“Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас албан ёсоор улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 02-12 насны хүүхдийн шүдийг бүрэн эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх юм. Эхний ээлжинд буюу энэ онд 02-06 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулахаар зорьсон байгаа. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сонгон шалгаруулалтад нийслэлийн 115 шүднхий эмнэлэг тэнцэж, гэрээ байгуулжээ. Харин орон нутгийн хувьд, шалгаруулалтад 84 нь тэнцэж, үүнээс 64 нь гэрээ байгуулсан юм. Эдгээр эмнэлгийг сонгохдоо халдвар хамгааллын асуудлыг гол шалгуур үзүүлт болгосон бөгөөд 02-12 насны хүүхдүүд гэрээ байгуулсан эдгээр эмнэлгүүдээс харьяаллын дагуу сонгон үйлчлүүлэх боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 31.618 хүүхэд хамрагджээ.