Мэдээллийн технологийн анхдагч, компьютерийн монгол инженерүүдийн нэг, “Ондоо” ХХК-ийн судлаач Г.Оюунбаяртай ярилцлаа.
-Та тухайн үеийн компьютерийн инженер мэргэжлээр төгсөж байсан цөөхөн хүмүүсийн нэг. Энэ мэргэжлээрээ та аль улсад суралцсан бэ?
-Би арван жилээ төгсөх жилээ улсын олимпиадын багт орж, бэлтгэл хийх болсон. Тэр үед Боловсролын яамнаас сургууль сонгох эрхийг олгосон. Компьютерийн инженер гэдэг мэргэжлээр одоогийн Украины Харьков хотын Техникийн Их сургуульд зургаан жил суралцаж төгссөн. Миний төгсөлтөөс хойш компьютерийн инженер гэсэн ийм мэргэжлээр төгсгөхөө больсон юм билээ. Нэршил нь арай өөр болсон гэсэн үг. Миний хувьд Монголдоо яг ийм мэргэжилтэй гарын таван хуруунд багтах хүмүүсийн нэг л дээ.
-Таныг сургуулиа төгсөөд ирэхэд манайд компьютерийн хэрэглээ ямархуу байв?
-Одоогийн нэршлээр нэг том дата сервис байсан. Ганцхан нийтэд үйлчлэх зориулалттай. Тооцоолон бодох төв байгууллага гэж байсан. Намайг оюутан байхад манайд “Мис 32” гээд хагас дамжуулагчтай 110 м.кв том талбай эзэлсэн ганцхан том компьютер байсан. Монголдоо ирэхэд хүчин чадал багатай, том талбай эзэлдэг ч гэсэн гурван компьютертой болчихсон байсан. Энэ нь байхгүйгээс хавьгүй дээр байлаа. Улсынхаа төлөвлөгөөг математик загварчлал дээр суурилуулаад, олон жилээр ч эдийн засгийнхаа тооцооллыг бодоод гаргачихдаг болсон үе л дээ.
-Та төгсч ирээд Тооцоолон бодох төвд ажилд орж байсан гэсэн. Тус байгууллагын түүхээс сонирхуулаач?
-Тус байгууллагад би анх 1978 онд ажилд орж байсан. Манай улс статистикийн мэдээгээ гаргаж өгөх гэж тухайн үедээ үйлээ үздэг байж. Сампинтайгаа бараг байсан шахуу юмуу даа. Өөр бусад зүйлүүд ч байсан л даа. Тиймдээ ч НҮБ болон социалист орнуудын захиргаанаас манайхыг компьютерийн төв, дата центртэй болох хэрэгтэй гэсэн санал гаргасан байгаа юм. Тэгээд Тооцоолон бодох төвийг НҮБ-тай хамтарч байгуулсан. Байрыг нь Монголчууд барьж, НҮБ техник хэрэгсэлд нь гурван сая орчим долларын санхүүжилтийг үзүүлсэн байдаг. Мөн 1991 онд Тооцоолон бодох төвийг бусад газруудтай адилхан татан буулгасан л даа.
-Анх та яагаад компьютер зохион бүтээх болов?
-Миний сурч байсан сургуульд компьютерийг зохион бүтээх талын хичээлүүд ордог байсан. Сургуулийнхаа зохион бүтээх товчоонд ажиллаж байхдаа компьютер зохион бүтээж буй улстай харьцаж байсны ачаар хийж бүтээж болдог юм байна гэдэг ойлголтыг авсан л даа. Ер нь өөрөө компьютер зохион бүтээх зорилготой сургуульдаа сурсан л даа.
Байгууллага бүрийг өөр дээрээ компьютертэй болгочих юмсан гэсэн бодол надад байсан. Тэгээд 1979 оноос чипүүдээ цуглуулж, чипүүдээрээ компьютер хийчих юм бол авсаархан болоод хүчин чадал нь ч сайжирна гэж үзсэн. Тал талаасаа цуглуулсан л даа. О.Батсүх маань анхны оч компьютерийг зохион бүтээхэд гар бие оролцож хүмүүсийн нэг. Польш улс чип цуглуулахад хамгийн их тус болсон. Гадагшаа гарч буй польшууддаа чипээ өгөөд явуулдаг наймаачин улс байлаа шүү дээ. Мөн би Польшид 1982 онд сурч байхдаа, компьютерийнхээ схем буюу ажиллах зарчмуудыг нь олж авч байсан. 1983 онд эхний бодож байсан хувилбараа гаргасан. Тэгээд 1984 оны дөрөвдүгээр сард компьютер маань бүрэн ажилласан. Монгол Улс 22 компьютер Польшоос аваад, бүх аймгуудаа компьютертэй болгоод, Тооцоолон бодох төвийнхөө компьютертэй холбочихсон байсан үе л дээ. Энэ “Оч” маань эдгээр компьютерүүдтэй адилхан хүчин чадалтай, хэрэглэхэд хялбар байсан.
Мөн 1984 онд шинэ бүтээгдэхүүн танилцуулдаг үзэсгэлэнд “Оч”-оо тавьж байсан. Төр засгийнхандаа ч үзүүлсэн. Монголчууд өөрсдөө юмаа хийж чаддаг гэдгийг харуулсан.
Сүүлд үүний үр дүнд Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгээс 1989 онд “Монел” нэртэй телевизор, компьютер угсардаг үйлдвэр бий болсон гэж бодож байгаа.
-Тухайн үед компьютерийн хөгжил дэлхийн бусад орнуудад хэр хурдацтай явагдаж байсан бол?
-Бага талбай эзэлдэг, илүү хүчин чадалтай компьютер зохион бүтээхээр Америк, Орос, Польш, Герман гээд олон оронд залуучууд хоорондоо өрсөлдөж байгаа нь тухайн үед мэдрэгдэж байсан. Америк, Англи, Орост байгууллагуудад төдийгүй айл өрхийн хэрэглээний компьютерийг хийгээд эхэлсэн үе байлаа. Ямар их хурдацтай хөгжиж ирснийг өнөөгийн бидний компьютерийн хэрэглээнээс харж болохоор юм.
-Таны анхны зохион бүтээсэн “Оч” нэртэй компьютер эх хувилбараараа үлджээ. Хэрэглээнд нэвтрүүлэх боломж яагаад гарсангүй вэ?
-Яагаад вэ гэвэл Монголд төдийгүй социалист орон руу чип өгөх хориг тавигдсан байсан. Энэ нь Орос улс Афганистан руу цэргээ оруулчихсантай холбоотой. Монгол Улс хамгийн түрүүлээд энэ үед Оросыг дэмжсэн байдаг. Тиймээс Монгол Улсад өндөр технологийн бүтээгдэхүүн оруулахгүй гэдэг зарчим бусад улсууд баримталж байсан.
-Та анхны компьютерээ хэр их өртгөөр зохион бүтээсэн бэ?
-Польшууд маань заримыг нь бэлэглэсэн. Мөн i80:80 гэсэн энэ чипийг 150 ам.доллараар авсан байдаг. Тухайн үедээ нийтдээ 400 орчим ам.доллараар бүтсэн юм.
-Яагаад “Оч” гэж нэрлэх болсон бэ?
-Тэр үед Д.Толя, О.Батсүх хоёр маань байсан л даа. “Оч” гэж нэрлэх саналыг энэ хоёртоо би тавьсан. Намын утга агуулгатай нэр өгвөл нэр хүнд өсөхөөр ч тийм цаг үе л байлаа. Миний санаа бол оч ерөөсөө багаддаггүй гэдэг утга санааг илэрхийлэхийг хүссэн. Бид маш их цаг зарцуулж хийсэн ч Монголд ийм компьютер олон байх ёстой юм. Бид нэг ч гэсэн оч үсэргэлээ гээд гурвуулаа санал нийлээд “Оч” гээд нэрлэсэн.
-Манайд одоо ч байдаг, гадны юмыг үнэтэй аваад, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмждэггүй тал тухайн үед байсан юм шиг санагдлаа.
-Тийм байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ дэлхийд юу юм. Өөрийнхөө улсыг компьютержүүлэх процессыг нэлээд хурдлуулах боломжтой байсан. Энэ нь алдагдсан. Гадаадаас компьютер авахад нэлээдгүй мөнгө зарцуулж байсныг бодохоор түүнээс бага зардлаар нэлээд олон компьютертэй болох боломж байсан уу гэвэл байсан. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод тухайн үед төр засагтаа санал ч тавьж араас нь хөөцөлдөөгүй, төр засгаас ч ямар нэг байдлаар дэмжсэн үйлдэл хийгээгүй л дээ. Тиймдээ ч анхны компьютер маань цор ганц эх хувиараа хадгалагдаад 40 жил болж байна. Бид алдаад л байж. Самсунг компьютер хийхээс өмнө Хятад улс ганц ч чип үйлдвэрлээгүй байхад манайх компьютер хийсэн л байгаа юм. Одоо тэгэхэд Хятад дэлхийн том чип үйлдвэрлэгч орон болчихсон байна. Тухайн үед Америкийн алдарт бизнесмэнүүд Стиб Жобс, Билл Гэтсийн хэрэгжүүлж байсан арга технологийг нь илүү судалж, харж л явлаа. Тэд бизнес талаас нь харж, үйлдвэрлэх тал дээр хөрөнгө оруулагчидтай яриад л үйлдвэрлэлийг маш сайн хөгжүүлсэн байх жишээтэй. Бид бол намдаа, Засаг төрдөө итгээд л явж байсан байгаа юм. Социализмын муу тал нь дээд даргадаа л сайн харагдаж байхыг бодохоос биш улсын хөгжилд ингэх хэрэгтэй байна гээд үзэл бодлоо илэрхийлээд гүйдэг дарга байдаггүй байсан юм болов уу гэж бодогддог.
Таны үе шиг компьютер зохион бүтээх талын ажил одоо хийгдэж байна уу?
-Одоо үед өөрсдөө зохион бүтээх шаардлагагүй болтол компьютер маань хурдацтай хөгжиж байна. Харин тусгай зориулалтын юмыг өөрсдөө хийж байгаа. Энэ нь өмнө ч байсан. 1991 онд гэхэд л санал тоолох төхөөрөмж бий болгосон байдаг. Харин компьютерийг зохион бүтээх гэхээс илүү хэрхэн ашиглах талын мэргэжлүүд давамгайлах болсон цаг үе ирсэн байна.
-Ойрын үед та юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Малчны компьютерийг 2019 оноос туршиж үзээд явж байна. Мөн мал таниулах төхөөрөмж бий болгоод байна. Олшруулдаггүй зан байсаар л байна. Түүнчлэн манайд 205 дата центр байгаагаас арваад нь арай том. Бүгдийг нэгтгэсэн нэг том дата центртэй болгох төсөл бичсэн байгаа. Мөн энэ жил Мэдээлэл технологийн 100 жилийн ойдоо зориулж үзэсгэлэн гаргана.
Л.Минжмаа