Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар гадаад оронд оршин суугаа Монгол Улсын иргэд боловсролын баримт бичгийн лавлагаагаа энэ оны долдугаар сарын 15-наас цахим хэлбэрээр авах боломжийг хэлэлцэж баталлаа.
2015-2016 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандаж Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамд, гадаадын их дээд сургуульд суралцагч манай иргэдээс 7148 хүний боловсролын баримт бичгийн лавлагаа авахыг хүсч өргөдөл ирүүлсэн бөгөөд холбогдох лавлагааг гаргаж өгсөн байна. Гэхдээ лавлагаа авахад зарим хүндрэл гардаг гэнэ. Тухайлбал, БНСУ-д амьдарч байгаа иргэн ийм лавлагаа авахаар ирэхэд виз болоод цаг хугацаа, зардлын асуудал хүндрэлтэй байдаг аж. Мөн АНУ, Япон, Канад, Хятад, ОХУ, Герман, Австрали, Итали улсад суралцах хүсэлтэй монгол иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.