Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо 12 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Сайд нарын уулзалтаар ЕАБХАБ-ын 2019 оны үйл ажиллагааг дүгнэж, олон улс, бүс нутагт тулгамдаад байгаа улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэн зөвлөлдөж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Бүгд хуралдаанд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх манай улсын байр суурийг илэрхийлэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр, тухайлбал, терроризм, хүний наймаа, соёлын биет бус өвийг хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ЕАБХАБ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Мөн тэрбээр ардчилал, хүний эрх, сайн засаглалыг хөгжүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоо чухал гэдгийг онцлов.
Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад болон Европын хэргийн сайд М.Лайчак-тай уулзаж, “Хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад болон Европын хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.
Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар талууд ярилцаж, 2020 оны эхний хагаст зөвлөлдөх уулзалт, бизнес форум зохион байгуулах чиглэлээр ажиллахаар тохиролцов.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж их байгааг сайд М.Лайчак онцолж, Улаанбаатарт ЭСЯ-аа аль болох ойрын хугацаанд нээх эрмэлзэлтэй байдгаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингертэй уулзав.
Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид үндэстэн дамнасан аюул заналхийлэл, тэр дундаа терроризм, түүнийг санхүүжүүлэхтэй тэмцэх, хүний наймаа, соёлын биет бус өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагаагаа тэлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Аюулгүй байдлыг хангахад залуучуудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх үүднээс “Peacebook форум” зохион байгуулснаа сайд Д.Цогтбаатар дурдаж, энэ чиглэлээр хамтран ажиллахыг хүсэв.
Хоёр талын хамтын ажиллагааг үр дүнтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа ЕНБД мөн тэмдэглэж, цаашид сайн засаглалыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог улам бүр боловсронгуй болгох, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлээр Монгол Улсад бодит дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Чингиз Айдарбеков-той уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр талууд санал солилцож, Засгийн газар хоорондын комиссын хурал, өндөр түвшний айлчлалыг ирэх 2020 онд хэрэгжүүлэхээр тохиролцов.Мөн Улаанбаатар хотноо тус улсын дипломат төлөөлөгчийн газрыг нээх, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарт 2020 онд хийх талаар мөн ярилцаж, Киргизийн Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урив.
Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Португал Улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Тереза Рибэйро-той уулзав. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, баяжуулах чиглэлээрх ажлаа эрчимжүүлж, зөвлөлдөх уулзалт, айлчлал хэрэгжүүлэх асуудлаар ярилцав. Тухайлбал, эдийн засаг, санхүүгийн салбарт хамтран ажиллаж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг онцлов.
Португал улс Мөнгө угаахтай тэмцэхэд санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага(FATF)-ын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагын хүрээнд мөн хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг манай тал хүсэв.