Categories
мэдээ цаг-үе

Г.Ганхүү: Би 106 орноор аялсандаа өөрөө ч итгээгүй

“Шар айраг” хамтлагийн дуучин, уулын спортын мастер Г.Ганхүүтэй ярилцлаа.


-“Яг түүн шиг” шоуны ялагч болсонд баяр хүргэе. Анхны түрүүгээ аваад сэтгэгдэл ямар байна вэ?

-Ялагч болсондоо баяртай байна. Гэхдээ ялагч болсонд минь надаас илүү миний хүү баяртай байгаа. Хүү минь 11 настай л даа. Нэг удаа “Ааваа түрүүлбэл гурван сая төгрөг өгдөг юм байна. Хэрэв та түрүүлбэл надад унадаг дугуй авч өгөөрэй” гэсэн юм. Хүүгийн минь ерөөлөөр болсон юм байлгүй, түрүүлчихлээ. Ямартай ч шагналынхаа мөнгөөр хүүдээ унадаг дугуй авч өгсөн шүү.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Гэр бүлээ танилцуулаач?

– Манайх ам бүл тавуулаа. Би гурван хүүхэдтэй. Том охин минь 22 настай. Охин маань Америкт сэтгэл зүйч мэргэжлээр сурдаг. Нийт зургаан хэлээр чөлөөтэй ярьдаг. Харин дундах хүү маань 12, бага нь хоёр настай. Миний хувьд анх аав болж байснаас илүү 50 гарсан хойноо аав болох нь үнэхээр гайхалтай байсан шүү.

-Ингэхэд та аль нутгийн хүн бэ?

-Би унаган хотын хүүхэд л дээ. Харин аав минь Завхан аймгийн Тэлмэн, ээж минь Тосонцэнгэл сумынх юм. Гэсэн ч аав, ээж минь их залуудаа хотож орж ирцгээсэн юм билээ. Миний аавыг Гэндэндарам гэдэг. Барилгын засварын нэгдсэн трестийн даргаар ажиллаж байсан, барилгын инженер мэргэжилтэй хүн л дээ. Харамсалтай нь 41-хэн насандаа хорвоог орхисон. Аав минь 1981 онд бурхан болсон юм. Монгол хүн анх удаа сансарт нисч, хүн бүхэн баярлаж байхад надад үнэхээр гунигтай, хүнд үе тохиож байлаа. Аав минь боловсролыг шүтдэг байсан юм. Тиймдээ ч биднийг үргэлж боловсролтой хүн болгохын төлөө маш их зорьдог байлаа. Намайг бага байхад л англи хэл заавал сурах ёстой гэж хэлдэг байв. Тухайн үед Д.Алтангэрэл гуайн цөөн тооны л англи хэлний толь байдаг байлаа. Гэсэн ч надад олж авчирч өгснийг нь би тодхон санадаг юм.

Харин миний ээж Аптекуудын удирдах газарт дарга, Анагаахын дундад олон жил багшилсан, эм зүйч мэргэжилтэй хүн л дээ. Одоо хэдий 80 дөхөж яваа ч эмийн сангаа ажиллуулсаар л явна. Сонирхуулахад аав, ээж минь хоёулаа машинтай байж билээ. Албаны машин байсан ч гэсэн тухайн үед нэг айлд хоёр машин байх нь тун ховор байсан юм.

-Та дунд сургуульд байхдаа “4-Иван” гэх хамтлагтай байсан гэсэн үү?

-Би 1974 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургуульд орсон. Харин 1976 онд хоёрдугаар ангидаа “4 Иван” хамтлагийн гишүүн болж байлаа. Манай хамтлаг орос багшийнхаа зааж өгсөн ганцхан дуутай. Түүнээс өөр дуу дуулж ч байсангүй. Тэр дууг дуулахын тулд дөрвөн хүү байх ёстой байж л дээ. Яагаад ч юм намайг нэгээр нь сонгосон. Миний урлагт хөл тавих анхны алхам болсон гэж болно. Мөн өөрийнхөө удамд анхны урлагийн хүн болсон. Одоогоор дараа үеэс минь ч урлагийн хүн гарч ирээгүй л байна. Ямартай ч би “4-Иван” хамтлаг минь Монголын анхны “Boyband” болсон гэж хошигнодог юм.

Гэхдээ ээж, хоёр дүүдээ нөмөр нөөлөг болох ёстой, айлын том хүү гэдгээ их эрт ухамсарласан учраас дуу, хуур гэхээсээ илүү хичээл номондоо анхаарах хэрэгтэй байлаа. Тиймдээ ч ахлах ангидаа урьдынхаасаа ч илүү онц сурсан. Үүний үр дүнд 1984 онд Чех рүү их сургуульд сурахаар болсон доо.

-Ямар мэргэжлээр суралцав?

-Би хувцас, загвар зохион бүтээгч мэргэжлээр суралцсан. Яг үнэндээ гадагшаа явах гэсэн том мөрөөдөл минь биелсэн болохоор мэргэжил нь тийм ч чухал биш байлаа. Тэр үед барууны орон руу явна гэдэг их ховор тохиол байсан юм шүү дээ. Ах, дүү нар минь бүгд ирцгээн вагонд суулгаж өгсөн нь санаанд их тодхон. Хэдий эр хүн ч гэсэн нулимсаа нуугаад л тэднээсээ холдож билээ.

Харин оюутан байх үед минь буюу 1989 онд Чехт “Ягаан хувьсгал” болсон. Ер нь хувьсгалын салхи Польш, Чехэд анхлан сэвэлзсэн юм шүү дээ. Миний үзэл бодол ч их өөрчлөгдчихсөн байсан үе. Найзуудтайгаа хамт жагсаал, цуглаанд их идэвхтэй оролцоно. Дараа нь С.Зориг ах Чехэд ирж Монголд болох хувьсгалын талаар их ярьж өгсөн. Миний хувьд Европт сурч байгаа залуучууддаа “Ардчилал” сонинг түгээх үүрэг хүлээсэн л дээ. Тэр нь С.Зориг ахаас авсан даалгавар юм даа. Ингээд 1990 онд төгсч ирээд, ах нартайгаа хамт хувьсгалд оролцсон.

-Хувьсгалд оролцсон нь улс төрд орох шалтгаан болсон уу?

-Яг ч тийм биш л дээ. 2000 онд С.Оюун Иргэний зориг нам байгуулсан. Би багын л С.Оюуныг танина. Мөн С.Зориг ахтай ойр явсан учраас хамгийн түрүүнд энэхүү намыг дэмжих ёстой л гэж бодсон. Түүнээс би нам байгуулж, эсвэл улс төрд оръё гэж бодож, сонирхож байгаагүй. Намайг намд орооч ээ гэж хамгийн их шамдуулсан хүн бол С.Дэмбэрэл гишүүн. Харин арван жилийн дараа би С.Дэмбэрэл ахыг намдаа оруулсан юм шүү.

-Та хэдэн орноор аялсан бэ?

-Би газрын зураг тавьж байгаад тэмдэглэл хийж үзсэн л дээ. Гэтэл 106 орон байсан шүү. Яг үнэндээ би өөрөө ч итгээгүй. Үүнээс Бутан хамгийн гайхалтай нь байсан. Үнэхээр сайхан гэгээлэг хүмүүстэй. Харин Словакт явж байхдаа машинаасаа бүх ачаагаа алдчихаж билээ. Энэ нь миний аяллын хамгийн сонин тохиол болсон доо. Миний хувьд залуустаа хоёр орноор очоод үзээсэй гэж зөвлөмөөр байдаг. Японд болон Энэтхэгт очих хэрэгтэй. Японд очсоноор хариуцлага, хүндлэл, цаг барих хичнээн чухал вэ гэдгийг мэдэх болно. Харин Энэтхэг юм уу Бангладешт очвол Монголд төрсөндөө баярлана гэдэгт итгэлтэй байна.

-Та яг одоо ямар ажил эрхэлдэг вэ?

-Анх төгсч ирээд мэргэжлээрээ ажиллах боломж гараагүй. Бусдын л адил ганзгын наймаанд явсан. Чехээс хуучин машин Монгол руу зөөдөг байлаа. Ургамлын тос, “Classic” гэх цууг хүртэл хамгийн анх оруулж ирсэн. Ингээд л бизнесийн гараагаа эхлүүлсэн дээ. Одоо бол би маш олон ажил эрхэлж байгаа. Миний үндсэн ажил бол бизнес эрхлэх. “Irish pub”-ийг ажиллуулахын сацуу “Тэрэлж”-д багахан амралтын газартай. Мөн гаднаас цөөн тооны бараа импортолж борлуулдаг. Том бизнесмэн биш ч хүнээс гуйхгүй л гэр бүлээ авч явна. Мөн хобби болох урлаг маань бизнесийн минь нэг салбар болчихлоо. “Шар айраг” хамтлаг чамлахааргүй их орлого олдог. Дээрээс нь зар сурталчилгаанд их тоглож байна. Намайг бага байхад “Хөнгөн хөгжим, хөлбөмбөг хоёр Монголд хэзээ ч хөгжихгүй” гэж ярьдаг байсан. Гэтэл би хоёр хөгжихгүй салбарын төлөө л зүтгэсэн. Харин одоо надад үр өгөөжөө өгсөөр л байна. Ер нь хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг. Надад энэ үг үйлчилдэггүй юм шиг байгаа юм. Харин ч олон туулай хөөж байж зөвийг нь олж авдаг байх.

-Таныг “Битлз” хамтлагийн хөшөөг бариулсан гэдэг юм билээ. Энэ үнэн үү?

-Ганцхан би биш л дээ. Олон хүний санаа, сэтгэл шингэсэн юм. Хөшөө байгуулах санааг “Битлз” хамтлагт дуртай С.Баяр, Э.Бат-Үүл, Б.Долгион гэх хүмүүс дэмжсэн. Тухайн үед хамгийн бага нь би байсан учраас хандивын ажил гэх мэт ажлуудыг амжуулах шаардлагатай болсон. Нөлөө бүхий хүмүүс хамтарч байгаа болохоор ажил ч хурдан бүтсэн дээ. “Битлз” гэдэг бидний хувьд Ливэрпүүлээс гаралтай дуучин залуус байгаагүй. Тэд бол бидний барууны ертөнцийг үзэх цонх минь байсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *