Германы дэлхийн нэр хүнд бүхий DW агентлаг “Оросын ерөнхийлөгч 2024 оны есдүгээр сарын эхээр Монгол Улсад хоёр өдрийн албан ёсны айлчлал хийсэн. Албан ёсоор уг айлчлалыг 1939 онд Халхын голд Зөвлөлт, Монголын цэргүүд Японы Зэвсэгт хүчний эсрэг ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа гэж мэдээлж байсан ч үнэндээ бол уг айлчлалын үеэр В.Путин, Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Тэгвэл НҮБ-ын Эрүүгийн хэргийн олон улсын шүүх өөрийн Урьдчилан сэргийлэх танхимаас аравдугаар сарын 24-ний пүрэв гаригт гаргасан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Улаанбаатарт айлчлах үеэр баривчлах тушаалыг биелүүлээгүй хэмээн Монгол Улсыг албан ёсоор буруутгасан мэдэгдлийг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Уг албан мэдэгдэлд “Монгол Улс В.Путиныг нутаг дэвсгэртээ байхад нь баривчилж, шүүхэд шилжүүлэх тухай хүсэлтийг биелүүлж, энэ талаар хамтран ажиллаагүй нь тус шүүхийг хуулийнхаа 87 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан чиг үүрэг болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан. Олон улсын эрүүгийн хуулийн харьяаллыг хүлээн зөвшөөрч буй улсууд гэмт хэрэгтний албан тушаал, харьяаллаас үл хамааран баривчлан, шилжүүлэн өгөх үүрэгтэй, Энэхүү шүүх нь аль ч улсаас хараат бус үйл ажиллагаа явуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн чиг үүргийг гүйцэтгэдэг” гэдгээ сануулав. Бас энэхүү мэдэгдэлд “Монгол Улс шүүхтэй хамтран ажиллахаас татгалзсан ноцтой байдалтай холбогдуулан Улаанбаатартай холбоотой ямар арга хэмжээ авахыг ОУЭХШ-ийн гишүүн орнуудын Ассамблейд оруулж, шийдвэрлүүлэхээр болов гэсэн байна” гэж мэдээлсэн. Шуудхан хэлэхэд, энэ бол төр, засгаас эхлүүлээд англи хэл үнэгүй сурах гэж байсан хүүхэд гээд монгол хүн бүрийн хувь заяанд шууд хамаарах асуудал. Иймээс бид юуны түрүүнд хэн нэгнийгээ буруутгах гэж цаг алдалгүй атгасан гар шиг нэгдэх хэрэгтэй байна. Мөн төр, засгийнхан энэ шүүхийн хуулийн заалтуудтай зууралдаж цаг алдах хэрэггүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт ОУЭХШ-ийн дүгнэлт гарчихсан учир бидэнд одоо ямар ч хууль хэрэг болохгүй. Энэхүү Ассамблейн 124 улсын олонхын саналаар шийдвэр гарна гэсэн үг. Иймээс нэгэнт дээд чуулганы шийдвэр гарчихвал бид юу ч гэж ярьж гүйгээд “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг нь болно гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй! Маш товчоор Монгол Улс дарангуйлагч уу, эсвэл ардчилсан тогтолцоотой улс уу гэдгээ нотлох шаардлагатай болчихоод байна! Яагаад гэвэл Европын Холбоо “Сонгууль луйвардаж өөрийгөө гаргаж ирсэн В.Путиныг ОХУ-ын ерөнхийлөгч гэж тооцохгүй” гэж дэлхий нийтэд албан ёсоор зарлачихсан. Иймээс бид Европын Холбооны хувьд хууль бус албан тушаалтантай гэрээ хийж, олон улсын гэмт хэрэгтэнг баривчлах үүргээ биелүүлээгүй болж таараад байгаа юм. Иймээс Европын Холбооны гишүүн 27 улсаас биднийг Оросын дарангуйлагчийн гарт орж, ардчилсан улс гэхэд эргэлзээтэй болсон гэсэн нотлох баримтуудыг энэхүү шүүхийн Ассамблейд оролцох улсуудад танилцуулж, шийдвэр гаргуулах гэж байгаа хэрэг. Тэгвэл Монгол Улс яах ёстой вэ?
Юуны өмнө ОУЭХШ-ийн дээрх мэдэгдэлд “манай хүсэлтийн дагуу” гэж бичсэн байгаа учир юуны өмнө манай УИХ өөрөө санаачилж “Хүний эрх буюу нийтийн эрх ашигт хамаарах олон улсаас ирсэн мэдээллийг нийтэд зарлаагүй, эсвэл удааж цаг алдсан албан тушаалтанд ингэж хариуцлага тооцно” гэсэн заалтыг яаралтай хуульчлах шаардлагатай байна.
Европын Холбооны хамгийн их анхаарал татаж буй асуудал нь өнөөдөр Кремль өөрийн талын нам, тодорхой хүнээр дамжуулан ардчилсан тогтолцооны амин сүнс болох ардчилсан сонгуулийг луйвардаж, утга учрыг нь алдагдуулан том аюул учруулж буй явдал. Тэгээд ч Оросууд өөрийн авлигалын тогтолцоог Путин өөрийн улсад Монгол, Молдова, Гүрж гэх мэт ЗХУ-ын нөлөөнд байсан улсуудад хуулбарлан хэрэгжүүлж, иргэдийг нь хэргээр ядууруулж, саналыг нь өөрийн талын нам, олигархуудаар дамжуулан маш хямдхан худалдан авч буй нь тодорхой болоод байна. Иймээс Болгарын парламентын сонгуулиар авлигалын эсрэг эвсэл Оросын талын намаас хамаагүй олон санал авав. Харин Монгол Улсад Оросын талын бие даасан нам байхгүй ч намын фракц бол бий. Иймээс манай ерөнхий сайд Молдавын ерөнхийлөгч шиг Тагнуулын Ерөнхий газраар ажлыг нь хийлгэж, хийхгүй бол удирдлагуудыг нь яаралтай сольж, “Татвар төлөгчдийн мөнгөөр малчдын өрийг тэглэнэ” гэж амлан хууль зөрчиж УИХ-д сонгогдсон нөхрийг “ОХУ-ын эрх ашигт тохируулж, Монгол Улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх”, хэрэв өөрийн хөрөнгийг бусдад шилжүүлсэн бол “Бүлэглэж луйвар хийсэн” гэсэн эрүүгийн хэрэг үүсгэхэд буруудахгүй болоод байна. Харин хүний эрх зөрчин тэр нөхрийг шууд аваачаад шоронд хийж бол болохгүй. “Улсад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй гэмт хэрэгтэнг улсынхаа эсрэг террорист ажиллагаа явуулсан гэж үзэн хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг хуульчлах асуудлаар иргэдээсээ санал авах нь зүйд нийцнэ. Хамгийн гол нь үүнийг уншиж байгаа хүн бүр интернэт рүү ороод өөрийн улсыг авлигалын индексээр хэд дүгээрт, харин Европын Холбооны 27 улс хаана жагсаж байгааг нэг харчих даа! Энэ бол үнэхээр манай шударга иргэн бүрийн санааг зовоосон маш яаралтай шийдэх ёстой асуудал! Иймээс гүйцэтгэх засаглал болох манай Засгийн газар хүний эрхийг хангасан жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хамгийн гол нь амьдралд шууд хэрэгжиж эхлэх Авлигалын эсрэг хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор батлуулах шаардлагатай байна. Учир нь монголчууд бидэнд энэ бүхнийг хийж амжих буюу алдаагаа засахад яг 30 хоног байна. Цаана нь үлдсэн хэдхэн хоног нь Европын Холбооны 27 улс бидний хийж амжсан эдгээр зүйлээс үүдэн ОУЭХШ-ийн Ассамблейд танилцуулах баримтаа өөрчилж, зөөлрүүлэхэд зориулагдах болно. Учир нь Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн гишүүн 124 улсын Ассамблей ирэх 12 дугаар сард Нидерланд улсын Гааг хотноо хуралдана. Хэрэв энэ бүхнийг бид хийж амжихгүй бол Монгол Улсад дарангуйлал давамгайлж буй нь тодорхой болж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудал ганхаж, хамгийн гол нь монголчууд дотроо хуваагдан тэмцэлдэж үр дүнд нь манай улсын ардчилал улмаар тусгаар тогтнолд аюул учирна! Харин амжвал “Сохорсон биш завшив” гэгч нь болж ардчилсан тогтолцоо, иргэдийн амьдрал сайжирна.
Г.АМАРСАНАА
3 replies on “Гаагийн шүүхийн өмнө ардчилсан улс гэдгээ нотлоход 30 хоног үлдлээ DNN.mn”
МОНГОЛ УЛС 2000 ГАРУЙ ЖИЛИЙН ТҮҮХЭНДЭЭ ЗОЧНОО БАРЬЖ ХОРЬЖ БАЙСАН УДААГҮЙ. МОНГОЛЫН ЁС ЗАНШИЛД Ч ХАРШ. ОУЭХШ 200 ЖИЛИЙН ТУРШ БУСДЫН НУТАГТ ДАЙН ХИЙЖ, КОЛОНЧИЛЖ, БООЛЧИЛЖ, ХАМАГ БАЯЛАГЫГ НЬ ЗӨӨЖ БАЯЖСАН ТЭР УЛСУУДАА ЭХЛЭЭД ШҮҮГЭЭД ЯЛАА ӨГЧИХ…… ТЭГВЭЛ АРДЧИЛСАН ШҮҮХ ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЁ…… ЭС БӨГӨӨС БАРУУНЫ ХЭДХЭН ОРНЫ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ ИЙМ ШҮҮХ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ…ТАТАН БУУГДАХ ЁСТОЙ…..МОНГОЛ УЛС ҮҮНЭЭС ГАРАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ИРГЭНИЙХЭЭ ХУВЬД БОДОЖ БНА.
Монголчуудын 2000 жилийн түүхээс НҮБ суралцах ёстой гээд бн уу энэ дорх харанхуй иргэн. Хүн төрөлхтөн 2000 жил өвчин зовлон, өлсгөлөн гачаал, дайн дажин дундуур туулж, эцэстээ НҮБ, олон улсын эрүүгийн шүүх зэрэг олон байгууллага байгуулж, дагаж мөрдөх хуулиа хэлэлцэн баталж, мөрдсөн этр -ийг нулимаад зочиноо баривчилдаггүй Монголыг дуурайх гэнэ. Ха ха.,
…хэнд хэрэгтэй вэ? Жүүдүүд “Хүчитний өмнө хүчгүй нь үргэлж буруутай” хэмээн хэлдэг шиг… Ухаантай, хүчтэй байж чадаагүй л бол эх орон нэгтнээ барьж өгөх, нөгөөгөө өөрөө алж “амиа хоохойлох” нь хүмүн хэмээх “Араатан”-ы мөн чанар… Бидэнд үлдсэн сонголт…