Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дашням: Хүмүүсийн хандлага сайжирсан нь энгийн зүйлээс ч мэдэгдэж байна

Дугуй хуваалцах “UBIKE” үйлчилгээ манай улсад хэрэгжээд удаагүй байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд тус үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрсэн болон цаашид үйл ажиллагаагаа хэрхэн тэлэх талаар тус үйлчилгээг Монголд нэвтрүүлэн, хэрэгжүүлж байгаа “Никел Ганбаа”-гаас тодруулсан юм.
-Дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлээд удаагүй байна. Энэ хугацаанд түрээсийн дугуйг хэрэглэгчид хэр нэмэгдэж байна. Эрэлт хэр их байна вэ?
-Бид наадмын өмнө буюу долоодугаар сарын еснөөс эхлэн хотын төвийн бүсэд 100 дугуйг байрлуулж, дугуй хуваалцах үйлчилгээг эхлүүлсэн. Энэ төрлийн бизнесийг бид анхлан зохиочихсон бус аль хэдийн дэлхий даяар танигдсан үйлчилгээг нутагтаа хэрэгжүүлсэн. Дэлхийн 600 гаруй хотод дугуй хуваалцах үйлчилгээ буюу 10 хүний дунд нэг дугуй гэсэн үйлчилгээ хэрэгждэг юм. Энэ нь иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлж, бухимдлаас ангид байлгах, агаарын бохирдлыг бууруулах зорилготой байдаг. Тиймээс энэ төрлийн үйлчилгээний тухай иргэд ойлголттой байсан. Харин бидний зүгээс хэр зэрэг хүний хандалт авах бол үйлчлүүлэгчид хэр байхыг мэдэхгүй байсан учраас эхний ээлжинд 100 дугуйг байрлуулсан. Эрэлт ихтэй байгаа учраас дугуйныхаа тоог болон зогсоолын тоог нэмэх хэрэгтэйг мэдсэн. Мөн бидний хувьд зарим зүйл дээр туршлагагүйтэн бага зэрэг алдаа гаргаж, иргэдийн зүгээс янз бүрийн санал гомдол, алдаа дутагдал хэлж байгаа. Одоо ашиглагдаж байгаа ухаалаг утасны аппликатионг бид гадааны туршлагаас судлан шинээр хийсэн. Тиймээс зарим нэг алдаа гарч байна. Үүнийг засаж сайжруулах, ашиглалтад гарч эвдэрсэн дугуйгаа засах, техникийн шинэчлэл хийнэ. Үйлчилгээ иргэдэд хүрснээс хойш дугуйг эвдлэх, тонох, ачиж авч явах тохиолдол гарч байгаа.

-Түрүүн явж байхад “Ubike”-ын зогсоол дахь дугуй дууссан харагдсан. Нэмэлтээр ямар газруудад байрлуулахаар төлөвлөж байна?
-Өнөөдөр л гэхэд нийслэлийн инновацийн газарт зогсоол нэмж дугуй тавилаа. Мөн Зайсан орчимд тавихаар төлөвлөж байна. Ер нь цаашдаа албан байгууллага, хотын зах хэсгээр болон олон хөлийн үйлчилгээний газруудаар тавина. Хүмүүсээс хотхон, хорооллуудын дунд тавьж болох уу гэсэн хүсэлт их ирж байгаа. Бидний хувьд өөрсдийн нөөц бололцооныхоо түвшинд аль болох олон газруудад байрлуулахаар ажиллана. Бид энэ ондоо багтаагаад 43 байршилд 500 дугуй байршуулна гэж төлөвлөсөн байгаа.Төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд, 2018-2020 онд 150 зогсоолтой 2000 ширхэг унадаг дугуй, 2021-2026 онд 250 зогсоолтой 2500 ширхэг цахилгаан унадаг дугуй нэмэх бол 2027-2033 онд 5000 ширхэг бүрэн цахилгаан дугуйг үйлчилгээнд нэвтрүүлнэ гэж тооцоолж байна.
-Зарим хүмүүс хэрхэн түрээсэлж, бүртгүүлээд дугуйгаа авах талаар сайн мэдээлэлгүй байх шиг санагдсан?
-Сонирхсон хүмүүс “UBike” аппликейшнг ухаалаг утсандаа суулгаад төлбөр мөнгөө онлайнаар төлж, үйлчилгээ авах боломжтой. Өнгөрсөн хугацаанд аппликейшнтай холбоотой гомдол, санал хэд хэд бүртгэгдээд байсан. Асуудлуудыг шийдвэрлэсэн. Дугуйны тухайд гомдол ирээгүй. Гэхдээ дугуй авч байгаа хүмүүс эвдэрсэн дугуйтай таарвал түүнийгээ мэдээлэх хэсгийг апп-даа нэмсэн. Эвдэрхий дугуйнуудаа тухай бүрт нь засаж, сэлбээд буцааж гаргаж байна. Хүмүүсийн хэрэглээ их байгаа болохоор заримдаа зогсоол дээр дугуй байхгүй байна гэсэн гомдол гарч байгаа. Тиймээс бид энэ наймдугаар сараас ахин 100 дугуй нэмж байрлуулахаар болсон. Цаашдаа хэрэглээ нэмэгдээд байвал дугуйгаа ихэсгэхэд анхаарна.
-Дугуйн хулгайтай холбоотой зөрчлийг хэрхэн шийдвэрлэж байна?
-Бидний зүгээс эвдрэл гарсан, хулгайлсан дугуйг цагдаагийн бүртгэлд бүртгүүлж байгаа. Яах вэ жижиг гэмтэлд бид эрсдэлийг дааж, өөрсдөө хариуцаж байгаа. Харин бусад тохиолдолд цагдаагийн байгууллагатай хамтарч байна. Бүх дугуйгаа даатгалжуулсан ч хулгайд алдсан дугуйг олох, эрэн хайх ажиллагаа явагдана.
-Дугуйг түрээслээд авч явахад тухайн хүний хаашаа явж байгаа нь бүгд ил харагддаг уу?
-Байршил тогтоох боломжтой тул бүх зүйл харагдана. Бид зогсоолоос зогсоолын хооронд гэж анх эхэлж байсан. Зогсоол дээр тавиагүй бол 500 төгрөгийн торгуультай. Одоогоор түрээслэгч гэрийнхээ гадаа аваачих тавих, зогсоод байгаа дугуйг ачиж авч явах зөрчил гарч байгаа. Зарим хүмүүс мэдэхгүйгээсээ болоод гэртээ авч орж байх шиг байна. Уг нь бол өглөө 6 цагаас орой 22 цаг хүртэл үйлчилгээ хэрэгжиж байгаа. Гэтэл хүмүүс нэгэнт авч байгаа юм чинь унаж байгаад гэртээ авч яваад өглөө буцаагаад унаад гарч болно гэж бодоод байх шиг байна лээ. Бид цагийн хувиар дууссан тохиолдолд бүх дугуйн зогсоолуудыг шалгаад, зогсоолдоо байхгүй дугуйг байршлыг нь тогтоогоод хурааж авах, дахин байршуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
-Анх “ Shak Tank” нэвтрүүлгээр таны санаачлага дэмжигдэн хэрэгжүүлж эхэлсэн. Нэг дугуй хэдий хэмжээтэй өртгөөр босч байна вэ?
-Үүнийг Монголдоо нэвтрүүлэх санаачлагыг гаргаад хөрөнгө босгохын тулд тус нэвтрүүлэгт орж, дэмжигдсэн. Гацуурт компанийн захирал Чинбат, Хасбанкны захирал Амартүвшин, Монголын алт компанийн захирал Цэлмүүн нар хөрөнгө оруулалт хийсэн. 253 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүссэн. Үүгээрээ дугуйныхаа үйлдвэрийг байгуулсан. Харин одоо хэрэгжиж байгаа UBike үйлчилгээ нь “Петровис”, Хас банктай хамтран хэрэгжүүлсэн төсөл. Хүмүүсийн ойлголтоор энэ төслийг улсаас хөрөнгө гаргаж дэмжээд хийсэн гэж бодоод байгаа. Гэтэл энэ нь хувийн хэвшлийнхний хөрөнгөөр босч хэрэгжсэн. Төрөөс бидэнд бодлогын түвшинд энэ төрлийн үйлчилгээ явуулах зөвшөөрлийг л олгосон.
-Үйлчилгээнд нэвтрүүлж байгаа бүх дугуйг дотооддоо хийсэн үү?
-Нийтийн ойлголтоор гаднаас авчирсан дугуйг угсардаг гэж хараад байх шиг байна лээ. Угсрах гэдэг нь бэлэн эд ангиудаа авчраад нийлүүлж гаргахыг хэлж байна. Бидний хувьд түүхий эдээ авчраад энд эд ангиудыг нь хийгээд, араам босгож, өөрсдөө угсарч байна. Мөн дугуйнд хэрэглэгдэж байгаа шаврын хаалт, нарны хавтан, сагс зэргийг ч мөн хийж байгаа. Нэг дугуй хийхэд 14 хүний хүч хөдөлмөр орж байдаг. Манай үйлдвэр өдөрт дунджаар 10 дугуй үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэг дугуй ойролцоогоор 500 мянган төгрөгөөр босож байна. Учир нь үйлчилгээнд ашиглаж байгаа дугуй нь энгийн дугуйг бодоход жижиг эд анги ихтэй, байршил тогтоох болон төлбөр төлснийг шалгах нэмэлт төхөөрөмж суурилагдаж байгаа болохоор зардал нь нэмэгдэж байна. Гэхдээ бусад улстай харьцуулахад бага өртгөөр боссон.
-Дугуй хуваалцах үйлчилгээг хэрэгжүүлэхэд анх төсөөлж байснаас хэр өөр байна вэ?
-Манай улсын хүмүүсийн хандлага их эерэг болчихсон байна. Энэ нь энгийн зүйлсээс ч гэсэн ажиглагдах болсон. Бага зэрэг эрсдэл гарч байгаа ч нийтийн хандлаг маш сайн байгаа. Бидний гол зорилго хүмүүсийг бухимдуулаад байгаа асуудлыг шийдвэрлэх юм. Дэлхийн жижигт нийцсэн стандартыг хангаж ажиллаж, иргэдийн цаг, мөнгийг хэмнэхийн тулд нэг газраас нөгөө газар руу богино хугацаанд зорчих боломж олгож байна. Хэрэгжүүлснээс хойш хүмүүс өдрөөр нь түрээсэлж болох талаар асууж байна. Үүнийг дараагийн ээлжинд шийднэ. Одоогоор баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, хүүхдийн урлан бүтээхээс Зайсан гэсэн тойрогт хэрэгжиж байгаа. Бид зогсоолоо нэмж, хамрах хүрээгээ нэмэгдүүлэхээр ажиллана. Ер нь шинээр хэрэглээнд нэвтэрч байгаа аливаа зүйл хүмүүсийн хэрэглээ болж зүгшрэх хүртэл тодорхой хугацаа шаарддаг. Тиймээс энэ хугацаанд бид өөрсдийн алдаа дутагдлаа засаж сайжруулахыг хичээж ажиллана. Аль болох иргэдэд хэрэгтэй үйлчилгээ болох талаас нь хичээх болно .
З.СУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *