УИХ–ын намрын чуулганаар хэлэлцэж байгаа хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүдийн талаар УИХ–ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.
–Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан. Улмаар уг хуулийн төсөлтэй холбоотой шүүмжлэл олон нийтийн дунд нэлээд өрнөж байна. Та уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна уу?
-Шүүмжлэл дагуулаад байгаа хуулийн төслийн тухайд бол хөрөнгө оруулалтын эрэмбээрээ татварын орчны дараа эрэмбэлэгдэх асуудал. Одоогийн үйлчилж байгаа хуулийн орчин, ҮАБЗ-ийн хүрээнд явж болох асуудал. Гагцхүү цахимжуулах, төрийн үйлчилгээ хялбар байх, технологи талаас нь төрийн захиргааны байгууллагын анхаарах ёстой асуудал гэж харж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд УИХ баталж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөр болох шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжиж, импортыг орлох дотоодын үйлдвэрүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж төрийн бодлогоор дэмжихээр хуульчилсан. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2 дэх зохицуулалтаар барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн эскпортын бүтээгдэхүүний үйлдвэр барих, нано, инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүн, эрчим хүч, төмөр зам оруулж ирэх техник, тоног төхөөрөмжүүдийг гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хувь хүртэлх бууруулж дэмжих, зарим төрлийн албан татварыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж, татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.
Үүний үр дүнд дотоодын томоохон компаниуд болох “Монполимет”, “Эрэл”, “МАК”, “Бэрэн” гэх мэт компаниудад технологийн шинэчлэл зоригтой хийх хөшүүрэг болж, Хөгжлийн банкнаас ихээхэн хэмжээний зээл, гадаад дотоодын болон өөрийн эх үүсвэрээс босгож томоохон бүтээн байгуулалт хийсэн төслүүд бүгд ашиглалтад амжилттай орсон.
Том төслүүдээ хөдөлгөж, бизнесийн үйл ажиллагаа нь хэвийн жигдрэх хүртэл төр бодлогоор дэмжих нь уг хуулийн зорилго юм.Уг бодлогын үр дүнд барилгын салбарын зам материал тухайлбал, цементийнхээ хэрэглээг дотооддоо бүрэн хангаж эхэлсэн.
–Таны хэлснээр одоо хэрэгжиж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар улсын чанартай томоохон төсөл хөтөлбөртэй холбоотой тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх, цаашлаад НӨАТ– ыг тэглэх зэрэг заалтууд тусгасан юм байна. Тэгвэл амьдрал дээр энэ заалт бодитоор хэрэгжихгүй байгаа шүү дээ?
-Тухайн үед Монгол Улсын Засгийн газар нэр бүхий дотоодын хөрөнгө оруулагч компаниудын хөрөнгө оруулалтыг дэмжиж татварыг чөлөөлөх бус хоёр жилээр хойшлуулах шийдвэр гаргасан. Улмаар татвараас чөлөөлөх хуулийн хэрэгжилтийг нэг мөр болгоогүйгээс бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Тиймээс өнөөдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газраас хуулиар заасан хөрөнгө оруулагчийн таатай орчныг амьдрал дээр хэрэгжүүлэхийг шаардсаар ирсэн.
Энэ нь дотоодын хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийн буруу биш шүү дээ. Төр засгаас дэмжлэг авах эрх зүйн орчин сайжирсан тул эрсдэл үүрч, томоохон хөрөнгө оруулалт хийгээд найман жилийнхээ босгыг алхаж байна.
Гэсэн хэдий ч, энэ мэт томоохон төсөл хөтөлбөрүүд дээр дотоодын хөрөнгө оруулагчдын өмнө төр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төрийн бодлогоор дэмжихгүй ирсний үр дүнд хөрөнгө оруулагчдын итгэл алдарсаар байна.
-Дотоод гэлтгүй гадаадын хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгө оруулахдаа итгэл муутай байдаг шүү дээ. Хууль эрх зүйн орчин сайжирсан мэт боловч бодит амьдрал дээр хэрэгждэггүй гэж шүүмжлэх тохиолдол олон байдаг?
-Тийм шүү. Нөгөө талаар гадны хөрөнгө оруулагчид мөн энэхүү хуулийн төсөл бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна, хөрөнгө оруулагчийн эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч бодит амьдрал дээр тогтвортой төрийн бодлого шийдвэр гаргахгүй байгааг сануулсаар байна. Хөрөнгө оруулалтын хуулийн үзэл санал зохицуулалт хэрэгжихгүй, биеллээ олохгүй, татварын дорвитой дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа гол шалтгаан нь тухайн жилийн төсвийн тухай хуультай уяж хөрөнгө оруулалтын төслүүдийн татварын хувь хэмжээг бууруулах, чөлөөлөх уялдаа холбоогүй, нөгөө талаар Татварын ерөнхий хууль бусад хууль тогтоомжоор шууд чөлөөлөх, хөнгөлөх харилцааг тодорхой болгоогүй, зөрчилтэй үүднээс гол хүндрэл үүсч байна.Тиймээс энэхүү асуудлыг нэг мөр болгохын тулд уг хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байна. Алсын хараа-2050, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 үйл ажиллагааны төлөвлөгөөнд хөдөлмөр, бүтээмж, өсөлтийг дэмжих төсвийн бодлого барьж байгаа.Ирэх 2022 оны төсвийн тухай хуульд төсвийн орлогын бүрдүүлэлт татварын орлого 13.9 их наяд байхаар тусгасан. Энэ нь гадаад дотоод хөрөнгө оруулагчдын бүрдүүлэлтийн орлого, эргээд хөрөнгө оруулагчаа дэмжих тогтвортой бизнесийн үйл ажиллагааг нь дэмжих хүртэл мега төслүүд нь урт хугацаанд үр өгөөжөө өгөх бодлого барьж хөрөнгө оруулалтын шинэ төслийн хэрэгцээ шаардлагыг дахин эрэмбэлэх, түүнд хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлснээр төсөвт эерэг үзүүлэлт дунд хугацаанд гарах нь дамжиггүй юм.
-Тэгэхээр сая өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гол асуудлыг нь орхигдуулсан гэж та үзэж байна уу?
-Миний хувьд тийм л гэж ойлгож байгаа. Өнгөрсөн найман жилийн хугацаан дахь энэ хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судалж хөрөнгө оруулалтын төрөл чиглэлийг дахин шинэчлэх цаг болсон. Татварын орчныг илүү таатай, урт хугацааны тогтвортой тодорхой болгох салбар дундын хуулийн зөрчлийг арилгах нь чухал гэж харж байгаа.
-Ирэх оны төсвийн төсөөлөлд хэд хэдэн анхаарал татсан асуудал байна. Тухайлбал, Төрийн өмчит компаниудын 464 тэрбум төгрөгийн ногдол ашиг төсөвт төвлөрүүлэх гэнэ. Энэ тооцоолол хэр бодитой гэж харж байна?
-Төрийн өмчит компаниудын ногдол ашиг хэлбэрээр төсөвт 464 тэрбум төгрөг төвлөрүүлэх төсвийн төсөөлөл миний хувьд боломжгүй зүйл гэж харж байгаа. Эргээд энэ хэрээр төсвийн алдагдал үүрнэ. Төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийг хийж ашигт үйл ажиллагааг сайжруулахаар Засгийн газраас зарласан ч бодит ажил болж чадахгүй л болов уу. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааны чиглэл зорилго тодорхойгүй, төрөөс үнийг нь тогтоодог, байнга алдагдалтай ажилладаг нийгмийн суурь үйлчилгээ эрхэлж буй этгээдүүд их бий. Цаашлаад төрийн оролцоотой ашгийн төлөө үйл ажиллагааг хязгаарлах нэмэгдүүлэхгүй байх чиглэлийг төр барьж, ашиггүй ажиллаж байгаа стратегийн болон төрийн зайлшгүй эрхлэх үйл ажиллагаанаас бусдыг эрэмбэлж хувьчлах, төрөөс татаас авдаг олон төрийн өмчит хуулийн этгээдийг менежмэнтийн хувьчлалаар, эсхүл дуудлага худалдаагаар хувьд шилжүүлж хувийн хэвшлээ дэмжиж төр хувийн хэвшлийн бизнесийг булаадаг, хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг төрийн нэрээр монополь үүсгэдэг гажууд тогтолцооноос салах ёстой.
Төрийн өмчит компаниуд 15 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, эдгээр компаниудын цалин урамшуулал 2.5 их наяд төгрөг өгдөг, 1.5 их наяд төгрөгийн өртэй, Санхүүгийн зөрчил 1,9 их наяд төгрөгийн өртэй, 2019 оноос жил бүр энэ тоо өсөлттэй байгаа нь төр өөртөө алдагдал үүрч, тухайн салбарын чөлөөт зах зээлийг нээж өгөхгүй байгаагаас эдийн засаг нийгмийн хөгжлийн чөдөр тушаа болж байгаа нь нууц биш.
-Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа энэ үед шинээр хоёр яам байгуулах талаар яригдаж байна. Төрийн бүтцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юу?
-Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулахаар төсвийн болон Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл орж ирсэн.Миний хувьд Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулах нь зүйтэй гэж харж байгаа. Монгол Улсын хөгжлийн бодлогыг дунд болон урт хугацаандаа тодорхойлж чиглүүлэх чухал салбар.Цаашид урт хугацаандаа үр өгөөжөө өгөх салбар. Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах хэрэгцээ шаардлага алга. Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар одоогийн бүтцээрээ ажиллахад л болохгүй зүйл алга. Тиймээс дахин яам байгуулах хэрэгцээ шаардлага байгаа юм уу,Засгийн газрын ямар чиг үүргийг хангаж ажиллах гээд байгаа нь тодорхойгүй санагдаж байна. Одоогийн ангентлагууд нь цахим үндэстэн хөтөлбөрийг хөгжүүлээд болоод байна. Манайх хүн ам цөөн, энэ төрлийн зах зээлийн хэрэгцээ шаардлага, багтаамж бага.Ийм үед Монгол Улсын Засгийн газар ковидын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээндээ анхаарал хандуулж, төрийн албанд хэмнэлтийн горимоор ажиллах 2022 оны төсвийн зорилго зорилт тавьж УИХ-д өргөн мэдүүлсэн.Тиймээс төрийн албаны орон тоог нэмэгдүүлэхгүй, төсөвт дарамт үүсгэхгүй цомхон, чадварлаг баг ажиллах ёстой.Иймд уг яаманд төсөвлөж орж ирсэн 1.8 тэрбум төгрөгийн урсгал зардалтай байгууллага бий болгохын эсрэг байр суурьтай байна.Нөгөө талаар Даатгалын санг удирдах корпораци, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа гэх мэт хэд хэдэн төрийн өмчит компаниуд дахин дөрвөн агентлаг шинээр байгуулахаар хуулийн төслүүд өргөн барьсан. Нийт 41.6 тэрбум төгрөгийн төсөвтэй байх нь. Миний хувьд эдгээр асуудлыг огт дэмжихгүй.
-Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа царцсан барилгуудыг 2015 оноос хойш хөдөлгөхгүй жил ирэх тусам тухайн компаниудын төсөвт өртөг нэмэгдэж анхны тендер зарласан дүнгээс хэд дахин давж төсөвт дарамт учруулсаар байна.Энэ асуудлыг юу гэж харж байна?
-Төсвийн тухай хуульд улсын төсөвт суусан тендер зарласан, шалгарч ажил нь эхлээд царцсан барилгууд цөөнгүй байна.Энэ асуудал байнга давтагддаг.Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилгууд хугацаандаа ашиглалтад орохгүй 2-8 жилийн хугацаатай сунаж анхны төсөвт өртөг, тендерт шалгарсан дүнгээсээ барилгын материалын үнэ, ажиллах хүчний зардал огцом нэмэгдэж байгаагаас үүдэн жил ирэх тусам төсөвт өртөг нэмэгдэж, төсөвт ачаалал үүсгэж байгаа юм. Улсын төсвийн бүтээн байгуулалтын царцсан барилгын нэмэгдсэн төсөв Барилга хөгжлийн төвөөс 2021 онд 260 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж улсын төсөвт суулгах ажил явах нь нөгөө анхны төсөвт өртөг тендерийн ач холбогдол алга болчихоод байна. Эдгээр асуудлууд ужгирсаар төсвийн алдагдалд оруулж байна. Засгийн газар 2022 оны төсвийн хуулиар өнгөрсөн хугацаанд царцсан барилгуудыг дуусгах, дахин алдагдал үүрэхгүй байх чиглэлээр ажиллахгүй байна.
-Ирэх онд зарим аймгийн сум бүрт Соёлын ордон барихаар төлөвлөсөн. Бидэнд өмнөх алдаагаа давтахгүй байх, нэн шаардлагатай бус бүтээн байгуулалтын зардлаа тэвчиж, хойшлуулах боломж байна шүү дээ?
-Ирэх онд дахин 1.7 тэрбум төгрөгийн барилгын бүтээн байгуулалт хийхээр төсөв оруулж ирсэн.Жагсаалтыг нарийн харахаар тэвчиж болох олон зардал байна.Үүнийг эрэмбэлэхгүй бол болохгүй.Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга царцаад байхад суманд наадмын талбай, багийн төвийн барилга, спортын заал, музейн барилга гээд заримдаа жилдээ ганц хэрэглэдэг барилга байгууламжийн хэрэг байна уу. Тиймээс бүтээн байгуулалтын ажлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх ёстой л доо. Нөгөө талаар төсөвт маш их лобби орж байгаа нь төсвийн тэгш бус хуваарилалтаас илт байна. Тухайлбал, Хэнтий, Баянхонгор аймагт хэтэрхий их төсвийг үрэлгэн хэлбэрээр л явуулж байна.
Тухайлбал, миний сонгогдсон Хан-уул дүүрэгт гэхэд хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл 2015 оноос эхлэн царцсан, VIII хороонд 1800 хүүхдийн сургуулийн барилгыг төсөвт суулгах нь соёлын төвийн барилгуудаас нэн тэргүүнд ач холбогдолтой байхад төсөвт тусгахгүй байх жишээтэй. Нөгөө талаар халамжийн бодлогыг цэгцэлж төсөвт оруулж ирсэнгүй.Дахин хавтгайруулсан халамжийн төсөв оруулж ирлээ. Нийгмийн хамгааллын яамны судалгаагаар зайлшгүй хэрэгцээтэй халамж 40 хувь нь, үлдэх 60 хувийн халамж илүүдэл хэлбэрээр үрэлгэн зардал гарсаар байна.
-Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу?
-Ирээдүйн өв сангийн тухай хуульд орох нэмэлт, өөрчлөлтийг зайлшгүй дэмжих хэрэгтэй. Ирээдүйн ач холбогдол үр өгөөж нь хуримтлалын тогтолцоогоор хөгжих, хүүхдийн эрхийг хангах гол хөшүүрэг эдийн засгийн баталгаа болох талаас нь анхаарах ёстой.Тэгэхгүй бол хүүхдийн мөнгөний зарцуулалт үрэлгэн байдалтай, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд нөлөөлсөн сөрөг үр дагавартай байна. Гэхдээ хуримтлалын сангийн доод хязгаарыг тогтоож өгөөд, хүсвэл хүүхдийн эцэг эх асран хамгаалагч нь 100 хувь хүртэл хадгалж болох зохицуулалтыг хийж өгөх шаардлагатай байна.
П.БАТЗАЯА