Манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх зүйн орчин муудаж, үнэний төлөө тэмцсэн сэтгүүлчдийг хорих хуулийн төсөл бэлэн болжээ. Энэ талаар сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны доктор Г.Өнөрбаяртай ярилцлаа.
–Та сүүлийн хоёр жил хагасын хугацаанд “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн орчин муудлаа. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг дампууруулах бодлого явагдаж байна” гэж сануулах болсон. Энэ дүгнэлтээс яриагаа эхлэх үү?
-Хөгжин цэцэглэж байсан хэвлэл, мэдээллийн салбар сүүлийн хоёр жил хагасын хугацаанд уруудан доройтлоо. Сэтгүүлчид маань тив дэлхий, гадаад ертөнцөөс эхлээд улс орны нийгэм, эдийн засаг, малчны хот, шорон гяндан хүртэл явж ард түмний хүсч байгаа бүхий л мэдээллийг дамжуулдаг. Улс орны салбар бүрт ололт амжилт, асуудал бэрхшээл байгааг ил тодоор харуулж ирсэн. Харамсалтай нь өөрсдийнх нь салбар нуран унаж эхэлснийг олж харахгүй байна.
–Шууд жишээ хэлэх үү?
-Нэгдүгээрт, улс орны эдийн засгийн хямралын гол буруутан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж Н.Алтанхуягийн Засгийн газар дүгнэсэн. Хоёрдугаарт, “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй гэрээ байгуулахыг хориглосон. Гуравдугаарт, телевизүүдийг дампууруулах зорилгоор эфирийн 50 хувь нь Монгол контент байна гэсэн хууль санаачилсан. Дөрөвдүгээрт, facebook, twitter, youtube гэх мэт сошиал сүлжээг эрх баригчид өөрсдийн үйл ажиллагаанд нийцүүлэх зорилгоор “Цахим сүлжээг журамлах тухай” хуулийн төсөл санаачилсан, Тавдугаарт, Эдийн засгийн өршөөлийн хуульд авлигачдыг бичсэн сэтгүүлчдийг 5-50 сая төгрөгөөр торгоно гэж заалт оруулсан, Зургадугаарт, нилээд хэдэн сайтын үйл ажиллагааг хаасан, Долдугаарт сүүлийн хоёр жилд сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэх үйл явц огцом нэмэгдсэн, Наймдугаарт мэдээ, нийтлэл, ярилцлага, тойм гэх мэт бичлэгийн төрөл зүйлийг төлбөртэй болгохыг хориглосон Зөрчлийн хуулийг өргөн барьчихлаа. Есдүгээрт сэтгүүлчдэд эрүү үүсгэж хорих хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан. Аравдугаарт хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шаардлагатай мэдээллийг үнэ төлбөргүй, шийдвэрийн дагуу шууд явуулах хуулийн төсөл санаачилсан гээд үй түмэн зүйлийг дурдаж чадна л даа. Энэ бүхнийг өргөн утгаар нь дүгнээд, том зургаар нь харвал Монголын сэтгүүл зүйн салбарыг сууриар нь, системээр нь хорлох ажиллагаа явагдаж байна.
–Бас сүүлийн жилүүдэд гэмт хэрэгт холбогдсон сэтгүүлчдийн тоо өссөнбиз дээ?
-Сэтгүүлчдийг хорих цагдах, торгох ажиллагаа эрчимжлээ. 2005-2012 оны хооронд буюу долоон жилийн хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн нэр төр сэргээхтэй холбоотой эрүүгийн 37 хэрэг гарсан. Гэтэл сүүлийн хоёрхон жилд 21 сэтгүүлчийг ялласан тухай саяхан news.mn сайт мэдээлсэн. Энэ бол сэтгүүлчдэд түгшүүрийн харанга дэлдэж байгаа тоон үзүүлэлт.
–Та сая сэтгүүлчдийг бичсэн мэдээ, нийтлэл, ярилцлагынхаа төлөө төлбөр авахыг хориглосон хуулийн төсөл яригдаж байгаа гэж дурдсан. Энэ ямар хуулинд байгаа зохицуулалт вэ?
-Цагаан сарын өмнөхөн Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. Энэ хоёр хуулинд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой маш ноцтой заалтууд тусгагдсан. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн төслийн 10.4.3-т “мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, түгээсний төлөө төлбөр авсан бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гээд заачихсан байна лээ. Өөрөөр хэлбэл сэтгүүлчдийг төлбөртэй мэдээ, нийтлэл, ярилцлага, тойм хийж болохгүй ээ гэж хориглож байгаа хэрэг. Ардчилагчид маань хэвлэл мэдээллийн хэрэгслийн дотоод үйл ажиллагаанд хэтэрхий дураараа халдаж байгаагийн нэг илрэл юм. Үүнээс ч илүү ноцтой заалт бас бий.
–Тухайлбал?
-2014 оны төгсгөлд ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Д.Энхбаатар гэгч сонин, сайт, сэтгүүлч гурваас 300 сая төгрөг нэхэмжилсэн. Хамгийн сонирхолтой нь уучлал гуйсан мэдээг дангаар нь сониныхоо нэгдүгээр нүүрт нэг сарын турш нийтлэх, сайтыг эхний онцлох мэдээ буландаа уучлал гуйсан мэдээг нэг сарын турш гаргах, сэтгүүлчийг “Генерал Д.Энхбаатараас уучлалт гуйж байна, миний буруу” гэсэн өгүүлбэрийг бичсэн нийтлэлийнхээ мөрийн тоогоор бичиж нийтлэх гэсэн шаардлага тавьсан юм. 100 гаруй жилийн түүхтэй Монголын сэтгүүл зүйн түүхэнд битгий хэл дөрвөн зуу гаруй жилийн настай дэлхийн сэтгүүл зүйн түүхэнд ийм даварсан нэхэмжлэл байсан гэж өнөөг болтол уншаагүй л дээ. Ардчиллыг Монголд нутагшуулсан гэж бахархах дуртай энэ хүний ийм нэхэмжлэлтэй агаар нэг хуулийн төсөл УИХ-д ороод ирж байгаа нь бүүр ч анхаарал татаж байна. Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 10.4.1-т “сэрэмжлүүлэг зар сурталчилгааг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүйгээр түгээгээгүй бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ” гэж заасан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол хувийн өмч. Хувийн өмчийн үйл ажиллагаанд төр шууд хутгалдан орж байна. Бас дуртай шийдвэрээ гаргуулчихаад түүнийгээ сэрэмжлүүлэх зар сурталчилгаа нэрээрхүссэн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ явуулах эрхийг нээх гэж байна. Хэрэв гал ус, байгалийн гамшгаас олон нийтийг сэргийлсэн мэдээллийг хэлж байгаа бол түүнийг хуульчлах шаардлага байхгүй. Хэвлэл мэдээллийнхэн маань өөрсдөө сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө хамгийн түрүүнд дамжуулж ирсэн. Ийм зүйлийг хуульчилдаг улс орон гэж байхгүй.
–Тооцооны нэгж гээд та юу ярьчихав. Торгуулиа тооцооны нэгжээр хийдэг болох юм уу?
-Эдийн засаг хямраад торгуулиа хүртэл ам.доллартай уялдуулан төлдөг болох гээд байна. Өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр уялдуулдаг байсан даа. Саяхнаас Засгийн газраас өргөн барьсан хуулиудад зөрчил гаргагчийг тийм хэмжээний тооцооны нэгжээр торгоно гэсэн заалтууд явж байна лээ. Энэ том маргаан болох байх. Учир нь манай улсын хуулиар Монголдоо аливаа торгууль, худалдааг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх ёстой. “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулиар тооцооны нэгж гэдгийг “аливаа үнэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханштай уялдан өөрчлөгдөж байх үнийн саналыг хэлнэ” гэж заасан байдаг л даа.
–Шинээр өргөн бариад байгаа Эрүүгийн хуулинд туссан гүтгэх гэсэн зүйл ангийг өөрчлөх санаачилга гаргасан хүний нэг нь та. Энэ зүйл ангийг Эрүүгийн хуулиар биш иргэний журмаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байна уу?
-Олон улсын жишиг нь тийм юм. Гүтгэх гэдэг бол гэмт хэрэг биш. Тийм учраас НҮБ-ын хүний эрхийн хороо Монгол Улсын иргэний болон улс төрийн эрхийн фактуудад дүгнэлт хийгээд зөвлөмж ирүүлсэн байдаг. Уг зөвлөмжид сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар хорихгүй байхыг тусгасан юм. Бид НҮБ-ын гишүүн орны хувьд аливаа зөвлөмжийг сонсох л ёстой. Гүтгэхийг гэмт хэргийн хүрээнд биш зөрчлийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. Учир нь гүтгэхийг гэмт хэрэг гэж үзэх нь нэг талаасаа ард түмний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шүүмжлэх эрх чөлөөг хязгаарлах хөшүүрэг болж байгаа юм. Нөгөө талаасаа дарга нар, албан тушаалтнууд ард түмнийхээ эсрэг тэмцдэг, сэтгүүлчдийг гүтгэсэн гэдэг эрүүгийн зүйл ангиар нухчин дарж авч байгаа юм. Үр дүнд нь ард түмний, хяналтын дуу хоолой алга болно гэсэн үг. Ийм нөхцөлд авлига, шударга бус үйлдэл, дарангуйлал цэцэглэж, эрх мэдэлтнүүд хожиж энгийн иргэд хохирно. Шударга ёсыг сахин биелүүлэх ёстой хууль нь шударга бус үйлдлийг өөрөөсөө төрүүлэх гээд байна. Хууль шударга бус ёсны зэвсэг байж болохгүй.
–Гүтгэх гэдгийг Эрүүгийн хуулиас аваад хаяхыг улс төрчид зөвшөөрөхгүй байх. Тэгвэл ямар гарц байна?
-Зөвшөөртөл тэмцэх хэрэгтэй. Сэтгүүлчид үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө, ард түмэн мэдэх сонсох, дуулах эрхийнхээ төлөө тэмцээд түүнийгээ олж авах ёстой. Үнэний төлөө тэмцэж байгаад хоригдсон хүмүүсийг “Эрх чөлөөний хоригдол” гэсэн томьёолол байдаг. Ийм хоригдол манай улсад байж болохгүй. Тийм учраас гүтгэх гэсэн зүйл ангийг Эрүүгийн хуулиас авч хаяхын төлөө “Эрх чөлөөний хоригдол байж болохгүй” санаачилга өрнүүлж байна. Олон сэтгүүлчид нэгдлээ. Мөн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Сонины холбоо, Сайтын холбоо, Телевизүүдийн холбоо, Хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэйшнл гэх мэт төрийн бус байгууллагууд нэгдэнэ гэдэгт итгэж байна. Сэтгүүлчид маань хүчээ нэгтгэж байж Эрүүгийн болон Зөрчлийн хуулинд туссан дээрх даварсан заалтуудыг алга болгохын төлөө явах ёстой. Бас хэвлэл мэдээллийн хэрэгслийг сүйрүүлж байгаа тогтолцооны төлөө тэмцэх цаг болсон. Бүгдээрээ нэгдэж чадвал амжилтад хүрнэ. Нэгдэж чадахгүй бол ээлж дараалан дампуурлаа зарлана, торгуулна, дарамтлуулна, үйл ажиллагаагаа зогсоолгоно, шоронд явцгаана.
Гүтгэлээ гэдэг зүйл ангийг судлаад үзэхэд ихэнх тохиолдолд албан тушаалтнууд гомдол гаргасан байдаг. Тэгэхээр ард түмний өмнөөс албан тушаалд очиж байгаа бол ард түмнийхээ үгийг сонсдог, шүүмжлэлийг даадаг байх ёстой. Тэр шүүмжлэл нь хэрээс хэтэрч гүтгэлэг боллоо гэж үзэж байгаа бол тайлбар хийгээд иргэний шугамаар гомдол гаргах эрхтэй. Үнэхээр хүн гүтгэсэн бол сэтгүүлчид торгуулиад, уучлал гуйгаад, буруу үйлдэл хийснээ уншигчдадаа зарлаад, залруулаад явах ёстой. Харин үзэл бодол байр сууриа илэрхийлснийхээ төлөө шоронд орж болохгүй. Ардчиллын ийм жишиг, соёлыг л бид нутагшуулах гээд чадахгүй байна шүү дээ.
–Сүүлийн хоёр жилд хэвлэл мэдээллийн орчин муудлаа гэдгийг та олон баримтаар нотолж ярилаа. Яагаад ийм байдалд хүрэв?
-Чөлөөт хэвлэл гэдэг бол чөлөөт ард түмэн, чөлөөт ардчиллын оршин тогтнохын эх суурь гэж үздэг. Харамсалтай нь ардчиллын суурь тулгуур болсон тогтолцоог ардчилагчид нь хоёрхон жил хагасын хугацаанд л сүйрүүлчихлээ шүү дээ. АН 25 жилийн өмнө амлаж гарч ирсэн үнэт зүйлсээсээ салбар бүрт ухралт хийж байна. Би зөвхөн мэдээллийн салбарыг л ярьж байна. Ард түмнээ итгэл үнэмшилтэй байсных нь төлөө яллах дээрээ тулж хүндэрлээ. Ардчиллын суурь тулгуур салбараа ийм байдалд хүргэж байгаа хүмүүс бусад салбарт яаж хандах нь тодорхой шүү дээ. 25 жилийн өмнө ардчилал ярьж гарч ирсэн ах нар өнөөдөр ардчиллынхаа мөн чанарыг ойлгоогүй байна. Эсвэл онцгой эрх мэдэлд хүрч онцгой самуурсан байна. Энэ самуурлаас нь салгахад, ойлгуулахад сэтгүүлчид их үүрэг гүйцэтгэх учиртай.Эрх мэдэлд хүрэхдээ ардчиллын төлөө байсан. Эрх мэдэлд хүрснийхээ дараа ардчиллынхаа эсрэг болон хувирч байгаа үйлдэлтэй эвлэрч болохгүй.
М.МӨНХЦЭЦЭГ