Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Судалгаа шинжилгээний албаны дарга н.Дуламсүрэн, Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар н.Сүх-Очир, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр тэргүүтэй албаныхан оролцов. Тэд мэдээлэл хийх үеэрээ Г.Шийлэгдамба, П.Цогтбаатар, Г.Дэнзэн, Н.Энхбаяр нарын хэргийн талаар тайлбар өгсөн юм.
Г.ШИЙЛЭГДАМБЫН МЭДЭЭЛЛЭЭР П.ЦОГТБААТАРЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
ЭХ ОРОНДОО ИРЖ, ХЭРГИЙНХЭЭ ТАЛААР ЯРЬСАН ЗҮЙЛГҮЙ
Мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хэрэгтэй холбоотой эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгааг дуулгаад, “Анх цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн Улсын ерөнхий прокуророос АТГ-т харьяалал тогтоогоод цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулаад мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Интерполоор эрэн сурвалжлагдаж буй хүмүүс эх орондоо ирэх талаар мэдээлэл цацагдсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар эх орондоо ирж, хэргийнхээ талаар ярьсан зүйл байхгүй. Тиймээс эрэн сурвалжлах ажиллагаа хуулийн дагуу олон улсын хэмжээнд үргэлжилж байна. Тухайн этгээдүүдийн амьдарч буй улс оронтой Монгол Улс эрхзүйн харилцан туслах гэрээтэй тохиолдолд эргүүлэн авчрахад саадгүй. Ийм гэрээгүй тохиолдолд тухайн улсаас Монгол Улсад авчирч өгөхөөс өөрөөр бид очиж барих боломж тааруу” гэсэн юм.