Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Есөн хөлт цагаан туг залах торгон цэргүүдийн бэлтгэл жигдэрчээ

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хужирбулан дахь сургуулилтын талбайд өчигдөр 08 цагт очлоо. Энд Монгол төрийн их наадмын есөн хөлт цагаан туг залах торгон цэргүүд бэлтгэлээ базааж байгаа юм. Тус ангийн захирагч, хурандаа Л.Батболд биднийг угтан аваад бэлтгэл хийж байгаа офицер, цэргүүдтэй уулзаж, морьдын бэлтгэлийг сонирхохыг зөвшөөрөв. Өглөөний 05:30 минутаас тэд бэлтгэлээ хангаж өглөөний гүйлтээ хийж ирээд цайгаа уучихаад морьдоо унаад бэлтгэлийн талбайд очиж өдрийн цайны цаг хүртэл халуун нар, аагим халуун, усан бороог ч үл ажран бэлтгэлээ хийж, хөдөлгөөн бүрээ жигдэлж амжжээ. Төрийн ордноос есөн хөлт цагаан тугийг аваад Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулаад буцаан Төрийн ордонд тугаа залах гэсэн энэ маршрутын турш хийх бүх хөдөлгөөнийг өдөрт хорь гаруй удаа давтана. Гэхдээ морьдоо ядраахгүйн тулд бэлтгэлээ үе үе завсарлуулна.

Өчигдөр тус ангийн малын эмч Б.Энхболд морьдоо шинжиж дархлаа сайжруулах витамин, үрэвслээс урьдчилан сэргийлэх тарилгыг зарим морьдод тарьж байлаа. Хүн хаврын цагт ч юмуу, ядарсан үедээ амин дэмтэй, тамир тэнхээ сайжруулдаг дусал тариа хийлгэдэг шиг төрийн хариуцлагатай албанд торгон цэргүүдтэй хамт зүтгэж байгаа найман шарга, хоёр загал, хар, хээр, хүрэн зүсмийн 22 адууг наадмын өмнө эмчийн үзлэгт оруулж шаардлагатай бол ингэж тарьдаг юм байна. Яагаад гэвэл эдгээр морьдын хувьд сар гарны өмнөөс ижил сүргээсээ холдож наадмын бэлтгэлд гарахдаа өдөрт олон тооны бэлтгэл хийхдээ унаачаас гадна 20-32 кг-ын жинтэй их туг, хөл туг өргөх учир яалт ч үгүй тамир тэнхээтэй байх нь чухал. Торгон цэргүүд ч гүйлтийн бэлтгэлийнхээ дараа хүчний, сунгалтын дасгал заавал хийдэг. 32 кг-ын жинтэй тугийг хөдөлгөөнгүйгээр Төрийн ордноос Төв цэнгэлдэх рүү залахад дунджаар 40 минут болдог учир тэр хугацаанд мэдээж маш их хүч, тэсвэр тэвчээр шаардах нь ойлгомжтой.

Өдөрт 10 цагийг бэлтгэлдээ зориулна. Ангийн захирагч Л.Батболдын хувьд 2012 оноос хойш долоо дахь жилдээ наадмын бэлтгэлд ийн гарчихаад байгаа туршлагатай нэгэн. Тэрээр “Бид Шажин хурахын аманд бэлтгэлээ хийж байгаад энд ирсэн. Маргаашнаас хотын төв рүү дөхөж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд бууж Төв цэнгэлдэх рүүгээ ойртоно доо” гэж байлаа.

“Анхаар! мориноос”, “Морь! шилжүүл”, “Анхаар! марш”, “Анхаар! зогс”, “Зүүн тийш эргэ” гэсэн командуудаар цэргүүдийн алхаа нэгэн хэмнэлээр газар бөмбөрдөхөд “Нээрэн 11-ний өглөө наадам ингэж эхэлдэг дээ” гэж бодогдож байлаа. Энэ үеэр ангийн захирагч “Өлмий дээрээ, өлмий дээрээ” гэж цэргүүддээ хандан тушаана. Морьд ч бэлтгэлдээ дассан нь илт. Амгай, дөрөөгөөрөө чимээлэх байтугай ялаархсан ч шинжгүй, эзнийхээ хөдөлгөөнийг мэдэрч байгаа мэт хөдөлгөөнгүй зогсоно. Зүс ижилссэн морьд ямар ч илүү дутуу хөдөлгөөн хийхгүй аж.

Энэ үеэр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Ажиллагааны удирдлагын тасгийн дарга, хошууч Д.Хашхүүтэй ярилцлаа.

-Энд ирэхээс өмнө Шажин хурахын аманд бэлтгэл хийжээ?

-Зургадугаар сарын 13-наас 22ны хооронд Шажин хурахын аманд бэлтгэл хийсэн. Морьд маань Хэнтий аймгаас 232 дугаар ангиас ирдэг.

-Аль сумаас вэ?

-Дэлгэрхаан.

-Найман шаргын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу. Шинэ, залуу шарга нэмэгдсэн үү?

-Өөрчлөлт ороогүй байгаа. Ойрын гурван жилдээ шинээр шарга нэмэгдээгүй.

-Найман шаргыг бүрдүүлэхдээ хаанаас яаж авдаг вэ. Тааралдсанаа энэ сүрэгт нийлүүлдэггүй байх?

-232 дугаар ангийнхан Дорнод, Сүхбаатар зэрэг адуу сайтай газруудаар явж сүргээ өөрсдөө бүрдүүлнэ. Иргэд ганц нэгийг бэлэглэх тохиолдол бий.

-Найман шаргыг дээдэлдэг нь Чингис хааны үеэс уламжлагдан ирсэн төрийн том соёл шүү?

-Чингис хааны үеийн түүхэнд энэ талаар дэлгэрэнгүй дурдсан байдаг. Найман шарга, хоёр загал. Найман шарга нь дагуур найман тугаа авч явна. Төрийн хонжин (Тугийг залах торгон цэргүүдийг залдаг захирагчийг хонжин гэж нэрлэдэг) нэг загалыг унана. Их цагаан тугчин нөгөө загалыг нь унана. 22 бараан морьдтой. Нийтдээ 32 морь туг залах ёслолд оролцдог.

-Найман шарга, хоёр загал гээд эдгээр морьд жилийн дөрвөн улирлын турш өндөр хамгаалалтад байдаг байх даа?

-Тэгэлгүй яахав. 232 дугаар ангийнхан хариуцаж малладаг.

-Малын эмчээс гадна морьдод анхаарал тавьж ажилладаг ямар хүмүүс байна вэ, энд?

-232 дугаар ангиас ирсэн агтчин нь байгаа.

-Морьдоо усанд оруулсан уу?

-Одоогоор байгалиараа байна даа. Наадам дөхөхөөр 10-нд усанд оруулна.

-Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт, хаалтын үеэр бөмбөр нижигнэж, алга ташиж, дуу чимээ нүргэлж, агаарын бөмбөлөг хийсээд сүртэй байдаг. Тэр бүх дуу чимээнд яаж дасгадаг вэ?

-Бүх л төрлийн арга хэмжээ авдаг. Оркестр авчирч тоглуулж байна. Наадмын үеэр хэвлэл мэдээллийнхний камерны элдэв янзын утас, кабельд хүртэл дасгах гэж зохиомлоор утас кабель бэлдээд дээгүүр нь алхуулж байна. Сая цэргүүд маань улаан хувцас өмсчихсөн байсан шүү дээ. Энэ чинь цэргүүдийнхээ хувцасыг хүртэл морь малтайгаа дасгаж байгаа нэг дасгал. Наадмын ажиллагаанд бид чинь энэ улаан хувцастайгаа оролцдог.

-Шаргуудаас олон жилийн туршлагатай нь гэвэл хэдэн жил наадмын ёслолд оролцож байна вэ?

-Тав, зургаан жил оролцсон нь бий. Тэрнээс дээш жил ч оролцсон морьд байгаа.

-Наадмын бэлтгэлд аваад ирэхээр морьд ер нь зөнгөөрөө энэ бүхнийг мэдрэх үү?

-Морь чинь сэтгэхүйтэй амьтан. Өөрсдөө мэдэрнэ. Наанадаж л уяагүй байхад л уяан дээрээ ирээд зогсоно. Яг өөрийнхөө зогсдог байрандаа орж ирээд дагаад явна.

-Цэргүүдээ яаж сонгодог юм бэ?

-Офицер, ахлагчдаас тугчдаа сонгодог. Энэ бол хүндтэй алба. Манай ангид алба хааж байгаа офицер, алба хаагчдын хүсэл мөрөөдөл нь энэ. Албандаа сахилга, зохион байгуулалтын хувьд сайн, сурлага, хөдөлмөрөөр амжилт гаргасан офицер, ахлагч, түрүүч, байлдагчдыг сонгон шалгаруулж авдаг.

-Та тугчаар нэлээд хэдэн жил ажиллаж байгаа, тийм ээ?

-Би өмнө нь зургаан жил тугчаар ажиллаад гурван жил завсардаад өнөө жил дахин энэ сайхан албыг гүйцэтгэж байна. Ингээд харж байхад төрийн есөн хөлт цагаан тугийг залж, найман шарга, хоёр загалын нуруун дээр явсан офицер, ахлагч, цэрэг, түрүүч нарын амьдрал ахуй, ар гэр, төрийн алба нь жил ирэх бүр дэвжиж, тууштай сайхан явдаг гэж боддог юм.

-Шаргууд нэртэй юм билээ?

-Ганц хоёр нь нэртэй. Бүдүүн шарга, Зэхэр шарга гэж нэртэй шаргууд бий. Өндөр шарга бол арван хэдэн жил төрийн ёслолд орсон шарга байсан юм. Би зургаан жил унасан. Хөөрхий амьтан нас нь яваад жамаараа одсон доо.

-11-ний өглөө есөн хөлт цагаан тугаа бариад Төв цэнгэлдэх рүү ороход шарга, загалууд орчин тойрноо мэдэрч, биеэ барих ч юм уу, сандрах тийм шинж тэмдэг илэрдэг үү?

-Мэднэ. Илт биеэ бариад эхэлдэг. Тэр нь унаачид нь мэдрэгдээд байдаг юм. Ямарваа нэгэн байдлаар мэдэгдээд байдаг юм гэлээ. Д.Хашхүү хошуучийн хувьд яах аргагүй энэ ажилд гаршсан, морьдоо мэдэрдэг болчихсон нэгэн. Тиймдээ ч шинээр ирсэн цэргүүддээ морьтойгоо хэрхэн харьцахыг нэгд нэгэнгүй зааж өгч байлаа.

Өнөө жилийн наадмын ёслолд анх удаа оролцож буй байлдагч У.Гантулгатай энэ үеэр уулзлаа. Тэрээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас 2017 оны хоёрдугаар ээлжээр 032 дугаар ангид татагдсан иржээ. У.Гантулга “Наадмын бэлтгэлд гараад маш гоё байна. Найман шарга, хоёр загал морьдтой ёслолд бэлтгэж туг шилжүүлж байгаадаа баяртай байна. Өмнө нь туг залах ёслолыг зурагтаар л харж байсан. Гэтэл одоо энэ ёслолд өөрийн биеэр оролцоод Их туг шилжүүлж байгаадаа үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Гэрийнхэн маань намайг энд бэлтгэлд гарсныг дуулаад маш их баярлацгааж байна билээ. Найман шаргатай, ёслолын улаан хувцас өмсөөд туг шилжүүлээд явна гэдэг мөрөөдөл төдий байснаас ингээд яг дунд нь ороод бэлтгэл хийгээд явна чинээ төсөөлж байсангүй. Би чинь өөрөө хөдөө өссөн болохоор морь малтай харьцахад хүндрэл бэрхшээл гарахгүй байгаа” гэж сэтгэгдлээ илэрхийллээ. Төрийн өндөр хэмжээний уламжлалт энэ ёслолд морь унаж оролцож байгаа 32 офицер, ахлагч, түрүүч, байлдагч бол хамт олноо хошуучлан манлайлж, улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан, Энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцоод ирсэн ирээдүйтэй, чадвартай, шилэгдмэл эрс гэдгээрээ онцлогтой.

Төрийн ёслолд оролцох морьдыг Туул голын усанд оруулдаг гэсэн мэдээллийг уншсан зарим хүмүүс “Гол ус бохирдуулллаа” гэж нэг бус удаа шүүмжилжээ. Харин өнөө жил тус ангийнхан морьдоо тусгай шүршүүрээр шүршиж угаана гэж байлаа. Усанд оруулсны дараа дэл, сүүлийг нь самнаад байх шаардлагагүй гэнэ. Зориулалтын шингэн савангаар угаачихад дэл, сүүл нь аяндаа сэргээд намираад гялалздаг юм байна. Хээрийн майхны гадаа зөөврийн зуухны яндангаас утаа савсана. Өдрийн хоолны цаг дөхөж байгаа бололтой. Тогооч Т.Жавзанпагма, бэлтгэгч Г.Ерөнчимэд нар хоолоо бэлдээд завгүй ч сүүтэй будаа, масло, чихэртэй талхаар дайллаа. Өдөрт гурван удаа хоол хийнэ. Өдөр нь нэг, хоёрдугаар хоолтой. Т.Жавзанпагма мах хэрчих зуураа “50 хүний хоол хийж байна. Энэ чинь хийгээд сурчихсан ажил болохоор түүртэх юм байхгүй ээ. Дөрөв дэх жилдээ найман шаргаа дагаж офицер, ахлагч, байлдагчийнхаа хоолыг хийж явна даа. Эд нартайгаа гар нийлээд ажиллаад сурчихсан болохоор наадмын бэлтгэлд гарах нь нэг талаар бэлгэ дэмбэрэлтэй сайхан байдаг юм” гэж байлаа.

Ийнхүү Монгол төрийн наадамд есөн хөлт цагаан тугийг залах цэрэг эрс, морьдын бэлтгэл жигдэрч, наадмын талбай, төв цэнгэлдэх хүрээлэн рүү дөхөж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *