Аялал, жуулчлалын компаниудын цөм нь фургон машинаар үйлчилгээ үзүүлдэг. Хол замд энэ нь эрсдэл дагуулдаг талаар шүүмжлэл бий. Өөрөөр хэлбэл фургон нь жуулчин тээвэрлэхэд эрсдэлтэй тээврийн хэрэгсэл гэж үздэг. Фургонтой жуулчид осолдсон нэг биш удаагийн тохиолдол гарлаа. Фургоноор хүн тээвэрлэх нь ямар эрсдэл дагуулдаг талаар автын инженер П.Даваахүүгээс тодруулга авлаа.
-Манайх энэ жилийг Аялал жуулчлалын жил болгож зарлалаа. Үүнтэй холбоотойгоор жуулчдын цуваа тасрахгүй нь бололтой. Жуулчдад үйлчилгээ үзүүлэх компаниудыг харахад түлхүү фургон ашиглаж байгаа харагдах юм. Фургон аюулгүй тал дээр ямар тээврийн хэрэгсэл вэ?
-Фургоны тухайд туулах чадварын тухайд шилдгүүдийн л нэг. Манайхан түгээмэл хэрэглэдэг УАЗ-469 ч үүнтэй яг ижил. Туулах чадвараараа сайн ч аюулгүй байдал, тав тух тал дээр маш муу. Үүнийг би ч хэлж байгаа юм биш л дээ. Япон, Солонгос зэрэг орны зохион бүтээгчид дээрх тээврийн хэрэгслийг ачаа тээвэрлэхэд зориулагдсан тухай хэлдэг. Зорчигч тээвэрлэхэд аюулгүй байдал талаасаа ч, тав тух талаасаа ч эрсдэлтэй.
-Ямар учраас эрсдэлтэй гэж үздэг юм бэ?
-Бартаат замд зориулагдсан гэсэн үг л дээ. Хол замд жуулчин тээвэрлэхэд эрсдэлтэй гэсэн үг. Сүүлийн үед фургонууд өөр болсон байх. Манайд тэр нь өргөн хэрэглэгддэггүй. Өнөөх л бартаат замд зориулагдсан фургоноор жуулчин зөөгөөд байдаг. Энэ олон мянган жуулчин ирж байхад фургонд суулгаж зөөгөөд байгаа нь эрсдэлтэй л ажил.
-Манайх шиг замын нөхцөлд фургон л хамгийн боломжтой нь юм шиг.
-Хөдөө бартаатай замд бол боломжтой л байх. Гэхдээ тав тух хангасан, аюул эрсдэлгүй сонголт хийж болно шүү дээ. Зардал нь бага зэрэг өндөр тусна. Жуулчлалын компаниуд хэдэн арван хүн суулгачихаад л хэдэн мянган километр газар давхиад байдаг. Аюулгүй байдал талаасаа өндөр эрсдэл дагуулдаг. Ланд 200 ч гэх юм уу, өөр сонголтууд нээлттэй байдаг. Фургонаар тээвэрлэж байгаа бол хурдаа тохируулж туйлын сонор сэрэмжтэй явах ёстой. Өөр нэг түгээмэл харагддаг асуудал нь аялалд гарахдаа машинаа өндөрлөдөг. Энэ нь үйлдвэрлэлийн стандартыг алдагдуулж байгаа үйлдэл. Үйлдвэрийн стандарт алдагдахаар осол гарах магадлал үлэмж хэмжээгээр нэмэгддэг. Өндөрлөсөн машин уначихаад ухаан мэдрэлгүй яарч, хурдалж байгаа үйлдэл бол шууд хэлэхэд эрүүл хүнээс гарах үйлдэл биш. Хамгийн аймшигтай нь гэр бүлээ суулгачихаад ингэж хурдлах юм. Манайд зам тээврийн ослоор жилд л 600-аад хүн нас бардаг статистик бий. Энэ нь өндөрлөсөн машинаар хурдалдагтай холбоотой гэж хардаг юм. Манайд замын нөхцөл байдал ямар билээ дээ, та мэдэх байх. Ийм нөхцөлд хурдны хязгаар давуулах нь галзуурсан хүнээс гарах үйлдэл.
-Энэ жил жуулчин авч яваад осолдсон нэг биш тохиолдол гарлаа. Фургонаар тээвэрлэж яваа үед юуг анхаарах вэ?
-Үүнээс аль болох татгалзах л хэрэгтэй. Жуулчдын тав, тух аюулгүй байдалд анхаарч зориулалтын тээврийн хэрэгсэл сонгох нь зөв. Фургонаар жуулчин тээвэрлэж байгаа нөхцөлд замаа сайн мэддэг, туршлагатай жолооч хэрэгтэй. Олон хүний амь нас, эд хөрөнгө хариуцаж яваагаа ухамсарлаж болгоомжтой явах нь чухал. За тэгээд бүрэн бүтэн байдалд онцгой анхаарах хэрэгтэй.
О.ДАШ