Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Фэйсбүүкийн групп дэх сайн хөршийн харилцаа

Монголчууд шиг нэгнээ бараадаж,
хань татаж ойролцоо амьдрахыг зүтгэдэг ард түмэн үгүй. Хаваржаа, зуслан, намаржаа,
өвөлжөө гээд л жилийн дөрвөн улирлын турш саахалт бууж, мал аж ахуйн нүсэр, дуусдаггүй
ажлаа хамт нугалалцаж, хишиг өдөр гэдэг хөдөлмөрийн хуваарь хүртэл гаргачихдаг.
Нүүдлийн аж ахуйн өвөрмөц соёлоос үүдэлтэй хөршийн харилцаа 1930-аад он хүртэл амь
бөхтэй оршсоор социализмын үед очсон байдаг. Тэр үеэс монголчууд төв бараадан хашаа
хороо зоож, байшинд амьдарч, хөрш гэдэг ойлголтоос жаахан холдож эхэлсэн л дээ.
Гэхдээ бүр ч таг холдчихсонгүй. Хөрш нь яаралтай ажилтай болчихвол хажуу айлдаа
хүүхдээ түр захиж үлдээх, хонины шинэ шөлнөөсөө хувь хүртээх зэргээр хуучин уламжлалт
харилцаа нь үргэлжилсээр л явсан. Үүнээс үүдэлтэй юу “Харилцаа муутай ахан дүүсээс
хажуу дахь хөрш дээр” гэсэн хэлц үг гарч. Хашаагаар хүрээлүүлж, хураалттай түлээн
дээр гараад хүзүүгээ сунган хөрштэйгөө харилцдаг байснаа хот суурин газруудад барилга
байшин, хороолол сүндэрлээд эхэлтэл хөршийн уламжлалт харилцаа улам хумигдав. Нэг
байранд олон жил амьдарч, нэг хөрштэйгөө он удаан жил харилцсан айлуудыг эс тооцвол
ерөнхийдөө монголчуудын хөршөө дээдэлдэг, хөршөө барааддаг зан үйл нь бүдгэрсээр
1990-ээд онтой золгосон юм. Тэр үеэс хөршийн харилцаа гэдэг зүйл атгасан элс шиг
аажмаар урсгаад алга болчихсон л доо. Ямар сайндаа хөрш нь шөнө дүлээр эхнэр хүүхдээ
уйлуулж агсам тавибал чихээ бөглөөд унтаж байхав. Уг нь дээд доод, хажуу хавирганых
нь айлууд чимээ шуугиан гаргавал паараа халбагаар нүдэж томоотой байхыг сануулдаг
байлаа.

Харин сүүлийн жилүүдэд нийслэл хот,
элдэв янзын хүмүүнлэгийн байгууллагуудын зүгээс хөршийн харилцаа гэдэг зүйлийг хүчтэй
нэхэн гаргаж ирэв. Нэгдүгээрт гаргаж ирсэн хамгийн том шалтгаан нь гэр бүлийн хүчирхийллийг
багасгах. Ухагдахуун нь, хажуу айлд нь дуу шуугиан гарч, хүүхэд, хөгшид уйлалдаж,
хэн нэгэн нь агсам тавибал гүйж ороод салгахдаа биш цагдаа сэргийлэхэд мэдэгдэхэд
оршиж байгаа юм. Энэ үүднээс хөршийн харилцаа гэдэг зүйлийг сэргээж гаргаж ирсэн.
Дүүргүүд “Сайн хөрш” аян зохион байгуулж, нийслэлээс “Сайн хөрш-тайван амьдрал”
гэдэг уралдаан хүртэл зохион байгуулдаг. Эдгээр бол хөршийн харилцааг хэвшүүлэх
гэсэн оролдлого л доо. Гэтэл цахим ертөнцөд тэр дундаа фэйсбүүкт хөршийн харилцааг
дэмжсэн групп, хуудсууд хэдийнэ бий болчихлоо.

Бүгд завгүй, ажилтай, өдрийн турш
интернэт орчинд твиттер, фэйсбүүкт байдаг хүмүүс байр, орц, хотхон, хорооллоороо
нэгдээд групп үүсгэчихлээ. “Буянт-Ухаа 1”-ийнхэн гэх группт орж сонирхвол “Төдөн
тоотод үхрийн шинэ мах зарж байна”, “Солонгосоос хүүхдийн ийм хөөрхөн хувцаснууд
ирлээ. Хямд өгнө шүү. Орцныхондоо”, “Сая лифтнээс ийм бойтог оллоо” гэсэн зарууд
тавьжээ. Энэ мэт байр, хорооллоороо нэгдсэн группүүд рүү орж үзвэл “Алх байна уу.
Сандлаа хадах гэсэн юм”, “Манайд халуун ус тасарчихлаа. Бусад айлынх яасан бол”
эсхүл “Манай крантнаас зэвтэй ус гараад байна. СӨХ-ныхон байна уу. Тэдэнд хурдан
мэдэгдмээр байна” гэж зарлал, мэдээллийн шинжтэй мэдээ байршуулжээ. Хаваржилтын
байдал хүндэрч хот суурин газруудаас хөдөөг чиглэсэн тусламжийн цуваа хөвөрч байна.
С.Жавхлан, Т.Баясгалан нарын дуучдаас эхлүүлж орон даяараа л зуд турханд зутарч
байгаа малчдадаа тусламжийн гараа сунгаж байна. Энэ тусламжийн аян дээр дурдсан
байр, хорооллуудын группт ч өрнөж “Манай группийнхээн. Хаяж ч болдоггүй, өмсч ч
амждаггүй хуучин хувцаснуудаараа нэмнээ хийгээд хөдөө явуулцгаая. Төдөн тоотод хуучин
хувцсаа цуглуулаад хэдүүлээ нэмнээ оёё” гэж уриалж, тэр нь хэрэгжжээ. Гадуур ханиад
томууны дэгдэлт ихэсч, хоолой боосон ханиад газар авч цэцэрлэг, бага ангийн багачуул
халуурч бүлээрч эцэг эхээ сандаргаж л байна. Энэ үед өнөөх байрны групп рүүгээ орж
бусад эцэг эхээс уг ханиадыг хурдан, найдвартай дарах арга чарга асууж, байранд
нь хүүхдийн эмч байвал холбож өгөхийг хүсчээ.

Фэйсбүүкийн группүүд хүчтэй, уриалсан
уриалга нь бодит ажил хэрэг болдгийг та бид сүүлийн үед олон харж байгаа шүү дээ.
“Бөмбөгөр” захын урд цай зарж бор амьдралаа залгуулдаг Хорлоо эмээг канад хаустай
болгоцгоосон. Хавдар нь хүнд шатандаа орж, хорвоогийн сүүлчийн өдрүүдээ гунигтай
өнгөрүүлж буй өвчтөнүүдэд фэйсбүүкийн группт нэгдсэн бүсгүйчүүл халуун хоол, цай
хийж аваачин эргэж, сайхан өгүүлэмжтэй ном зохиол уншиж өгдөг.

Хоёр дүү, нялх охиныхоо хамт, тэтгэмжийн
хэдхээн төгрөгөөр хүйтэн байшинд зутруухан өвөлжиж байсан А.Алтаншагай бүсгүйд туслах
аян фэйсбүүк, цахимаар хүчтэй өрнөж, сайхан сэтгэлтэй хүмүүс түүнд тусламжийн гараа
сунгаж товхийсэн дулаахан байшинтай болгосон. Саяхны жишээ гэвэл “Land cruiser”
машинтай хүмүүсийн группийг онцлох хэрэгтэй. Айхавтар шуурч, улс орон даяар гамшгийн
байдалтай байхад хүмүүс энд тэнд цасанд сууж, төөрч, түлш шатахуунгүй хээр зогсч
байгаа мэдээ цахимаар тарсан. Энэ үед “Land cruiser”-тэй залуус хаана тусламж хэрэгтэй
байна, тэнд нь очиж хүмүүст тусалсан. Шуургатай тэр өдөр, маргааш нь, нөгөөдөр нь
цахим ертөнцөд “Land cruiser” машинтай залуусын хийсэн сайн үйлсийг хүн бүр магтаж
сайшаасан шүү дээ. Фэйсбүүкийн групп гэдэг ийм л хэрэгтэй, чухал талбар юм.

Байрны группийн гишүүдийн гэртээ
байгаа хүмүүс нь байранд нь яг одоо юу болж байгаа, хэдэн тоотын хүүхэд түлхүүргүй
болохоор үүдэндээ зогсч буйг, хэний хүүхэд гадаа тоглоомын талбайд тоглож байгаа
зэргийг ажил дээрээ завгүй суугаа гишүүддээ мэдээлдэг юм байна. Мөн СӨХ болон хорооноос
тараасан албан ёсны мэдээллийг уг групптээ оруулж, хэдний өдөр нийтийн цэвэрлэгээтэй,
амралтын өдрүүдээр хороон дээр нийтийг хамарсан хурал хуйтай зэргийг шуурхай авчихна.
Ийм учир фэйсбүүкийн иймэрхүү группүүдийг хүмүүс маш сайн хөгжүүлэх хэрэгтэй юм
байна гэсэн бодол төрж байна. Гудамжаараа, сумаараа, багаараа, хэсгээрээ гээд группүүд
үүсгэчихэж болно шүү дээ.

Гэхдээ анхаарах ч гэх юм уу, мэдэж
авмаар зүйлс бас байдаг юм байна. Ийм группийг үүсгэхдээ гишүүний хүсэлт ирүүлж
байгаа нөхдийг сайн шалгаж яг тухайн тоотод амьдардаг эсэхийг нь шалгах ёстой аж.
Тэгэхгүй бол үл таних, үймүүлэх гэсэн санаатай нөхөд группийн ерөнхий зорилгыг алдагдуулж,
зарим нь бүр залилан хийдэг байна.

Нөгөөтэйгүүр нэг байрны бүх айл
фэйсбүүк группт нэгдчихвэл үүнийг дагаад үр хүүхдүүдийнхээ цахим ертөнцөд хэр идэвхтэй
байгаа, ямар зураг хөрөг оруулж, юу постолж байгааг хянах боломж бүрдэнэ л дээ.
Дээхнэ үед засмал замын ойролцоо ч юм уу, машины хажууд хүүхдүүд тоглож байвал том
хүмүүс хараад долоовор хуруугаараа зангаж “Хэний хүүхэд вэ, чи. Яагаад засмал зам
дээр тоглож байна. Машин тэрэг гэнэт гарч ирвэл яана” гэж загнаж, буруу үйлдлийг
нь зогсоодог байсан. Үүнтэй адилхан байрны группийнхэн хөршийнхөө, байрны хүүхдээ
фэйсбүүкт хэт задгай хувцас хунартай зураг оруулж, элдэв этгээдийн хараанд өртөхөөс
сэргийлж эцэг эхэд нь дуулгаж, цахим орчинд хяналт тавьж тус нэмэр болно.

Фэйсбүүк дэх хөршийн группүүд бол
Монголын уламжлалт хөршийн харилцааны орчин үеийн хэлбэр л дээ. Үүнийг үгүйсгээд
ч нэмэргүй. Хаашдаа л бие биенийхээрээ ороод тухтай сууж ярьж хөөрч чаддаггүй юм
чинь, мэдээллийн хурд өндрөө авсан энэ нийгэмд цахимд ингэж хөршийн харилцаатай
байх нь аль аль талдаа хэрэгтэй, бас шуурхай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *