Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх, Агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах Монгол, Францын төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Байнгын хороогоор хэлэлцжээ.
Монгол, Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ.
Төслийн хүрээнд дөрвөн нисдэг тэрэг нийлүүлсэн бөгөөд евро стандартын симулятор, засвар үйлчилгээний төв, оффис бүхий ангартай Агаараас эрэн хайх, аврах анги байгуулагдаж нисэгч, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж байгаа аж.
Тус анги 2023 оны 12 дугаар сарын байдлаар нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүргэжээ.
“Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт 2023 оны аравдугаар сарын 13-ны өдөр хоёр улсын холбогдох сайдууд Парис хотноо гарын үсэг зуржээ.
Агаараас аврах ангид зохион байгуулах нэмэлт сургалтыг жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 24.7 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ.
Төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлснээр Онцгой байдлын байгууллагын нисгэгчид онцгой үүргийн нислэгийг өдөр, шөнийн цагт, хүндрүүлсэн нөхцөлд бие даан гүйцэтгэх бүрэн чадвартай болж, инженер, техникийн ажилтнуудыг үргэлжлүүлэн сургаж, нисдэг тэрэгний сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, засвар үйлчилгээг хийх арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн үзжээ.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Бэлтгэгдэж байгаа нисгэгчидтэй бид хариуцлагын буюу тогтвортой ажиллагааны гэрээ байгуулсан.
Төсвийн хөрөнгөөр сурсан албан хаагчид хувийн хэвшил рүү орохгүй. Орсон тохиолдолд суралцсан бүх төлбөрийг хариуцах талаар гэрээнд тусгасан. Гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулсан” болохыг хэлэв.