдад хамаатай хууль Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үү. Гаднын хүмүүс Монгол Улс руу нэвтрэхээр бол Гаднын хөрөнгө оруулалтын тухай хуулиар биш ядаж л Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар орж ирнэ. Гэтэл хөрөнгө оруулагчдад хамаатай хуулийг Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой мэтээр тайлбарлаж яваа поп улстөрчдийн дээрх үгэнд итгэх хүмүүс Монголд цөөнгүй. Учир нь бид боловсролгүй, түүнээсээ болоод аливаа улстөрчдийн явуулж байгаа мэдээллийн агуулга үндэслэлтэй байна уу эсэхийг шалгах хандлага нь сул. Тиймээс үүнийг нь төрийн өндөр албан тушаалд очих, төр барих шат суурь болгон ашигллах улстөрчид цөөрөхгүй байгаа гэдгийг судлаачид хэлдэг. Монгол Улс бол хөгжих гэж оролдож байгаа орон. Яг ч хөгжиж байгаа улс гээд хэлэх боломж тааруу. Гэхдээ бид хөгжих гэж оролдож байна. Хөгжих гэж байгаа улс оронд хамгийн чухал нь гадаадын хөрөнгө оруулагчид. Гаднынхан л Монгол Улсад орж ирж л байвал тэр чинээгээрээ эдийн засаг нэмэгдэнэ.

Тиймээс аль болох хилээ нээлттэй, гаднынхны орж ирэх урсгалыг эдийн засгийн хувьд чөлөөтэй хаях хэрэгтэй. Гэтэл үүнийг жадлан эсэргүүцэгчид эх оронч үзэлтнүүд байна. Эх оронч гэж дээ, Монгол Улс бол хамгийн агуу гүрэн, бидний цус бусдаас онцгой гэх хэт туйлширсан хандлагатай хүмүүс олон байгаа. Энэ үзэл санаан дээр нь дөрөөлж попордог улстөрчид Монгол Улсын газар нутагт гаднынхны хөлийг гишгүүлж болохгүй, бид тусгаар улс учраас хилээ ч хаагаад дангаараа хөгжих

боломжтой ухааны юм ярьж, ард түмний тархийг угааж сууна.

Гэтэл үнэндээ Монгол Улс хилээ хаачихвал яах вэ. Бид ч биш ганцхан урд хөрш хилээ хаачихад яаж арчаагаа алдсанаа мартсан уу. Тэгвэл бид өөрсдөө хилээ

хаачихвал үнэхээр хөгжиж чадах уу. Хөгжих ямар ч боломж байхгүй гэдгийг аль ч салбарын эрдэмтэн, доктор, судлаачид шууд хэлнэ. Монгол Улс хилээ хаачихвал Төвд шиг л болно. Нэг хэсэг төвдүүд хилээ хааж байсан түүхтэй. Манжаас сална, тусгаар оршиж, хөгжинө гээд хилээ хаагаад явсан. Гэтэл өнөөгийн Төвд улс хөгжиж байгаа билүү. Эсрэгээрээ Хятадын харьяанд орчихсон хөгжил битгий хэл тусгаар тогтнолоо алдчихсан явж байгаа. Тиймээс бид ганцаараа хөгжинө, гаднынхан хэрэггүй гэдэг ойлголтоосоо салах хэрэгтэй. Харин ч энэ дэлхийтэйгээ нээлттэй байсан улсын хөгжил бодитой өсдөг гэдгийг бусад хөгжингүй орнуудын түүх гэрчилнэ. Яах вэ хилээ хаагаад хөгжиж болдог маш ховор тохиолдол дэлхийн улс орнуудад бий. Гэхдээ тэгж хөгжсөн орнуудтай

буюу жишээ нь Японтой Монгол Улсыг харьцуулах ямар ч хэрэггүй. Япон бол хөгжлөөрөө дэлхийн эхний тавд орж байгаа улс. Аль хэдийнээ хөгжчихсөн, хөгжих тогтолцоогоо бүрдүүлчихсэн, ард түмнийхээ хандлагыг өөрчилчихсөн, өөрсдөө бүх зүйлээ үйлдвэрлэдэг орнууд бол хилээ хаах эсэх нь ёстой тэдний дур биз. Хилээ хаалаа гээд хөгжил нь саарна гэсэн зүйл тэр орнуудад хэдийнээ алга болсон зүйл. Харин манайх шиг хөгжил буурай орнууд бол аль болох хилээ нээлттэй байлгаж, гаднын хөрөнгө оруулагчдыг даллаж байх шаардлагатай. Ёстой тарвага хошгоруулж байгаа юм шиг даллаад гүйсэн ч болохоор.

Монгол Улсын нийт хүн амын цөөнгүй хэсгийг ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон ажил эрхлэх боломжгүй хүмүүс бүрдүүлж байгаа. Үлдсэн ажиллах хүчний ихэнх нь залуучууд буюу оюутнууд. Түүнээс яг ажлын байр дээр гарах боломжтой хүмүүсийн ихэнх нь гадаад руу хөдөлмөрлөхөөр явчихсан. Тэр дундаа ажил хийгээд цалин авч чаддагууд нь бүгд БНСУ руу гарчихсан байна. Тэгэхээр Монгол Улсад яг хэн үлдэж байна вэ. Дээр хэлсэнчлэн тэтгэврийн хэдэн хөгшид дээр нэмээд газар нутаг гэж орилолдсон хэдэн поп улстөрчид, түүнийг нь дагасан панатууд хэдэн малтайгаа л үлдэж байгаа нь хатуу ч гэсэн үнэн. Хүнтэй, тэр хүмүүс нь хөдөлмөрлөж байж л улс орон хөгждөг. Хүнтэй байсан ч хөдөлмөр эрхлэх хандлагагүй бол улс орон ёроол руугаа л явдаг. Хөдөлмөрлөх сонирхолтой нь гадаад руу, залхуу нь Монголдоо халамж горьдоод хэвтээд байгаа болохоор энэ улс орон хөгжих гэж хөгөө чирч байна.

Ядаж залхуучууддаа халамж өгөхөө зогсоогоод хөдөлмөрлөх сонирхлыг нь төрүүлэх суртал ухуулга хийж эхэлье. Худлаа хоосон эх оронч үзлийг нь таслан зогсооё. Гадаадын ганц нэг хүн ороод ирэхээр эх оронд минь шунасан хулгайч гэж харааж зүхэхийг нь болиулъя. Харин ч эдийн засагт нэмэртэй юм байна гэдэг ойлголтыг түгээх хэрэгтэй байна.

Ингэхийн тулд эхлээд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа батлах шаардлагатай. Дээрх хууль батлагдлаа ч маргааш нь хөрөнгө оруулагчид Монголыг гишгэх зайгүй болтол дүүргэнэ гэж байхгүй. Хэрэв тийм бол юутай сайхан үлгэр вэ. Манай поп улстөрчид л энэ хуулийг ингэж гоё өөдрөгөөр ойлгоод байгаа болохоос биш хууль батлагдсан ч гаднаас чиглэх урсгал ёстой нэг хувиар ч нэмэгдэхгүй. Харин хөрөнгө оруулагчид Монгол Улсад орж ирэх боломж нээлттэй шүү гэдэг мессэжийг л хүргэх юм. Энэ мессэж нь ч хүрэх эсэх нь эргэлзээтэй. Гэлээ гэхдээ бид нээлттэй, чөлөөтэй байгаагаа шантралгүй зарлаад л байх ёстой юм. Тэгж сая ганц нэгээрээ хөрөнгө оруулагчид нэмэгдэнэ. Яваандаа хэдэн арваараа, хэдэн зуугаараа ороод ирвэл Монгол Улс ёстой Япон лугаа хөгжлөө л гэсэн үг. Тиймээс УИХ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа дахин хойшлуулаад байлгүй нэн яаралтай батлах шаардлагатай. УИХ-ын зарим гишүүдийн хэлж байгаагар тус хуулийг дахин дахин унагааж, хойшлуулаад л байх нь Монгол Улсад төдийчинээ ашиггүй. Бид гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх мессэжийнхээ эрчийг л сулруулна гэсэн үг. Энэ долоо хоногт УИХ-ын намрын отгон чуулган өндөрлөнө. Тиймээс энэ намрын чуулгандаа багтаагаад дээрх хуулийг баталчихвал Монгол Улсад ашигтай гэдгийг угтаа УИХ-ын гишүүд дор бүрнээ мэдэж л байгаа. Гэхдээ сонгууль дөхчихсөн учраас зарим поп улстөрчдийн нөлөөгөөр тус хууль энэ намрын чуулганаар батлагдах нь эргэлзээтэй л болж байна. Гэсэн ч хаврын чуулганы хамгийн эхний асуудал болгоод баталчих хэрэгтэй. Хаврын чуулган ирэх гуравдугаар сарын 19-нд нээнэ. Тэрхүү гуравдугаар сард багтаагаад улс оронд хэрэгтэй, үлдчихсэн олон арван хуулиа баталчих шаардлагатай. Тэгэхгүй бол дөрөвдүгээр сараас эхлээд чуулганд суугаад хууль баталчих улстөрчид цөөрнө. Бүгд сонгууль гээд дөрвөн зүг, найман зовхист тараад алга болно. Монгол Улс хэдэн жил ширхэг хадаасаа ч үйлдвэрлэж чадахгүй явах ёстой юм. Том том бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсэн, үйлдвэр бужигнасан улс орон болох хэрэгтэй байна. Тэгэхийн тулд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа ядаж баталчихмаар байна даа……

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *