Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батзориг: Ирэх жилийн төсвийг сонгуульд бэлдсэн данхар дүнтэй төсөөлжээ DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой 2024 оны төсвийн төслийн талаар ярилцлаа.

-Ирэх оны улсын төсвийг таван их наядаар тэлнэ гэж Сангийн яамнаас танилцуулсан. Эдийн засагчийн хувьд 2024 оны улсын төсвийг том зургаар нь хэрхэн харж байна вэ?

-Нэлээд өөдрөг төсөв болох нь гэж харж байгаа. Төсөв дээр хэд хэдэн ойлголт бий л дээ. Төсвийн төсөөлөл, зарлага, орлого, алдагдал гэх мэт. Төсөөлөл дээрээ эдийн засгийн өсөлтийг долоон хувь, валютын нөөцийг таван тэрбум ам.доллар, экспорт тэр дундаа нүүрсний экспортыг 60 сая тонн гэх мэтээр авсан байна лээ. Энэ бол өөдрөг төсөөлөл шүү. Мэдээж өөдрөг төсөөлөл дагаж төсвийн орлого нэмэгдэнэ. Төсвийн орлого нэмэгдэхээр зардлаа тэр хэмжээнд өндөр гаргана. Үүнтэй уялдаад төсвийн алдагдал өсөөд явна гэсэн үг. Ерөнхий том зургаараа сонгуулийн өмнөх нэлээд данхар, өөдрөг төсөөлөлтэй, алдагдал өндөр төсвийн төсөл болжээ.

-Төсвийн орлого, зарлага нь ямар байна вэ?

-25 их наядын орлоготой, 27 их наядын зарлагатай төсөв байхаар төсөлд тусгажээ. Нийтдээ 2.1 их наядын алдагдалтай. 27 их наяд гэдэг бол ДНБ-ий 47 хувь буюу бараг тэн хагас руу нь дөхсөн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Төсвийн зарлага талдаа түүхэн дээд хэмжээнд нэмээд яваад байна л даа. Орлого талдаа 25 их наядад хүрэхийн тулд уул уурхайн орлогоос бараг 30 хувийг нь бүрдүүлнэ гэж үзжээ. Тэр дундаа нүүрсний экспортыг 60 сая тн гэж үзэж байгаа нь төсвийн орлого талдаа өндөр тоо тавьжээ. Төсвийн зарлага эдийн засгийн тал хувьтай тэнцэнэ гэдэг нь төр хувийн хэвшилтэй зэрэгцэж хөрөнгө оруулалт хийж, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөнө гэсэн үг. Сав л хийвэл төсвөөр шийдэж, төр шийднэ гэх хандлагатай болжээ. Гэвч ногоон автобусаар бодвол төр ямар ч үр ашиггүй шийдвэр гаргадгийг харж болно.

-Нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ, зэсийн үнийг 9000 ам.доллараар тооцоолсон байсан. Төсвийн өндөр зарлагыг гүйцэхээр орлого олж чадах юм уу?

-Зэсийн үнэ дээр 9000 ам.доллар гэдэг бол нэлээд өндөр авч байна. Гэтэл ирэх жил Хятадын үл хөдлөхийн хямралтай холбоотой тус улсын эдийн засаг саарна гэж ОУ-ын байгууллагууд таамаглаж байна. Дээрээс нь Орос, Украйны асуудал үргэлжилсэн хэвээр байна. АНУ-ын хувьд, өндөр инфляцаа буулгах гээд хүүгээ өндөр түвшинд хадгалсан хэвээр байна. Дэлхийн хамгийн эрсдэлгүй оронд хүү өндөр байх нь бүх хөрөнгө оруулалт түгжигдэнэ гэсэн үг. Дэлхийн эдийн засаг хүчтэй тэлэхгүй үед зэсийн үнэ өсөх боломж тун хомс. Хоёрдугаарт, нүүрсний экспортын 60 сая тн бол бидний л бодол.

Бүх зүйл Хятадын улс төрийн байдлаас хамаарна. Энэ жил нүүрсэн дээр 50 сая гаруй тонн экспортолсон нь бидэнд үүлэн чөлөөний нар шиг үзэгдэл болсон төдий. Тэгэхээр ирэх жил нүүрсэн дээр 60 сая тн гаргана гэдэг бол өөдрөг төсөөлөл, биелэх магадлал бага. Жил бүр л төсөөлөл ийм өндөр орж ирдэг. Зах, замбараагүй үрж цацдаг улс төрийн шийдвэрийг яалтай билээ.

-Ирэх онд 60 сая тн нүүрс экспортлох боломжгүй гэж үү?

-Энэ жилийн хувьд 50 сая гаруй тн нүүрс гарсан шалтгаан бол Австрали, Хятадын харилцаатай холбоотой байсан. Энэ хоёр улсын түнжин муудсанаас болоод Хятадууд Автралиас коксжих нүүрс авахгүй байна. Иймд Хятадын коксжих нүүрсний бараг тал хувийг нь монголчууд бүрдүүлж байгаа. Ирэх жилийн хувьд 60 сая тн нүүрс гаргана гэдэг бол дээр хэлсэнчлэн нэлээд өөдрөг төсөөлөл гэж харагдаж байна. Яг үнэндээ экспортын хэмжээг бид биш худалдан авагч тал мэднэ шүү дээ.

-Ам.долларын ханш яахаар байна?

-Мэдээж төсөв маш ихээр тэлнэ. Цалин хөлс өснө. Төсөв тэр чигээрээ импортыг дэмждэг. Тэгэхээр сонгуулийн өмнө ханшийг хөдөлгөх сонирхол байхгүй. Сонгуулийн дараагаас валютын ханш дээр нөлөөлөх болов уу гэж харж байна. Тэр дундаа төсвийн өндөр зарлага өрх рүү очно. Тендерт тэнцсэн компаниудын данс руу очно. Энэ бүх зарлага эргээд импортыг дэмжинэ. Импортыг нөхөхийн тулд экспорт хангалттай байх ёстой. Хангалтгүй бол валютын нөөцөөсөө хэрэглэж эхэлдэг. Ирэх жил төлбөрийн тэнцэл дээр дарамт нэмэгдэнэ. Улмаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах эрсдэл нэлээд өндөр байгааг дурдах нь зүйтэй.

-Инфляцид ямар эрсдэл байна вэ?

-Нийт инфляцын 30 орчим хувийг валютын ханшаас хамааралтай инфляц бүрдүүлж байгаа. Ам.доллар чангарвал инфляцыг өдөөнө. Нөгөөтэйгүүр инфляцын 40 орчим хувь нь мах, ногоо гэх мэт улирлын чанартай дотоодын бүтээгдэхүүн. Одоо бол бодлогын хүү өндөр байгаа учраас инфляц аажмаар буурч байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд зээл гаргах уу. Монголбанкны 13 хувь хүүтэй үнэт цаас авах уу гэдэг сонголт хийнэ. Тэгэхээр эрсдэлтэй зээл гаргаж байснаас үнэт цаас авсан нь дээр гэж үзээд зээл гаргалтын хэмжээгээ багасгана. Зээл тэлэхгүй учраас иргэдийн хэрэглээ буурна. Хэрэглээ буурахад эрэлтийн гаралтай инфляц буурна гэсэн үг.

Зээлийн оронд ирэх жил гэхэд төсвийн зардал орж ирж байна. Төсөв тэлээд ирэхээр хэрэглээ өсч, инфляц буурна гэдэг зорилт маань улам худлаа болж байгаа. Иймд ирэх жил инфляц хоёр оронтой тоонд хэвээр байх болов уу.

-Сангийн яам сая танилцуулгадаа инфляцыг 8.5 хувь байна гэсэн шүү дээ?

– Өөдрөг төсөөлж байгаа гэсэн үг. Одоо тэгээд улс төрийн шийдвэр гаргалт юм чинь юу ярих билээ. Боломжгүй гэдгийг мэдсээр байж, хүссэн тоогоо тавьж, ярьж чадаж байна шүү дээ.

-2024 он бол сонгуулийн цикл үе. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн зардалд 72 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Энэ нь төсөвт яаж нөлөөлөх вэ?

-Сүүлийн 30 сар дарааллаад инфляц хоёр оронтой тоонд хадгалагдсан учраас иргэдийн амьжиргаанд үнийн өсөлт маш ихээр мэдрэгдсэн. Худалдан авах чадвар огцом буурсан. Ийм үед бид төсвийн тэлэх бодлого явуулж байна. Иргэдийн бодит орлогыг арван хувиар нэмэгдүүлэхийн тулд цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг нэмнэ гэж тусгасан байна билээ. Тухайлбал, сонгуулийн өмнөх үед төрийн 200 гаруй мянган албан хаагчийн цалин, ахмадуудын тэтгэврийг арав орчим хувиар нэмнэ гэж. Энэ бол цалин дэмжиж сонгуулийн насны ард иргэд рүү чиглэсэн арга хэмжээ болов уу. Дээрээс нь хүүхдийн мөнгө үргэлжилнэ.

Ипотекийн зээлийн их үүсвэрийг сонгууль дөхүүлээд дахиад тавиад эхэллээ. Энэ мэтчилэн сонгууль дагасан дам нөлөөлөл чинь эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Хот, хөдөөгүй амьжиргаа доройтсон ийм үед бэлэн мөнгө тараах эрсдэл өндөр бий. Эргээд энэ бүхний сөрөг үр дагаврыг инфляц, валютын ханш, үл хөдлөхийн үнийн өсөлт гэх мэтээр иргэд нуруун дээрээ үүрнэ. Гол айдас энд л байна. Дөрвөн жилийн давтамжтай үргэлжлэх цикл.

-Бүтээн байгуулалтын ажлууд хэрхэн өрнүүлсэн төсөв байх бол?

-Төсөв бол урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал, гадаад бондын өр төлбөр гэхчилэн хуваагдаад явчихдаг. Жилийн жилд 3-4 их наяд төгрөг хөрөнгө оруулалтын зардалд хуваарилагддаг. Тэр нь тухайн жилдээ дуусах төсөл гэхээсээ илүүтэй ирэх хоёр, гурван жилийн нэмэлт санхүүжилтээр үргэлжилдэг. Манайд дуусгаагүй концесс, гэрээнүүд, барилгууд ямар их байгаа билээ дээ. Бараг арав гаруй жил төсвөөс жил болгон мөнгө аваад байгаа хэрнээ дуусаагүй үйлдвэрлэл байдаг. Уг нь эдгээрийгээ үнэлж үзчихээд бүтээн байгуулалт энэ тэрээ цэгцтэй ярьвал зүйтэй юм болов уу. Жил болгон тийм эмнэлэг, ийм ч сургууль барина гээд төсөв оруулдаг. Нөгөөх нь ямар нэгэн байдлаар гацчихдаг тохиолдол олон. Ирэх жилийн хувьд ч энэ байдал давтагдана.

-Ирэх онд цалин нэмэхэд 881 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцоолсон байна лээ. Төсвийн алдагдал 2.1 их наядаар хэмжигдэнэ гэж байсан. Тэгэхээр алдагдлаа яаж нөхөх вэ?

-Ирэх онд цалин нэмхээр инфляцыг өдөөх нь ойлгомжтой гэдгийг дахин хэлье. Дээр нь валютын ханш сулрахад нөлөөлнө. Эргээд өссөн цалингийнхаа хэмжээгээр инфляц болон валютын ханш үл хөдлөхийн үнийн өсөлт зэргээр хариугаа авчихаж байгаа. Төсвийн алдагдал 2.1 их наядаар хэмжигдэж байна. Энэ алдагдлаа гадны хямд эх үүсвэр, дотоодын бонд, улс хоорондын зээл зэргээр нөхнө л дөө. Эсвэл ирээдүйн өв сангийн мөнгөөрөө нөхдөг ч юм уу ямар нэгэн арга хэмжээ авна гэсэн үг. Судалгаагаар төсвийн алдагдал нэг их наядаар нэмэгдэхэд урсгал тэнцэл дээр 200 сая ам.долларын ачаалал үүсдэг. Энэ бол валютын ханшийг тодорхой хэмжээгээр сулруулж байгаа гэсэн санаа. Энгийнээр тайлбарлавал хүний эрүүл мэндтэй зүйрлэж болно. Хүн амьдралын буруу хэв маягтай байснаас болж бие нь давтамжтай өвдөөд л яваад байдаг даа. Яг үүнтэй ижил улс төрийн аливаа шийдвэр гаргалттай холбоотой төсөв ингээд тэлээд яваад байхаар эргээд авсан ямар ч арга хэмжээ нь эдийн засаг дахь хүнд байдлыг илааршуулж чадахгүй. Жилийн жилд бид үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй эдийн засагтай яваад л байна.

-Ирэх онд манай улсын эдийн засаг долоон хувийн өсөлттэй байна гэх төсвийн төсөөлөл хэр бодитой вэ. Ер нь Монгол Улс эдийн засгаа тэлэх ямар гарц шийдлүүд байна?

-Эдийн засгийг ихэнх мэргэжилтнүүд, байгууллагууд 4-5 орчим хувиар харж байна. Энэ өсөлтийн гол хувийг уул уурхай, түүнийг дагасан худалдаа, тээврийн салбар бүрдүүлнэ гэжээ. Тав, долоо хоёрын хооронд хүчтэй зөрүү байхгүй л дээ. Гол нь энэ өсөлт салбар бүрт шингэж, иргэдийн орлогод нөлөөлдөг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бидэнд хүртээмжтэй өсөлт чухал байна. Олдсон жаахан өсөлтөө инфляц, ханш зэрэгт хулгайлуулаад амьдрал ердөө дээрдэхгүй байна шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *