“Podcasts and Shows whit Temka” пэйж хуудсыг үүсгэн байгуулагч, англи хэлний багш Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
Тэрээр 2016 оноос хойш дөрөв дэх жилдээ багшилж байгаа бөгөөд “Podcasts and Shows whit Temka” хуудсаараа дамжуулан залуусын англи хэлний түвшинг ахиулах, мэдлэгийг дээшлүүлэхэд түлхэц болох үүднээс видео контент болон цуврал хичээл байршуулдаг юм.
-Хөл хорионы үеэр юу хийж амжуулж байна вэ. Одоо онлайнаар хичээлээ зааж байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Би “Winner’s course” сургалтын төвийг ажиллуулдаг. Хөл хорионы үе гээд одоогоор онлайнаар 50 гаруй хүнд хичээл зааж байна.Мөн шинээр нэмж 20-иод хүн бүртгүүлсэн байгаа. Манай сургалтад ихэвчлэн анхан болон анхан дунд шатны хүмүүс англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр ирж хичээл заалгадаг.
-Аливаа зүйлийг хийхэд хувь хүний арга барил чухал байдаг. Таны хувьд гадаад хэлийг өөртөө суулгахын тулд их түлхэц болсон зүйл байв уу?
-Би зургаан настайгаасаа эхлээд “Hobbi” сургуульд сурсан. Тэнд ихэвчлэн гадаад багш нар хичээл заадаг байсан юм. Багш нараасаа Америкчууд, Англичууд ямар хэв маягаар ярьдаг болохыг мөн тэр улсын соёлыг нь мэдээд авчихсан. Түүнээс гадна манай гэр бүлийнхэн хүртэл англиар ярьдаг байсан болохоор ч тэр үү англи хэлний суурь мэдлэг, орчин нь бүрдчихсэн байсан. Тийм болохоор хэл сурахад их дөхөм байсан болов гэж боддог. Гэрийнхэн маань англиар асуулт асуухад зарим үгийг нь мэдэхгүй тохиолдолд энэ үгийг сурах шаардлагатай юм гэдэг бодол, өөрт хэрэгтэй зүйл гэж бодсоны үндсэн дээр сурсан гэхэд болно.
-Ер нь Их, дээд сургуулийн оюутан, 10 жилийн сурагчид англи хэлний хичээлийг олон цагаар үздэг ч ажлын байран дээр гараад англи хэлний мэдлэгийн түвшин гологддог. Энийг юутай холбоотой гэж үзэж байна вэ?
-Ер нь гадаад хэлийг нэгдүгээр ангиас нь заачихвал зүгээр санагддаг. Орчныг нь бүрдүүлээд өгчихвөл цаашид сурах арга барилаа өөрөө олоод биеэ даагаад хичээллэдэг. Багаас нь л гадаадаар ярихад нь дуудлагыг нь зөв заагаад, хажууд нь дэмжээд өгчихвөл хүүхэд өөрөө сонирхлоороо аливаа зүйлийг амархан сурчихдаг.
-Таны хувьд англи хэлийг ямар арга барилаар заадаг вэ?
-Миний хувьд дээр хэлсэнчлэн орчныг нь бүрдүүлж хичээлээ заах сонирхолтой. Хүмүүст 1 цаг 30 минутын хичээл заахад хангалтгүй байдаг шүү дээ. Тиймээс би хичээл эхлэхээс 30 минутын өмнө эсвэл хичээл тарсны дараа 30 минут ганцаарчилсан маягаар хичээл орох нөхцөлийг бүрдүүлж байгаа. Мөн “Speaking club” явуулж сурагчид маань бусадтайгаа болон багштайгаа ярих гээд чөлөөтэй ярих тэр орчныг бүрдүүлж хичээлээ заахыг эрмэлздэг.
-Зарим хүмүүс англи хэлний түвшингээ ахиулж чадахгүй нэг түвшиндээ гацчихаад байдаг. Ер нь түвшингээ яаж ахиулах хэрэгтэй вэ?
-Ерөнхийдөө хичээлээ өдөр болгон давтах шаардлагатай. Үүнд хүмүүсийн сурах арга барил их чухал. Анхан шатны түвшинтэй хүнд сурах арга барил бараг байдаггүй. Олон цагаар сууж, дүрмээрээ хэд хэдэн өгүүлбэр бичиж түүнийгээ ярих, унших гээд тал талаас нь туршиж үзэх хэрэгтэй. Ингэснээр ярих, бичих чадвар нь суудаг. Мөн цаашид сурах арга барил нь тодорхой болж эхэлдэг. Түвшиндээ гацсан хүмүүс маань сурах арга барилаа олоогүйгээсээ болоод гацсан юм биш харин дараагийн түвшинд очих мэдлэг эсвэл чиглэл нь дутаад байгаа болов уу гэж харж байна. Жишээлбэл, “Би өчигдөр таван цагт ажил руугаа явсан” гэх өгүүлбэрийг яаж ахисан түвшинд бичих вэ гэсэн нөөц бололцоо нь байдаггүй. Түүнийг дунд түвшнээс ахисан түвшин рүү нь чиглүүлээд өгчихвөларга барилаа амархан олно.
-Гадаад хэлийг сурахад заавал өгүүлбэрээр цээжлэх, дүрмээрээ ярих хэрэгтэй гээд өөрийгөө шахаад байдаг. Энэ зөв үү?
-Дан ганц дүрмээрээ заах ньбуруу байдаг. Хэлийг нь сургах гэхээсээилүү томъёо цээжлүүлж байна гэсэн үг. Тэгэхээр дүрэм нь ийм байдаг, тиймээс одоо хоорондоо яръж үзье гээд жишээ татаж, олон талаас нь хувиргаж байж тухайн хүүхдэд аль нь илүү үр дүнтэйг тогтоож заавал үр дүнтэй. Зарим хүмүүс ном орчуулаад, дуу сонсоод гадаад хэлийг сурчихдаг. Эсвэл ямар ч дүрэм сураагүй мөртлөө хүнтэй англиар ярьсаар байгаад утгыг нь ойлгочихдог. Ер нь аливаа зүйлийг олон талаас нь заахад багшийн арга зүй, ур чадвар их чухал л даа. Ямар ч эргэлзээгүй, түгдрэхгүй зөв ярьдаг болъё гэж бодож байгаа бол эхлээд үгийн утгаа ойлго. Түүнийгээ олон талаас нь хувиргаад цээжлээд авчих. Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль дээр очоод хүүхдүүдээс нь энэ дүрмийг мэдэх үү гэж асуухад ихэнх нь үгүй гэж хариулдаг. Тэгсэнхэдий ч англиар машсайн ярьдаг. Үүний гол шалтгаан нь хэрэглээгээрээ англи хэлийг сурчихсан байгаа юм шүү дээ. Хэрвээ багаас нь гадаад хэл заах гэж байгаа бол энэ дүрмээр ингэж бичнэ гэхээс илүүтэйгүүр энэ санааг ингэж илэрхийлнэ гэдэг байдлаар заавал илүү үр дүнтэй.
-Англи хэлээр ярихын тулд үгийн сан маш чухал байдаг. Тэгвэл бие даан суралцаж буй хүмүүс алдаагаа хэрхэн хянах боломжтой вэ?
-Хэлний түвшингээсээ хамаараадөөр өөр. Дунд түвшинтэй хүн интернэтээс тухайн үгээ хайж сонсоод өөрийнхөө алдааг олох боломжтой. Харин анхан шатны хүмүүс “I Love you” гэдэг үгийг “I Love you’re” гээд хэлчихдэг ч юм уу алдаагаа олдоггүй. Тэгэхээр “You, you’re” хоёрын ялгааг интернетээс хайж чаддаггүй гэсэн үг юм. Нэгдүгээрт, англиар унших шаардлагатай болно. Хоёрдугаарт, интернэт орчинд монгол тайлбартайгаар унших нөөц бололцоо байдаггүй. Бүгд англи хэл дээр орчуулагдсан байдаг шүү дээ. Анхан шатны хүмүүст хажууд нь чиглүүлэгч, зөвлөгч хэрэгтэй. Харин ахисан дунд юмуу дунд шатны хүмүүст зөвлөхөд өөрсдөө идэвх санаачлага гаргаад интернэтээс хайхад бүх зүйл гараад ирнэ. Ерөнхийдөө өөрийн нөөц бололцоогоо сайн ашиглаж сурах хэрэгтэй. Google-ийг ашиглаж сурахад буруудахгүй. Тэнд бүх зүйл бий.
-Хүмүүс үгийн баялгаа дээшлүүлэхийн тулд ном унших, дагаж унших, подкаст сонсох хэрэгтэй гэдэг. Таны хувьд гадаад хэлээр сайн ярихын тулдюу хэрэгтэй гэж боддог вэ?
-Гадаад хэл сурахад ярихаас өөр үр дүнтэй арга байхгүй. Зарим хүмүүс би үгээ мэдэхгүй юм чинь, дүрмээ мэдэхгүй гээд хойш суудаг. Суурьтай анхан шатны эхний дөрвөн цагаа заалгачихсан. Энгийн ярианы үгээ мэдэж байхад л ярих бүрэн боломжтой. Яараад англи хэлний мэдлэгээ хэт их дээгүүр үнэлснээс болоод алддаг тохиолдол бий.Тиймээс өөрийнхөө мэддэг үгийг эргэлтэд оруулж ашиглаад өөрийн болгох хэрэгтэй.
-Шинэ үг цээжлэхийн тулд хүмүүс өөр өөрийн арга барилыг ашигладаг шүү дээ. Таны хувьд хамгийн амархан цээжлэх арга юу вэ. Зөвлөөч?
-Би шинэ үгийг цээжлэхдээ арга техник ашиглаад байдаггүй. Харин эхлээд интернэтээстухайн үгийн утгыг хайгаад мэдчихдэг. Миний хувьд олон дахин хайж, судалж цээжилдэг. Надад шинэ үг цээжлэх систем байхгүй. Нэг өгүүлбэр уншаад тэнд гарсан зарим үгийг тоодоггүй. Харин дахин дахин гарч ирвэл миний мэдэх ёстой үг юм байна гэж мэдэх ёстой гэсэн хэрэгцээ үүссэн тохиолдолд л үг цээжилдэг.
-Гадаадад сурахаар төлөвлөж буй залуучууд хамгийн түрүүнд юунаас эхлэх хэрэгтэй вэ?
-Гадаадад сурахад хамгийн хэрэгтэй чадварууд нь мэдээж бичих болон өөрийгөө илэрхийлэх ур чадвар юм. Бичгийн байдлаар өөрийгөө зөв илэрхийлэх нь маш чухал. Яагаад гэвэл аливаа байгууллага, Их сургуульд өөрийгөө академик байдлаар илэрхийлэх шаардлага үүсдэг. Тиймээс өдөр тутмын эсээ бичихэд хэрэглэдэг “Намайг … гэдэг. Би 20 настай” гэсэн өгүүлбэрийг хэзээ ч бичдэггүй. Маш өвөрмөц үг хэллэг ашигладаг. Тиймээс хамгийн түрүүнд бичих, ярианы чадвараа л ахиулах хэрэгтэй.
-Бичих чадвараа ахиулахын тулд юун дээр анхаарах шаардлагатай вэ?
-Өдөр болгон бичих хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг сайн хийхийн тулд өдөр бүр шантарсан ч хамаагүй хичээнгүйлэн хийгээд бай. Хүн ер нь шантраад ирэхээр сурахаа болино гэсэн үг биш. Бүх зүйлийг өдөр бүр давтаад байвал сурах нь тодорхой шүү дээ. Гэхдээ нэг өгүүлбэрээ өдөр болгон давт гэсэн үг биш юм. Хүмүүст удаан хугацаанд сууж суралцах тэвчээр байдаггүй. Эцсийг нь үзээгүй байж замын дундаас шантардаг их буруу зуршилтай.
-Ихэнх залуус хэлний мэдлэгээ хангалттайхэмжээнд бэлдээгүй байж IELTS, TOFEL –ын шалгалт өгөх гэж яардаг юм шиг санагддаг?
-Ер нь өөрийгөө эртнээс бэлдээгүй байж шалгалт өгөх нь мөнгөний гарз л гэж хэлмээр байна. Зүгээр л түвшингээ тогтоох гэж шалгалт өгчихдөг. Тэр шалгалт өгөх мөнгөөрөө хэлээ дээшлүүлэх ном авдаг ч юм уу, эсвэл сургалтад суух бүрэн боломжтой байдаг. Илүү сайжирч байж шалгалт өгөх хэрэгтэй.
-Англи хэлийг хамгийн хурдан хугацаанд сурах арга бий юү?
-Энэхүү асуултыг хүн болгон асуудаг. Би сургалтад хамрагдаж уй залуучууддаа зориулж нэг чалленж эхлүүлчихсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр “Winner’s 30 days challenge” юм. Энэ нь өдөрт таван зүйлийг 30-н өдрийн турш тасралтгүй хийх юм. Үүнийг хийгээд эхэлчихсэн хүмүүс нэг түвшин, хоёр түвшин ахисан, мэдлэгээ бататгаж авсан, өдөр болгон бичих, ярих дадалд суралцсан гэсэн эерэг сэтгэгдэлтэй байдаг шүү. Энэхүү чалленж нь өдөрт 20 минут англиар ярих, 20 минут өөрийнхөө англиар яръж буй дуут бичлэг хийж сонсох, 200 үгтэй текст бичих, 10 хуудас ном унших эсвэл цагийн турш подкаст сонсох гэсэн зүйлүүдийг хийнэ. Ингэснээр өөрийн ярианы болон бичгийн мэдлэгээ дээшлүүлэхээс гадна илүү их сайжрах бүрэн боломжтой.
-Анхлан суралцагчид болон хэлний мэдлэгээ дээшлүүлж буй залууст зориулж зөвлөмж өгөөч?
-Хэрвээ гадаадад суралцахаар төлөвлөж байгаа бол ямар нэг компанид ажиллахаар бэлдэж байгаа бол эртнээс бэлд. Энэ их хүнд даваа шүү. Нэг жилийн дараа юм чинь дөхөөд ирэхээр бэлдэнэ гэж огт бодож болохгүй. Таниас илүү бэлтгэл сайтай хүн урд чинь гараад хамаг боломжийг чинь авчихна. Тиймээс шантрахгүйгээр одооноос эхлээд бэлд.
Сонирхуулахад, дараах түргэн хэллэгийг хэлснээр англи хэлний үгийг зөв дуудах, амны хайрцгийг зөв ашиглахад туслана гэв.
Амархан: How much wood would a wood chuck chuck if a wood chuck could wood?
Дунд: A loyal warrior will rarely worry why we rule
Хүнд: Give papa a cup of proper coffee in a copper coffee cup