Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй Монгол Улсын 9,890 иргэн байна

УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин: Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг энэ өдрийн хуралдааны тэргүүнд ярилцлаа. Нөхцөл байдал улам хүндэрч байна. Хойд хөрш ОХУ-д байдал улам хүндэрч, 24 цагийн дотор шинэ тохиолдлын тоо нь 2,896-аар нэмэгдсэн байна. АНУ-д шинэ коронавирусийн халдварын тохиолдлын тоо нь 1 сая 10 мянга болсон. Манай улсын хувьд халдварын тоо нэмэгдсээр 38 болсон. Сүүлийн үед халдвар авсан хүмүүсийн дотор эхний хоёр удаагийн шинжилгээгээр СӨРӨГ гарсан ч гурав дахь удаагийн шинжилгээгээр ЭЕРЭГ гарч байна. 14 хоногийн дараа ч илэрч байгаа нь вирус хэр хөнөөлтэйг харуулж байгаа юм.

Долоо дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийхэд Монгол Улсад вирус тарах МАШ ӨНДӨР эрсдэлтэй гэж гарсан. Тиймээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны тавдугаар сарын 31-нийг дуустал болгож сунгалаа. Ингэснээр олон улсын нислэгийг түр зогсоосон хугацаа мөн сунгагдаж байна.

Энэ хугацаанд гадаад улсаас иргэдээ татахыг шат дараатайгаар зохион байгуулна.

Ойрын хугацаанд гурван нислэг хийнэ. БНСУ руу хоёр нислэг хийх бөгөөд нэг нислэг нь зөвхөн бусад улсаар дамжин ирэх иргэдийг татах юм. Хэдийгээр тусгай үүргийн нислэгт суух иргэдийг шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг тавьж байгаа ч бусад орноос дамжин ирж байгаа иргэд шинжилгээ хийлгэж чадаагүй” гэлээ.

Сэтгүүлчдийн асуулт, хариулт:

-Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд их байна. Заавал шалтгаан заахгүйгээр татан авч болохгүй юу?

-Гадаадаас ирэх хүсэлтээ маш олон иргэд байна. Одоогоор 9,890 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Хүсэлт улам нэмэгдсээр байгаа тул эхний ээлжид хүндэтгэх шалтгаантай иргэдээ авч байна.

-Эх орондоо ирж чадахгүй байгаа иргэд ЭСЯ-ны гадна суулт зарлаж байгаа?

-Суулт хийлээ гээд нэмэгдэхгүй. Суулт хийлээ гээд онгоцны тоо, нисэх бүрэлдэхүүн, тусгаарлах байрны тоо нэмэгдэхгүй шүү дээ. Тиймээс ЭСЯ-ны ажилтнуудыг шахаж, гадна нь суулт зарлах нь нэмэргүй. Энэтхэг рүү шууд нислэг хийх боломжгүй байна. Байдал хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Тэднийг европоор дамжуулан авах л боломж бий.

Байнга нислэг хийдэг улсуудаараа дамжуулж л иргэдээ татна.

Хэрвээ байнга нислэг үйлддэггүй нэг л газар луу нислэг хийвэл бусад 57 улс руу нислэг үйлдэх ёстой болно. Тиймээс МИАТ ТӨХК-ийн онгоцыг байнгын нислэгтэй улсууд руу нисгэж байна.

-Сургалтын төвүүдийг нээх талаар олон хүсэлт гаргаж байгаа. Энэ талаар?

-Энэ долоо хоногийн сүүлээр УОК-оос саналаа гаргаж, Засгийн газарт уламжилна.

-Монголоос БНСУ руу явах хүсэлтэй иргэдийг явуулж байгаа юу?

-Тусгай үүргийн нислэгээр тэднийг явуулж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *