Монгол Улсын зөвлөх мал зүйч Г.Дээшинтэй ярилцлаа.
-Дэлхий дахинд мал аж ахуйн салбар ямар түвшинд хөгжиж байна вэ?
-Өнөө цагт дэлхий даяар эко чиглэл рүү хөгжиж байгааг бүгд мэднэ. Хөдөө аж ахуйн салбар гэхэд онгон байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх технологийг илүүд үзэж байх жишээтэй. Худаг ус гаргалаа гэхэд хөрсийг нь хөндөхгүйгээр байгальтай харьцаж байна шүү дээ. Хүн төрөлхтөн хүртэл байгалийн гаралтай, экологийн бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой болж байна. Энэ үүднээс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого эрчимжиж байгаа. Малын ялгадсыг ашиглаад газар тариаланд зориулж бордоо үйлдвэрлэж байна.
Хөдөө орон нутагт бууцыг ашиглаад хадлан тариалан, хүнсний ногооны ургацыг нэмэгдүүлдэг арга технологи бий. Жишээлбэл, шувууны сангасыг ашиглаад сайн чанарын бордоо үйлдвэрлээд тэжээлийн тариаланд ашиглаж байна. Энэ мэтчилэн дэлхий дахинд нэвтэрсэн технологийн шийдлүүд хөдөө аж ахуйн салбарт өргөн дэлгэр нэвтэрсэн байна.
-Олон улсад мал аж ахуйн салбарт технологийн ямар шийдлүүдийг ашиглаж байна вэ. Тэдгээрийг Монголд нутагшуулах ямар боломжууд байна?
-Өнөөдөр дэлхий 378.8 тэрбум малтай байна. Мал аж ахуйн салбарт маш олон янзын технологийн шийдлүүдийг ашиглаж байгаа. Тэдгээрээс нөхөн үржихүйн технологийг онцолмоор байна. Малын үүлдэр угсааг сайжруулах, богино хугацаанд өсгөх чиглэл дээр гарсан технологийн шийдлүүдийг нэрлэж болно. Үүний нэг нь зохиомол хээлтүүлэг. Богино хугацаанд өндөр ашиг шимт малаас олон төл авч байх жишээтэй. Үүнийг манайд нэлээд өргөн хэрэглэж байгаа. Энэ бол биотехнологийн нэг арга. Бас хөврөл үр шилжүүлэн суулгах технологи ашиглаж байгаа. Энэ нь үр тогтсон өндгөн эснээс аваад хээлтүүлэг хийнэ гэсэн үг. Голдуу хонь, ямаа, үхрийн аж ахуйд ийм технологийг хэрэглэж байна. Мөн өндөр ашиг шимт малын үрээр зохиомол хээлтүүлэг хийхдээ хүйс жолоодох технологийг ашигладаг.
-Төл малын хүйс жолоодох технологийн талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Ер нь гарсан төл болгон нь охин байна гэсэн үг. Угаасаа эдгээр арга технологиуд мал аж ахуйн нөхөн үржүүлэх, чанар сайжруулахад чиглэгддэг. Ийм үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, мал аж ахуйн мэргэжилтнүүд Монголд хэд, хэд бий. Мөн хоёр өөр үүлдрийн малыг хооронд нь хээлтүүлэх технологи амжилттай хэрэгжиж байна. Жишээлбэл, Монголын үхэр, сарлаг хоёрын дундаас гарсан төлийг хайнаг гэдэг шүү дээ. Үүн шиг хоёр өөр үүлдрийн дундаас гарсан төл нь аль, алиных нь сайн шинж чанарыг хадгалж чаддаг. Ийм арга технологи хонины аж ахуйд нэвтэрсэн. Суффолк, беричон душер, романов, меринос зэрэг шилмэл үүлдрийн ашиг шим өндөр хонийг манайхан хэдэн жилийн өмнө оруулж ирсэн л дээ. Манай мал аж ахуйн салбарт зарим нь цэврээр нь үржүүлж байна. Зарим нь эрлийжүүлэлт хийж байгаа. Махны, түргэн өсөлттэй хонь болох суффолк, бэришон зэрэг хонь нь эдийн засгийн хувьд үр ашигтай, гадаад зах зээлд мах нийлүүлэхэд хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон. Романов үүлдрийн хонь гэхэд төллөх бүрдээ ихэрлэдэг. Эдгээр хонины зургаан сартай хурга нь 48 кг жин татдаг. Мах нь зөөлөн, шимтэй, шингэц сайтай. Махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үнэхээр өндөр ач холбогдолтой.
-Гадаад ертөнцөд аварга том биетэй үхэр, хүнтэй чацуу шахуу хонь, ямаа үржүүлж байгаа жишээнүүд олон. Манайд эдгээр малыг нутагшуулахад юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Малын үүлдрүүд хоорондын зохицолдолгоог сайн харах нь чухал. Түүнчлэн цэврээр нь тодорхой бүс нутагт үржүүлэх нь илүүтэй. Яагаад гэвэл яг шинжлэх ухааны үндэслэлтэй селекцийн ажлуулыг бодлогоор хэрэгжүүлэхгүй бол хэн дуртай нь хийж болдоггүй юм. Нэгдүгээрт, тэжээллэг арчилгаа, маллагаа, нутагшилт шаардагдана. Тэр ч сайн, том биетэй, ашиг шимтэй гэсэн мал болгоныг шууд авчраад үржүүлэг, хээлтүүлэгт ашиглаж болдоггүй. Яах ёстой вэ гэхээр богинохон хугацаанд ашиглах хувилбар байх ёстой. Үгүй бол яг тэр үүлдрийн технологийнх нь дагуу арчилгаа, маллагаа тэжээллэг нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Үнэхээр технологиор нь үржүүлж чадвал үр дүнгээ өгдөг. Мал бол тодорхой бүс нутагт, тодорхой байгаль орчин, ахуйд дасан зохицдог юм. Тэрийг бодолцохгүйгээр авчраад үржүүлээд байхаар үхэл хорогдол их гардаг. Ер нь бид тухайн малыг Монголд үржүүлэхдээ ямар зорилготой вэ гэдгээ сайн тодорхойлох ёстой. Арав, хорин кг ноос өгдөг хонь, тонн гаран жин дардаг үхэр зэрэг өндөр ашиг шимтэй малыг авчраад үржүүлье гэвэл яг өмнө амьдарч байсан орчныг бүрдүүлэх нь чухал. Дээр нь арчилгаа, маллагаа нь ч бас адилхан байна. Монгол нутгийн үүлдрийн үхэр бол 248-300 гаруй кг жинтэй байдаг. Манай нутагшсан сэлэнгэ үүлдрийн үхэр гэхэд 700-800 кг жин дардаг. Монголын бэлчээр тэжээлийн сор болсон бүсэд үржүүлж байгаа. Мөн Дорнод талын улаан үхэр гэж бий. Бас л 400-500 кг жин татдаг. Дэлхий дахинд малын олон төрлийн генийг ашиглах сонирхол байгаа. Гэхдээ яг тодорхой бүс нутагт нь үржүүлэх технологийг ашиглаж байгаа. Аль бүс нутагт илүү дасан зохицож байгаагаас нь хамаарч нутагшуулдаг. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутагтаа дасан зохицсон үүлдрүүдийг цэврээр нь үржүүлэхийг сонирхдог болсон гэсэн үг. Манайх ч ялгаагүй эрдэмтдийн хүчээр бий болгосон үүлдрүүдтэй шүү дээ. ХХААХҮЯ-аар 50 гаруй омгийн үүлдэр баталгаажсан байна.
-Эдгээр нь хаана, хаана байдаг юм бэ?
-Монголд үржүүлж байгаа нутгийн шилмэл омог, үүлдрийн мал нь Төв Азийн эх газрын эрс, тэс байгаль цаг уурын хүчин зүйлсийн нөлөөг тэсвэрлэн түүнд зохицон амьдрах чадвар болон ашиг шимийн хувьд онцгой чанаруудыг агуулснаараа өвөрмөц л дөө. Баяд, Говь-Алтай, Сартуул, Үзэмчин, Барга, Дархад, Байдраг үүлдрийн хонь, Дорнод Монголын улаан үхэр, Баяндэлгэрийн улаан, Өлгийн улаан, Алтайн улаан, Эрчмийн хар, Завханы буурал гэх мэт мах, ноос, ноолуурын ашиг шимийн хувьд онцгой генофондтой малыг ашиглаж нутгийн малын ашиг шимийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Үүнийг анхаарч үржил селекцийн ажлыг зөв зохистой ашиглах нь чухал ач холбогдолтой. Баяд, Үзэмчин үүлдрийн хонь, нутгийн монгол хоньтой адил бэлчээрийн маллагаанд байхдаа 4.9-4.7 кг илүү жинтэй. Говь-Алтай, Байдраг хонь 270-700 гр илүү ноос өгдөг ашиг шимийн генийн сантай болохыг манай эрдэмтэд судлан тогтоосон байдаг. Энэ өвөрмөц малын генефондыг ашиглан мах, арьс, ноосны гарц чанарыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
Нутгийн монгол хонины дотор илүү нуруу нугаламтай хонь нэлээд байдаг. Яс дагаж мах гэгчээр, нурууны нугаламын яс нэгээр илүү хонь, жирийн хониноос 1.2-3.5 кг мах, 7.3-12. ам децметр арьс, 40.-60. гр ноос тус тус илүү байхаас гадна нугалам илүү чанар удамшихдаа сайн байдгийг нэрт эрдэмтэн судлаач Б.Минжигдорж, Х.Санжмятав нар тогтоосон. Монгол үүлдэр, омгийн малын дотор 17.5 кг ноостой буур, 4.6 кг ноостой хуц, 710 гр ноолууртай ухна, 100 гаруй кг жинтэй хуц, 60-70 кг жинтэй эм хонь зэрэг гойд ашиг шимтэй мал байгаа нь монгол малын генфонд хэчнээн арвин, нөөц ихтэй нь гэрч юм. Нутгийн мал харьцангуй бага ашиг шимтэй хэдий ч түүнийг нэмэгдүүлэх нөөц, удамшлын чадавх өөрт нь байгааг гойд ашиг шимтэй малын үзүүлэлт харуулж байна. Энэ бүгд бол уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх гол нөөц юм. Сүүлийн үед УИХ-ын гишүүд малын үүлдэр сайжруулна гээд ийш тийш баахан хуц, ухна чирж аваачдаг болсон. Энэ бол тун буруу. Ямар сайндаа “Говьд хүн болж төрсөн дор бол хангайд бух болж төрсөн дээр” гэдэг биз дээ.
-Манай улс 70 сая толгой малтай . Сүүлийн үед бэлчээрийн даацын асуудал яригдах болсон. Үүнтэй зэрэгцээд тооноос илүү чанарт анхаарах ёстой гэдэг. Гэтэл нөгөө хэсэг нь хэрэв эрчимжсэн мал аж ахуйд шилжвэл дэлхийд цор ганц нүүдлийн соёл иргэншил устаж үгүй болно гэх юм. Энэ тал дээр судлаач хүний хувьд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, мал сүрэг хувийн өмчид шилжсэнээр малын тоо толгой тасралтгүй өсч ирсэн. Малчид хувийн өмчөө өсгөх, эдийн засгийн ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн хандлага нь малын тоо өсөхөд нөлөөлж байна. Энэ нь бэлчээрийн ачааллыг нэмэгдүүлж даацын хэтрэлт бэлчээрийн доройтолд хүргэж байгаа нь үнэн. Монгол Улс 2023 оны жилийн эцсийн байдлаар 71.1 сая толгой мал тоолуулсан. Сүүлийн 10 жилд бэлчээрийн эдэлбэр газрын хэмжээ 2.1 сая га-гаар буурч, малын тоо 2.2 дахин өсч, 100 га бэлчээрийн талбайд ногдох малын тооны ачаалал нэмэгдсээр байна. 100 га бэлчээр, хадлангийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 1961 онд 32 байсан бол 2022 онд 114 болж, бэлчээрт үзүүлэх ачаалал нь 3.6 дахин, сүүлийн 3 жилд буюу 2020 оноос 10.7 хувиар нэмэгдээд байна. Малын тооны хэт өсөлт, бэлчээрийн даацын хэтрэлт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө хавсарснаар бэлчээрийн газрын доройтол, цөлжилтийг эрчимжүүлэх үндсэн шалтгаан болж байна. Өнөө үед улс орон бүр шинжлэх ухаан техникийн дэвшил, хүний хөгжил байгалийн нөөц баялгийн ашиглалт зэрэг хүчин зүйл хоорондын шүтэлцээ, уялдааг харгалзахгүйгээр тогтвортой хөгжих боломжгүй болох нь амьдралаас нотлогдож байна. Орчин үеийн нөхцөл байдал хөгжлийн шаардлагаар Монгол оронд хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, ялангуяа уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн зэрэгцээ суурин, хагас суурин мал аж ахуйг эрхлэх хэрэгцээ шаардлага улам бүр өсч байна. Энэ шаардлагын үүднээс мал аж ахуйг эрчимжүүлэх асуудлыг онолын хүрээнд ч, практик үйл ажиллагааны хувьд ч нягтлан үзэж нэгдсэн ойлголтыг төлөвшүүлэх нь чухал юм. Мал аж ахуйн эрчимжилтийн асуудлаар эрдэмтэн мэргэжилтнүүд, үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд өөр өөр ойлголт үзэл баримтлалтай байдаг. Нэг хэсэг нь мал аж ахуйг эрчимжүүлэх гэхээр бэлчээрийн мал аж ахуйгаас суурин аж ахуйд шилжих, цаашид бэлчээрийн мал аж ахуй эрхлэхээс татгалзах нь гэж үзэж, нүүдлийн мал аж ахуй нь байгалийн шалгарал, үе үеийн малчдын оюун ухаан, шаргуу хөдөлмөр, цуцалтгүй тэмцлээс бий болсон үндэсний баялаг төдийгүй, дэлхийн хэмжээний өв сан мал аж ахуй эрхлэх сонгодог хэлбэр. Цаашид ч энэ хэвээр хадгалах ёстой гэдэг, нөгөө хэсэг нь хүн төрөлхтний соёл иргэншлийн дагуу иргэд төвлөрөн суухын хэрээр ганц хоёр өрхөөр жалга, хөндий хэсэн хэдэн малтайгаа насыг элээдэг нүүдлийн мал аж ахуй үеэ өнгөрөөж хүссэн хүсээгүй эрчимжсэн буюу үйлдвэржсэн суурин мал аж ахуйг эрхлэх нь жам ёсны зүй тогтол гэсэн үзэлтэй байдаг. Гэхдээ энэ үзэл бодлын аль нэгийг нь хэт туйлшруулахгүйгээр орчин үетэйгээ нийцүүлэн бүтээлчээр авч үзэх нь чухал. Чухамдаа “мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх”, “эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх” гэдэг нь агуулгын хувьд ч, амьдрал дээр хэрэгжүүлэх хэлбэрийн хувьд ч ялгаатай зүйл юм.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрчимжилт гэдэг нь малын үүлдэр угсааг сайжруулах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, мал маллагааны арга барилыг сайжруулах үндсэн дээр нэг малаас авах ашиг шимийн хэмжээг нэмэгдүүлж, нэгж бүтээгдэхүүнд ногдох зардлыг хямдруулах, улмаар ашиг орлогоо арвижуулах тухай ойлголт юм. Энэ нь голчлон бэлчээрийн мал аж ахуйд хамааралтай ойлголт. Гэхдээ эрчимжилтийн элементүүдийг хэрэгжүүлснээр байгаль цаг уурын сөрөг нөлөөллөөс хамгаалах чадавхыг дээшлүүлж эцсийн ашиг орлогыг 25-30 хувь нэмэгдүүлэх боломжтой.
Ер нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэхэд уламжлал шинэчлэлийн оночтой хослол, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн өргөн мэдлэгтэй байхыг амьдрал биднээс шаардах болсон байна.
-Мал аж ахуйн салбарын хувьд ДНБ-ий багахан хувийг эзэлдэг гэдэг. Үр ашгийг нь дээшлүүлэх ямар боломжууд байна вэ?
-Мал аж ахуйн салбар нь Монгол Улсын газар нутгийн 72.1 хувийг ашиглаж, ДНБ-ий 10.5 хувь, нийт ажиллах хүчний 26.1 хувийг бүрдүүлдэг. Манай улсын нийт аймаг, сумдын 80 гаруй хувь нь мал аж ахуйд суурилсан эдийн засгийн чиг баримжаатай хөгжиж байна. Мал сүрэг нь малчдын гол эх үүсвэр бөгөөд оршин тогтнох үндэс нь юм. Мал аж ахуйн салбарыг цаашид тогтвортой хөгжүүлэхийн тулд байгалийн гамшиг, ган зудын эрсдлийн нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, малын тэсвэрт чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх, ашиг шим бүтээмжийг нэмэг-дүүлэх, бэлчээрийн менежмент, тэжээлийн хангамжийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх зэрэг орчин үеийн шинжлэх ухааны технологийн ололт амжилтад тулгуурлан системтэйгээр хөгжүүлэх нь үр ашгийг дээшлүүлэх боломж юм.
М.МӨНХЦЭЦЭГ