Хувиараа бизнес эрхлэгч Г.Эхбаяртэй ярилцлаа. Тэрбээр эхнэрийнхээ хамт “АНАР зоогийн газар“- ыг ажиллуулахын хажуугаар контент хийдэг билээ.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Гэрэлсайханы Эхбаяр гэдэг. Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрж өссөн. 2014-2016 онд тогооч мэргэжлээр сурч төгсөөд, түүнээс хойш одоог хүртэл тогоочоор ажиллаж байна.
-Танай гэр бүл хувийн бизнес эрхэлдэг шүү дээ. Залуу хүмүүс хувийн бизнес эрхлэхэд хэр их хүндрэл гардаг вэ?
-Хамгийн том бэрхшээл нь санхүүгийн асуудал байдаг. Хэдий зээл авч болох ч бизнес эрхлэх хэмжээний зээл гарахгүйгээс эхлээд асуудал их гардаг.
-Таныг эхнэртэйгээ сошиал контент хийдгээр хүмүүс сайн мэддэг. Эхнэрийн тань ямар зан ааш таны хайрыг хамгийн их татдаг вэ?
-Эхнэрийн маань сэргэлэн, эгдүүтэй зан хамгийн их хайр татдаг. Би өөрөө хөдөлгөөнтэй, зүгээр байж чаддаггүй төрлийн хүн болоод ч тэр үү эхнэрийн маань тэр зан нь хамгийн хөөрхөн санагддаг.
-Контент хийж эхлээд нэлээдгүй удсан байна. Энэ хугацаанд сошиал дайралт хэр их байсан бэ?
-Өө тэгээд зөндөө шүү дээ. Зарим хүн муулж байж сэтгэл нь амардаг. Хүмүүс элдвээр хэлж л байдаг юм. Анх хүндээр хүлээж аваад эвгүй санагддаг байсан ч сүүлдээ тоохоо байдаг юм билээ. Гэхдээ хүмүүс янз бүрээр хэллээ гээд муудчих биш дээ. Харин ч бидний алдаа дутагдлын талаар бичсэн байвал засаж залруулахыг хичээдэг.
-Өөрийнхөө тухай уншиж байсан хамгийн хөгжилтэй коммент…?
-Надаас нэлээд эгч бололтой эмэгтэй “Эгдүүтэй агаа шүү” гээд биччихсэн байсан. Тэр хамгийн хөгжилтэй нь байх. Эгдүүтэй мөртлөө агаа байдаг л юм байхдаа гэж бодоод инээд хүрч байсан.
-Анх эхнэртэйгээ танилцсан түүхээ хуваалцахгүй юу?
-Анх бид нэг газар хамт ажилладаг байсан юм. Манай эхнэр захирлын нарийн бичиг, би харин тогооч хийдэг байсан. Тэр үед л анх танилцсан. Дараа нь ажлаасаа гадуур хуримын хоол хийхээр болсон юм. Гэтэл тэр хурим эхнэрийн маань хамаатны хурим байж таараад… Тэр үед илүү дотно танилцаад үерхэж эхэлсэн.
–Залуу аав, ээж. Хэцүү зүйл их гарч байна уу?
-Хэцүү байна гэж ерөөсөө бодож байгаагүй. Яагаад гэвэл хүүхэд маань биднээс үүссэн бүхэл бүтэн нэг ертөнц, амьдрал шүү дээ. Анх хүүхэдтэй болсон цагаас л бид хоёр ярилцаж байсан л даа. Хүүхдэдээ ерөөсөө сөрөг мэдрэмж мэдрүүлэхгүй өсгөнө гэдэг зүйл дээр бат зогсоно гээд. Тийм болохоор хүндээр тусгаж авч байгаагүй ээ. Мэдээж асуудал гарч ирдэг. Гэсэн хэдий ч хүүхдээ харахаар тэр болгон цаанаасаа юу ч биш юм шиг санагдаад, илүү их хичээх ёстой юм байна бодогддог.
-Хосуудын дунд ам мурийх, маргалдах зүйлс бишгүй гардаг. Тэр үед хэрхэн шийдвэрлэхийг хичээдэг вэ?
-Бид хоёр анх нэлээн маргалддаг байлаа. Яалтачгүй өөр хоёр ертөнц нэг гэрт амьдарч байгаа болохоор маргалдах зүйл гаралгүй л яахав. Ер нь сайн ярилцахыг хичээдэг. Дуугаа өндөрсгөхгүй ярилцаж байвал хэрүүл маргаан харьцангуй бага гардаг юм шиг санагдсан.
-Гэрийн эзэн, аав хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
-Хүмүүс гэрийн эзэн гэхээрээ гадуур ажлаа амжуулаад гэртээ ирэхээрээ буйдан дээрээ удирдлага бариад сууж байх ёстой гэсэн хандлагатай байдаг. Би бол тэрний эсрэг бодолтой хүн л дээ. Заавал гэрийн ажлыг эхнэр дандаа хийх албагүй шүү дээ. Хэрвээ би завтай, эхнэр маань өөр ажилтай бол хувцсыг нь угаагаад, хоолоо хийх л хэрэгтэй. Ажилтай явж байгаад ирлээ гээд уцаарлах биш харин хүүхдэдээ жоохон ч гэсэн цаг гаргаад хамт тоглох хэрэгтэй. Түүнээс биш эрэгтэй хүн гэхээрээ л гэртээ байхдаа уул шиг хөдөлгөөнгүй сууж байх ёстой гэсэн жендерийн мэдрэмжгүй хандлага гаргах нь зохисгүй зүйл.
-Ямар үед хамгийн их аз жаргалтай байдаг вэ?
-Манай аав, ээж хол байдаг болохоор их санадаг. Тиймээс эхнэр, хүүхэд, аав, ээжтэйгээ уулзсан үедээ хамгийн аз жаргалтай байдаг.
-Таны хувьд аз жаргалтай амьдрал гэж ямар амьдралыг хэлэх вэ?
-Аз жаргалтай амьдрал энгийн шүү дээ. Миний хувьд энгийн зүйлээс аз жаргал мэдрэх дуртай. Хүүгээсээ ч юмуу эхнэрээсээ урмын, хайрын үг сонсох бүртээ аз жаргалыг мэдэрдэг. Энэ мэдрэмжийг л үргэлж авдаг амьдралыг аз жаргалтай, гэрэл гэгээтэй амьдрал гэж боддог.
-Залуу хосуудад юуг зөвлөмөөр байна?
-Гэр бүлийн төлөвлөлт хийж сураасай гэж хүсдэг. За ингээд үерхээд явж байтал болох л байлгүй дээ гээд бие биеэ хараад, хүлээх хэрэггүй. Үнэхээр бие биедээ хайртай, болно бүтнэ гэсэн бодолтой байгаа бол эртнээс хамт хөдөлмөрлөөд, хамтдаа хичээгээд, хөдөлмөрийн үнэ цэн, амьдралын сайхныг мэдрээд яваасай л гэж боддог.
-Хайртай гэр бүлийнхэндээ зориулж юу хэлмээр байна?
-Шантрах үе зөндөө байдаг. Тэр болгонд намайг дэмжиж, ойлгож, итгэл, урам зориг өгч байдагт та нартаа их баярлаж явдаг. Үнэхээр их хайртай шүү гэж хэлмээр байна.
Б.АНУ
One reply on “Г.Эхбаяр: Эхнэрийн маань сэргэлэн, эгдүүтэй зан хамгийн их хайр татдаг DNN.mn”
Хөөрхөн хосууддаа амжилт хүсье .Аз жаргал эрүүл энхийг хүсье зорьсон зорилгодоо хүрээрэй амжилт