Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Г.Сүхчулуун: Тарвагатайн нуруунд байрласан халиун буга 20 хоногийн хугацаанд 480 км зам туулж Баянхонгорын Их Богдод очсон байна DNN.mn

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтний лабораторийнхон Хустайн болон Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран халиун бугын шилжилт хөдөлгөөн, нүүдлийн зам, холбоос нутгийг илрүүлэх судалгаа хийсэн байна. Энэ талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрхлэгч Г.Сүхчулуунтай ярилцлаа.


-Танай хамт олон Хустайн болон Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт идээшилж буй халиун бугын шилжилт хөдөлгөөнийг судалсан гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Хэр удаан тандалт судалгаа хийв?

-2010 оны судалгаагаар халиун буга 16,350 байгааг тогтоосон. Бид “Зарим тусгай хамгаалалтай газруудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө” гэсэн төслийн хүрээнд Хустайн нуруу болон Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран халиун бугын шилжилт хөдөлгөөн, нүүдлийн коридор, холбоос нутгийг илрүүлэх судалгааг 2019-2020 онд хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын хүрээнд унтуулах болон тор татах аргаар Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт дөрвөн халиун буга, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт зургаан халиун буга барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлгэж ажигласан.

-Тус дохиолол нь халиун бугыг ямар нэгэн хөдөлгөөн үзүүлэхэд л мэдээлэл дамжуулах уу?

-Халиун буганд зүүсэн тус сансрын дохиолол нь дөрвөн цагийн зайтай байршлын мэдээллийг дамжуулдаг. Ерөнхийдөө эдгээр буга өөрсдийн байрлаж буй байгалийн цогцолборт газраасаа хол давж яваагүй тэр хавийн ой мод, уул хадтай газруудаар явж байсан. Халиун бугын хоногийн шилжилт хөдөлгөөн Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт дунджаар 490м, эзэмшил нутгийн хэмжээ 144-242 км2, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт 450м, эзэмшил нутгийн хэмжээ 36-51 км2 талбайг эзэлдэг. Харин Тарвагатайн нуруунд байсан нэг буга маань 480км зам туулан Баянхонгор аймгийн урд хэсэгт байдаг Их Богд ууланд очсон.

-Тухайлбал тус халиун буга ямар ямар газруудаар явж хүрсэн бэ?

-Тарвагатайн нурууны Солонготын даваа орчимд хүзүүвчилсэн халиун буга Тэрхийн цагаан нуур хүрч, Тарвагатайн гол нурууг дамнан Отгонтэнгэрийн зүүнээс урагш Их Богд уул руу Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Баацагаан зэрэг сумдын нутгийг дайран 20 хоногийн хугацаанд ойролцоогоор 480 км замыг туулан Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт нутаглаж байна. Төсөл хэрэгжих хугацаа дууссан ч сансрын дохиолол бүхий хүзүүвчтэй халиун буга цэгэн байршлын мэдээллээ одоог хүртэл дамжуулсаар байгаа.

-Өмнө нь ийм төрлийн сансрын дохио мэдрэгчийг ашиглаж байсан уу?

-Ер нь буга гэдэг амьтан хаашаа явж нүүдэллэдэг, ямар улиралд хаана очиж байгааг судлах зорилготой дохиолол зүүлгэсэн. Өмнө нь тодорхой хэмжээнд бугын байршил маршрутын дагуу явж судалдаг байсан. Одоо техник техногийн дэвшлийг ашиглан дэлгэцэн дээрээс шууд хянаад мэдчихдэг болсон. Цаашид энэ төрлийн судалгааг өөр зүйл амьтад дээр суурилж хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Манай оронд бугын хичнээн төрөл зүйл байдаг вэ?

-Манайд зөвхөн халиун бугын төрөл зүйл л байдаг. Хангай, Хэнтий, Хөвсгөл, Монгол алтай, Их хянганы ойт бүх нутагт нутагладаг. Сүүлийн жилүүдэд халиун бугын тоо толгой манай орны газар бүрт өсөх хандлагатай байгаа. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор халиун бугыг ховор амьтны жагсаалтад оруулсан бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрлөөр агнадаг болсон. Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг бүр хориглосон байгаа.

-Буга урамдахыг сонссон хүний нас уртасдаг гэдэг. Одоо бол бугын урамдаан дууссан байх, тийм үү? -Нас бие гүйцсэний дараа эвэрний салаа нэмэгдэхгүй, харин эвэр угнаасаа эхлэн жилээс жилд бүдүүрч томрон илүү хүчирхэг болдог нь орооны үед бусад эрэгчингээс илүү “согоо буюу эмэгчин” хураах боломжийг нэмэгдүүлдэг. Орооны үе болох намар есдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийг дуустал эрэгчин уртаар уянгалсан дуу гаргахыг “урамдах” гэдэг. Одоо буга урамдах үе нь ерөнхийдөө дуусчихсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *