Categories
гадаад мэдээ нийгэм

“G20” хамтарсан мэдэгдлийн талаар зөвшилцөлд хүрчээ DNN.mn

Хорийн бүлэг”-ийн (G20)  орнуудын удирдагчид Энэтхэгийн нийслэл хотноо болж буй дээд хэмжээний уулзалтын хамтарсан мэдэгдлийн талаар зөвшилцөлд хүрчээ.

Тэд хамтарсан мэдэгдэлдээ Украины дайныг хэрхэн дурдах тухай маргаантай асуудлыг зөвшилцөж чадсан байна.

“Шаргуу ажилласны ачаар бид “G20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын тунхаглалын талаар нэгдсэн ойлголтод хүрлээ. Энэхүү тунхаглалыг баталсныг зарлаж байна” гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдсэн байна. Хамтарсан мэдэгдлийн текст удалгүй нийтлэгджээ.

Уг мэдэгдэлд Украинд эхлүүлсэн Оросын дайныг буруушаагаагүй байна.

Мэдэгдэлд мөн дэлхийн бүх улс оронд НҮБ-ын Дүрмийг дагаж мөрдөж, “газар нутгийг хүч хэрэглэн булаан авахгүй байх, аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг” үйл ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ.

“G20 нь геополитикийн болон аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх талбар биш” гэдгийг мэдэгдэлд тусад нь тэмдэглэсэн байна.

Удирдагчид мөн Украины дайн нь дэлхийн хоол хүнс, эрчим хүчний аюулгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээ, макро санхүүгийн тогтвортой байдал, инфляцад сөргөөр нөлөөлж, зарим улс орны (хөгжиж буй, буурхй хөгжилтэй орнууд, “COVID-19” цар тахал, эдийн засгийн хямралаас сэргэж байгаа орнууд) улс төрийн орчныг төвөгтэй болгосныг цохон тэмдэглэжээ.

Үүнээс гадна, Украинд “шударга бөгөөд бат бөх” энх тайвныг тогтоох санаачилгыг дипломат бодлогоор дэмжихийг уриалсан байна.

Мэдэгдэлд мөн Украин, Оросын  үр тариа, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг Хар тэнгисээр аюулгүй экспортлох тухай гэрээг хэрэгжүүлэхийг уриалжээ. Уг гэрээг сунгахаас татгалзаж байгаагаа Оросын тал долоодугаар сард мэдэгдсэн юм.

“G20” нь Украины дайны талаар ихээхэн санал зөрөлдөөнтэй байгаа тул хамтарсан мэдэгдлийг баталсан нь гэнэтийн зүйл боллоо гэж “Reuters” агентлагийн мэдээнд онцолжээ. Барууны орнууд өмнө нь Оросыг хатуу зэмлэн буруушаахыг шаардаж байсан бол Хятад зэрэг зарим орон эдийн засгийн өргөн хүрээний асуудалд анхаарлаа хандуулахыг уриалж байсан юм.

Хамтарсан мэдэгдлийг дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буй Энэтхэг улс ӨАБНУ, Бразил, Индонез улсуудын хамт боловсруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *