Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.22) хуралдаан 10 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1-т заасны дагуу төрийн жинхэнэ албаны шатлан дэвших зарчмыг үндэслэн эдийн засгийн мэдлэг, туршлагыг харгалзан үзэж Санхүүгийн зохицуулах хорооны даргад Дэмбэрэлдашийн Баярсайханыг нэр дэвшүүлж байгаа гэв. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд тус хорооны даргыг Улсын Их Хурлын дарга нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилно хэмээн заасан байдаг. Хорооны даргад тавигдах шаардлагыг дээрх хуульд тодорхой заасан байдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглэж хэлсэн. Төрийн албаны тухай хуулинд Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь төрийн тусгай албан тушаалтан байхаар заасан бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нэн тэргүүнд сонгох зарчмыг баримтлахаар хуульчилсан байдаг. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурлын даргын зүгээс шатлан дэвших зарчмыг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ажиллаж буй Д.Баярсайханыг хорооны даргаар томилуулах саналаа танилцуулж байна гэв. Нэр дэвшигч 1975 онд төрсөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн Санхүү менежмент эдийн засгийн бакалаврыг 1997 онд, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн санхүүгийн удирдлагын магистрыг 2004 онд тус тус дүүргэсэн байна. Түүнчлэн АНУ,ХБНГУ, БНИУ, Люксембургийн Их Гүнт Улсад мэргэжил дээшлүүлжээ. Д.Баярсайхан нь 1997 онд Сангийн яамны мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн Аюуш” ХХК-д захирал, 2006-2012 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2012-2016 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж байгаа аж.
Улсын Их Хурлын даргын танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь буюу 81.8 хувийн саналаар Дэмбэрэлдашийн Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар нөхөн томилуулах талаарх Улсын Их Хурлын даргын саналыг дэмжив. Иймд энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа. Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчийг сонгохдоо шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдаас сонгохоор хуульчилсны дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын шатлан дэвших зарчим, нэр дэвшигчийн эдийн засаг санхүүгийн мэдлэг, ажлын туршлагыг харгалзан үзэж Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилуулахаар ТӨ4 зэрэглэлийн төрийн тусгай албан тушаалтан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч юм. Уг албан тушаалтныг томилох асуудлыг тусгайлсан хуулиар буюу Улсын Их Хурлын тухай, Төв банкны тухай хуулиар тус тус зохицуулдаг.
Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. 1998-1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисст ШУА-ийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, 2001-2007 ондМонголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа банкны салбарын мэргэшсэн мэргэжилтэн гэдгийг танилцууллаа.
Улсын Их Хурлын даргын танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь буюу 81.8 хувийн саналаар Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилуулах Улсын Их Хурлын даргын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.