Categories
мэдээ цаг-үе

Г.Ганбаяр: Эдийн засгийн хоригт орчихсон Иранд дайн хийх боломж байхгүй


Гадаад мэдээний тоймч Г.Ганбаяртай ярилцлаа.

-Иран, АНУ бие биенийхээ эсрэг дуулиантай мэдэгдлүүдийг хийгээд байна. Ираны генерал Кассем Солейманиг хөнөөсөн хэрэг гээд л олон шалтгаан байгаа байх. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Энэ асуудал нэлээд эртнээс үүдэлтэй. 2017 оны нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа авсан. Ерөнхийлөгч болоод өмнөх засгийн газрын хэд хэдэн бодлого, тогтоолуудыг хүчингүй болгож, үүнийг нь дэлхий нийт харлаа. Худалдааны асуудлаар БНХАУ-ыг шахаж эхэлсэн. АНУ 100 гаруй улстай худалдааны харилцаатай. Дандаа АНУ-д бараагаа шахаж, зах зээлийг нь ашигладаг. Энэ нь Америкт ашигтай биш. 800 тэрбум төгрөгийн алдагдалд хүрсэн. Үүгээрээ далимдуулан шахах бодлого хэрэгжүүллээ. Барак Обамагийн үед байсан Номхон далайг дамнасан түншлэл гэх хэлэлцээрийг хүчингүй болгосон. Энэ бол худалдаа эдийн засгийн асуудал.

-Ираны хөршүүд АНУ-ын холбоотон улсууд шүү дээ. Энэ хоёр орны сөргөлдөөнд нөлөөлсөн үү?

-Холбоотнуудаа гомдоож байна гэдэг асуудал тавигдсан. Тэр нь Ираны хөршүүд болох Израиль, Саудын Араб байхгүй юу. Иран улс бол Израилийн дайсан. Саудын Араб сламын ертөнцийн өрсөлдөгч нь. Учир нь Саудын Араб Сунит урсгалын Исламын шашинтай. Харин Иран Шит урсгалтай. Исламын Сунит, Шит гэх хоёр том урсгал бий шүү дээ. Энэ урсгалууд хоорондын сөргөлдөөн явуулж, Исламын ертөнцөд нөлөөгөө тогтоох гэсэн оролдлогуудыг хийдэг. Дональд Трамп Израильд үзүүлдэг батлан хамгаалах салбарын тусламжаа гурван тэрбум доллар байсныг таван тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлсэн. Саудын Арабтай 300 тэрбум долларын зэвсгийн гэрээ байгууллаа. Саудын Араб зэвсгийнхээ зардлаар ОХУ-ын өмнө орчихлоо шүү дээ. Яах аргагүй Ирантай зэргэлдээ улс.

-АНУ тусламжаа нэмэгдүүлсэн нь Ирантай холбоотой юу?

-Тийм. Иран 2015 онд цөмийн хэлэлцээр байгуулагдангуут газрын тосоо зараад эхэлсэн. Газрын тосоо зарна гэдэг ам.доллартай болно. Түүгээрээ батлан хамгаалах салбарынхаа зэр зэвсгийг шинэчлээд эхэлсэн л дээ. Геополитик гэдэг газар зүйн байрлалтай холбоотой шүү дээ. Өрсөлдөгч хөрш нь хүчтэй болоод ирэхээр Саудын Араб жам ёсныхоо дагуу зэр зэвсэгтээ хөрөнгө зараад эхэлж байгаа байхгүй юу.

-Иран, Америк хоёр цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хэлэлцээрээс гарчихсан. Яагаад гарах болов?

-АНУ цөмийн хэлэлцээрээс гарна гэдэг хэлэлцээр манайд хамаагүй л гэж үзэж байгаа хэрэг л дээ. Өнгөрсөн ням гаригт Иран хэлэлцээрээс гарчихлаа. Тэгэхээр энэ хэлэлцээр ямар ч утгагүй болчихож байгаа юм. Хоёр гол улс нь гараад явчихаар энэ хэлэлцээр бүрхэг болчихож байна.

-АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2015 оны хэлэлцээрээс яагаад гарах шийдвэрийг гаргасан юм бэ?

-Холбоотнуудаа гомдоож байна. Холбоотнууд аюултай. Түүнээс гадна генералыг алсантай холбоотой нэг асуудал бий. 2015 онд цөмийн хэлэлцээрийг хийж, Иран руу барууны шинжээчдийг оруулж, цөмийн зэвсэгтэй эсэхийг нь шалгуулсан. Шалгахад үнэхээр Иран баяжуулдаг төхөөрөмжүүдээ цөөлчихсөн байсан. Иранд байгаа уран цөмийн зэвсэг хийх хэмжээнд хүрээгүй байна гэдгийг шинжээчид баталсан. 2015 оноос 2017 оны хавар хүртэл хоёрхон жилийн хугацаанд Ираны газрын тосны экспорт нэмэгдсэн. Боломж гарч байна шүү дээ. Энэ хугацаанд жаахан цонх үүсч байна. Энэ зурвас үеийг ашиглаад Иран улс олборлолтоо нэмэгдүүлээд зэвсэг, техникээ шинэчлэх боломж гарсан. Яахав шинэчилсэн байх. Энэ зурвас үе АНУ, Саудын Араб, Израильд ашиггүй гэж Бүгд найрамдах нам үзсэн. Бүгд найрамдах нам бол уламжлалт, цэрэг, зэвсэг, батлан хамгаалах салбарыг дэмждэг хүчний чиглэлийн нам. Энэ Ираны цөмийн хэлэлцээрт илүү өргөн агуулга оруулах ёстой байсан. Ираныг бүс нутгийн орнуудын асуудалд хөндлөнгөөс оролцож болохгүй, зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжиж болохгүй гээд нөлөөллийг нь хязгаарлаж чадаагүй учраас энэ хэлэлцээр үнэхээр утгагүй гэрээ.

-Ираныг хязгаарлаагүйгээс Ойрх дорнодод юу болсон бэ?

-Ираны Күдс хүчин гэх элит түвшний бэлтгэгдсэн хүчин бий. Энэ хүчин Ирак, Сири, Ливан гээд Шит шашинтай улсуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон. Цаад агуулгаараа Исламын ертөнцийн Шит, Сунитын хоорондын сөргөлдөөн дахиад л идэвхжиж байна. Энэ бол аюултай. 2003 оны Ирак яг л ийм. Садам Хуссейн байсан. Түүнийг унагаж, шинэ Засгийн газар байгуулсан. Эрх мэдэл хуваарилахдаа Шитүүд хүн амын олонх 60 хувь учраас ерөнхий сайдаа ав, сунитууд нь парламентаа, күртүүд ерөнхийлөгчөө гээд эрх мэдлээ хуваарилчихсан. Ийм тогтолцоо 16 жил явлаа шүү дээ. Тэгэхээр Шитүүд Ирантай хамтран ажиллахаас өөр арга байхгүй. Оны өмнөхөн Иракт эсэргүүцлийн жагсаалууд болсон. Тэр жагсаалын үеэр Ираны элчин сайдын яам руу халдсан залуучууд манай улс бие даасан бодлого явуулна. Садамыг алга болгосон биш Иран манайд ноёлдог болчихлоо. Ирантай хийх харилцаагаа бодож үзэх ёстой гэж байгаа юм. Ийм л зүйл болж байна.

Кассем Солеймани амиа алдаад Багдадад, Иранд ч бөөн юм болж, олон мянган хүн манай баатар гээд л. Гэтэл Иракийн зарим хотод Кассем Солейманиг үхсэнийг тэмдэглэсэн шүү дээ. Энэ чинь нөгөөх аймшигтай Ойрх дорнодын Шит, Сунитын өрсөлдөөн яваад байгаа юм. Энэ бол Иракт маш эмзэг илэрсэн шүү дээ. Ж.Бушийн үед өөрөө алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Яагаад гэвэл Иракийн мэргэжлийн армийг нь татан буулгачихсан. Олон жил цэргийн алба хаасан офицер, цэргүүдээ тарааж, армиа шинээр байгуулна гэсэн чинь нөгөөх мэргэшсэн офицерууд Сунитийн бүлэглэлүүдэд очоод нэгдчихсэн. Иракийн дайны үед халдлага хүчирхийлэл нь дандаа Багдадын шитүүд амьдардаг дүүргүүдэд болсон. Сунитыг Исламын ертөнц, арабууд дэмжинэ. Аль Кайда дэмжинэ. Ийм аюултай нөхцөл байдал руу ордог байхгүй юу. Ираны эсрэг ажиллагаа зөвхөн АНУ-ын холбоотнууд, өөрийн цэргүүдээ хамгаалах байр сууриас гадна Шит, Сунитын хоорондын харилцаа яваад байгаа байхгүй юу. Энэ бол Сири, Ливан гээд өөр улс орнууд дээр ч илэрнэ.

-Иранд цаашид юу болох вэ?

-Иран дотооддоо нэлээд асуудалтай байгаа. Эдийн засгийн хоригт орчихсон. Оны өмнөхөн шатахууны үнэ нь нэмэгдэж, бөөн жагсаал болсон. Улмаар интернэтийн сүлжээг хааж, юу болж байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад сүлжээ буцаад сэргэсэн чинь хүмүүсийг буудаж байгаа бичлэгүүд нь тараад эхэлсэн. Олон хүн амь эрсэдсэн гээд байгаа. Тоо нь тодорхойгүй л байна. Гэхдээ хэдэн зуугаар тоологдоно. Саяны Кассем Солейманийг алсан хэрэг Ираны ард иргэдийг АНУ-ын эсрэг хандуулж, нэгтгэж магадгүй. Гэхдээ эдийн засгийн хоригт орсон улс дайн хийнэ гэдэг маш эрсдэлтэй.

-Ийм эрсдэлд буй Иран АНУ-ын эсрэг юу хийж чадах бол?

-Өшөө авна гэж исламын улаан туг мандуулсан гэж бичиж байна. Хамгийн гол нь эдийн засгийн хоригт орчихсон байгаа улсад том дайн хийх хөрөнгө санхүүгийн боломж байхгүй. Европын улс орнуудын хувьд Иран руу өнгөрсөн ням гаригт уриалга гаргасан байна лээ. Тэр нь цөмийн хэлэлцээртээ үнэнч бай. АНУ гарсан ч гэсэн бид нар байна гэдэг утга бүхий уриалга гаргасан. Мөн АНУ-тай хэлэлцээр хий гэсэн утгыг ч илэрхийлсэн байна лээ. Өнгөрсөн намраас хойш Ираныг буруутгаад байсан шүү дээ. Саудын Арабын хоёр газрын тосны үйлдвэр халдлагад өртсөн. Газрын тос тээвэрлэдэг том онгоцууд руу халдсан. Аажмаар л яваад байсан асуудал.

-Дональд Трамп Ираны 52 бүст цохилт өгнө гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Энэ асуудал нэлээд шүүмжлэгдэж байна лээ. Цэргийн баазыг бөмбөгдөхөөр цэргийн мөргөлдөөн юм шиг харагдана шүү дээ. Соёлын байгууламж руу халдана гээд байгаа юм. Учир нь 79 онд Иранд Исламын хувьсгал гараад өнөөгийн Ираны тогтолцоо бий болсон. Тэр үед 52 АНУ-ын иргэн олзлогдож, барьцаанд байж байгаад суллагдсан. Тэрийг АНУ-ын тал шууд л ярьж байна л даа. Энэ бол сүрийг үзүүлэх тактик.

Трамп Умард Солонгост ийм бодлогыг нэлээн хэрэгжүүлж байсан. 2017 онд танайд хэдэн цөмийн пуужин байгаа юм. Манайд асар олон байна. Танайхыг дуусгана, арчина гээд НҮБ-ын индэр дээрээс хүртэл яриад бөөн юм болсон. 2018 онд нь өөр болсон. Нэгдүгээр сарын 1-нээс эхлээд л Ким Жөн Ун зөөлрөөд Сингапурт уулзсан.

-Цөмийн зэвсгийн асуудал байгаа л байх…

-Цөмийн асуудал мэдээж байгаа. Иран, Хойд Солонгос хоёр АНУ-д харилцахад төвөгтэй улсууд шүү дээ. Уг нь 2015 онд АНУ бид Ираны асуудлыг цэгцэлчихлээ. Умард Солонгос үлдсэн гэж ярьж байсан. Одоо буцаад нөгөө зам руугаа орчихлоо.

-Цөмийн зэвсэгтэй хэдэн улс бий вэ?

-Найман улс бий. АНУ, ОХУ хоёр нийт цөмийн зэвсгийн 95 хувийг нь эзэмшдэг. Үлдсэн таван хувь нь БНХАУ, Их Британи, Франц, Энэтхэг, Пакистан, Израильд бий. Сүүлд судлаачид Хойд Солонгост 20 орчим бий гэж яриад байгаа. Гэхдээ хаалттай учраас тодорхойгүй. Цөмийн зэвсэг бол тогтоон барих хэрэгсэл. Өмнө нь цөмийн зэвсгийг Хирошима, Нагасаки дээр хоёр удаа л хэрэглэсэн. Асар их сүйтгэл дагуулдаг аймшигтай зэвсэг. Энэ хүчийг Хойд Солонгос, Иранд өгчихөөр их төвөгтэй дэглэмүүдтэй учраас аюултай. Энэ цөмийн асуудал нэлээн хурцаар тавигдана. Хойд Солонгос цөмийн зэсгийг сэргээнэ, туршилтуудаа эхэлнэ гээд ярьчихсан явж байгаа.

-Цөмийн зэвсгээс үүдэлтэй юм байна гэж ойлгож болох уу?

-Иран ураны баяжуулалтаа нэмэгдүүлнэ гэж байна. 2015 оноос өмнө олон арван жил яригдсан зүйл дахиад сэргэж байна гэсэн үг. Тэгэхээр Трампын хувьд 52 байгууламжид цохилт өгнө гэдэг бэлгэдлийн тоо гаргаж ирээд сүрдүүлж байна. Гэхдээ байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй. Дахиад хэлэлцээр хийж болно шүү дээ. Ираны хувьд маш хүнд байгаа. Үүнийг Ойрх дорнодын шинжээчид хэлдэг. Ажилгүйдэл, инфляци ихтэй, газрын тосны арвин их нөөцтэй хэрнээ үнийг нь нэмж байна шүү дээ. Валютын нөөцгүй болохоороо ингэж байгаа юм. Ийм хүнд нөхцөлд байгаа улс удаан хугацааны дайн хийнэ гэж байхгүй. Трамп манай цэрэг байгууламж руу халдах юм бол бид зөрүүлээд маш хурдан цохилт өгнө гэж байгаа шүү дээ. Ираныг тойроод АНУ-ын цэргийн баазууд, томоохон хөлөг онгоцууд нь байна. Энэ утгаараа өргөн хүрээний дайн болно гэх эрсдэл бага байна. Эрсдэлтэй талаас нь яривал АНУ-тай Саудын Араб, Израиль гээд холбоотнууд байна. Сири өөрөө асуудалтай, ОХУ, БНХАУ нь яах юм байгаа юм.

-Эрсдэл талаас нь бодъё. Хэрвээ АНУ, Иран хоёр бие биендээ цохилт өгөөд эхэлбэл Дэлхийн III дайн болох магадлал бий гэх зүйл яригдаад байгаа. Иран руу дайрах, Хойд Солонгос руу дайрахтай агаар нэг гэж байгаа шүү дээ…

-Иран Хойд Солонгосоос ялгаатай тал нь өөрөө Исламын ертөнцийн том тоглогч байхгүй юу. Шитийн урсгалыг нэг ёсондоо төлөөлж байна шүү дээ. Тиймээс бүс нутагтаа нөлөөллөө бэхжүүлэх гэж оролдоно. Тиймээс АНУ Шит шашинтай Засгийн газруудын эсрэг бодлогоо чангатгаж магадгүй. Одоо АНУ-ын холбоотон Турк, Ираны холбоотон Ливи рүү орж байна. Ер нь АНУ амиа бодож эхэлж байна. Дональд Трамп АНУ-ыг дэлхийн II дайнаас хойш маш их ачаа үүрсэн гэж яриад байна шүү дээ. Та нарыг хамгаалсан, сэргээн босгосон. Одоо мөнгө өг та нар гээд АНУ амиа бодоод эхлэх юм бол маш аюултай болж эхэлнэ. Тэгэхээр энэ орон зайд Турк, ОХУ, Иранууд үлдэнэ. Тэгэхээр энэ бүс нутаг маш эвгүй болно. Тогтоон барьж байгаа нь АНУ шүү дээ. Тэд гараад явчихвал Шитүүд болон Ираны нөлөө улам идэвхжинэ. Тэгэхээр нөгөөх өрсөлдөгч Сунитууд нь зүгээр байхыг хүсэхгүй. Энэ исламын завхралд ОХУ, Турк удаан хугацаанд орооцолдох нь өөрсдөд нь аюултай.

-Ираны нэг сайд нь Дональд Трампыг Чингис хаан шиг түрэмгийлж байна гэх зүйл ярьсан байна лээ…

-Чингис хаан, Адольф Гитлертэй адилхан соёл иргэншлийг устгасан гэх мэт зүйл ярьсан байна лээ. Гэхдээ өнөөгийн алан хядагчдыг дээр үеийн харилцаатай зүйрлэнэ гэдэг төвөгтэй асуудал. Тэр үеийн хоёр улсын хоорондын маргааныг дипломат арга замаар шийдвэрлэнэ гэдэг өөр шүү дээ.

-Ер нь дэлхий нийтийн чиг хандлага популист хандлага руу яваад байна уу?

-Тийм. Өөрийн амийг бодох, үндэсний эрх ашгийг бодох хандлага гараад ирлээ. Европ тивд популистууд ороод ирлээ. Хэт барууны үндсэрхэг намууд бий болж байна. Нацист нам гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ Итали, итали хүн дээ, Франц, францдаа, Британи, британи хүндээ үйлчилдэг байх ёстой гэсэн ийм консарватив бодлого яваад байна шүү дээ. Трамп үндэсний эрх ашгаа эрхэмлэж байна. Ийм үед манай улс гадаад бодлогодоо болгоомжтой байхгүй бол тооцоолж болохгүй цаг үе ирсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *