-ЭЦСИЙН ШАТАНДАА ОРСОН ХОРТХАВДАРТАЙ ӨВЧТӨНИЙ АР ГЭРИЙХЭНД ЗОРИЛУСАН СУРГАЛТ-
Монголын Үндэсний Их Сургууль болон БНСУ-ын Чусонь Их Сургуулиас хамтран хэрэгжүүлж буй “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагааны Төсөл”-ийн нэг хэсэг болох “Эцсийн шатандаа орсон хорт хавдартай өвчтөнд үзүүлэх асаргаа сувилгаа” төсөл амжилттай хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд 2020 оны есдүгээр сарын 25~26-ны өдрүүдэд БГД-ийн 22 хороонд харъяалагддаг эцсийн шатандаа орсон хорт хавдартай өвчтөний ар гэрийхэнд зориулан сургалт зохион байгууллаа. БГД-ийн 22 хороог дөрвөн бүсэд хувиарлан IV, VI, XII, XIX хорооны “Иргэний танхим”-д сургалтыг зохион байгуулсан бөгөөд 130 гаруй хүн оролцлоо.
“Хорт хавдартай өвчтөний өвдөлт ба асаргаа сувилгаа”, “Хорт хавдартай өвчтөний сувилахуйн тусламж үйлчилгээ”, “Хорт хавдартай өвчтөн ба тэдний гэр бүлийн сэтгэлзүйн сувилгаа”, “Хорт хавдартай өвчтөний хооллолт ба эрүүл ахуй” гэх сэдвүүдээр сургалтыг явуулсан бөгөөд ХӨСҮТ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Дуламсүрэн, МСН-ийн тэргүүн Д.Нямсүрэн, ЭХЭМҮТ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Пүрэвдаваа, Үндэсний II төв эмнэлгийн Сувилахуйн албаны дарга Н.Эрхүү, Монголын Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Б.Болорчимэг болон багш Э.Сувд-Эрдэнэ нар лекц уншлаа.
Уг сургалтаар дамжуулж хорт хавдартай өвчтөний ар гэрийхэн олон төрлийн мэдлэгтэй боллоо. Ялангуяа хорт хавдартай өвчтөнийг бодит байдал дээр хэрхэн асарч сувилах, хорт хавдартай өвчтөний стресс, хорт хавдартай өвчтөний ар гэрийхний сэтгэлзүйн ачааллыг хэрхэн багасгах тухай сурсандаа сэтгэл өндөр байна хэмээлээ. “Сургалтыг олон талаар харамжгүйгээр дэмжсэн төслийн дарга Ким Жинь Хый профессор болон төслийн багийханд баярлаж талархсанаа илэрхийлье” гэжээ.
БГД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга А.Одонтунгалагтуул нь “Манайх МҮИС-д хэрэгжиж буй сувилахуйн төсөлтэй хамтран 2 жилийн өмнө хүүхдийн амны хөндийн боловсрол олгох сургалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт сайн дурын үйл ажиллагаа явуулах зэргийг зохион байгуулж байсан. Өнөөдөр хорт хавдартай өвчтөний ар гэрийхэнд зориулсан сургалтыг хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалт минь маш чухал сургалт болох тул хорт хавдартай өвчтөний ар гэрийхэн маань маш хариуцлагатай байж, энэхүү семинараас олон зүйл сураасай гэж хүсэж байна” хэмээн сургалтын нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэн мэндчилгээ дэвшүүлсэн.
БГД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Энхмаа:
БГД нь уг төсөлтэй хамтран ажилласаар ирсэн. Өнгөрсөн жил БГД-ийн ӨЭМТ-ийн сувилагч нарт сургалт зохион байгуулсан. Мөн сувилахуйн мэргэжлийн сурах бичиг хэвлүүлэн “Номын нээлтийн ёслол” хийж БГД-ээс очиж оролцсон. Мөн энэ удаагийн арга хэмжээ болох “Эцсийн шатандаа орсон хорт хавдартай өвчтөний ар гэрийхэнд зориулсан семинар” хоёр өдөр болж өнгөрлөө. Хавдраар өвчлөгчдийн тоо өсөж байгаа энэ үед үнэхээр хэрэгтэй бөгөөд олон хүнд үр өгөөжөө өгсөн сургалт боллоо. Сургалтыг явуулсан хүмүүс, төслийн багийханд баярлаж талархаж байна” гэлээ.
“Уг төсөл нь цаашид Монгол Улсын хэмжээнд хэрэглэгдэх сурах бичиг гаргах, багш нар болон оюутнуудыг хөгжүүлэх, Монголын Сувилахуйн салбарыг илүү хөгжүүлэхэд бид бүхэнтэй үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн Монголын Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Б.Болорчимэг ярьсан юм.