Монгол Улсын гавьяат эмч Г.Одонтуяатай ярилцлаа.
-Юуны өмнө Монгол Улсын гавьяат эмч хэмээх эрхэм шагналаар энгэрээ мялаасанд баяр хүргэе. Цацраг туяаны эмчилгээний салбараас төрсөн анхны гавьяат болсон байх аа?
-Баярлалаа. Монгол Улсад 1959 онд Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд анхны туяа эмчилгээний рентген аппаратыг суурилуулснаар туяа эмчилгээ нэвтэрсэн түүхтэй. Ингээд 1961 онд ХСҮТ-д Цацраг туяа эмнэлэг байгуулагдсан. Ийнхүү цацраг туяа эмчилгээний салбар байгуулагдсанаас 60 жилийн дараа анхны гавьяат эмч хэмээх энэ эрхэм алдрыг хүртсэндээ маш их баяртай байна. Хэдийгээр гавьяат гэх цол тэмдгийг хүлээж авсан нь хувь хүн Г.Одонтуяа миний бие боловч энэ чиглэлээр ажиллаж байсан анхны таван эмч болох Ө.Норовсамбуу, Б.Бямбацэрэн, П.Цогзолмаа, Д.Ичинхорлоо, Ш.Ичинхорлоо зэрэг надад зааж сургасан багш нар, хамт ажиллаж байсан баг хамт олон, салбарынхны минь шагнал юм шүү.
Манай хүүхдүүд “Ээж ээ, та одоо гэртээ амар аа. Таны үеийнхэн цар тахлын үед гэртээ сууж байна шүү дээ” гээд л ятгана. Тэгэхээр би “Гэртээ суух болоогүй ээ. Ээж нь төрийн дээд шагнал авсан хүн өмнөхөөсөө ч илүү ажиллана” гэж хариулчихаад сууж байгаа. Хүнд миний тусламж хэрэгтэй байгаа бол би ажилласаар л байх болно. Үнэндээ өдөр бүр ажиллахыг хэн ч шаардаагүй. Манай удирдлагууд “Та өөрийнхөө боломж бололцоогоороо л ажилла” гэдэг. Хийгээд сурчихсан ажил болохоор надад хэцүү санагддаггүй. Анагаах ухааны салбарт шагнуулж байгаа хүмүүсийн дотор эзнээ олоогүй шагнал гэж байдаггүй.
-Та ажил амьдралынхаа гарааг хаанаас эхлүүлж байв. Туяа эмчилгээний чиглэлээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Анагаах ухааны их сургуулийг 1979 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд багш, эмчээр томилогдож нэг жил ажилласан. Ингээд 1980 оны аравдугаар сард ЭМЯ- ны томилолтоор ХСҮТ-ийн Цацраг туяаны эмнэлэгт томилогдон ажилласан даа. Түүнээс хойш энэ эмнэлэгтэй амьдарлынхаа 42 жилийг холбожээ. Туяаны эмчээр ажиллаж эхлэхээс өмнө шинэхэн төгсөгч учраас ХСҮТ-ийн бүх тасагт ажиллаж туршлага хуримтлуулсан. Ахмад эмч нараасаа суралцаж, тэднийхээ хэлсэн үг нэг бүрийг өөртөө тусган авч мэргэжил, мэдлэгээ ахиулсаар 1985 оноос эхлэн туяаны эмчээр ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл туяаны эмчээр 38 жил тасралтгүй ажилласан байна. Та бид хоёрын ярилцлагаас нэг ч болов хүн хавдрын тухай ойлгож, түүнээс урьдчилан сэргийлж чадвал болоо доо. Нас явахаар ч тэгдэг юм уу хүн илүү хүнлэг, илүү өрөвч, нинжин болж, бусдынхаа алдааг олон хүн битгий давтаасай гэж хүсдэг болчих юм.
-Та тэгвэл яах аргагүй туяа эмчилгээний салбарын үүсэл хөгжил, үүх түүхийн амьд гэрч байна шүү дээ?
-Ямартай ч би дээр дурьдсан алтан үеийн таван эмчтэй хамт ажиллаж байсан нь миний хувьд азтай хувь тохиол. ЗХУ-ын тусламжаар 1982 онд ХСҮТ-д өргөтгөл хийж, туяаны эмнэлгийн одоогийн барилга байгууламж ашиглалтад орж байсан.
Анх шинэхэн барилгынхаа хана, цонх, шалаа угаагаад л хүлээн авч байлаа. Манай улс 1962 оноос туяа эмчилгээг анагаах ухааны салбартаа нэвтрүүлж, тухайн үед ОХУ-ын тоног төхөөрөмж, аппаратыг хэрэглэдэг байсан бол 1982 онд одоогийн шинэ байрандаа орохдоо мөн л тус улсын илүү дэвшилтэт технологи аппаратыг хэрэглэх болсон. Үүнээс хойш таван жил тутам туяа эмчилгээний технологи, аппарат шинэчлэгдсээр ирсэн. 1989-1990-ээд оны эхээр Олон улсын цөмийн энергийн агентлаг хэмээх олон улсын байгууллагатай бид холбогдож, төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд тоног төхөөрөмжүүдээ нэлээд шинэчилсэн. Мөн боловсон хүчнүүдээ олон улсын сургалтуудад тогтмол хамруулж чадавхжуулсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтуудаар болон олон улсын хөрөнгө оруулалтаар тогтмол техник технологийн шинэчлэл хийж байлаа. Тэр бүхэнд нь миний бие оролцож байсан. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө шугаман хурдасгуур буюу энерги багатай туяагаар хорт хавдрыг эмчилдэг болсон. Энэ технологи дэлхийд хамгийн сүүлийн үед нэвтэрсэн эмчилгээний технологи юм. Уг технологи манай улсад нэвтэрснээр хавдраар өвдсөн иргэд гадаадын улс орнуудыг зорих урсгал хаагдсан. Уг үйлчилгээг иргэд эрүүл мэндийн даатгалаараа авдаг учраас ямар нэгэн байдлаар санхүүгийн эрсдэл орох хүндрэл байхгүй болсон. Ялангуяа тархи, нугасны хавдраар өвчилсөн иргэдийг Монголдоо эмчлэх боломжгүй байсан учраас гадаад руу явахаас өөр аргагүй байсан. Харин одоо эх орондоо эмчлүүлэх боломжтой болсон нь маш том дэвшил юм.
-Зарим иргэд туяа эмчилгээний талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Туяа эмчилгээг хорт хавдрын эмчилгээнд ашиглана гэдэг нарийн технологи байх л даа?
-Тийм шүү. Зарим иргэд туяаны эмчилгээнд орох нь муу гэж ойлгоод байдаг. Бид зөвхөн хавдартай хэсэгт л туяа эмчилгээ хийдэг. Одоо бол шугаман хурдасгуур гэх энерги багатай багаж ашигладаг болсон. Өмнө нь ашиглаж байсан технологи хавдартай эрхтний хажуугийн эрхтнүүдэд бага хэмжээнд нөлөө үзүүлдэг байсан. Одоо бол энерги багатай туяагаар онилж бууддаг болсон учраас ямар нэг нөлөө үзүүлнэ гэх айдасгүй болсон. Тиймээс хавдраа онилж буудахын тулд нарийн мэргэжлийн бүтэн баг ажилладаг. Энэ процесс 5-7 хоног үргэлжилдэг. Туяа эмчилгээ хийснээр хавдрын эсийн хуваагдлыг зогсоож, хавдрын эсийг цусан хангамжгүй болгодог. Ингээд цусан хангамжгүй болсон хавдрын эсүүд томролгүй агшдаг. Цацраг туяаны эмчилгээ хийнэ гэдэг бол асар нарийн технологи. Манай эмч нар энэ чиглэлээр мэргэшихийн тулд 10-15 жил зарцуулдаг. Туяа эмчилгээ хийхэд Цөмийн инженерийн мэргэжлээр төгссөн эмнэлгийн физикч, техникч, сувилагч, эмч гэх мэт 4-5 хүний хамтарсан багийн ажлын үр дүнгээр нэг хүний эмчилгээний үр дүн шийдэгддэг. Сүүлийн таван жил бид гадаадад очиж эмчлүүлдэг хэд хэдэн өвчний урсгалыг зогсоож чадсан. Тухайлбал, умайн хүзүүний хавдар, хөхний хавдар, тархи, нугасны хавдрыг нэрлэж болохоор байна.
-Сайхан мэдээ байна. Гадаадад эмчлүүлэхийн тулд иргэд эдийн засаг, сэтгэл санаагаараа их хохирдог шүү дээ?
-Хавдраар өвдсөн иргэд гадаадад очиж эмчлүүлэхийн тулд эдийн засгийн асар хүнд дарамтад орохоос гадна хоног хугацаа алдах гэх мэт асуудал олон бий. Жилээс жилд технологи сайжирч, боловсон хүчнүүд маань чадавхижаад, бэлтгэгдсэн боловсон хүчний тоо нэмэгдэж байна. Харамсалтай нь зарим тохиолдолд эмч, сувилагчдын цалин хангамж муугаас болоод сайтар бэлтгэгдсэн боловсон хүчнээ өндөр цалинтай уул уурхайн салбарт алдах тохиолдол байна. Ялангуяа эмнэлгийн физикчээр бэлтгэгдсэн боловсон хүчнээ цалин бага гэсэн шалтгаанаар өөр салбарынханд алдах эрсдэл ойрхон байна.
-Та яагаад заавал туяаны эмч болохоор шийдсэн юм бол?
-Залуу байхдаа нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан л даа. Эвлэлийн үүрийн дарга ч явлаа. Миний багш н.Чимид нэг өдөр намайг дуудаад “Чи анагаахын салбарын хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаан, технологи болсон туяа эмчилгээгээр мэргэших хэрэгтэй. Энэ бол маш сайхан мэргэжил. Энэ мэргэжлийг эзэмшвэл олон хүнд тус болно” гэж хэлсэн. Тухайн үед би жаахан эмээж байсан л даа. Гэсэн ч өөрийнхөө итгэж, хүндэлдэг багшийн үгийг дагаад туяа эмчилгээгээр мэргэшихээр шийдсэн. Одоо шийдвэртээ үргэлж баярладаг. Сүүлдээ хүн мэргэжилдээ шунан дурладаг юм билээ. Энэ шар байшинтайгаа амьдралаа холбоод 42 жил болчихож. Хичнээн хүнд хэцүү байсан ч хүн дуртай ажил, мэргэжлээсээ хэзээ ч шантардаггүй, няцдаггүй юм билээ. Одоо өөрөөсөө ч илүү боловсон хүчин, мэргэжилтнүүд бэлтгэчихсэн учраас өөрөөрөө хааяа бас бахархана аа. Миний хийгээгүй, чадаагүй, дуусгаагүйг үргэлжлүүлэх шавь нар минь байна шүү дээ.
-Шавь нар гэснээс энэ хугацаанд гарын шавь олон бэлтгэв үү?
-Би одоо ХСҮТ-д зөвлөх эмч хийж байна. Ажиллаж байх хугацаандаа залуучууддаа өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнийг зааж сургахыг л хичээж байна. Надад гарын гурван шавь бий. Түүний хоёр нь Японд, нэг нь Германд докторын зэргээ хамгаалаад ирчихсэн одоо ХСҮТ-ийн цацраг туяаны тасгийг хариуцаад ажиллаж байна. Багшийнхаа хийж гүйцээгээгүй зүйлийг хийх шавь нар минь энэ салбартаа орж ирснийг харахад хамгийн сайхан санагддаг. ХСҮТ-ийн цацраг туяа эмнэлэгээс хамгийн олон эрдэмтэн төрсөн байдаг. Одоогоор гурван шавь минь докторын зэргээ хамгаалсан бол ОХУ-д хамгаалсан нэг, одоо Монголдоо докторын зэрэг хамгаалах гэж байгаа нэг эмч байна. Өмнө нь бидэнд судалгаа шинжилгээ хийх цаг зав төдийлөн олдоггүй байсан.Сүүлийн үед ангаахын шинжлэх ухааны салбар судалгаа шинжилгээ онол, практикийн мэдлэг хосолж хамтдаа урагшилдаг болчихлоо. Манай эмч нар мэргэжлийн ур чадвараараа хаана ч гологдохгүй. Эмч хүн гэдэг хүний амьдралын эхлэл төгсгөл дээр хамт байдаг. Магадгүй зарим хүмүүс хавдрын эмч гэхээр дандаа л үхэх гэж байгаа хүнтэй ажилладаг мэтээр төсөөлдөг. Тийм биш юм л даа. Хавдар эдгэрдэг, эмчлэгддэг. Хавдраар өвдөөд эдгэсэн хүмүүстэйгээ, тэднийхээ ар гэрийнхэнтэй гудамжинд таарч баяр хөөр болох үе олон бий. Хэдийгээр хүнд өвчнөөр өвдсөн ч гэсэн нэг хоног, нэг сар, нэг жил боловч эцэг эх, хань ижил, үр хүүхдээ асарч хажуудаа байлгах юмсан гэсэн сэтгэлээр ар гэрийнхэн нь ханддаг. Эмч, эмнэлгийн ажилчид бид ч тэдний энэ хүслийг чадах чинээгээрээ биелүүлэхийг л хичээдэг. Эмчилгээ хийж байх хугацаанд бид бүгдээрээ л нэг баг болж ажилладаг.
-Манай улс хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна. Хавдраар өвдсөн иргэд болоод тэдний ар гэрийнхэнтэй харилцан, ойлголцож байж эмчилгээ нь илүү үр дүнтэй байдаг болов уу?
– Яг тийм л дээ. Хавдартай гэх онош сонссон иргэд ихэвчлэн айдастай байдаг. Бид хий дэмий айхаас илүү бодит байдалтайгаа нүүр тулж, түүнийг хэрхэн амжилттай давахаа бодох хэрэгтэй. Би өвчтөндөө болон үр хүүхдэд нь “Хүний амьдрал эхлэлтэй бас төгсгөлтэй.Бид чадахаасаа чадахгүй хүртэл бүхнийг хийнэ. Гэхдээ давагдашгүй хүчин зүйл гэж бий.” гэж хэлдэг л дээ. Бидний хэн нь ч мөнх бус. Хорт хавдраар өвдсөн иргэдийн хувь хүний хариуцлага, гэр бүлийнхнийх нь хүлээх хариуцлага их. Манайхан эрүүл мэндээ анхаардаггүй, эрүүл мэнддээ хамгийн хайрамжгүй ханддаг нь хамгийн харамсалтай. Жил бүр унаж яваа автомашиныхаа моторын тосыг солиулахаа мэддэг хэрнээ өөрсдийнхөө биеийг бүтэн оношилгоонд оруулдаггүй. Өөрөөтөө ганцхан өдрийг зарцуулаад даатгалаа ашиглаад оношлуулж дадах хэрэгтэй байна. Өндөр настай аав ээждээ үнэт эдлэл авч өгөхөөс илүү улиралд нэг удаа эмнэлэгт үзүүлчихдэг, оношлуулчихдаг бол бүх төрлийн хавдрыг эрт илрүүлэхээс авахуулаад бүх төрлийн өвчнийг эрт илрүүлэх боломжтой. Ингэж гэмээнэ иргэд эрүүл мэндээрээ ч эдийн засгаараа ч хохирохгүй. Хавдрыг эрт илрүүлэх тусам эмчлэх боломж өндөр байдаг. Хамгийн гол нь ямар шатанд нь илрүүлэхээс олон зүйл шалтаалж байна. Дахин хэлэхэд хавдар эмчлэгддэг, эдгэрдэг өвчин. Заавал бүх зүйлийг тартагт нь тулсан хойно эмнэлгийн байгууллагад ханддаг байж болохгүй. Өвчин цаг хугацаагаар хэмжигдэж байдаг. Зовуурь илэрнэ гэдэг бол хүндэрсний л шинж. Хүмүүс тоохгүй явж явж байгаад эцсийн шатандаа орсон үед л манайд хандаж байгаад харамсдаг. Одоо хэнэггүй монгол зангаасаа салах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд томоохон байгууллагууд ажилчдаа эрүүл мэндийн иж бүрэн оношилгоонд орох эрхийн бичгээр шагнаж урамшуулдаг, жил бүр оношилгоонд хамруулдаг болчихож. Энэ бол ямар ч шагналаас илүү үнэ цэнэтэй шагнал. Ийм байгууллагуудын тоо улам нэмэгдээсэй л гэж хүсдэг.
-Иргэд асуудалд хэр шинжлэх ухаанчаар хандаж байна вэ. Хавдартай гэх онош сонссон иргэд таарах таарахгүй олон зүйл хэрэглэж байгаа харагдах юм?
-Энэ чиглэлээр ажиллаж байгаа эмч нарын толгойны өвчин бол яг энэ асуудал болоод байгааг нуухгүй. Иргэд асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг болмоор байна. Зарим иргэд хавдартай гэдгээ мэдмэгцээ элдэв төрлийн сүлжээний бүтээгдэхүүн, таарах таарахгүй уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүн дур мэдэн хэрэглэж, лам бөөгөөр явж эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч хохирчихоод эцсийн мөчид бидэн дээр эргэж ирэх тохиолдол ч байдаг. Үүнд маш их харамсаж явдаг. Өнгөрсөн жил манай эмчилгээнээс татгалзаад явсан Завхан аймгийн иргэн сүлжээний бүтээгдэхүүн уугаад тартагтаад тулчихаад ирсэн. Үнэхээр харамсмаар… Манайд иргэдийн зовлон зүдгүүрээр мөнгө олдог хүмүүст хүлээлгэх хууль зүйн хариуцлага алга. Бүх зүйлийг эцэст нь хүргэчихээд улсын эмнэлэг рүү нь хөөгөөд явуулчихдаг. Манайхан сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг хэмээн ярьдаг. Шашин, сүлжээний бизнес эрхлэгчид хүний тархитай ажиллаад байна. Цаг нар багатай эмч, эмнэлгийн ажилчид нэг өвчтэнтэй 10-15 минут л уулзаж ярилцаж байна. Үүнээс хэтэрвэл дараагийн хүндээ загнуулах юм болдог. Бид биеийг нь эмчлэхээс гадна сэтгэл зүйг нь эмчлэх ёстой.
-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд хавдрын өвчлөл нэмэгдсэн нь санаа зовоох боллоо. Та үүний шалтгааныг юу гэж хардаг вэ?
Би 2005 оноос хойш хүүхдийн хавдар дээр ажилласан. Миний төрсөн дүү хүүхдийн эмчээр ажиллаж байгаад бурханы оронд одсон. Тиймээс дүүгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж энэ чиглэлд давхар анхаарч ажиллаж ирсэн.Төр хувийн хэвшилтэй хамтарч хавдартай хүүхдэд үзүүлэх тусламжийг сайжруулахын тулд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд томчуудтай хамт хэвтэн эмчлүүлдэг байсныг нь болиулж, хүүхдэд зориулсан хоёр хэвтэн эмчлүүлэх өрөө, нэг яаралтай тусламжийн өрөө байгуулсан. Сүүлд ЭХЭМҮТ-д Ажаа гэгээнтний санаачилгаар хүүхдийн эмнэлэг байгууладсан учраас хавдраар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг тэнд эмчлээд, зөвхөн шарлага, туяа эмчилгээтэй хүүхдүүдээ ХСҮТ-дөө авч эмчилдэг болсон. Би өөрөө хоёр хүүхдийн ээж. Хамгийн хэцүү зүйл хүүхэд өвдөх л байдаг. Хавдраар шаналж байгаа хүүхдүүд, тэдний ар гэрийнхнийг харах сэтгэлд маш хүнд тусдаг. Ажиглаад байхад зах зээлийн дараа эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналт муудаж, эрүүл амьдрах орчин алдагдаж, гараараа алт олборлодог эцэг эхчүүд олширсон гэх мэт нийгмийн байдал ихээхэн нөлөөтэй. Сүүлийн жилүүдэд тархи, нугасны хавдраар бага насны хүүхдүүд өвдөх нь нэмэгдэж байна. Энэ бол цахим хэрэглээтэй шууд холбоотой. Ээжүүд жирэмсэн байхдаа гар утас, телевиз олон цагаар үзэх, хүүхдүүд цахим хэрэгсэл хэтрүүлэн хэрэглэж байгаа нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Түүнчлэн сургуулийн орчинд хүүхдийн биед алсуур, хожуу хор нөлөө үзүүлэх хүнсний төрлийн бүтээгдэхүүн болох чипс, бэлэн хоол, өнгө будагтай хүнсний бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байгаа нь бодит аюул учруулж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч, амьдралын зөв хэв маягт дадуулахад анхаарах зайлшгүй шаардлагатай.
-Эмч хүний хамгийн сайхан болоод гунигтай үе хэзээ байдаг вэ?
-Хамгийн сайхан үе бол эдгэрээд гарсан хүмүүстэйгээ эргээд уулзах л байдаг. Энэ хугацаанд олон мянган хүнийг эмчилж, эдгээсэн. Тэр бүгдийгээ танихгүй л дээ. Гэтэл хөдөө орон нутаг, гудамж талбайд явахад “Эмч ээ танд их баярладаг шүү” хэмээн инээмсэглэн таарах хүмүүс хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг. Аймагт үзлэг хийгээд явж байхад л сумаасаа зориод ирдэг. Танд баярласан сэтгэлээ илэрхийлэх гээд зориод ирлээ гээд атга ааруулаа бариад ирж байгаа тэр сэтгэл хичнээн сайхан эрч хүч өгдөг гэж санана. Нэг удаа баруун дөрвөн замын уулзвар дээр зам хөндлөн гарах гээд зогсож байтал “Одноо эмч ээ” гээд дуудаад байна. Эргээд хартал нэг танихгүй эмэгтэй “Сайн байна уу эмч ээ. Би Цэвэлийн охин байна. Миний ээж таны буянаар одоо болтол амьд мэнд үр хүүхдүүд бид нартайгаа хамт байгаа. Танд их баярлаж явдаг шүү” гээд сүйд болсон. Тэр өдөржингөө би огшоод, өөрөөрөө бахархаад л байсан. Бас тархи нугасны хавдартай манайхаар эмчлүүлээд гарсан хүүхэд зураач болчихсон гээд гудамжинд таараад, эхнэр хүүхдээ танилцуулахад бас л сайхан санагдана. Энэ мэтчилэн хэн нэгэний амьдралд гэрэл гэгээ болсноо харах эмч хүнд сайхан санагддаг. Гэтэл амь насыг нь аварч чадаагүй өвчтөнүүдийнхээ ар гэрийнхэнтэй уулзахдаа бид халширдаг. Үнэхээр чадах бүхнээ хийсэн ч амь насыг нь аварч чадаагүй тохиолдол бүр хэцүү байдаг. Ойр дотны хүнээ алдсанаа сонсоод хүмүүс янз янзын л үйлдэл гаргана. Намайг багалзуурдаад авч байсан тохиолдол ч бий. Тэглээ гээд шантраад, бууж өгөх эрх бидэнд байхгүй. Нэг удаа хүүхдийн тасагт жижүүр хонож байхад хүүхэд нас барсан. Энэ мэтчилэн харамсалтай тохиолдлууд багадаа долоо хоног толгойноос гардаггүй. Тэр үед ингэчихсэн бол, тэгчихсэн бол нэг цаг боловч амьд байх байсан юм болов уу гээд өөрийгөө буруутгаад өөрөөсөө асуугаад байдаг. Энэ чинь сүүлдээ нойргүйдэл, сэтгэл түгшил болдог. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдад энэ мэтчилэн сэтгэл зүйн олон асуудал тулгардаг. Би илүүдэл жингүй, амьдралын зөв хэв маягтай мөртлөө сахарын өвчтэй. Учир нь эмч хүн дандаа ямар нэг зүйлд санаа зовсон, түгшсэн байдалтай байдаг учраас ингээд өвчлөлийн эх болдог юм билээ л дээ. Зүүн дээр будаа тогтохтой адил хувь тавилангаар ирээд буцахын хооронд хүн илүү зүйлд шунах хэрэггүй. Эрүүл саруул, элэг бүтэн амьдарч, инээд хөөрөөр дүүрэн амьдраасай л гэж хүсч байна.