Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Сайханбаяр: Бага бууны сумны үйлдвэр бэлэн болсон, ирэх намраас сумаа үйлдвэрлэнэ DNN.mn


Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай Зэвсэгт хүчний түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”ийн босгон дээр ярилцлаа.


-Таны хувьд Батлан хамгаалахын сайдаар томилогдоод гурван жил өнгөрчээ. Энэ бол багагүй хугацаа. Салбартаа олон жил ажилласан, салбараа сайн мэддэг, цэргийн хүний хувьд өнгөрсөн жилүүдэд салбарынхаа гүнд нь орж ажилласан байх. Өнөөдөр эргээд харахад дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хэр ойрхон түвшинд хүрсэн гэж үзэж байна?

-Би 2020 оны долдугаар сард Батлан хамгаалахын сайдаар томилогдож, хоёр жил долоон сар орчим болжээ. Бас ч багагүй хугацаа юм. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-тэй уялдан батлагдсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” зэрэгт батлан хамгаалах чиглэлээрх зорилт, арга хэмжээнүүдээ нарийвчлан тодорхойлон тусгах, улмаар хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч ирсэн. Энэ ч үүднээс саяхан бидний гаргасан дээрх баримт бичгүүдийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний үр дүн өндөр хувьтай хэрэгжиж байна гэсэн тооцоо, судалгаа гарсан байна лээ.

-Танай намын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Батлан хамгаалах салбар ямар байдлаар оролцож явна вэ?

-Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Батлан хамгаалах салбар тус бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Боомтын сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт гэсэн таван багц асуудлын зургаан зорилт, үйл ажиллагааны хүрээнд 10 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Ямар арга хэмжээг хэрэгжүүлж байгаагаа товчхон тодорхой тайлбарлахгүй юу?

-Тухайлбал, Боомтын сэргэлтийн хүрээнд үндэсний төмөр замын сүлжээг өргөтгөж, транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх, боомт хүртэлх зам, харилцааг сайжруулж, тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлан оролцож ирсэн. Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн ангиуд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын доод, дээд бүтцийн ажил, Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох 17.5 км хүнд даацын авто зам зэрэг улс орныг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудад голлох үүрэг гүйцэтгэснийг та мэдэж байгаа байх. Улмаар хоёр дахь том төсөл болох “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэг жил хүрэхгүй богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэн ашиглалтад оруулаад байна. Энэхүү төмөр замууд ашиглалтад орсон нь Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа шинэ төмөр замын бүтээн байгуулалтуудыг монголчууд бид хийж чадсан гэдэг агуулгаараа түүхэн ач холбогдолтой болсон. Мөн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын Цогтцэций дэх өртөөний барилга угсралтын ажил, “Улаанбаатар-Дархан” чиглэлийн авто замын 30 байрлалд хоолойн барилга угсралт, 25 км-т далан барих, суурийн материал тээвэрлэх ажлыг бүрэн гүйцэтгэсэн бол 144.9 км “Богдхан төмөр зам” төслийн доод бүтцийн барилга угсралтын трассыг хүлээн авч, материалын судалгаа хийх, төгсгөл хэсгийн 37.5 км-ийн далангийн ажлыг хийж байна.

-Үнэхээр таны хэлдэгээр хүнд хүчир ажлуудыг цэргүүд маань нугалж байгаа нь үнэн. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” хөдөлгөөнд зэвсэгт хүчин чамгүй хүчээр оролцож байгаа. Одоогийн байдлаар цэргүүд маань хичнээн хэмжээний мод тариад байна вэ?

-Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбар хамгийн тэргүүн эгнээнд нэгдэн орж, цэргийн анги, байгууллагуудаа түшиглэн нийт долоон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Бид 2030 он гэхэд 27 сая гаруй модыг тарьж ургуулахаар тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ чиглэлээр хүн хүчний болоод мод, бутны суулгацын тодорхой нөөцийг бий болгож эхэлсэн. Өнгөрсөн онд л гэхэд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хэрэгцээт тарьц суулгацаар хангах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэж, сурган дадлагажуулах зорилгоор “Мод үржүүлэг-агро экологийн сургалтын төв”-ийг Зэвсэгт хүчний хоёр ангийн харьяанд 28 га мод үржүүлгийн талбай болон Мод үржүүлгийн газрыг Зэвсэгт хүчний дөрвөн ангийн харьяанд нийт 21 га талбайд тус тус байгуулж, 217 мянга гаруй мод, бут сөөг, сөөгөнцөрийг тарьж ургууллаа. Тэгвэл энэ онд Зэвсэгт хүчний гурван ангид есөн га талбайд мод үржүүлгийн талбай байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

-Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар хийж хэрэгжүүлсэн ажил юу байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг хоёр ч удаа оруулснаар батлан хамгаалах тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс шинэчлэгдэж, Зэвсэгт хүчний бүтэц шинээр тодорхойлогдож, Монгол Улсын иргэн хуулийн дагуу цэргийн алба хаах эрх зүйн харилцаа боловсронгуй болж, баталгааг дээшлүүлсэн. Засгийн газрын тусгай сангийн төрөлд багтдаг “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн нийтлэг харилцааг Зэвсэгт хүчний тухай хуулиар зохицуулах эрх зүйн зохицуулалттай болгосон. Нөгөөтэйгүүр цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг таван жил тутам олгох, цэргийн дээд офицер цолтой цэргийн алба хаагч тэтгэвэр тогтоолгосон бол түүнд урьд эрхэлж байсан албан тушаалын цэргийн цолны цалинг харьяалсан үндсэн байгууллага сар бүр олгох гэсэн зохицуулалтуудыг нэмэлтээр тусгаж шийдвэрлүүлэхээр бэлтгэж байна.

-Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна гэж Үндсэн хуульдаа заасан байдаг. Өнөөдөр Зэвсэгт хүчний хөгжил ямар түвшинд байна вэ?

-1992 оны Үндсэн хуульд “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн үүрэг мөн” болохыг тунхаглаж, таны хэлсэнчлэн “Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна” хэмээн тодорхойлж, иргэн бүр эх орноо батлан хамгаалах, цэргийн алба хаах үүрэгтэйг хуульчлан баталгаажуулснаар Монгол Улсын батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэлийн эрх зүйн үндсийг тавьсан. 1990-ээд оны эхээр тайван цагт улс орныхоо батлан хамгаалах хэрэгцээ, шаардлага, эдийн засгийн боломжид нийцсэн “Цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байна” гэж тодорхойлсны дагуу төр, засгийн өмнө нэн шинэ үеийн Зэвсэгт хүчнийг байгуулах, бэхжүүлэх томоохон зорилт тавигдаж, түүний хүрээнд бүтэц, зохион байгуулалтыг нь хураангуйлах, тайван цагт байлдааны, сургуулийн болон хураангуй бүрэлдэхүүн бүхий холимог зохион байгуулалтад шилжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг. Үндсэндээ мэргэжлийн чиг хандлагатай, цомхон, чадварлаг Зэвсэгт хүчин байгуулах зорилт 2000 он гэхэд үндсэндээ хангагдаж, цомхон гэдэг зорилт бол төрийн бодлогын хэмжээнд тавигдах асуудал биш байна гэж үзээд мэргэжлийн чиг хандлагатай чадварлаг зэвсэгт хүчинтэй болох нь зүйтэй юм байна гэсэн концепцийг 2000 оноос дэвшүүлж, 2015 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн.

-2015 оноос “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгээ УИХ-аар батлуулж, батлан хамгаалахын эрх зүйн хоёр дахь шинэчлэлийг эхлүүлж байсан гэдэг…?

-Тийм ээ. Тус баримт бичигт Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхыг бодлогын баримт бичгээрээ тунхаглаж өгсөн. Үүнийг дагаад Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэж байгаа үүрэгт нэлээд томоохон өөрчлөлтүүд орсон. Шинэчлэгдэн батлагдсан бодлогодоо тулгуурлан бид бүхэн Батлан хамгаалахын багц хуулиудаа боловсруулан УИХ-аар 2016 онд батлуулж чадсан. Энэ нь Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн түүхэн арга хэмжээ болсон гэж үзэж болно. Энэхүү эрх зүйн шинэчлэлээр Зэвсэгт хүчнийг “Хуурай замын цэрэг” болон “Агаарын цэрэг”-ээс бүрдэхээр хуульчилж, “Мэргэжлийн цэрэгт суурилсан” байх зарчмыг тодорхойлсон. 2020 онд батлагдсан Зэвсэгт хүчний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Зэвсэгт хүчин нь дээрх хоёр төрлийн цэргээс гадна “Тусгай хүчний цэрэг”, “Кибер аюулгүй байдлын цэрэг” болон “Барилга-инженерийн цэрэг”-ээс бүрдэхээр хуульчлагдсан. Ингэснээр Зэвсэгт хүчин улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил, цэцэглэлтэд оруулах хувь нэмрээ өргөжүүлж, Барилга-инженерийн төрлийн цэрэгтэй болсны зэрэгцээ даяаршиж байгаа аюулгүй байдлын олон талт асуудалд сонор сэрэмжтэй байх Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын мэргэжлийн цэргийг бий болгож, өндөр хөгжилтэй улс орнуудын цэрэг армийн хөгжлийн түвшинтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж, Зэвсэгт хүчний хөгжлийн түвшинг урьд байгаагүйгээр ахиулсан түүхэн үйл явдал болсон. Өнөөдөр Зэвсэгт хүчин төрдөө, ард түмэндээ байнга хэрэгтэй байж, байнга хүчин зүтгэж байх ёстой гэсэн философи, үзэл баримтлалтай ажиллаж байна. Хэзээ нэгэн цагт хэрэгтэй биш байнга хэрэгцээтэй Зэвсэгт хүчин байна гэсэн үг. Тэр утгаараа өнөөдрийн байдлаар манай Зэвсэгт хүчин дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Зэвсэгт хүчин болон хөгжиж байгаа гэдгийг Батлан хамгаалахын сайдын хувьд нүүр бардам хэлье. Бид Монгол Улсын Зэвсэгт хүчнийг 2050 он гэхэд цэргийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчин болсон байна гэж “Алсын хараа”-гаа тодорхойлоод байгаа. Өнөөдөр хууль ёсоор Зэвсэгт хүчний бүтэц дотор манай Хуурай замын цэргийн хүчин, Агаарын цэргийн хүчин, Кибер цэргийн хүчин, Тусгай хүчний цэргийн хүчин, Барилга-инженерийн цэргийн хүчин орохоос гадна дайны байдлын үед хилийн болон дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагууд Зэвсэгт хүчний бүтцэд шууд ордог хууль эрх зүйн зохицуулалттай болсон. Энэ нь тайван цагт тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг дээрх байгууллагууд улс оронд аюул, занал тулгарсан үед батлан хамгаалах нэгдмэл тогтолцоонд орж, улс орноо батлан хамгаалах үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь хамтдаа хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

-2018 онд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсан. Тус хуульд Монгол Улсын иргэд, байгууллага бүр орон нутгаа хамгаалах үүрэгтэйг заасан байдаг. Өнөөдөр Орон нутгийн хамгаалалтын тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаа вэ?

-Ер нь улс орноо хамгаалах нь Зэвсэгт хүчний үүрэг хэдий ч өнөөгийн дэлхий дахинд өрнөж байгаа цэрэг-улс төрийн нөхцөл байдал, явагдаж байгаа дайн, зэвсэгт мөргөлдөөний шинж чанараас харахад нэг зүйл тодорхой ажиглагдаж байгаа юм. Тухайлбал, хамгийн сүүлийн ОХУ-ын Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны өрнөлөөс дүгнэлт хийхэд аливаа улс өөрийн орны газар нутгаа хамгаалахдаа нутаг дэвсгэрийн хамгаалалтад тулгуурлаж байгаагийн зэрэгцээ үүнд иргэд нь сайн дураар оролцох тогтолцоо нь үр дүнд хүрэх болсон байна. Энэхүү тогтолцоог хуульчлах ажлыг цэргийн удирдлагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулж, 2018 онд Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийг УИХ-аар батлуулж байсан. Хуулийн гол үзэл санаа нь Орон нутгийн хамгаалалтын удирдлага, зохион байгуулалтын гол субъект нь бүх шатны Засаг дарга, хэрэгжүүлэх нөөц нь тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хүч нөөц, хэрэгжүүлэх хүч хэрэгсэл нь бүх шатны байгууллага, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан хамтын ажиллагаа гэж тодорхойлсон.

Энэ нь Батлан хамгаалах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болж, тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах учиртай юм. Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх, тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах чиглэлд яамны зүгээс нэлээд арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд тухайн орон нутгийн удирдлага ч ихээхэн анхаарал хандуулж эхлээд байгааг хэлэх нь зүйтэй байх.

-Батлан хамгаалах салбар улс орны бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцохын зэрэгцээ цэргийн шинжлэх ухаан, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар чамгүй ажлыг хэрэгжүүлж эхэлсэн гэж сонссон. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Батлан хамгаалах салбар төр, засгаас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, арга хэмжээний хүрээнд Цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар батлан хамгаалах эрх ашигт нийцсэн цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дараагийн шатны туршилт, судалгаа, сайжруулалтын ажлыг эрчимтэй хэрэгжүүлсээр байгааг дээр цухас дурдсан. Зэвсэглэл, цэргийн техникээ шинэчлэхдээ гадаадын орны цэргийн техникийг худалдан авах эсвэл тусламжид тулгуурлах бус өөрсдийнхөө нөөц бололцоо, хөгжингүй орнуудад суралцаж, орчин үеийн цэргийн техник, технологийн суурь мэдлэгийг эзэмшсэн офицеруудаа түшиглэн орчин үеийн технологийн ололт, шийдлийг тодорхой хэмжээнд нутагшуулан нэвтрүүлэх, дотооддоо цэргийн техник үйлдвэрлэх, удаан хугацааны хадгалалтад байгаа зэвсэглэл, цэргийн техникийг сэргээн сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал, туршилт-судалгаа явуулж монгол хүн зэвсэглэл, техникээ өөрсдөө хийх боломжтой гэдгээ олон нийтэд харуулж, өмнө дурдсанчлан Зэвсэгт хүчний 100, 101 жилийн ойг угтан цэргийн зориулалттай хөнгөн хуягласан болон тусгай зориулалтын байлдааны машины эхний загваруудаа дотооддоо үйлдвэрлэсэн. 2023 онд сайжруулалтыг хийж дахин тодорхой тооны тусгай зориулалтын машиныг үйлдвэрлэхээр ажиллаж байна. Мөн агаарын довтолгооноос хамгаалах хяналтын системийнхээ техник хэрэгслийг сайжруулах замаар радиолокацийн станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн болон холбооны бэлэн байдлыг нэмэгдүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Бидний өмнө туршилт судалгааны ажлуудаа улам эрчимжүүлж, дараагийн сайжруулалт, инноваци шингэсэн загвар бүтээлүүдийг гаргаж авах, патентжуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улмаар Зэвсэгт хүчинд ашиглах гэсэн олон үе шат бүхий ажлууд хүлээгдэж байна. Мөн дээрх төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллах инженер, техникийн мэргэжлийн алба хаагчдыг сургаж бэлтгэхэд онцгойлон анхаарч, хамтын ажиллагаатай улсуудтай тухайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр ажиллах хэрэгцээ, шаардлага үүсэж байгаа. Цаашид Туршилт-судалгааны төвүүдээ бэхжүүлж, орчин үеийн технологийн ололт, шийдлийг нутагшуулан нэвтрүүлж, удаан хугацааны хадгалалтад байгаа зэвсэглэл, цэргийн техникийг сэргээн сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх болно.

-Тодорхой бодлогын асуудлыг та ярилаа. Танаас салбар толгойлж яваа сайдын хувьд нэг зүйлийг дахиад асууя. Бид сумаа хэзээнээс үйлдвэрлэж эхлэх вэ. Сумтай байж л Үндэсний аюулгүй байдал бүрэн хангагдана биз дээ?

-Бидний бас нэг төлөвлөж байгаа том ажлын нэг бол “Бага бууны сумны үйлдвэр”-тэй болох асуудал юм. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрийн барилга бэлэн болсон, ирэх намар гэхэд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулж, сумаа үйлдвэрлэнэ. Тус Сумны үйлдвэр ашиглалтад орсноор Зэвсэгт хүчний сумны хэрэгцээг хангаад зогсохгүй төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хэрэгцээт сумыг хангах боломжтой болох чухал ач холбогдолтой юм. Таны хэлдэг зөв. Бид сумтай байж аюулгүй байдлаа хангах боломжтой болно. Тиймээс энэ том ажлыг бид хэдийнэ эхлүүлсэн. Үйлдвэрлэх үе шат руугаа ирэх намраас орно.

-Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа ямар байдлаар өргөжин тэлж, хөгжиж байна вэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин нь 21 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор Зэвсэгт хүчнээс нийт 21.000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгүүлж, өнөөдрийн байдлаар дэлхийн долоон улсын нутаг дэвсгэрт явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд 900 гаруй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй биелүүлж байна. Энэ ч утгаараа манай улс НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудаас эхний 24-т, Зүүн Өмнөд Азийн орнуудаас нэгдүгээрт жагсдаг нь маш том амжилт юм. Цаашид энхийг сахиулах ажиллагааны оролцоог нэмэгдүүлэхэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлагаас анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Үнэлгээ, зөвлөмжийн багт “Түргэн байрлах хүчний рот”, “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”, “Инженерийн рот”, хоёр дахь “Мотобуудлагын батальон”-ыг амжилттай шалгуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чадавхын бэлэн байдлын системд бүртгүүлж, эдгээрээс “Түргэн байрлах хүчний рот”, “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийг эхний ээлжинд ажиллагаанд шинээр оролцуулах бэлтгэлийг хангах тухай асуудлыг Засгийн газрын болон ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулан бэлтгэл ажлыг хангаж байна.

-Өнгөрсөн оноос эхлэн цахим орчинд цэргийн албаны тухай тэр дундаа алба хаах хугацааны өөрчлөлттэй холбоотой мэдээлэл цацагдаж эхэлсэн. Үүнд та салбарын сайдын хувьд тайлбар хэлэхгүй юу?

-Дэлхийн ихэнх улс орнуудын Үндсэн хуульд “Эх орноо батлан хамгаалах нь иргэн бүрд ногдсон үүрэг мөн” гэж тодорхойлон иргэдийг түр хугацааны цугларалтаар бэлтгэж оногдуулан бүртгэх, хугацаат цэргийн албанд татаж дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэх гэсэн үндсэн хоёр төрлөөр хэрэгжүүлж байна. Дайчилгааны нөөцөө хугацаат цэргийн албаар нөхөн хангах тогтолцоотой улсуудын хувьд заавал алба хаах хугацаа нь зургаан сараас гурван жил хүртэл байгаа. Дэлхийн улс орнуудад хугацаат цэргийн алба хаах хугацаа дунджаар 18-24 сар гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд хугацаат цэргийн алба хаах хугацаанд 1925 оноос 1987 оны хооронд таван удаа өөрчлөлт оруулж 2-5 жил хүртэл хугацаагаар алба хааж байсан бол зургаа дахь өөрчлөлтийг 1992 онд батлагдсан “Бүх нийтийн цэргийн үүргийн тухай” хуулиар оруулж 12 сар буюу нэг жил байхаар хуульчлан тогтоож одоо ч мөрдөгдөж байна. Таны хэлж байгаачлан цахим орчинд хугацаат цэргийн албаны алба хаах хугацаатай холбоотой мэдээлэл үе үе цацагдаж, зарим судалгааны байгууллагуудаас судалгаа явуулж буй асуудал байгаа.

-Тэгэхээр цэргийн алба хаах хугацаанд өөрчлөлт оруулахаар судалж байгаа хэрэг үү?

-Ер нь бол нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, цэргийн сургалтын хөтөлбөр, агуулгад гарсан өөрчлөлт, хугацаат цэргийн алба хаасан иргэнд давуу эрх, хөнгөлөлт, урамшуулал олгох чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд цэргийн эрдэмтэн, судлаачидтайгаа хамтран судалгаа, шинжилгээний ажлыг хийгээд явж байна. Энэ асуудал нь нийгэм, эдийн засагтай, цэргийн насны залуусын амьдрал ахуйтай холбоотой тул маш нарийн тооцоо, судалгаан дээр үндэслэж гаргах, онцлон хэлэхэд энэ ажлын үр дүн нь цор ганц хугацааны тухай асуудал биш гэдгийг ч ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад жилд ойролцоогоор 25 мянга орчим иргэн цэргийн алба хаах насанд хүрч, нийт 200 мянга орчим цэргийн насны залуучууд байна гэсэн статистик судалгаа гардаг хэдий ч тэдний маш бага хувь нь цэргийн алба хааж байна. Ер нь бол Үндсэн хуулийн Арван долдугаар зүйл дэх Монгол Улсын иргэний үндсэн үүрэгт “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” гэж заасан байдаг ч энэ заалт хэрэгжихгүй байна. Цаашид цэргийн алба хаах хяналтын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх, иргэн бүр цэргийн алба хаах тогтолцоонд шилжихгүй бол цэргийн бэлтгэл нөөцийн, тэр дундаа цэргийн нарийн мэргэжлийн бүрэлдэхүүний хомсдолд орох нөхцөл байдал үүсэж эхэлсэн. Энэ асуудалд төрөөс онцгойлон анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

-Орчин үеийн залуусын хандлага, бие бялдрын хөгжил дорой болсны нэг шалтгаан нь цэргийн алба хаадаггүйгээс болдог гэж ойлгох уу?

-Өнөөгийн нийгэмд цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, бие бялдар, хүмүүжил, төлөвшил ихээхэн анхаарал татаж байгааг нийгмээрээ мэдэж байгаа. Иймд цэргийн албаар дамжуулж залуучуудын хандлагыг өөрчлөх, эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, тэсвэр хатуужил суулгах, цэргийн болон энгийн мэргэжил, мэдлэгтэй болгох, өөрөөр хэлбэл хугацаат цэргийн албаны бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал юм аа. Тиймээс тогтолцооны шинэчлэл хийж, цэргийн алба хаах хугацаа, сургалтын үечлэл, хөтөлбөр, агуулгад өөрчлөлт оруулах замаар хугацаат цэргийн албанд чанарын бодит өөрчлөлт хийх бодлогыг баримтална.

-Цэрэгт явах залуучууд цөөрсөн гэлээ. Нэг талаасаа нийгэм цаг, үеэсээ шалтгаалж байгаа боловч нөгөө талаасаа цэрэгт явбал зодуулна гэсэн ойлголт залуучуудын дунд бий болж. Цэргийн албанд гэмтэж бэртэх, эсвэл өөрийнхөө амийг хорлох хэмжээнд хүртлээ сэтгэл санааны дарамтанд орох асуудлууд гарч нийгэмд цэргийн албаны талаарх сөрөг мэдээллүүд их гарах болсон. Та мэргэжлийн хүний хувьд, нөгөөтэйгүүр цэрэг, армийн зовлон, жаргалыг сайн мэдэх хүний хувьд энэ чиглэлд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Миний бие сайдын албанд томилогдоод эхний ээлжинд салбарын хэмжээнд сахилга, хариуцлага, дэг журмыг бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, энэ талаар цөөнгүй ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зорин ажиллаж ирсэн. Эдгээрээс дурдвал, Сайдын эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх бодлогыг баримталж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 58 дугаар тогтоолоор Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албыг шинэчлэн байгуулж, үйл ажиллагаа нь жигдрээд байна. Мөн Дэд сайдаар ахлуулсан “Батлан хамгаалахын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийг ажиллуулж байгаа. Үүнээс гадна “Батлан хамгаалах – Иргэний хяналт 1800-1144” тусгай дугаар ажиллаж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэхүү тусгай дугаараар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, цэргийн нэгтгэл, анги, салбартай холбоотой аливаа мэдээллийг нээлттэй, 24 цагийн турш хүлээн авснаар бид бүхэнтэй холбоотой иргэдийн санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Энэхүү утсанд маш олон санал, хүсэлт ирж тухай бүр надад танилцуулагдаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж, тодорхой үр дүн гарч байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг “Хяналтын камер”-тай болгох ажлыг хэрэгжүүлж, хугацаат цэргийн алба хаагчидтай ангиудыг бүрэн камержуулж, хяналтыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Уг асуудал ч бас үр дүнгээ өгч байгаа. Дээрх болон бусад олон ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажилласны дүнд 2020 оны наймдугаар сарыг өнөөдрийн энэ үетэй харьцуулахад, сахилгын зөрчил 84.4 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Бидний хийсэн ажил багагүй бий, миний болоод шат дараалсан захирагч, дарга нараас ажил, үүргийн хувьд өгч байгаа сануулга, үүрэг, чиглэл, даалгавар ч багадаагүй. Харин бид алдаа, хэрэг, зөрчил гарахгүй байх хөрс суурийг нь бүрдүүлэхэд анхаарч байна. Нийгэмд болж бүтэхгүй олон асуудлууд байгаа нь ч дээрх асуудалд нөлөөлж байгаа тал бий. Дээрхээс гадна Сайдын ажлыг хүлээн авснаас хойш салбартаа “Хандлагаа өөрчилж, хариуцлагаа дээшлүүлье” гэсэн уриалгыг дэвшүүлж, шат шатандаа эерэг хандлагыг төлөвшүүлэхээр нэлээд өндөр шаардлагыг тавьж байгаа. Аливаа зүйлд хандах хандлага нь тухайн хүний мөн чанарыг тодорхойлж байдаг гэдгийг салбарын алба хаагчид, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн гүнээ ухамсарлаж, бие биендээ тусалдаг, дэмжиж ажилладаг, хамт олны дунд зөв уур амьсгалыг бий болгодог байх нь чухал юм. Энэ ажил ч өнгөрсөн хугацаанд үр дүнгээ өгч, манай алба хаагчдын албандаа хандах хандлага дээшилж, өөрчлөлт гарч байна.

-Батлан хамгаалах салбарын өөр нэг зорилго нь иргэдийнхээ эх оронч үзлийг түгээх, дэлгэрүүлэх тухай асуудал байх гэж би үздэг. Өнөө цагт манай улсын иргэдэд эх оронч үзэл, суртал дутагдаад байна уу гэж хараад байгаа. Энэ чиглэлд танай яам хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Тийм ээ. Энэ асуудал манай салбарын гол үүргийн нэг юм. Манай яамнаас иргэд, олон нийтэд Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, хууль тогтоомжоо таниулах, эх орны болоод монгол цэргийн түүх, уламжлалаа залуу үед таниулж ойлгуулах, цэргийн алба хааснаар ямар үр дүн гарах, эх орон, газар шороо маань ямар их үнээр бидэнд олдсон бэ гэдгээс эхлэн олон ажил арга хэмжээг аймаг, нийслэл, дүүргүүдэд явуулж ирсэн. Энэ чиглэлийн ажлууд маань өнгөрсөн жилүүдэд дэгдсэн “Ковид-19” цар тахалтай холбогдуулан тодорхой хугацаанд тасалдсан боловч 2022 оноос энэ чиглэлийн ажлуудаа эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. “Оюутан-цэрэг” сургалтыг 13 аймаг болон нийслэлд 2014 оноос хойш зохион байгуулж, нийт 6000 гаруй их, дээд сургуулийн оюутан, коллеж, МСҮТ-ийн суралцагчдыг хамруулсан. Өнгөрөгч 2022 онд 450 оюутныг сургалтад хамруулж цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэсэн. Энэ жилийн “Оюутан-цэрэг”-ийн бүртгэл гуравдугаар сарын 6-14-ний өдрүүдэд явагдаж, маш олон залуус бүртгэлд хамрагдсан байна лээ. Сүүлийн жилүүдэд цар тахал, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан “Оюутан цэрэг” сургалт завсардах, элсэгчдийн тоо мөнгө, санхүүгээс шалтгаалан буураад байсан юм. Тэгвэл саяхан Ерөнхий сайд шийдвэр гаргаж, энэ жилийн сургалтад 1000 оюутан залуусыг хамруулан суралцуулахаар болсон. Энэ бол маш чухал шийдвэр юм. Яагаад гэвэл нийгэмд, тэр дундаа оюутан залуусын дунд тус сургалтад хамрагдах хүсэл тэмүүлэл, хэрэгцээ маш их байна. Цаашид хамрагдагсдын тоог нэмэгдүүлэх бодлогыг баримталж ажиллах болно. Нөгөөтэйгүүр тус сургалтаар дамжуулан дээд боловсролтой нарийн мэргэжлийн цэргийн дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэх нэн ач холбогдолтойгоос гадна залуус маань их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн түргэвчилсэн онол, дадлагын сургалтад хамрагдаж, эрүүл чийрэг бие бялдартай, сэтгэл зүйн хаттай, эх орноо хайрлан хамгаалах үзэл, хүмүүжилтэй болж байгаа нь маш том үр дүн юм.

-Удахгүй Монгол цэргийн баяр болох гэж байна. Тэр утгаараа танд баярын мэнд хүргэе ээ. Энэхүү баярыг бид хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх ёстой вэ?

-Баярлалаа. Юуны өмнө ард, иргэддээ, салбарынхаа хамт олон, ахмад дайчдадаа баярын мэнд дэвшүүлье. Нийгэмд гуравдугаар сарын 18-ны өдрийг “Цэргийн баяр”, бүр “Эрчүүдийн баяр” хэмээн тэмдэглэдэг. Энэ өдөр хуулиараа бол Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн баярын өдөр буюу “Монгол цэргийн өдөр” юм. Энэхүү баярын гол ач холбогдол нь иргэдэд улс эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр, залуу үеийн эх оронч сэтгэлийг дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлыг суулгах явдал гэж боддог. Энэ хүрээнд Батлан хамгаалах яам, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд олон ажил, арга хэмжээг төлөвлөн зохион байгуулдаг уламжлалтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *