Оны эхний хоёр сард манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.доллар болжээ.
Энэ нь 2023 оны мөн үеэс 394.5 сая ам.доллар буюу 11.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Экспортын дүн импортын дүнгээс 644.4 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Экспортод 2.2 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.1 хувиар буурчээ.
2024 оны эхний хоёр сард экспортолсон
- хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100 хувийг БНХАУ-д
- үхэр адууны боловсруулсан ширний 100 хувийг Туркт
- самнасан ноолуурын 82.1 хувийг Италид
- ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 87.2 хувийг эзэлж байна.