Categories
мэдээ нийгэм

Гадаадын эрдэмтэд монголын бичгийн өв соёлын талаар хэлэлцэж байна

Монгол түмний хэрэглэж ирсэн олон зүйлийн бичиг үсгийн сурвалж, гадаад дотоодод хадгалагдаж байгаа эртний баримт бичгийг олон нийтэд таниулах зорилго бүхий “Монгол сурвалж бичгийн өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ. БСШУСЯ-ны дэмжлэгээр МУИС, Үндэсний номын сан хамтран зохион байгуулж буй энэхүү хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Итали, Унгар зэрэг есөн орны 30 эрдэмтэн оролцож байна.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар: “Өнөөдрийн хуралд Монгол судлалаар дэлхийд тэргүүлдэг есөн орны эрдэмтэн судлаачид оролцож байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ хурлын үеэр гадаад, дотоодын эрдэмтэд 40 гаруй илтгэл танилцуулна. Үүнээс Монгол Улсаас МУИС-ийн түүхийн тэнхмийн судлаачид, Монгол судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, МУБИС-ийн багш судлаачид өөрсдийн судалгаа шинжилгээний үр дүнг танилцуулна.

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн мэргэжилтэн Цэнгэл: Би Хятадын Хөх нуур мужийн Цайдам нутгаас олдсон Их Юань улсын үеийн бичиг үсэг, бичээчийн хэрэгслийн үнэт олдворуудыг танилцуулна. Монгол Улсын хаант засаглалтай шууд холбоотой эдгээр баримтыг анх удаа танилцуулах гэж байгаа юм. Миний олсон олдвор дунд суман дээр бичсэн бичээс болон 500 ширхэг цаасан мөнгө байгаа.

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо: Манай номын сан нь Монгол Улсын сан хөмрөгт байгаа эх сурвалж бичгүүдийг эрдэмтэн судлаачдад өгч, шинэ судлагдахуун бий болгох, эрдэм шинжилгээ, судалгааны төв болох зорилго тавьж байгаа. Монголчууд бид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүх, бичвэр, олдворуудад хайхрамжгүй хандсанаас ёс суртахууны доройтолд орж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс мянга мянган жилийн өмнө эх орноо орноо хэрхэн хөгжүүлж, өвлөж ирсэн, үүнийг одоо үед хэрхэн ашиглах зэрэг ач холбогдол өгөх хэрэгтэй. Манай номын санд нийтдээ 3.5 сая гаруй ном судартайгаас 1.5 сая нь ховор судар бичиг байна. Үүнээс бүрэн судлагдсан нь маш цөөхөн. Өнөөдөр Монголын бичиг үсгийн соёлтой холбоотой 30 гаруй эрдэмтний судалгааны материалыг танилцуулж байна.

Монгол судлын хүрээлэнгийн захирал Д.Заяабадрах: Монголчуудын дэлхий ертөнцөд үлдээсэн судар, бичгийн олдвор, хадгалагдаж буй газар, түүнд хийсэн дүн шинжилгээтэй танилцах зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна. Хурлын үр дүнд Монгол судлалын эрдэмтэн судлаачид танилцаж, судалгаа шинжилгээний үр дүнгийн мэдээллээ харилцан солилцох, хамтран ажиллах боломж бүрдэнэ.

Францын Дорно дахины эх хэл иргэншлийн дээд сургуулийн профессор Александр Вовин: Би Хүйс толгойн бичээс дээр төвлөрөн ажиллаж байна. Бархма хэл дээр бичигдсэн энэхүү бичээсийг Монгол бичгийг холбоост тулгуурлан судалж байгаа.

Токиогийн Гадаад судлын их сургуулийн профессор Х.Фүтаки: Манай сургуулийн номын санд хадгалагдаж байгаа Монгол Улсын түүх соёлын ховор материалд судалгаа шинжилгээ хийсэн. Тухайлбал, XX зууны үед Монгол бичгээр бичигдсэн сонин байдаг. Япон улсад анх 1908 онд Монгол багш очиж монгол хэлний хичээл зааж байсан. Улмаар 1911 онд Монгол хэл судлалын тэнхим байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш 40 орчим Монгол багш манай сургуульд багшилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *