АНУ-ын Калифорни муж улсад амьдарч буй Их Британийн хунтайж Харри мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө, коучинг зөвлөмж өгдөг “BetterUp” компанийн захирлаар томилогдсон байна. ВВС агентлагийн мэдээлснээр, ажил үүргийн хувиар Харри нь санал болгож буй үйлчилгээнүүдээр стратегийн шийдвэр гаргах, сайн үйлсийн арга хэмжээнүүдийг төлөвлөх, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар олон нийтийн өмнө мэдэгдэл хийх зэрэг ажлыг гүйцэтгэх гэнэ. “BetterUp”компани нь 2013 онд байгуулагджээ. Тус байгууллагын цахим хуудаст бичсэнээр Харриг Цэргийн үйл ажиллагаанд оролцож явсан дайчин, сэтгэцийн эрүүл мэндийг идэвхийлэн сурталчлагч, хүрээлэн буй орчныг хамгаалагч юм” хэмээн танилцуулжээ.
l l l
АНУ-ын Тагнуулын төв газрын даргаар Уильям Бернс томилогдлоо. Тус улсын дэд ерөнхийлөгч Камала Харрис түүнийг уг албанд томилжээ. Тэрбээр өдгөө 64 настай бөгөөд АНУ-ын Төрийн департаментад 33 жил ажилласан арвин туршлагатай. 2005-2008 онд ОХУ дахь Америкийн элчин сайдын яаманд элчингээр ажиллаж байв. Орос, араб, франц хэлээр ярьдаг. Өнгөрсөн хоёрдугаар сард сенатчаар сонгогджээ.
l l l
Дэлхийн 20 гаруй орны 34 сая хүн хоол хүнсний хурц хомсдолд орох аюулын ирмэгт тулаад байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хамтарсан тайланд ийн онцолжээ. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн захирал Д.Биасли мэдэгдэхдээ “Зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшиг, коронавируст цар тахлын үр дагавраас үүдэлтэй өлсгөлөн сая сая гэр бүлийн хаалгыг тогшиж байна” гээд яаралтай тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хандивлагч орнуудаас 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатайг онцолжээ.
l l l
Ирэх сард Аугаа их эх орны дайнд ялсны 76 жилийн ой тохионо. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын нийслэл Москва дахь Улаан талбайд жил бүр ялалт баяр сүрт жагсаал болдог. Энэ удаад цэргийн парадын үеэр 76 нисэх онгоц, нисдэг тэрэгний үзүүлбэрийг толилуулахаар болжээ. Тодруулбал, сүрт жагсаалд 53 нисэх онгоц, 23 нисдэг тэрэг оролцоно. Нислэгийн маршрутыг цаг агаарын хүнд нөхцөл зэрэг бүхий л нөхцөлд даалгавраа биелүүлэх боломжийг хангасан байх гэнэ. Нисэх хүчний баг бүрэлдэхүүн ОХУ-ын Зэвсэгт хүчний найм, Аж үйлдвэр, худалдааны яамны нэг зэрэг есөн нисэх онгоцны буудалд түр байрлаж бэлтгэлээ хангахаар төлөвлөж байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР