Categories
мэдээ нийгэм

Францад гарах “Чингис хаан” үзэсгэлэнд Монгол Улсаас 400 гаруй үзмэр дэлгэнэ DNN.mn

БНФУ-ын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.

Тус үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжиж ажиллаж байгаа бөгөөд цаашлаад соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, музейн салбарыг чадавхжуулах олон талт ажлуудыг төлөвлөн, бэлтгэл ажлууд үе шаттай хийж буй юм.

Үзэсгэлэнг хоёр улсын хамтын ажиллагаа, соёлын сурталчилгааны хүрээнд ашгийн бус зорилгоор зохион байгуулах бөгөөд Монголын Эзэнт гүрэн байгуулагдсан түүхийг харуулахын зэрэгцээ Чингис хаан, түүний залгамжлагчид тив дамнасан эзэнт гүрнийг хэрхэн байгуулсныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Үзэсгэлэнд Монгол Улсаас нийт 400 гаруй, Европын зарим улсаас 150 гаруй үзмэр дэлгэх юм.

Чингис хаан болон түүний залгамжлагчид XIII зуунд Дорноос Өрнө дахинд, Хятадаас Газар дундын тэнгис, Умардаас Өмнө зүг, Орос, Персийг хамарсан аугаа том эзэнт гүрнийг байгуулсан. Үүнтэй дүйцэх эзэнт гүрнийг Аугаа Александр, Эртний Ром хүртэл байгуулж чадаагүй билээ. Энэхүү түүхэн утга агуулгыг шингээсэн томоохон баримттай үзэсгэлэн Франц Улс төдийгүй бусад орнуудад өмнө нь дэлгэж байгаагүйгээрээ онцлогтой.

Зохион байгуулалтын тухайд:

Нант хотын Түүхийн музейн өөрийн хэвлэл, сурталчилгааны албанаас гадна Францын Arte, Liberation, Telerama, le Monde, France Culture зэрэг томоохон нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Үзэсгэлэнгийн агуулгын түүхэн цаг хугацааны хамрах хүрээ: 

НТӨ 2-р зуунаас НТ-ын 14-р зуун.

Үзэсгэлэнгийн дэглэлтийн бүтэц:

Үзэсгэлэн нь дараах сэдвийн дагуу 7 хэсэг, цаг үед хамаарна.

1. Танилцуулах хэсэг:

Монголын эзэнт гүрэн ба Францын хаант улс

2. Чингис хааны өмнөх талын эзэнт гүрнүүд

(Хүрэл зэвсгийн үеэс XII зуун)

3. Чингис хаан (1160-1227)

4. Эзэнт Гүрэн (1228-1368)

5. Монголын их солилцоо

6. Шинэ ертөнц ба эзэнт гүрний бутрал

7. Төгсгөл хэсэг, уусах орон зай

Үзэсгэлэнг Францын Түүхийн болон Луврын музей, Берлин, Цюрих, Брюсселийн музейтэй хамтран зохион байгуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *